Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2020/02048

 

 

 

 

 

 

 

 

 

Г- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02038 дугаар шийдвэртэй,

 

Г-, Н- нарын нэхэмжлэлтэй, Ш-д холбогдох, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, орон сууцыг Г-, Н- нарын нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г-, Н-,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Ундармаа,

Хариуцагчийн өмгөөлөгч: О.Оюунчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 310 дугаар байрны 197 тоот 37.8 м.кв байрыг Ч.Ганбилэг миний бие 2017 онд зээлээр худалдаж аваад өмчлөгч болсон.

Миний охин Г.Болор нь Шижиржин ХХК-д тооцооны нягтлангаар 2017 оны 7 дугаар сараас эхлэн ажилласан. Гэтэл миний охин Г.Болорыг 2017 оноос 2020 оны 02 дугаар сарын хооронд ажиллах хугацаандаа компанид 62 897 009 төгрөгийн өр үүсгэсэн гэсэн ба уг өр гэж нэрлээд байгаа төлбөрөөс Г.Болорын найз А.Баясгалан 20 000 000 төгрөгийг Шижиржин ХХК-ийн дансанд шилжүүлсэн.

Гэтэл Шижиржин ХХК-д өр төлбөрөө төлж дуусгах хүртэл манай байрыг барьцаанд авахаар гэрээ байгуулах санал гаргасан. Бид охиноо бодож байраа барьцаалахаар шийдсэн. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ш- гэх хүн барьцааны гэрээ байгуулъя хэмээн нотариат орсон.

Тухайн үед байр барьцаалах барьцааны гэрээ байгуулсан гэж бодож байтал Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, Ш- гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсныг сүүлд мэдсэн. Ш-, Г-, Н- нарын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус юм.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Г.Болорын хувийн өмчлөлийн эд хөрөнгө биш, гэрээний 3.1 дүгээр хэсэгт дурдсанаар 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцоогүй, гэрээний 3.2 дугаар хэсэгт дурдсанаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр ямар нэгэн төлбөр төлөөгүй, Ш- нь Г.Болорын өрийг төлүүлэх зорилгоор барьцааны гэрээ хийнэ гэж ярилцсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж тохиролцоогүй байсан, Г- орон сууцаа худалдах сонирхолгүй байхад нь Г.Болорыг хүнд ял шийтгэгдэнэ гэж сүрдүүлж уг гэрээнд гарын үсэг зуруулсан, Ш- гэх хүн нь Шижиржин ХХК-ийн өр төлбөр нэхэх эрхтэй субьект биш байхад биднийг болон манай охиныг өр төлбөрөө төлөөлөгч гэж шамдуулсаар байгаад барьцааны гэрээ биш үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсанд гомдолтой байна.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж орон сууцыг Г- болон Н- нарын нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Итгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан ба Г.Болорын өрийг дарах зорилгоор хийгдсэн.

Аудитын дүгнэлтээр нотлогдсон 85 109 114 төгрөгийн өрнөөс 20 000 000 төгрөг хасаж тооцогдсон. Хүч хэрэглэж төөрөгдүүлсэн зүйл байхгүй.

Ш- нь тухайн байгууллагад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хүсэл зориг байхгүй, дүр үзүүлсэн гэдэг нь ч тодорхойгүй, өмчлөх эрх шилжсний дараа ийм маргаан хийгээд байгаа нь ойлгомжгүй, график гаргаад гэрээ дахин хийнэ гэж байсныг нь мэдэхгүй байна.

Нэхэмжлэгч нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учрыг ойлгоод гарын үсэг зурсан. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дээр 20 00 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж бичсэн байгаа тул манайх бэлнээр төлсөн гэж ойлгож байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Ш-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 310 дугаар байрны 197 тоот орон сууцыг Ш-гийн нэр дээрхи бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, Г-, Н- нарын өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш-гаас 328 150 гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг халхавчилеан хэлцэл, бөгөөд Г.Болорын өрийг дарахаар тохиролцсон Харилцан тохиролцооны гэрээ-г халхавчлагдсан хэлцэл гэж үзсэн байдаг. Гэвч бодит байдал дээр Г.Болорын өрийг дарахаар тохиролцсон Харилцан тохиролцооны гэрээ бол анхнаасаа хүчин төгөлдөр байх бөгөөд ямар нэгэн халхавчлах шаардлагагүй, мөн тухайн маргаан бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-тэй огт хамааралгүй байтал анхан шатны шүүхээс Харилцан тохиролцооны гэрээ-г халхавчилсан мэтээр дүгнэлт хийсэн нь алдаатай байна.

Түүнчлэн талуудын тохиролцооноос үзвэл Харилцан тохиролцооны гэрээ-г халхавчлах зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г байгуулсан гэх үйл баримт байдаггүй. Гэтэл шүүхээс чухам ямар үндэслэлээр Харилцан тохиролцооны гэрээ-г халхавчлагдсан хэлцэл гэж үзсэн нь тодорхойгүй бөгөөд анхан шатны шүүхээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байдаг.

Нэхэмжлэгч Г-, Н- нар болон хариуцагч Ш- нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г байгуулахдаа анхнаасаа бодит бус хэлцэл хийнэ гэдэг дээр санал нэгдсэн байгаагүй нь талуудын тайлбараас тодорхой харагдах бөгөөд талууд харилцан тохиролцож үл хөдлөх. эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр холбогдох хүсэлтийг гаргаж, зохих журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн баталгаажуулсан зэргээс харагдах юм.

Гэтэл анхан шатны шүүхээс халхавчилсан хэлцлийн шинжийг агуулаагүй хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус хэмээн шийдсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй шийдвэр болгож байна.

Талуудын маргаанаас үзвэл хариуцагч Ш-, нэхэмжлэгч Ганбилэг, Нандин-Од нар нь Сүхбаатар дүүргийн нотариатч Д.Амаржаргалын хажууд түүний хууль зүйн зөвлөгөөний үндсэн дээр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан үйл баримт тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл талуудын гэрээ байгуулах үеийн хүсэл зориг, тухайн үеийн нөхцөл байдлын талаар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргаж буй тайлбар болох хүч хэрэглэж дарамталж хэлцэл байгуулсан эсэх асуудлыг мэдэх хүн бол Сүхбаатар дүүргийн нотариатч Д.Амаржаргал юм.

Гэтэл шүүхээс нотариатч Д.Амаржаргалыг гэрчээр оролцуулах тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангалгүйгээр шүүх хурлыг хийж, талууд яагаад уг гэрээг хийх болсныг сайн мэдэх гэрчийн тайлбар мэдүүлгийг авагүй маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн." гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд дээр дурдсан үидэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г-, Н- нар нь хариуцагч Ш-д холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг Г-, Н- нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Г-, Г.Нандин-Од, Г.Батзолбоо нар худалдагч талаас, Л.Жижирмаа худалдан авагч талаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, худалдагч тал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 дугаар хороолол /14181/ 310 дугаар байрны 197 тоот, 37,8 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны үнэд 20 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, уг гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг мөн өдөр Г-ийн нэрээс Ш-гийн нэр дээр шилжүүлэн бүртгүүлсэн талаар талууд маргаагүй байна. Гэрээ байгуулах үед Г.Батзолбоо нь 2 настай байсан тул түүнийг төлөөлж эцэг Г- гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх нөхцөл, хугацааг гэх хэсэгт 2020 оны 02 дугаар сарын 20-нд бэлнээр төлсөн гэж тэмдэгдэгдсэн боловч худалдан авагч Ш- уг мөнгөн хөрөнгөийг худалдагч талд бэлнээр өгсөн нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Мөн хэрэгт 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үйлдэгдсэн Харилцан тохиролцлын гэрээ гэх бичгийн баримт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээнд А.Баясгалангийн талаас Ч.Байгалмаа, Ч.Баярмаа, А.Баясгалан нар, Г.Болорын талаас Г-, П.Нарантуяа, П.Нарангэрэл, Г.Болор нар гарын үсгийг тус тус зурсан, уг гэрээг баталсан гэж захирал Ш- гарын үсэг зурж, хувийн тамгыг дарж баталгаажуулжээ. Уг хэлцлийн агуулгаас дүгнэвэл Ганбилэг овогтой Болор нь Шижиржин ХХК-д 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс тооцооны нягтлан бологчоор 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ажиллахдаа 85 109 114 төгрөгийн өр үүсгэсэн нь аудитийн шалгалтаар тогтоогдсон, компанид учруулсан хохиролд 20 000 000 төгрөгийг Г.Болорын найз А.Баясгалан, түүний эх Ч.Байгалмаа, эгч Ч.Баярмаа нар төлсөн, үлдэх 65 109 114 төгрөгийг Г.Болор төлөх агуулгыг тусгасан байна.

 

Дээрхи баримтуудыг нэхэмжлэгч нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдээгүй, харин Шижиржин ХХК-д учруулсан Л.Болорын хохирлыг төлөх агуулгаар хийгдсэн боловч төлбөр авах хуулийн этгээдэд биш түүний захиралд иргэний хувьд шилжүүлэхээр тохиролцосон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар тохиролцлын гэрээг халхавчилж дүр үзүүлсэн хэлцэл байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, Г.Болороос Шижиржин ХХК-д төлөх төлбөрийн хэмжээ, орон сууцны үнэд гэж авсан мөнгөн хөрөнгийг иргэн Ш- нь Шижиржин ХХК-ид учирсан гэх өр төлбөрөөс хэрхэн хасч тооцсон нь тодорхойгүй, өр төлбөрт хасагдаж буй мөнгөн хөрөнгө нь орон сууцыг худалдах үнэ гэж үзэх боломжгүй байх тул талууд орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар илэрхийлсэн гэж үзэхгүй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг өөрчлөх замаар эрхийг сэргээх тул Ш-гийн нэр дээрх улсын бүртгэлийг хүчингүй болгож, бүртгэлийг Г-, Н- нарын нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохыг эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дава заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2020/02038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА