Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00770

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00770

 

 

Б.Б, Б.Ч Й нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00301 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Ч Й нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн орлого 32 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бийн төрсөн дүү Б.Тогтохбаяр нь 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сандэй ХХК-тай Хөрөнгө оруулалт, захиалгын гэрээ №1211 тоот гэрээг байгуулан, тус компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Пийс тауэр цогцолбор барилгаас 86,84 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 219 200 ам.доллараар худалдан авч, төлбөрийг 100 хувь төлсөн юм. Б.Тогтохбаяр нь гадаадад амьдардаг байсан учир 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн худалдаж авсан буюу өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54 дүгээр байр, 310 тоот хаягт байршилтай, 86,84 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн охин Б.Ч Й болон төрсөн ах Б.Б нарын нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг өгсөн билээ. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар нь доллараар хийгдсэн гэрээг хүлээн авдаггүй гээд дахин гэрээг Б.Тогтохбаярын хүсэлтийн дагуу Б.Бийн болон Б.Ч Йгийн нарын нэр дээр тухайн анх авч байсан /тухайн үеийн долларын ханш 1325.37/ үеийн төгрөгийн ханш руу хөврүүлэн 2 дахь гэрээг буюу 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр №11/08/11 тот гэрээг Сандэй ХХК-тай байгуулсан ба уг гэрээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь /дугаар:000359983, Улсын бүртгэлийн Ү-2202022770/ Б.Б, Б.Ч Й нарын нэр дээр гарсан.

2016 оны 3 дугаар сард Б.Бийн зээ дүү Б.Бямбадаваа нь яаралтай мөнгөний хэрэг боллоо гээд дүү Б.Тогтохбаяраас Б.Б, Б.Ч Й нарын нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг чинь барьцаанд тавиад мөнгө зээлмээр байна, 2 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 130 000 000 төгрөгийн зээл авах гэсэн юм, барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод байна гэж гуйсан.

Д.Н, Д.Э нар 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б.Бямбадавааг гэртээ дуудан ирүүлж, зээлж буй 130 000 000 төгрөг дээрээ 2 сарын хүү болох 15 600 000 төгрөгийг нэмж, дүү Б.Бямбадаваагаар Д.Наас 86,84 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайтай барьцаалж нийт 145 600 000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж авч байна гэсэн бичиг үйлдүүлж, доор нь Б.Бийн 426000358 гэсэн дансаар шилжүүлээрэй гэсэн баримт үйлдэж, Д.Э, Д.Н нарт өгсөн ба уг баталгаа бичгийг гараараа 2 хувь үйлдэж зээлдүүлэгч нарт 1 хувь үлдээж нөгөө эх хувийг Б.Бямбадаваа өөртөө авч үлдсэн байдаг.

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Д.Э, Д.Н нар нь тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Б.Ч Й, Б.Б нартай уулзсан ба тэд зээлийнхээ баталгаа болгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эхлээд өөрсдийн нэр дээр шилжүүлж аваад, зээлээ төлүүлсний дараа буцаагаад шилжүүлж өгье гэж шаардсан. Б.Бямбадавааг 2 сарын дараа зээлээ төлчихөөр буцаагаад л шилжүүлээд авчихна гэж хэлсэн тул тэдэнд итгэж, тэдний хэлснээр дээрх гэрээг хийж, нотариатаар гэрчлүүлсэн.

Уг гэрээнд 219 200 ам.доллар буюу 290 521 049 төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдан авсан гэж оруулж, нотариатаар батлуулж авсан. Ингээд дараагийн өдөр болох 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлдүүлэгч Д.Н нь 417004087 тоот данснаасаа Б.Бийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 130 000 000 төгрөгийг зээл гэсэн утгаар шилжүүлсэн байсныг Б.Б авч, дүү Б.Бямбадаваад авч өгсөн. Энэ тухайгаа баримт үйлдэж Б.Б авсан.

Гэтэл зээлийг бодитой авсан Б.Бямбадаваагийн бизнес амжилтгүй болсон учраас 2 сарын дараа зээлдүүлэгч нарт төлөх ёстой зээлээ төлж чадаагүйгээс зээлдүүлэгч нар уурлаж үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу бол бид нар энэ үл хөдлөх эд хөрөнгийн чинь хууль ёсны өмчлөгч нар нь болсон, тиймээс байраа суллаж авна гэж цоожийг нь сольсон. Иймд түрээслэгчээ алдахгүйн тулд түрээслэгч н.Мэндсайханыг зээлдүүлэгч Д.Этэй түрээсийн гэрээг 2015 оны 8 дугаар сараас байгуулж бидний хөрөнгийн түрээсийн орлогыг тэд авч байсан.

Бодит байдал дээр Б.Б нь Д.Э, Д.Н нараас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж дүү Б.Бямбадаваад зээл авсан ба тэдний хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин зээлийн гэрээний харилцаа үүссэн болно. Тухайн үед буюу гэрээ хийх үед 290 521 049 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөө 20 000 000 төгрөгөөр худалдах шаардлага, болон нэхэмжлэгч нарын хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй болно.

Зээлдүүлэгч нар тухайн үед 130 000 000 төгрөгийн зээл олгосон атлаа үүнийгээ халхавчилж, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол зах зээлийн үнээр худалдах байсан.

Иймд Д.Э, Б.Ч Й, Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр Б.Ч Й, Б.Б нараас Д.Эт шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байр, 310 тоот хаягт байршилтай 86,84 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б.Ч Й, Б.Б нарын өмчлөлд буцааж, мөн зээлдүүлэгч Д.Э, Д.Н нараас Б.Бт зээлд шилжүүлсэн 130 000 000 төгрөгийг тус тус буцааж талуудад олгож өгнө үү.

Харин түрээсийн 17 сарын төлбөр болох 32 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Б.Б, Д.Э нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч Б.Б Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Д.Эт өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, худалдан авагч Д.Э худалдагч Б.Бт хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч талаас зээл гэсэн гараар бичиж өгсөн баримтад нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл байгаа бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн гэх гарын үсэг байхгүй бөгөөд ийнхүү гаргаж өгсөн баримт нь зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Б.Б, Б.Ч Й нарын 32 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д зааснаар 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат/15172/, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 54 дүгээр байрны 310 тоот 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Д.Эээс үл хөдлөх эд хөрөнгийн 2202022770 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 54 дүгээр байрны 310 тоот хаягт байршилтай 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б, Б.Ч Й нарын өмчлөлд шилжүүлж, Б.Боос 130 000 000 төгрөг гаргуулж Д.Нт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 930 050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Н нараас 1 610 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б, Б.Ч Й нарт олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ямар талуудын хооронд ямар хэлцлүүд хийгдсэн талаарх нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүрэн бодитой үнэлээгүй гэж үзэж байна.

Үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаа болгосон талаар зөвхөн нэхэмжлэгч нар тайлбарладаг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан Зээлийн болон барьцааны гэрээ байхгүй юм. 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" нь Б.Б, Б.Ч Й болон Д.Э нарын хооронд байгуулагдсан бөгөөд эдгээр талууд зөвхөн энэ гэрээг л хийсэн өөр ямар нэгэн гэрээ хийгээгүй юм.

Харин төлбөрийг хүлээн авсан талаарх Б.Бямбадаваа болон Б.Б нарын хооронд хийгдсэн баримтаар" зээлийн хэлцэл эдгээр хоёр этгээдийн хооронд хийгдсэн гэж үзэхээр байгаа юм. Д.Эийн нөхөр болох Д.Наас 130 000 000 төгрөг шилжин орсон бөгөөд энэхүү төлбөрийг Б.Б нь Б.Бямбадаваад өгсөн байна. Иймээс хэрэв зээлийн харилцаа байгаа бол Б.Бямбадаваа болон Б.Б нарын хооронд байгаа бөгөөд харин нь Б.Б, Б.Ч Й болон Д.Э нарын хооронд ямар нэгэн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, өөр бусад хэлцэл хийгдсэн талаарх баримт байхгүй билээ. Талууд "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-гээр нөгөө талын өмчлөлд шилжүүлсэн бөгөөд уг гэрээ нь бодит үр дагавар бий болгосон, өөрөөр хэлбэл худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх зорилготойгоор хийгдсэн хэлцэл бөгөөд харин гэрээний үнийн дүн бага байгаа шалтгаан нь хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бусад тооцож үндэслэл болохгүй юм. Талууд худалдах худалдан авах гэрээгээр өмчлөлд шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн, харин үнийн дүн бол уг гэрээний нэг заалт бөгөөд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу уг "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" хүчин төгөлдөр байх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс анхан шатны шүүх "...эд хөрөнгийг өмчлөгч бусдад худалдах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байна..." гэж дүгнэхдээ хэргийг нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ"-г баталсан нотариатчийг гэрчээр асуусан тэмдэглэлд "...2 хүн байсан Б.Ч Й байхгүй байсан бол батлахгүй байсан" гэж мэдүүлсэн байдаг. Худалдагч талаас Б.Ч Й гэх хүнийг авчирсан байх бөгөөд энэ нь жинхэнэ Б.Ч Й мөн эсэхийг Худалдан авагч тал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан юм. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу Д.Э нь өмчлөгч мөн юм. Дээрх тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 182/ШШ2019 00301 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б, Б.Ч Й нар хариуцагч Д.Н, Д.Э нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн орлогод 32 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрөн маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар хохиролд 32 300 000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзсаныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... бодит байдал дээр Б.Бямбадаваа нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж зээл авсан, хариуцагч нарын шахалтаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Б, Б.Ч Й нар нь Сандэй ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын 11/08/11 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40, 50 мянгат Энхтайваны өргөн чөлөө гудамж 54 дүгээр байр 310 тоотод байршилтай оффис үйлчилгээний зориулалттай 86,84 м.кв дундын өмчлөлийн талбайн хамт 290 521 049 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байх бөгөөд гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.Б, Б.Ч Й нар өмчлөгчөөр бүртгэгджээ. / хх-ийн 8-10, 88 дугаар тал/

 

Мөн хэрэгт Б.Б, Б.Ч Й нар хариуцагч Д.Этэй 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдсан тухай бичгийн гэрээ, Д.Наас Б.Бийн дансанд зээл гэсэн зориулалтаар 130 000 000 төгрөг шилжүүлсэн талаарх Худалдаа хөнжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга, Б.Б, Б.Бямбадаваад 130 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн бичгийн баримтуудыг нотлох баримт авагдсан байна. / хх-ийн 18-19, 87 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нар дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нэг үндэслэлээ тухайн орон сууцны нэг өмчлөгч болох Б.Ч Й 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлаж байгаа бөгөөд уг байдал нь Монгол Улс шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь М.Б.Ч Йгийн гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй болох нь тогтоогджээ.

/хх-ийн 122-126 дугаар тал/

 

Хариуцагч Д.Н, Д.Э нар нэхэмжлэгч Б.Б, Б.Ч Й нараас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр дээрх байрыг 20 000 000 төгрөгөөр худалдаж авсан гэх байдал нь тухайн хөрөнгийн үнэлгээнээс хэт доогуур, мөн уг байрыг Б.Бямбадаваагийн авсан зээлийн барьцаанд тавьсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг тул хариуцагч нар өөрсдийн тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болно.

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд талуудын хооронд хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн аль аль шинжийг агуулсан гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг арилгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... худалдагч талаас Б.Ч Й гэх хүнийг авчирсан байх бөгөөд энэ нь жинхэнэ Б.Ч Й мөн эсэхийг худалдан авагч тал мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэсэн үндэслэл зааж байгаа боловч нотариатаар бүртгүүлж улсын бүртгэлээр баталгаажих хэлцлийн хувьд нөгөө талын дагуулж ирсэн хүнээр Б.Ч Й гэж шууд итгэх үндэслэл байхгүй, мэдэх боломжгүй гэж үзэхгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2019/00301 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 610 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.ИЧИНХОРЛОО