Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2020/02038

 

 2020            07           27                                                       183/ШШ2020/02038

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ........ тоот хаягт оршин суух А овогт П.Г /00000000/,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, .......... тоот хаягт оршин суух Х овогт Б.Н /0000000000/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан- Уул дүүрэг, ........... тоот хаягт оршин суух М овогт Л.Ш /000000000 /-д холбогдох,

 

2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг Л.Г, Б.Н нарын нэр дээр шилжүүлэхийг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Г, О.Н, нэхэмжлэгч П.Гийн өмгөөлөгч Ж.Ундармаа, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Г, Б.Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн .......... тоот 37.8 м.кв байрыг Ч.Г миний бие 2017 онд зээлээр худалдаж аваад өмчлөгч болсон байдаг. Бид энэ байрандаа ам бүл 4үүлээ амьдарсаар ирсэн. Миний охин Г.Б нь Ш ХХК-д тооцооны нягтлангаар 2017 оны 7 дугаар сараас эхлэн ажилласан. Гэтэл миний охин Г.Быг 2017 оноос 2020 оны 02 дугаар сарын хооронд ажиллах хугацаандаа компанид 62.897.009 төгрөгийн өр үүсгэсэн гэсэн. Ингээд миний охиныг компанид өр төлбөрөө төлөхийг удаа дараа шаарддаг, цалингүй ажиллуулдаг байсан. Дээр өр гэж нэрлээд байгаа төлбөрөөс Г.Бын найз А.Б 20.000.000 төгрөгийг Ш ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Гэтэл Ш ХХК-д өр төлбөрөө төлж дуусгах хүртэл манай байрыг барьцаанд авахаар гэрээ байгуулах санал гаргасан. Бид охиноо бодоод байраа барьцаалахаар шийдсэн. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Л.Ш гэх хүн “барьцааны гэрээ байгуулъя” хэмээн нотариат орсон. Тухайн үед “байр барьцаалах барьцааны гэрээ” байгуулсан гэж бодтол Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээн дээр гарын үсэг зуруулаад Л.Ш гэх хүн өөрийн нэр дээр шилжүүлж авсан байсныг сүүлд мэдлээ. Л.Ш, П.Г, Б.Н нарын хооронд хийсэн худалдах худалдан авах гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

1.    Тус орон  сууц нь Г.Бын хувийн өмчлөлийн эд хөрөнгө биш.

2.    Гэрээний 3.1 дүгээр хэсэгт дурдсанаар 20.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцоогүй.

3.    Гэрээний 3.2 дугаар хэсэгт дурдсанаар 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бэлнээр ямар нэгэн төлбөр төлөөгүй.

4.    Л.Ш нь Г.Бын өрийг төлүүлэх зорилгоор барьцааны гэрээ хийнэ гэж ярилцсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж тохиролцоогүй байсан.

5.    П.Г орон сууцаа худалдах сонирхолгүй байхад нь Г.Быг хүнд ял шийтгэгдэнэ гэж сүрдүүлж уг гэрээнд гарын үсэг зуруулсан.

6.    Ш гэх хүн нь Ш ХХК-ийн өр төлбөр нэхэх эрхтэй субьект биш байхад биднийг болон манай охиныг өр төлбөрөө төлөөлөгч гэж шамдуулсаар байгаад барьцааны гэрээ биш үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлж авсанд гомдолтой байна.

