Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 128/2017/0619/З |
Дугаар | 221/МА2018/0313 |
Огноо | 2018-05-31 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2018/0313
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И, Д.Н, хариуцагч П.О, Ц.О, Ш.Х нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4, 14.4.1, 14.4.2, 15 дугаар зүйлийн 15.1.4-д тус тус заасныг баримтлан “К” ХХК-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын харьяа Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “К” ХХК нэхэмжлэгчтэй, Татварын ерөнхий газрын Улсын орлого хяналтын татварын улсын байцаагч П.От, Ч.С, Ц.О болон Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш., Б.Э нарын хариуцагчтай, "Нийслэлийн Татварын газрын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3.253.765.367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаж хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
“К” ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
Захиргааны актыг хүчингүйд тооцуулах тухайд: Шүүгч шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгтээ:
• Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан “ашигт малтмал хайх” тухай тодорхойлолтыг иш үндэс болгоод 14 дүгээр хуудасны 1 дүгээр параграфад цааш дүгнэхдээ, “К” ХХК нь хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт хэрэгжих боломжгүй байх тул нэхэмжлэгчийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төсвөөс буцаан авах НӨАТ-ын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ. Уг дүгнэлтээс үзвэл хэрэв нэхэмжлэгч нь ашиглалтын үйл ажиллагаа эхлүүлсэн тохиолдолд өмнө хийгдсэн хайгуулын үйл ажиллагааны зардлаас НӨАТ-ын буцаан авалт хийх боломжтой ба тухайн тохиолдолд хайгуулын үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хамаарч болохоор ажээ.
• Харин дараагийн параграфад “Хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш” хэмээн дүгнээд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл биш тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-ын дагуу хасалт хийх үндэслэлгүй юм хэмээжээ.
Гэтэл Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.5-д “Ашигт малтмалын хайгуул”-ын үйл ажиллагааг “Үйлдвэрлэл, худалдааны чиглэл” хэмээн тодорхойлсон байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн" татварыг НӨАТ-аас хасч тооцохоор заасан байна. Нэгэнт тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулах үйл ажиллагааг зохицуулсан хуульд хайгуулын үйл ажиллагааг үйлдвэрлэл мөн хэмээн заасан тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт нь “К” ХХК-д хамааралтай заалт болж таарна.
Дээрхээс харвал шүүгч нь хэрэг шийдвэрлэхэд амин чухал хуулийн заалтыг огт хэрэглэлгүй өнгөрөөж “хайгуулын үйл ажиллагаа” гэн нэг тодорхойлолтыг хоёр өөр тохиолдолд авч хэрэглэхдээ тус бүрт нь өөр өөрөөр утгачлан тайлбарласан байх ба энэ нь хуулийн нэр томьёог буруу ойлгосон, улмаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн түүнчлэн тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хариуцагчийн зүгээс хийсэн “үйл ажиллагааны чиглэл”-ийн талаарх хэт нэг талыг барьсан тайлбар тодорхойлолтыг шууд иш үндэс болгосон явдал нь бодит төөрөгдлийг үүсгэж, үл нийцэх шийдвэр гаргах нөхцөл байдалд хүргэжээ.
Захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухайд:
Анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын гаргасан 2205130005 тоот актаар “К” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг шалган төсвөөс буцаан авах дүнг баталгаажуулахдаа 2012 оны 2205120011 тоот актаар буцаан олгохоор баталгаажуулсан байсан 1,147,076.0 мянган төгрөгийг оруулж тооцсон нь хууль бус байна хэмээн дүгнэсэн хирнээ, тус актыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоо явдал нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна гэж дүгнээд үүнээ “...актыг шүүхээс илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийг эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай... тус актыг илт хууль бусад тооцсоноор “К” ХХК-ийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” хэмээгээд цааш нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасанчлан ...Татварын байгууллага нь татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж... саналыг ажлын 2 хоногт багтаан санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх гэж зааснаар Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтыг газрын байцаагчид 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 тоот актаар буцаан олгох татварын хэмжээг тодорхойлсон нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласан байх юм.
2012 оны 12 дугаар сард баталгаажсан актыг хуульд заасан ажлын 7 ба 2 хоногийн хугацаанд бус бүхэл бүтэн 6 жилийн дараа 0 болгон баталгаажуулсан явдлыг хууль зөрчөөгүй гэж дүгнэснийг эрүүл ухаанаар ойлгох боломжгүй билээ.
Харин ч эсрэг 2205130005 тоот илт хууль бус акт нь нэхэмжлэгчид буцаан олгогдох ёстой байсан НӨАТ-ын буцаан авалтын 1,147,076.0 мянган төгрөгийг 0 болгосон улмаар дараа дараачийн актууд ургах гарах шалтгаан холбоос, үндэс язгуур нь болсон байдаг. Өнөөдрийг хүртэл 2205130005 тоот актаар ч, 210000007 тоот актаар ч мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ч тэр, тэрхүү хууль бус үйлдлээр авч чадаагүй өдийг хүрсэн 1.1 тэрбум төгрөгийг бидэнд гаргаж өгөөгүй, гэвч яагаад гэдэгт хууль зүйн үндэслэл бүхий тайлбар хийгдээгүй байгаад бид туйлын гомдолтой байна.
Хариуцагч хууль бус үйлдэл хийсэн нь шүүхийн шатанд нотлогдсон бол уг хууль бус үйлдэл, түүний үр дагавар, хор хөнөөлийг арилгах нь шүүхийн үүрэг байлтай. Гэтэл хууль бусаар үйлдэн гаргасан захиргааны актыг мэдсээр байж хэвээр үлдээсэн нь өөрөө ёс зүйгүй, хууль дээдлэх ёсонд үл нийцэх явдал мөн хэмээн бид үзэж байна.
Иймд дээрх үндэслэл бүхий гомдлыг маань хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2017/0164 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
“К” ХХК-аас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ч.С, Ц.О, Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нарт холбогдуулан “Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 210000007 дугаар актыг хүчингүй болгуулах, улсын төсвөөс буцааж авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 3,253,765,367.3 төгрөгөөр баталгаажуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад зөв дүгнэлт хийж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд анх Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Ж.Э нар “К” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаад 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2205120011 дүгээр актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 1,147,076.0 төгрөгөөр баталгаажуулжээ.
Үүний дараа Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Х, Б.Э нар “К” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийж гүйцэтгэн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 2205120005 дугаар актаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулсан байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх “...татварын улсын байцаагч Б.Э, Ш.Х нар нь өөрийн шалгаагүй 2011 он улсын төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулсан, мөн ижил шатны байцаагчийн дүнд өөрчлөлт оруулсан нь хууль бус гээд 2205130005 дугаар актыг шүүхээс илт хууль бусад тооцсоноор нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Учир Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ч.С, П.О, Ц.О нар нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 21161200620 дугаартай томилолтын дагуу “К” ХХК-ийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах шалгалтыг хийж гүйцэтгэн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулан татварын улсын байцаагчийн 210000007 дугаар акт үйлдсэн байх тул Нийслэлийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2205130005 дугаар актыг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч “К” ХХК нь ашигт малтмалын хайгуул хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлж, 11921Х, 11946Х, 12251Х, 13871Х, 13907Х, 13908Х, 13910Х, 13911Х, 13912Х, 14017Х, 14131Х, 14429Х, 14478Х, 14722Х тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр хайгуулын үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ““ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийх” гэж заажээ. Хуулийн энэхүү заалтын агуулгаас үзэхэд хайгуулын үйл ажиллагаа гэдэг нь нэмүү өртгийг өөртөө шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулахад чиглэгдсэн үйлдвэрлэл, эсхүл хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээ биш байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалт нь эцсийн хэрэглэгчид хамааралгүй, харин нэмүү өртөг шингээсэн бараа, ажил, үйлчилгээ эрхлэгчид хамааралтай, хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаандаа зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнийхээ хувьд эцсийн хэрэглэгч нь болж байгаа тул нэгэнт төлсөн татварыг буцаан шаардах эрхгүй. Хэрэв хайгуулын үйл ажиллагаа эрхлэгч нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэн ашиглалтын үйл ажиллагаа эрхлэгч болсон бол нэмүү өртөг үүсэх боловч ашиглалтын үйл ажиллагааны үр дүнд гарах уул уурхайн бүтээгдэхүүн нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.16-д заасан “уул уурхайн бүтээгдэхүүн” учир татвараас чөлөөлөгдөх, нөгөө талаар мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар татваргүй байх тул хасалт хийгдэхгүй.
“К” ХХК хайгуулынхаа үр дүнг үнэлэн ашиглалт хийгээгүй, тухайн бүтээгдэхүүний борлуулалтын ажил эхлээгүй тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч компанийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 0 төгрөгөөр баталгаажуулсан нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагааны үр дүнд нэмүү өртөг шингээсэн татвар ногдох бараа бусдад борлуулаагүй, ажил, үйлчилгээг эрхлээгүй тул хайгуулын үйл ажиллагааны зорилгоор болон хувийн болон ажиллагсдын хэрэгцээнд зориулан худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-ийн дагуу хасалт хийх үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон 14 дүгээр зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварт хасалт хийх үндэслэл нь өөр өөр тохиолдолд хэрэглэгдэх ялгаатай ойлголт бөгөөд тус хуулийн 13, 14 дүгээр заалт нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох бараа, ажил үйлчилгээнд хамаарах учраас эхлээд тухайн төрлийн татвар оногдох ажил, үйлчилгээ мөн эсэхийг тогтоосны дараа уг татвараас чөлөөлөгдөх, эсхүл хасалт хийх асуудлыг шийдвэрлэх учиртай. Энэ тохиолдолд хайгуулын үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох бараа, ажил үйлчилгээ биш учраас татвараас чөлөөлөх, хасалт, буцаалт хийх ойлголт үйлчлэхгүй.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0164 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.И-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР