Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01674

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/01674

 

 

 

Н.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Т-ийн нэхэмжлэлтэй

ХариуцагчБ.С-Д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 3 256 490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Т-

Хариуцагч Б.С-д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.С-той Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/1 дүгээр байрны 1 давхарт байрлах зоогийн газрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр Түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байтал 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр таазан дээр байрлалтай бохирын хоолой бөглөрч задарсны улмаас ус алдаж, өмхий үнэртээд байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон. Энэ талаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслүүлэгчБ.С- хэлэхэд харьяа орон сууцны засварчинг дуудан, засварчид ирээд, бохирын хоолой задарсан байна гээд таазыг нь задлан онгойлгож, шинээр бохирын хоолойг 24-ний өдөр сольсон. Ингээд засаад, ариутгал хийх болов уу гэж 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээхэд засвар, ариутгал хийгдээгүй, миний ажлыг 13 хоног саатуулж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээслүүлэгч гэрээгээ дангаараа цуцалсан учраас Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3, 289 дүгээр зүйлийн 289.5 дах хэсэг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна. Түрээслүүлэгч Б.С- бохирын хоолой задарсан нь бидний буруу биш гэдэг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт өөрийн сууцны засвар үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдогч байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан байна.

 

Талуудын гэрээнд заасны дагуу би нийт 5 800 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн бөгөөд энэ мөнгөнөөс ус алдсан гэж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийн хоорондох 7 хоногийн түрээс болон барьцаа мөнгийг надад өгөөд, үлдэгдэл мөнгийг өгөөгүй. Иймээс гэрээ цуцалсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийн дутуу 640 000 төгрөг, олох ёстой орлогоо өдрийн хамгийн багаар 90 000 төгрөгөөр тооцоход, 19 хоногийн орлого 1 710 000 төгрөгийг хариуцагч Б.Солиос гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 906.490 төгрөгөөр багасгаж байна, гэжээ.

 

Хариуцагч Б.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг түрээслүүлэхээр Н.Т-тай харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 07-ын өдөр Түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед Н.Т-т түрээслүүлэхэд ямар нэгэн эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан. Заалны таазны дээд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн далд шугамнаас ус алдахад түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд бид мэдэх боломжгүй, гэнэтийн нөхцөл байдлын улмаас ус алдсан. Харин бодит байдал дээр би өмч хөрөнгөөрөө хохирч байгаа ч Н.Т-аас шаардаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ус алдсаныг надад утсаар хэлсэн даруйд очиж, бид хоёр хоёулаа конторт дуудлага өгч, би өөрөө цэвэрлэгээ хийсэн. Би өөрөө ариутгал цэвэрлэгээгээ хийвэл илүү чанартай сайн хийнэ гэж үзээд хийсэн. Намайг 24-ний өдөр очиход Н.Т- ус алдсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж мэдэгдэж, надаас хэзээ засаж өгөхийг асуухад мэргэжлийн хүмүүсийн шугам хоолой солих засварын ажил байгаа гэдгийг хэлж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр засварын ажил дууссан. Ингээд Н.Т- ер нь түрээслэхээ больё гэж хэлээд үүний үндсэн дээр бид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзан, тооцоо нийлж, тус өдрөөр гэрээг дуусгавар болгож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зөрүү мөнгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Төмөр овогт Базаргэлгээгийн Солиос 2 153 330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хэрээд овогт Намсрайн Тунгалагат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1 103 160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 844 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 49 403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс гэрээний хүчин төгөлдөр байдалд дүн шинжилгээ хийгээгүй, энэ талаар талуудаас асууж тодруулалгүйгээр гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийг хангаж шийдсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлд бүртгүүлээгүй буюу хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Н.Т-т үйл ажиллагаанаас олох ёстой байсан орлогод 1 620 000 төгрөгийг гаргуулан шийдсэн нь үндэслэлгүй. Шүүх 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх 18 хоногийн олох ёстой байсан орлогыг хэрэгт авагдсан тооцооны хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банк ХХК-ийн дансны хуулга зэргийг үндэслэж түүнийг өдөрт ойролцоогоор 90 000-250 000 төгрөгийн орлоготой гэдгийг тогтоосон гэж байгаа. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгч огт үйл ажиллагаа явуулаагүй юм бол уг өдрийн орлогын цэвэр ашиг болон эргэлтийн буюу бараа материалын зардлыг тусад нь хэд гэдгийг тооцоололгүйгээр нэхэмжлэгчээс гараагүй зардлыг буюу эргэлтийн мөнгийг орлогод тооцож хариуцагч надаас гаргуулан шийдсэн нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулан олсон орлогоосоо татвар төлсөн талаар баримтгүй байхад шүүх түүний 1 өдөрт олох ёстой байсан орлогыг тогтоосон гэж үзэх нь эргэлзээтэй. Түүнчлэн түрээсийн гэрээг бид 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 3 сараар байгуулсан буюу дуусах хугацаа 12 дугаар сарын 07-ны өдөр байхад шүүх 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар тооцсон байна.

