Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023

 

                                                  

 

 

 

2019 оны 07 сарын 18 өдөр                         Дугаар 102/ШШ2019/02023                      Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, “Алтайн” 4 дүгээр гудамжны 111-А тоотод оршин суух Х. овогт Н.н Т.ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамжны 21 дүгээр байрны 94 тоотод оршин суух Т. овогт Б.гийн С.д холбогдох түрээсийн гэрээний үүргийн биелэлт 3.256.490 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Т., хариуцагч Б.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Нэхэмжлэгч Н.Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

         Миний бие 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Б.С.той Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/1 дүгээр байрны 1 давхарт байрлах 97225 метр квадрат талбайтай зоогийн газрыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр “Түрээсийн гэрээ” байгуулсан.

         Гэтэл гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулж байтал 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр таазан дээр байрлалтай бохирын хоолой бөглөрч задарсаны улмаас ус алдаж, үмхий үнэртээд байсан тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болж зогсоосон.

        Энэ талаар 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээслүүлэгч Б.С.д хэлэхэд харьяа орон сууцны засварчинг дуудан, засварчид ирээд, бохирын хоолой задарсан байна гээд таазыг нь задлан онгойлгож, шинээр бохирын хоолойг 24-ний өдөр С.сон.

       Бохирын ус гоожихдоо хана, обой, буйдан, ширээ, шалны дэвсгэрийг бохирдуулж, өмхий үнэр их гараад байсан учраас түрээслүүлэгчид Ариун цэврийн станц дуудаж ариутгал хийлгэж өгөхийг хүсэхэд зөвшөөрөхгүй, “ойр зуурын цэвэрлэгээ хийгээд таазны онгорхойг хулдаасаар бүрээд, та нар үйлчилгээгээ явуул” гэсэн.

         Ингээд засаад, ариутгал хийх болов уу гээд 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээхэд засвар, ариутгал хийгдээгүй, миний ажлыг 13 хоног саатуулж байгаад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээслүүлэгч гэрээгээ дангаараа цуцалсан учраас Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1, 288.1.3, 289 дүгээр зүйлийн 289.5 дах хэсэг, 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт заасныг хариуцагч зөрчсөн гэж үзэж байна.

       Түрээслүүлэгч Б.С. бохирын хоолой задарсан нь бидний буруу биш гэдэг. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт “өөрийн сууцны засвар үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх”,

         13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт “сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдогч байгууллагаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна” гэж заасан байна.

            Талуудын гэрээнд заасны дагуу би түрээсийн төлбөрт нэг сарын түрээс 1.600.000 төгрөг, үүнээс 3 сарын түрээс 4.800.000 төгрөг, барьцаа 1.000.000 төгрөг, нийт 5.800.000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн бөгөөд энэ мөнгөнөөс ус алдсан гэж 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрийн хоорондох 7 хоногийн түрээс болон барьцаа мөнгийг надад өгөөд, үлдэгдэл мөнгийг өгөөгүй.

          Иймээс гэрээ цуцалсан өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөрийн дутуу 640.000 төгрөг, олох ёстой орлогоо өдрийн хамгийн багаар 90.000 төгрөгөөр тооцоход, 19 хоногийн орлого 1.710.000 төгрөгийг хариуцагч Б.Солиос гаргуулж өгнө үү.

        Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 906.490 төгрөгөөр багасгаж байна, гэжээ.

 

        Хариуцагч Б.С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Би өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай талбайг түрээслүүлэхээр Н.Т.тай харилцан тохиролцож, 2018 оны 9 дүгээр сарын 07-ын өдөр “Түрээсийн гэрээ” байгуулсан.

        Хэдийгээр түрээслүүлэгч “өөрийн сууцны засвар үйлчилгээний бүх зардал болон мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг хариуцана” мөн тухайн үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээс өмнө ямар нэгэн доголдол байгаа эсэхийг шалгах ёстой байсан гэж байгаа боловч тухайн үед Н.Т.т түрээслүүлэхэд ямар нэгэн эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан.

            Заалны таазны дээд хэсэгт байрлах нийтийн эзэмшлийн далд шугамнаас ус алдахад түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд бид мэдэх боломжгүй, гэнэтийн нөхцөл байдлын улмаас ус алдсан.

            Харин бодит байдал дээр би өмч хөрөнгөөрөө хохирч байгаа ч Н.Т.аас шаардаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ус алдсаныг надад утсаар хэлсэн даруйд очиж, бид хоёр хоёулаа конторт дуудлага өгч, би өөрөө цэвэрлэгээ хийсэн.

           Нэхэмжлэгч Ариун цэврийн станцыг дуудаж ариутгал хийлгэе гэж хэлсэн боловч дуудаагүй. Яагаад бэ? гэвэл би өөрөө ариутгал цэвэрлэгээгээ хийвэл илүү чанартай сайн хийнэ гэж үзээд хийсэн.

           Намайг 24-ний өдөр очиход Н.Т. ус алдсан, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэж мэдэгдэж, надаас хэзээ засаж өгөхийг асуухад мэргэжлийн хүмүүсийн шугам хоолой солих засварын ажил байгаа гэдгийг хэлж, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр засварын ажил дууссан.

      Ингээд Н.Т. “ер нь түрээслэхээ больё” гэж хэлээд үүний үндсэн дээр бид 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр уулзан, тооцоо нийлж, тус өдрөөр гэрээг дуусгавар болгож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зөрүү мөнгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Т., хариуцагч Б.С.д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн биелэлт 3.256.490 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

        2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар “Түрээсийн гэрээ” байгуулж, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу 1/1 дүгээр байрны 1 давхарт байрлах 97225 метр квадрат талбайтай зоогийн газрыг 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, сарын 1.600.000 төгрөгөөр түрээслэхээр, 3 сарын түрээс 4.800.000 төгрөг, барьцаа 1.000.000 төгрөгийг нэхэмжлэгч төлж, зохигчид харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 “түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байдаг бөгөөд талууд дээрх үүргээ биелүүлж, нэхэмжлэгч 3 сарын түрээс 4.800.000 төгрөг төлж, хариуцагч нэхэмжлэгчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор эзэмшилд нь “CHEERS” нэртэй зоогийн газраа шилжүүлэн өгсөн талаар маргахгүй байна.

 

Түүнчлэн түрээслэгч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд нэхэмжлэгч хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг авах, хариуцагч түрээслэсэн эд хөрөнгө ашиглалтын явцад ердийн элэгдэл хорогдлын дагуу муудаж, дордсон тохиолдолд засвар үйлчилгээг хийхээр заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Т. шаардах эрхийнхээ дагуу бохирын шугам задарсаны улмаас бохирын үнэр хоолны газарт тохирохгүй байгаа тул ариутгалын байгууллагаар ариутгал хийлгэхийг хүссэнийг, хариуцагч зөвшөөрөөгүй талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарласан нь гэрээнд заасан 4 дүгээр бүлгийн 3 дугаар зүйлд “...бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц байдалд байвал...”,

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дугаар зүйлд Монгол улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасны дагуу гэрээний үүргээ зөрчсөн байна гэж дүгнэлээ.

 

          Иймээс зохигчид харилцан тохиролцоод, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр гэрээг дуусгавар болгож, тооцоо нийлсэн талаараа үгүйсгээгүй мөн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн ОСНААУГ-ын харъяа 5 дугаар ХҮТөвийн комиссын гишүүдийн дүгнэлтээр Ф-76 бохирын шугам цоорч, дахин ашиглах боломжгүй болж ус алдсан нь нотлогдож, засвар, ариутгалын ажлыг хариуцагч Б.С. гүйцэд хийлгээгүй нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гэрэээг цуцалсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул олох ёстой 18 хоногийн орлого, түрээсийн гэрээний зөрүү мөнгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           Хариуцагчаас гэрээний дагуу төлсөн 3 сарын түрээс 4.800.000 төгрөгнөөс, нэг сарын түрээс 1.600.000 төгрөг гэж тооцоход, 1.600.000 /төгрөг/ : 30 /хоног/=53.333 төгрөг / нэг өдрийн түрээс/.

           -53.333 х 10 /хоног/=533.330 төгрөг /түрээсийн төлбөрийн зөрүү/

 

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 18 хоногийн олох ёстой орлогыг тооцохдоо хэрэгт нотлох баримтаар авагдсан “CHEERS” зоогийн газрын архи, пиво, ундаа, хоолны зэс, тооцооны  хуудас, нэхэмжлэгчийн тайлбар, “Хаан” банкны дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар түрээслэгч өдөрт өглөөний 11 цагаас шөнийн 04 цаг хүртэл ажиллахад, ойролцоогоор 90.000-250.000 төгрөгийн орлого олдог болох нь тогтоогдож байгаа учраас

        

            -18 /хоног/ х 90.000 /төгрөг/=1.620.000 төгрөг /олох ёстой орлого/

         

           -533.330 +1.620.000 = 2.153.330  төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгож, үлдсэн 1.103.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч “Хаан“ банкны нэхэмжлэгчийн дансны хуулганаас харахад 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан,

Нэхэмжлэгч “орлого” гэсэн хэсгээс үзэхэд өдөр болгон орлого ороогүй, түрээслүүлэгчийн нэр дээр авсан пос машиныг зөвшөөрлийнхөн дагуу өөр хүмүүсээс авах ёстой мөнгийг уншуулсан, “гүйлгээний утга” дээр хоол, архи, ундааны мөнгө гэж бичигдээгүй гэх тайлбарыг гарган талууд маргаж байгаа боловч нэхэмжлэгч Н.Т.ийн “Хаан” банкны дансны хуулгаас үзэхэд, дээрх өдрүүдэд өдөр бүр орлого ороогүй ба орлого орсон өдрүүдийн утга дээр “мичертын хаалт” гэж бичигдсэн байгааг уг өдрүүдэд нэхэмжлэгчийг зоогийн газрыг ажиллуулсан гэж үзэх боломжгүй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 2.153.330  төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Т. овогт Б.гийн Солиос 2.153.330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х. овогт Н.н Т.ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 1.103.160 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.844 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 49.403  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

        4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА