Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01395

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01395

 

 

 

Б.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00729 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Хишигсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Номгонсанчир ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Номгонсанчир ХХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан замын хөдөлгөөний хууль, дүрмийн багшийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зөрчил гаргасан гэх үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан гэсэн боловч ажлаас халсан тухай тушаал өгөөгүй. Захирал 7, 8, 9 саруудын нийгмийн даатгалын хураамж төлсөн 519 000 төгрөг төлөөд нийгмийн даатгалын дэвтэр болон ажлаас халсан тушаалаа ав гээд өгөөгүй. Захиралтай уулзахаар хэд хэдэн удаа очиход чи өөрийн хүсэлтээр 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас халагдсан гэж бич гэсэн. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан 8 сарын хугацааны цалин 4 800 000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 1 384 000 төгрөгийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийлгүүлж, Номгонсанчир ХХК-аас нийт 6 184 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Замын хөдөлгөөний дүрмийн багш Б.Хишигсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 10 өдөр ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан. Мөн тэрээр 2017 оны 08, 09 дүгээр саруудад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 44 өдөр тасалсан зөрчил гаргасан. Түүний уг сарууд дахь нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12 тоот тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр Б.Хишигсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан.

Б.Хишигсүрэн нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс манай компани бүх ажиллагсадтайгаа хөдөлмөрийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Б.Хишигсүрэнтэй мөн адил шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу ажил, үүргээ гүйцэтгэж байсан. Ажлаа таслаад ирэхгүй байсан 2017 оны 07, 08, 09 дүгээр сарын хугацааны түүний нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байсны хохиролд 378 000 төгрөгийг нөхөн төлөөд тушаалаа ав гэж хэлж байсан нь үнэн болно.

Б.Хишигсүрэн нь ажлаас халагдсанаа мэдэж байсан. Энэ нь түүний нэхэмжлэл дээрээ бичсэн ... намайг зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан гэсэн боловч ... гэх тайлбараар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан. Ажлаас халсан тушаал гарчихсан байсан бөгөөд тэрээр гардаж аваагүй. Гэтэл 4 capын дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь маргааны талаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн гэж үзэж байна. Түүний шүүхэд гаргаж өгсөн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээ нь дугааргүй, хууль ёсны хөдөлмөрийн гэрээ биш хуурамч гэрээ байна. Харин 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Б.Хишигсүрэнтэй 19 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж байсан, түүнчлэн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 33 дугаартай хөдөлмөрийн шинэ гэрээ байгуулсан болно. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Хишигсүрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5 567 441 төгрөгийг хариуцагч Номгонсанчир ХХК-аас гаргуулж,, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Хишигсүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч Номгонсанчир ХХК-д даалгаж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Номгонсанчир ХХК-иас 104 029 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Учир нь Номгонсанчир ХХК-ийн албан ёсны хаяг нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Авто сургуулийн 7 тоот хаягт бүртгэлтэй бөгөөд Б.Хишигсүрэн нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон терминал дээрх жолооны сургуульд ажилладаг байсан ба нэхэмжлэлээ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь хууль зөрчсөн.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй, ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан хугацаанд тушаалаа гардуулаагүй гэж дүгнэн "Номгонсанчир ХХК-ийн захирлын 2018 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 12 тоот тушаалыг хууль бус гэж үзлээ гэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тушаалаа аваагүй, тушаалыг гардуулж өгөхийг хүлээж байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх 30 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан. Шүүхээс нэхэмжлэгч Б.Хишигсүрэнд 2017 оны 07 дугаар сард ажлаас халагдсан гэх итгэл үнэмшил бүрдсэнийг буруутгах боломжгүй гэж дүгнэсэн нь эргэлзээ төрүүлсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Мөн 2017 оны 07, 08, 09 дүгээр саруудад нэхэмжлэгч нь Номгонсанчир ХХК-ийн захиралтайгаа уулзах гэж 2 удаа очсон гэх тайлбар, мэдүүлэг, гэрч Д.Батбаатарын нэхэмжлэгч Б.Хишигсүрэн 2017 оны 09 дүгээр сард утасдан түүнийг ажлаас халсан гэх боловч тушаалаа гаргаж өгөхгүй байгааг хэлж, зөвлөгөө хүсэж байсан гэх мэдүүлэг тушаал гарсны дараа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Номгонсанчир ХХК-ийн нягтлан бодогч н.Батхандтай очиж уулзсан талаараа нэхэмжлэгч шүүхэд хэлсэн. Дараа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр н.Хандаатай очиж уулзахад таны нийгмийн даатгал 10 сараас эхлээд төлөгдөхгүй байгаа гэсэн гэх тайлбаруудаас үзэхэд Б.Хишигсүрэн нь 2017 оны 10 сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөхгүй болсноо мэдсэн байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр сургалт хариуцсан захирал н.Отгонжаргалтай уулзсан тухай Би 2017 оны 10 сарын 19-ний өдөр Отгонжаргал захиралтай очиж уулзсан. Өмнө нь хэд хэдэн удаа очиж уулзаж байсан. ... чи 519 000 төгрөгөө өгөөд тушаалаа авч болно гэсэн гэх тайлбар /хх-ийн 82-р тал/-аар шимтгэлээ төлж байж тушаалаа авах юм байна гэдгийг 100 хувь мэдсэн гэж үзнэ. 2017 оны 10 дугаар сарын 02-ний өдөр гарсан тушаалыг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн байсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан түүн дээрээ маш тодорхой ажлаас халагдсан гэх хугацаануудыг дурдсан, нэхэмжлэлдээ ажлаас халагдсан тушаалаа хавсаргаагүй байсан.

Шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг зөрчсөн байна. Б.Хишигсүрэн нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирж ажилласан нь Ажлын цагийн бүртгэлийн дэвтрээр нотлогдож байхад түүнийг үнэлээгүй, тус нотлох баримт нь дангаараа эргэлзээгүй баримт болж чадахгүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн.

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Батбаатарыг уг хэрэгт гэрчээр оролцуулсан боловч түүний мэдүүлгээр юуг ч нотлоогүй. Д.Батбаатар нь "Номгонсанчир" ХХК-д зөвлөхөөр огт ажиллаж байгаагүй, харин "Toп транспорт" ХХК-д зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ хэрэгтэй хольж хутган Номгонсанчир" ХХК-ийн талаар мэдүүлэг өгсөн нь хууль зөрчсөн. Шүүхээс ажилтны нийгмийн даатгалын дэвтэрт ажил олгогчоос хийсэн тэмдэглэлүүд үнэн зөв эсэхэд зүй ёсоор эргэлзээ үүсгэж байна гэж дүгнэсэн нь мөн хууль зөрчсөн. Нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтыг үнэлэхэд эргэлзээ төрж байвал уг нотлох баримтыг эх хувиар нь гаргуулж авах, лавлагаа гаргуулах, үзлэг хийх, нотлох баримтыг шинээр цуглуулах, баримтыг нотлох баримтаас хасах эрх шүүхэд байсаар байтал хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг маргааны үйл баримттай харьцуулан үнэлж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Хишигсүрэн нь хариуцагч Номгон санчир ХХК-д холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргаж ажлаас халагдсан, тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

Б.Хишигсүрэн нь Номгон санчир ХХК-ийн захирлын 2015 оны 07 дугаар сарын 20ы өдрийн 15/110 дугаартай тушаалаар Замын хөдөлгөөний дүрмийн багш албан тушаалд томилогдон, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 33 дугаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад /хх-ийн 44, 45-48 дугаар тал/ тус компанийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалснаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-ийн 51 дүгээр тал/ Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг зохих ёсоор гардуулж өгсөн үеэс гомдлын шаардлага гаргах эрх нь үүснэ. Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчид тушаалыг гардуулж өгсөн үйл баримтаа нотлоогүй. Ийм учраас нэхэмжлэгчийг шүүхэд хандах Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. Гэвч энэ нь ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл шууд болохгүй юм.

Харин нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байхад ажил албан тушаалдаа ирээгүй үйл баримт, нөхцөл байдал болон ажилтныг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалын үндэслэлийн талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу байна.

Хэргийн 51, 89 дүгээр талуудад авагдсан эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн Номгон санчир ХХК-ийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тушаалын хуулбар, хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй, 07 дугаар сард 10 өдөр, 8, 9 дүгээр сард нийт 44 өдөр ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан учраас хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажлаас халагдсан байна.

Талууд хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн талаар тохиролцохдоо 2016 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр шинэчлэн байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.3-т ...Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэжээ. Үүнээс дүгнэхэд ажил олгогч, ажилтан нар дээрх ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар гэрээндээ тухайлан заасан байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэхээр байна. Энэ гэрээнд ажилтан Б.Хишигсүрэн гарын үсгийн оронд өөрийн дардсыг дарсан талаар маргаагүй. /хх-89/ Ийм учраас 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлээд ажилдаа очоогүй, ажил тасалсан тул ажлаас халсан талаарх шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Ажилтныг 07 дугаар сараас хойш ажил үүргээ гүйцэтгэхийг нь хориглосон, ажлын байранд нэвтрүүлэхгүй байсан гэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймээс ажилдаа очоогүй байгааг ажил тасалсан ноцтой зөрчилд хамааруулж ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй, ажил олгогчийн тушаалыг хууль бус гэж үзэх нь учир дутагдалтай, Б.Хишигсүрэнг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан олговор шаардах эрх мөн нэхэмжлэгчид үүсэхгүй болно.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана гэж заасан. Хэрэг болон нэхэмжлэл гаргах нутаг дэвсгэрийн харьяалал зөрчигдсөн гэж үзсэн бол шүүх өөрөө болон талуудын хүсэлтээр өөр шүүх рүү хэргийг шилжүүлэх эрх нь анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон бөгөөд ийм ажиллагаа хийгдсэн гэх баримт хэрэгт байхгүй байна. Анхан шатны шүүх нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу хэргийг шийдвэрлэсэн эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Хишигсүрэнгийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2, 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00729 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Номгон санчир ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.Хишигсүрэнгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 029 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