Тиймээс 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр иргэн Л.Штай байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж орон сууцыг П.Г болон Б.Н нарын нэр дээр шилжүүлэн авахыг хүсэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 Нэхэмжлэгч П.Г, Б.Н нар  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “2015 оны 10 дугаар сард М Э ХХК-тай гэрээ байгуулж, 2016 оны 11 дүгээр сараас байрандаа орж, 2018 оны 11 дүгээр сард байрныхаа мөнгийг төлж дуусаад өмчлэх эрхийн гэрчилгээгээ авсан байсан. Миний охин Г.Б 25 настай, Ш ХХК-д 2017 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэл ажиллахдаа мөнгө дутаасан гэхээр нь  найз залуу А.Б нь 20 000 000 төгрөг  өмнөөс нь төлж барагдуулсан. Тэгээд байраа барьцаалж, өрийг нь төлөөд яв гэхээр нь нотариатч дээр очтол худалдах худалдан авах гэрээ байхаар нь зурахгүй гэсэн чинь Л.Ш нь энэ байрыг чинь авахгүй ээ, гэрээ хийчихээд ажил дээр очоод жинхэнэ хугацаа тогтоосон гэрээ хийнэ гэхээр нь зурчихсан. Энэ гэрээг хийхэд Л.Ш нь цагдаад өгнө, шоронд хийнэ гэж сүрдүүлж байж хийсэн, охин маань насанд хүрсэн хүн учраас асуудлаа өөрөө шийдээд эрүүгийн хэрэгтээ өр төлбөртэй эсэхээ шийдүүлэх хэрэгтэй. Түүнээс энэ байрыг өрөнд суутгаж авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй, одоо өр нь хэд болсон нь ч ойлгомжгүй байна. Ш ХХК-ийн өрийг Л.Ш нэхээд гэрээ хийгээд байгаа нь буруу байна. Бидэнд гэрээнд заагдсан 20 000 000 төгрөгийг өгөөгүй . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т мөнгийг хүлээлгэн өгөх хуулийн шаардлага биелэгдээгүй тул Иргэний хуулийн 56.1.1, мөн дүр үзүүлсэн хэлцэл 56.1.2 болохыг тус тус тогтоож, өмчлөх эрхийг сэргээж өгнө үү. Хуулийн дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Шгийн өмгөөлөгч Ж.Ч,  О.О  нар нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Энэ худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдсэн. Иитгэмжлэл нь хуулийн шаардлага хангасан. Г.Б гэдэг хүний өрийг дарах зорилгоор хийгдсэн. Аудитын дүгнэлтээр нотлогдсон 85 109 114 төгрөгний өрнөөс 20 000 000 төгрөг хасаж тооцогдсон байх гэж бодож байгаа ч сайн мэдэхгүй байна. Эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсний дараа хэд хасагдах нь мэдэгдэх боломжтой. Хүч хэрэглэж төөрөгдсөн юм байхгүй, графикаа гаргаад гэрээгээ байгуулаад хохиролгүй болгочихгүй яасан юм. Хуураад төөрөгдүүлсэн зүйл байхгүй. Ш нь тухайн байгууллагад гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Хохирлоо Г.Б төлөхгүй удаан явж байгаад энэ гэрээг хийсэн байдаг. Энэ гэрээг нотариатч дээр батлуулсан, хүч хэрэглэсэн, хуурсан сүрдүүлсэн гэдэг ч нотариатын үйлдэл хийх зааврын дагуу гэрээ хэлцлийг үнэн зөв гэж баталдаг. Хүсэл зориг байхгүй, дүр үзүүлсэн гэдэг нь ч тодорхойгүй, өмчлөх эрх шилжсний дараа ийм маргаан хийгээд байгаа нь ойлгомжгүй, график гаргаад гэрээ дахин хийнэ гэж байсныг нь мэдэхгүй. Нэхэмжлэгч нар нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учрыг ойлгоод гарын үсэг зурсан байна. Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дээр 20 00 000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж бичсэн байгаа тул манайх бэлнээр төлсөн гэж ойлгож байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

        Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх нэхэмжлэгч П.Г, Б.Н нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, өмчлөх эрхээ сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийг хариуцагч Л.Ш-д холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа  Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдэг байдлаар тодруулсан байна. Хэдийгээр бичгээр гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгч гэх хэсэгт Б.Н-ыг нэрлэн заагаагүй боловч анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага болоод нэхэмжлэлийг гаргасан этгээдийн нэг нь Б.Н гэж бичигдсэн байх тул түүнийг нэхэмжлэгч гэж үзнэ.

 

            Хариуцагч Л.Шгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч  нэхэмжлэлийн хувийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд өмгөөлөгч нар нь оролцсон байна.

 

           Маргаж буй 2020.02.20-ны өдөр байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нь П.Г, Б.Н болон Л.Ш нарын хооронд хийгдсэн, гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, 310 дугаар байрны 197 тоот орон сууцны өмчлөх эрхийг Л.Шгийн нэр дээр шилжүүлсэн байна.

Уг гэрээг нэхэмжлэгч нар “Бидний охин Г.Б нь Ш ХХК-д 2017 оны 7 дугаар сараас 2020 оны 02 дугаар сарыг хүртэл ажиллахдаа дутаасан гэх төлбөрийг барагдуулах зорилготой хийсэн ба анх барьцаална гэж хэлчихээд худалдах худалдан авах гэрээ хийсэн тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа, мөн энэ гэрээн дээр бичигдсэн 20 000 000 төгрөгийг манай талд өгөөгүй учраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тул хууль зөрчсөн хэлцэл юм“ гэсэн үндэслэлээр  хүчин төгөлдөр бус гэдэг бол хариуцагчийн өмгөөлөгч нар “уг гэрээг нотариатчийн дэргэд үр дагаврыг нь ойлгож, талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурж байгуулсан, хавтаст хэрэгт дүр үзүүлсэн болоод хууль зөрчсөн гэх баримт байхгүй, охин нь байгууллагаас мөнгө завшсан гэх асуудал дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдээд шалгагдаад явж байгаа” гэдэг тайлбар гаргаж, шаардлагыг хэрэгсэхгүй болгуулах байр суурьнаас мэтгэлцдэг.

 

           Хэргийн баримтаас үзэхэд П.Г, Б.Н нарын охин болох Г.Б нь Ш ХХК-д тооцооны нягтлан бодогчоор 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан ба энэ хугацаандаа 85 109 114 төгрөг дутагдуулж, үүнээс 20 000 000 төгрөгийг найз залуу А.Б төлж барагдуулан, үлдсэн 65 109 114 төгрөгний өр төлбөрийг Г.Б өөрөө хариуцан төлөхөөр 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Харилцан тохиролцлын гэрээг Ш ХХК-ийг төлөөлж Л.Ш, П.Г, Г.Б нар байгуулсан байна.

Улмаар Г.Б нь 58 109 114 төгрөгний барааны мөнгө завшсан үндэслэлээр  2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 202000785 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байна / хх ийн 34 хуудас /.

 

             Харин Г.Бын эцэг эх болох П.Г, Б.Н нартай дээрхи өр төлбөрийг барагдуулах зорилгоор Л.Ш нь  2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ”-г байгуулсан болох нь хэрэгт цугларсан баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас харагдаж байна.

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т “ Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцов”, мөн 3.3-т “төлбөрийг бүрэн төлж дуусгасан”, 3.2-т “2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр  бэлнээр төлсөн” гэж бичсэн байх ба “худалдан авагч Л.Ш нь уг 20 000 000 төгрөгийг бэлнээр худалдагч талдаа өгсөн” гэж хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч тайлбарладаг бол өмгөөлөгч О.О нь “Г.Бын Ш ХХК-д өгөх өрнөөс  20 000 000 төгрөгийг хасаж тооцсон байх, эрүүгийн хэрэгт хохирол шинжээчээр тогтоогдсны дараа яг хэдийг хасаж тооцох нь тодорхой болох байх” гэж тайлбар гаргадаг. Хариуцагч талын зүгээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг худалдагч П.Г, Б.Н нарт хүлээлгэн өгсөн талаархи баримт хэрэгт байхгүй, П.Г, Б.Н нар уг орон сууцандаа одоог хүртэл амьдардаг талаар талууд маргадаггүй.

Эндээс дүгнэхэд хэлцэлд оролцогч худалдан авагч талын хүсэл зориг нь  эд хөрөнгийн хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах буюу худалдах худалдан авах гэрээний үүрэгт чиглэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл худалдан авагч талд 20 000 000 төгрөгийг нөгөө талдаа төлөх хүсэл зориг байхгүй, орон сууцыг Л.Шгийн өмчлөлд шижлүүлснээр Г.Бын өрнөөс хэдэн төгрөг хасагдсан нь ойлгомжгүй байгаа нь тухайн хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байна.

              Шүүх 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн ба  аливаа хэлцэл нь утга агуулгаараа хууль зөрчсөн, талуудын эрх ашгийг хохироосны улмаас эрх зүйн үр дагаварт хүрч чадаагүй, өөрөөр хэлбэл иргэний эрх зүйн харилцааг хууль зүйн дагуу үүсэх өөрчлөгдөх, дуусгавар болох үндэслэл болдоггүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэл болдог.

    Иймээс талуудын хооронд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дээрхи худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байх ба орон сууцыг Л.Ш нь Г.Бын өр төлбөрт шилжүүлэн авахын тулд байгуулсан байна. Тодруулбал “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нь талуудын Г.Бын өрийг төлөх буюу Харилцан тохиролцлын гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл байх ба энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэлд хамаарна.

Нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах зохицуулалттай тул Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 310 дугаар байрны 197 тоот орон сууцыг Л.Шгийн нэр дээрхи бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, П.Г, Б.Н нарын өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон     

                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар  Л.Шд холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах” хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсүгэй.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо 7 дугаар хороолол 310 дугаар байрны 197 тоот орон сууцыг Л.Ш-гийн нэр дээрхи бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгож, П.Г, Б.Н нарын өмчлөх эрхийг сэргээж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллагад даалгасугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Ш-гаас 328 150  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                     О.ЧУЛУУНЧИМЭГ