Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00872

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00872

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэртэй Ш ХХК-ийн хариуцагч Н т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Ш ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаартай шийдвэрээр Ш ХХК-аас 1 346 787 480 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 2019 оны 05 сарын 28-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор арматурын төмөр 10-238 боодол, арматурын төмөр 12-160 боодол, катанг төмөр 30 боодол зэргийг хураан авсан. 2019 оны 06 сарын 10-ны өдөр шинжээчээр томилогдсон Баян модот ХХК нь 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ШШГБХ19/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 1 743 668 500 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Ш ХХК-д 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 4/16995 дугаартай мэдэгдэл хүргүүлснийг 08 сарын 09-ний өдөр гардан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Ш ХХК нь 2019 оны 05 сарын 29-ний өдөр хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг арматурын төмөр 10-238 боодол, 1 тонныг 1 770 000 төгрөг, арматурын төмөр 12-160 боодол, 1 тонныг 1 770 000 төгрөг, Катанг төмөр 30 боодол, 1 тонныг 1 850 000 төгрөг гэж үнийн санал өгсөн. Харин Баян модот ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх хөдлөх хөрөнгүүдийн нэг бүрийн болон тонн бүрийн үнийг бус нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнэ гэж 1 750 000 төгрөгөөр тооцон үнэлгээ гаргасан нь үндэслэл муутай, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хугацааг баримтлаагүй тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрээр Ш ХХК-аас 1 346 787 480 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ш ХХК-ийн барьцаалсан барилгын арматур төмөр болон катанги төмрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд арматурын төмөр Ф10 нь 238 боодол, Ф12 арматурын төмөр 160 боодол, катанг төмөр 30 боодлыг 1 тонн 1 750 000 төгрөгөөр үнэлж нийт 996 382 тонн төмрийг 1 743 668 500 төгрөгөөр үнэлсэн. Мөн нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу өөр этгээдийн хөрөнгийг битүүмжилсэн, хураасан талаар тус байгууллагад гомдол гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй Н т холбогдох Ф10 маркийн арматурын төмөр 238 боодол, Ф12 маркийн арматурын төмөр 160 боодол, катанги төмөр 30 боодол эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 06 сарын 10-ны өдөр 16 дугаартай тогтоолоор Ш ХХК-ийн эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхээр Баян модот ХХК-ийг томилсон ба уг тогтоолтой шинжээч С.Цэвээнролом танилцсан. Гэтэл Н нь шинжээч С.Цэвээнроломд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр буюу шинжээч томилсон тогтоолоос 3 хоногийн өмнө хууль тайлбарласан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч байгууллага нь Баян модот ХХК-ийг /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Чимэддоржийн Чинбат/ шинжээчээр томилсон байхад иргэн С.Цэвээнроломд шинжээч томилсон тогтоолыг танилцуулах, улмаар эрх үүрэг танилцуулан дүгнэлт гаргуулсан нь үндэслэлгүйн зэрэгцээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 14 дүгзэр зүйлийн 14.1.7-д зааснаар Баян модот ХХК нь хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын гишүүн мөн эсэх нь тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Н т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Төлбөр төлөгч Ш ХХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02405 дугаар магадлал, Хяналтын шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 816 дугаар тогтоолоор 1 346 787 480 төгрөгийг төлбөр авагч Голомт банк ХХК-д төлөх үүрэгтэй бөгөөд иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх, сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан байна. /хх 17-26/

 

Хариуцагч байгууллага нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 685 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 550 боодол арматур төмөр, 200 боодол катанги төмрийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 18251182/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, ф-10 арматур төмөр 238 боодол, ф-12 арматур төмөр 160 боодол, катанги төмөр 30 боодлыг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 18251182/08 дугаар тогтоолоор тус тус хураасан үйл баримт тогтоогдсон. /хх 48, 50/

 

Хэргийн 51-52 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Н 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх хөдлөх хөрөнгийн үнэлгээг 1 743 668 500 төгрөгөөр тогтоосныг төлбөр төлөгч Ш ХХК-д 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн байна. /хх 53-58, 60/ Үнэлгээний дүгнэлтэд шинжээч нь үнэлгээг хийсэн аргачлал, түүний үндэслэлийг тодорхой заасан байна.

 

Шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шинжээчээр Баян модот ХХК-ийг томилсон байх бөгөөд уг үнэлгээний компанийн үнэлгээчин Р.Цэвээнроломоос 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шинжээчээр ажиллахад татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэн байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэнийг ойлгоно гэж, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт Үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж тус тус заажээ. Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй С.Цэвээнролом нь хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-д харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч талаас уг үйл баримтыг баримтаар няцаагаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй. /хх 58/

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