Шүүхээс түрээсийн төлбөрийн 10 хоногийн зөрүүг 1 өдрийн 53 333 төгрөг буюу 10 хоногийн 533 330 төгрөг гэж тооцсон ба 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр бид тооцоо нийлж, түүнд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 7 хоногийн түрээсийн төлбөрт 373 333 төгрөг, барьцаа болгож өгсөн 1 000 000 төгрөг буюу нийт 1 373 333 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцож, уг мөнгөнөөс урсгал зардлыг хасч Н.Т-т 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 1 185 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн нь шүүхэд өгсөн миний охин н.Хандхүүгийн дансны хуулгаар нотлогдоно. Иймд дээрх үндэслэлүүдээр тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагчБ.С- холбогдуулан түрээсийн гэрээ цуцлагдсаны үр дагавар түрээсийн төлбөрийн зөрүү 640 000 төгрөг, татгалзсанаас учирсан хохирол буюу олох ёстой орлого 2 616 490 төгрөг, нийт 3 256 490 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр байгуулагдсан гэрээгээр Н.Т- нь Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 1/1 дүгээр байрны 1 давхрын 97225 м.кв талбайг кафены зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээсэлж, сарын түрээсийн төлбөрт 1 600 000 төгрөг төлөх, Б.С- нь талбайг шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ. /хх-6/ Гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчид талбайг шилжүүлэн өгч, түрээслэгч 3 сарын түрээсийн төлбөрт 4 800 000 төгрөг, барьцаанд 1 000 000 төгрөг, нийт 5 800 000 төгрөг төлсөн болох нь талуудын тайлбар, мемориалын баримт зэргээр нотлогдож байна. /хх-5, 131-132/

Талуудын түрээсийн гэрээний зүйл нь орон сууцны 1 давхарт байрлах талбай байх тул талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Анхан шатны шүүх Н.Т-, Б.С- нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.

Зохигчид гэрээ цуцлагдсан үйл баримтад маргаангүй, харин үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол, түүний үндэслэлийн талаар маргаж байна.

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т-ийн кафены зориулалтаар түрээсэлж байсан обьектын бохирын шугам нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бөглөрч задарсны улмаас цаашид ашиглах боломжгүй болж, зохигчид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр гэрээг дуусгавар болгон түрээсийн төлбөр болон ашиглалтын зардлын тооцоо нийлж, хариуцагч Б. Соль нь нэхэмжлэгч Н.Т-т 1 185 000 төгрөг буцаан шилжүүлсэн байна. /хх-7/

Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглаж чадаагүй гэх үндэслэлээр уг хугацаанд олох ёстой орлогоо хариуцагчаас нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд тооцооны хуудас, зоогийн газрын хоолны цэс зэргийг баримтаар гаргаж өгчээ. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчийг түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй, олох ёстой орлогыг үндэслэлгүй гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.22, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж,хариуцагч Б.Солиос 2 153 330 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Иймээс хариуцагч Б.Солийн шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49 403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ч.ЦЭНД