Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2020/01231

 

 

 

 

 

        2020        05           11  

 181/ШШ2020/01231

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: ЖХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Т-д холбогдох

297.734.800 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Д.Т, гэрч Ё.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов.          

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хариуцагч Д.Т нь ЖХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагийг таньдаг бөгөөд 2013 оны 7 дугаар сард бурхан шашны төв байгуулна, бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт хүссэн байдаг. Улмаар хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд нийт 110,000 ам.долларыг ЖХХК-аас бэлнээр авсан болно.

Хариуцагч Д.Т нь дээрх мөнгийг анхнаасаа залилан мэхэлж авсан болохыг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан юм.

Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 201526030676 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэдгийг тогтоосон ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын Прокурорын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1169 тоот тогтоол гарч хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байдаг.

Тус прокурорын тогтоолд хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар харьяалагдах Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх талаар дурьдсан байдаг.

Хариуцагч Д.Тд хохирол төлбөрөө төлөхийг удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Түмэнхүү нь 110.000 долларыг 2 тасалж авсан, энэ мөнийг Ойрад импекс ХХК-д хөрөнгө оруулсан гэдэг боловч тийм баримт байдаггүй, Гымканг ХХК-д өгчихсөн гэдэг боловч тэд нар нь бид тоглоом биш гэж хэлсэн гээд байдаг.

Иймд хариуцагч Д.Тгээс бурхан шашны төв байгуулах нэрээр авсан 110,000 ам.доллар буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ам.долларын Монгол банкны албан ханш /1$-2706.68Т/-д шилжүүлснээр 297,734,800 /хоёр зуун ерэн долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ойрад Импекс ХХК-ны захирал Ё.Эрдэнэбилэг нь 2004 онд Бурхан багшийн сэрэг дүр чулуун Бурхан БНХАУ-ын Синчу мужид захиалсан байгаа гээд Солонгос ламтай анх намайг танилцуулсан. Бид өндөр нь 18 метр, 1500 тн жинтэй бурханг Богд Хан-Уулын Арцадын аманд буулгасан.

Манай аав лам хүн байсан учир би ихэд билэгшээж туслаж байсан. Бурхан босгох хөрөнгө хэрэгтэй байна гэж Ё.Эрдэнбилэг надад хэлсэн. Би энэ тухай Цэрэнпунцагт танилцуулж, Ц.Цэрэнпунцаг хамтарч ажиллая Гандангийн хамба лам Чойжамц гуай бид 2 их дотно байдаг гэсэн. Ганданг оролцуулж мөн би 10 дугаар Богдын ламиран дацан барих гэж байгаа гээд зураг төсөл хийлгэе гэж миний нарийн бичиг Оюунболдтой уулз гэсэн.

Г.Оюунболд нь миний таньдаг зургийн компаний найз Б.Эрдэнэчимэг бүсгүйтэй уулзаад хийлгэ гэж хэлсэний дагуу зураг төсөлөө 4 удаа хийж Цэрэнпунцагт танилцуулсан. Бурхан барих хүмүүстэй яриад хэдэн төгрөг болох юм би гаргая гэсэн.

Би Ё.Эрдэнэбилэгээс асууж урьдчилгаа 248.0 мянган доллар эхний ээлжинд хэрэгтэй гэснийг нь хэлэхэд болно гэсэн. Нэг өдөр Цэрэнпунцаг намайг Пума зочид буудал дээр ир, би хэдэн юм бэлдчихлээ гэсэн.

Би Ё.Эрдэнэбилэгт хэлж хамт очиход 50.000 $ өгсөн. Гэрээ хийе гэсэн чинь таньдаг хүмүүс зүгээр гээд хэд хоногоос үлдсэнийг нь өгье гэсэн. Дараа нь намайг ажил дээрээ ир гэсэн тэгээд 60 мянган доллар өгсөн. Намайг Ё.Эрдэнэбилэгтэй хамт Солонгос яв гэсэн. Намайг гэрээ хийгээд урьдчилгаа өгчих Бурхан босгох ажлынхаа материалыг бэлдэж бай гэсний дагуу Ё.Эрдэнэбилэг бид 2 хамт 2013 оны 7 дугаар сарын 24-ны өдөр Солонгос явсан, замын зардалд 10.000 ам долларыг нь хэрэглэсэн.

Мөнгө аваад шууд билет захиалсан. 2013 оны 7 дугаар сарын 27-ны билет авч 2013 оны 7 дугаар сарын 28-нд гэрээ хийж урьдчилгаа 100.000 долларыг Гымганг компанид өгөөд 2013 оны 7 дугаар сарын 30-нд Улаанбаатарт ирсэн. Намайг Гымганг компани Ойрад ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу ажилла гэсэн.Төслийн зураг дээр нь бид ажилласан.

Ирээд зураг төслөө хийж эхлээд явж байтал Ё.Эрдэнэбилэг надруу утасдаж та нутгийн дүүтэйгээ нийлж намайг хуурч байна гэсэн. Би ч нэг их тоогоогүй.

Тэгтэл тэр үед надад асуудал гарсан, 2013 оны 12 дугаар сард надад мөнгө хэрэгтэй болсон. Цэрэнпунцаг руу утсаар ярьж тэр үед би Банк санхүүгийн байгууллагаас мөнгө зээлсэн хугацаа хэтэрсэн мөнгө хэрэгтэй болсон учир явдалаа хэлэхэд манай захирал Цэрэндоржид би хэлчихлээ очоод уулз гэсэн.

Би очиж уулзаад хамт Банк санхүүгийн байгууллага руу очиж итгэмжлэх хийгээд 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй 79.000.000 төгрөгийг нь Цэрэндорж төлөөд миний байшингийн гэрчилгээг аваад явсан. Би 2014 оны 3 дугаар сард зээлсэн мөнгөө хүүгийнх нь хамт Цэрэндоржид төлсөн. ЖХХК-ийн Ц.Цэрэндорж гэдэг хүнээс 79.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй аваад хүүнд нь 16 сая төгрөг төлж байсан.

Ё.Эрдэнэбилэг над руу утсаар яриад миний газрыг бурхантай нь хамт авна гэж байна, та яасан хуншгүй хүн бэ гэсэн, би үгүй байлгүй дээ гэж хэлсэн.

Гэтэл 2015 оны 6 дугаар сард Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас дуудсан. Намайг Цэрэнпунцагын мөнгийг төл, төлж чадахгүй бол шоронд хийнэ. Эрүү үүсгэнэ гэж хэлсэн.

Би надад хамаагүй би залилж аваагүй, 110.000 ам доллар авсан нь үнэн гэж бодит байдлыг хэлсэн. Цагдаагийн хэлтсийн дарга нь та 2-ын асуудал иргэний журмаар шийдэх хэрэг байна. Шүүхээрээ явсан нь дээр байх гэсэн.

Удаагүй 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн хуулийн 148.4 гэсэн зүйл ангиар, 201526030676 дугаартай эрүүгийн хэрэг үүсгээд шалгасан. Бүгд нотлох баримттай болсон явдлаа хэлсэн.

Байцаагч нь хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэдгээ Хан-Уул дүүргийн Прокурорт удаа дараа өгсөн. Прокуророос наад хүнээрээ мөнгийг төлүүл гэж шаардаад байна, таньд хилийн хориг тавь гэсэн гээд хилийн хориг тавьсан.

Тухайн үеийн шударга мөрдөн байцаагч, прокурор нар Хан-Уулын Арцадын аманд газар дээр нь очиж үзээд Ц.Цэрэнпунцаг чинь таныг залилсан гээд байсан өөрөө залилчихаад ийм том газар, энэ үнэтэй бурханы чинь авсан юм байна. Биднийг дээрээс дарамталаад байна гэж хэлсэн.

Хан-Уул дүүргийн прокурортой уулзаад шүүхэд өгөөч ээ мөрдөн байцаалт дууссан юм чинь гэсэн. Иргэн хоорондын хэрэг шүүхэд очвол бид буруудчих гээд байна гэсэн. Надад эрүүгийн хэрэг үүсгэж 4 жил дарамталсан.

Би Ойрад Импекс ХХК-д хувьцаа эзэмшдэггүй мөн мөнгийг нь Ё.Эрдэнэбилэгийн хамт Солонгос улсад очоод гэрээ хийгээд л өгсөн. Надад ямар нэг залилсан санаа, залилсан зүйл байхгүй, харин ч Цэрэнпунцагт 28 га газар Бурхан багшийн сэрэг дүр, үнэт бурханы хамт Ойрад Импекс компанийг хохироосон. Би ЖХХК-иас мөнгө аваагүй, Цэрэнпунцагаас л мөнгө авсан. Цэрэнпунцаг газрыг нь авах гэж л ингээд яваад байгаа юм байна.

Мөн нарийн бичиг Г.Оюунболд , Ц.Цэрэндорж, Ц.Цэрэнпунцаг нар нь үгсэн хуйвалдаж намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж хуулийн байгууллагад гомдол гаргасан. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Ё.Эрдэнэбилэгийн мэдүүлгийг сонсов.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ЖХХК нь хариуцагч Д.Тд холбогдуулан 297.734.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Д.Т нь 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утга бүхий Мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичиж ЖХХК-иас 60.000 ам долларыг, дараа нь 50.000 ам долларыг тус тус авч нийт 110.000 ам долларыг хүлээн авчээ./хх-ийн 7-9, 88-р хуудас/

1. ЖХХК-ийн хувь нийлүүлэгч Ц.Цэрэнпунцаг бусдад залилуулсан гэх 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн гомдлыг /2002 оны/ Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 201526030676 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дэлгэрсайхан 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хаах санал ирүүлсэнийг хянаж Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1169 дугаартай тогтоолыг гаргажээ. /хх-ийн 10-14, 59-61-р хуудас/

Дээрх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол илэрсэн үндэслэлээр уг хэргийг хааж, хохирогч нар өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар харъяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байдаг бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.

Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т заажээ.

ЖХХК нь Д.Тд холбогдуулан түүнд шилжүүлсэн 110.000 ам.долларыг шаардах эрх нь хөөн хэлэлцэх ерөнхий хугацаанд хамаарч байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тул хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул ЖХХК нь Д.Тгээс 110.000 ам долларыг шаардах эрхтэй.

Иймд Д.Т нь ЖХХК-д 110.000 ам доллар буюу 297.734.800 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Д.Т нь 110.000 ам долларын ЖХХК-иас аваагүй Ц.Цэрэнпунцагаас авсан, уг мөнгийг бид Гымганг компанид өгсөн, надад ямар ч хамааралгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

2.Ойрад импекс ХХК-ийн гүйцэтгэх захирал Ё.Эрдэнэбилэг нь Гымганг ХК-тай Хамтын ажиллагааны тухай санамж бичиг үйлдсэн байх бөгөөд уг санамж бичгийг 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Гымганг ХК-ны Бээжин дэх салбарт Солонгос хэл дээр 2 хувь, Монгол хэл дээр 2 хувь үйлдэн, гарын үсэг зурж тус бүр 1 хувь хадгалсан ба Гымканг ХК-ийн GN2013-0704 нэхэмжлэхэд тусгасан нийт өртөгийн урьдчилгаа 30 хувь болох 248.000 ам доллараас 100.000 ам долларыг бэлнээр хүлээн авсан ба үлдэгдэл 148.000 ам долларыг төлөгдсөний даруй гүйцэтгэлийн гэрээ үйлдэнэ гэжээ. /хх-ийн 67-70-р хуудас/

Ойрад импекс ХХК-ийн захирал Ё.Эрдэнэбилэг, Д.Т нар нь Солонгос улсад очиж Ойрад импекс ХК болон Гымганг ХК-ийн Хамтын ажиллагааны санамж бичиг үйлдсэн болох нь тэдний тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 71-75, 109-112, 115-р хуудас/

Хариуцагч нь 110.000 ам долларын 10.000 ам доллараар замын зардал хийж, үлдэх 100.000 ам долларыг хамтран ажиллахаар харилцан тохиролцсоны дагуу Солонгос улсад очиж бурхан багшийн сэрэг дүр бүтээх төслийн ажлын урьдчилгаанд өгсөн гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй байна.

Иймд Д.Тгээс 297.734.800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖХХК д олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 492.1.1.-т заасныг баримтлан Д.Тгээс 297.734.800 /хоёр зуун ерөн долоон сая долоон зуун гучин дөрвөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж ЖХХК-д олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.648.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.648.450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО