Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2019/00301

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б, Я.А нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Н, Д.Энарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн орлого 32,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч Б.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.З хөтлөв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б-ийн төрсөн дүү Б.Т нь 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “С” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, захиалгын гэрээ” /анхны гэрээ/ №1211 тоот гэрээг байгуулан, тус компанийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан “ПТ” цогцолбор барилгаас 86,84 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нийт 219,200 ам доллараар худалдан авч, төлбөрийг 100 хувь төлсөн юм.

Б.Т нь гадаадад амьдардаг байсан учир 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “С” ХХК-д өөрийн худалдаж авсан буюу өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3-р хороо, 40 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байр, 310 тоот хаягт байршилтай, 86,84 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг төрсөн охин Я.А болон төрсөн өх болох Б.Б нарын нэр дээр гаргаж өгөх хүсэлтийг өгсөн билээ.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар нь доллараар хийгдсэн гэрээг хүлээн авдаггүй гээд дахин гэрээг Б.Т-ын хүсэлтийн дагуу Б.Б-ийн болон Я.А-ийн нарын нэр дээр тухайн анх авч байсан /тухайн үеийн долларын ханш 1325.37/ үеийн төгрөгийн ханш руу хөврүүлэн 2 дахь гэрээг буюу 2014 оны 07-р сарын 22-ны өдөр №11/08/11 тот гэрээг “С” ХХК-тай байгуулсан ба уг гэрээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь /дугаар:000359983, Улсын бүртгэлийн Ү-2202022770/ Б.Батзориг, Я.А нарын нэр дээр гарсан.

Хоорондоо тохиролцон Б.Т-ын өмч болох уг эд хөрөнгийг Монгол улсад бусдад түрээслүүлэн, олсон орлого, ашгийг нь дүү Б.Т болон түүний охин Я.А нарт шилжүүлдэг байсан.

Гэтэл 2016 оны 03-р сард Б.Б-ийн зээ дүү Б.Б нь “яаралтай мөнгөний хэрэг боллоо” гээд дүү Б.Т-аас “Б.Б, Я.А нарын нэр дээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг чинь барьцаанд тавиад мөнгө зээлмээр байна, 2 сарын хугацаатай сарын 6 хувийн хүүтэй 130,000,000 төгрөгийн зээл авах гэсэн юм, барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод байна” гэж гуйсан ба Б.Т нь дүү Б.Б-г “ямар хүнээс зээлэх гэж байгааг болон түрээслэгчийг нь яах юм, зээлээ яаж төлөх юм” гэх зэргийг асууж тодруулахад тэр “өөрийн танил Д.Э, түүний нөхөр Д.Н гэдэг эхнэр нөхөр хоёр байгаа тэд зээлүүлнэ гэсэн, ганцхан барьцаа хөрөнгө шаардаад байна, би зээлээ бизнесээрээ найдвартай төлнө” гэж хэлсэн.

2017 оны 03-р сарын 22-ны өдөр Д.Н, Д.Э нар Б.Б-г гэртээ дуудан ирүүлж, зээлж буй 130,000,000 төгрөг дээрээ 2 сарын хүү өолох 15,600,000 төгрөгийг нэмж дүү Б.Б-гаар “2016 оны 03-р сарын 22-ны өдөр Д.Н-аас 86,84 м.кв хэмжээтэй үйлчилгээний талбайтай Ү-2202022770 бүртгэлийн дугаартай гэрчилгээг барьцаалж 145,600,000 төгрөг 2 сарын хугацаатай зээлж авч байна” гэсэн бичиг үйлдүүлж, доор нь “Б.Б-ийн 426000358” гэсэн дансаар шилжүүлээрэй гэсэн баримт үйлдэж, Д.Э, Д.Н нарт өгсөн ба уг баталгаа бичгийг гараараа 2 хувь үйлдэж зээлдүүлэгч нарт 1 хувь үлдээж нөгөө эх хувийг Б.Б өөртөө авч үлдсэн байдаг.

2016 оны 03-р сарын 21-ний өдөр зээлдүүлэгч Д.Э, Д.Н нар нь тухайн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн Я.А, Б.Б нартай уулзсан ба тэд нартай “Зээлийн болон барьцааны гэрээ” хийнэ гэсэн ойлголттой байсан. Гэтэл тэд “зээлийнхээ баталгаа болгож, Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эхлээд өөрсдийн нэр дээр шилжүүлж аваад, зээлээ төлүүлсний дараа буцаагаад шилжүүлж өгье” гэж шаардсан, тиймээс Зээлийн гэрээ биш “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” хийе, та нар айх хэрэггүй, түрээслэх үйл ажиллагаагаа та нар явуулдгаараа л явуулж, үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшдгээрээ л эзэмшинэ гэсэн. Б.Б гэсэн 2 сарын дараа зээлээ төлчихөөр буцаагаад л шилжүүлээд авчихна гэж хэлсэн тул тэдэнд итгэж, тэдний хэлснээр дээрх гэрээг хийж, нотариатаар орсон.

Уг гэрээнд 219,200 ам доллар буюу 290,521,049 төгрөгөөр худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж оруулж, нотариатаар батлуулж авсан. Ингээд дараагийн өдөр болох 2016 оны 03-р сарын 22-ны өдөр зээлдүүлэгч Д.Н нь 417004087 тоот данснаасаа Б.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 130,000,000 төгрөгийг “Зээл” гэсэн утгаар шилжүүлсэн байсныг Б.Б авч, дүү Б.Б-д авч өгсөн. Энэ тухайгаа баримт үйлдэж Б.Б авсан.

Гэтэл зээлийг бодитой авсан Б.Б-ийн бизнес амжилтгүй болсон учраас 2 сарын дараа зээлдүүлэгч нарт төлөх ёстой зээлээ төлж чадаагүйгээс зээлдүүлэгч нар уурлаж “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу бол бид нар энэ үл хөдлөх эд хөрөнгийн чинь хууль ёсны өмчлөгч нар нь болсон, тиймээс байраа суллаж авна гэж дайрч орж ирэн, манай түрээслэгч нарыг хөөж, цоожийг нь сольсон. Иймд түрээслэгчээ алдахгүйн тулд түрээслэгч н.М-ыг зээлдүүлэгч Д.Э-тэй түрээсийн гэрээг 2015 оны 08-р сараас байгуулж бидний хөрөнгийн түрээсийн орлогыг тэд авч байсан.

Ийнхүү хариуцагч нарын шахалтаар зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хийснээс болж иргэн Я.А, Б.Б нар өмчлөх эрхээ алдахын зэрэгцээ түрээсийн орлогоо тэдэнд алдаж хохирч байна.

Бодит байдал дээр Б. нь Д.Э, Д.Н нараас үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж дүү Б.Б-д зээл авсан ба тэдний хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин Зээлийн гэрээний харилцаа үүссэн болно. Тухайн үед буюу гэрээ хийх үед 290,521,049 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгөө 20,000,000 төгрөгөөр худалдах шаардлага, болон нэхэмжлэгч нарын хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй болно.

Зээлдүүлэгч нар тухайн үед 130,000,000 төгрөгийн зээл олгосон атлаа үүнийгээ халхавчилж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол зах зээлийн үнээр худалдах байсан.

Иймд Д.Э, Я.А, Б.Б нарын хооронд байгуулсан 2016 оны 03-р сарын 21-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь аар хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байх тул уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр Я.А, Б.Б нараас Д.Э-т шилжүүлсэн Ү-2202022770 дугаар гэрчилгээтэй Чингэлтэй дүүргийн 3-о хороо, 40 50 мянгат /15172/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 54-р байр, 310 тоот хаягт байршилтай 86,84 м.кв талбайтай, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Я.А, Б.Б нарын өмчлөлд буцааж, мөн зээлдүүлэгч Д.Э, Д.Н нараас Б.Б-т зээлэнд шилжүүлсэн 130,000,000 төгрөгийг тус тус буцааж талуудад олгож өгнө үү.

Харин түрээсийн 17 сарын төлбөр болох 32,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.  

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 03-р сарын 21-ний өдөр Б.Б, Д.Э нар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч Б.Б Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас Довдонгийн Энхцэцэгт өмчлөх эрхийн гэрчилгээг олгож, худалдан авагч Д.Эг худалдагч Б.Б-т хэлэлцэн тохирсон үнийг төлснөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч талаас “зээл” гэсэн гараар бичиж өгсөн баримтад нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл байгаа бөгөөд хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн гэх гарын үсэг байхгүй бөгөөд ийнхүү гаргаж өгсөн баримт нь зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.А, Б.Б нар нь хариуцагч Д.Э, Д.Н нарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн 17 сарын орлого 32,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Д.Э, Д.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн зээлийн гэрээ байгуулаагүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж дараах байдлаар шийдвэрлэв. Нэхэмжлэгчээс тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан харьяалал зөрчөөгүй  байна гэж үзэж маргааныг хянан шийдвэрлэсэн.

 

Нэхэмжлэгч Б.Б, Я.А нар нь хариуцагч Д.Э-тэй 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, ЭТӨЧ 54 дүгээр байрны 310 тоот 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Д.Н-ын данснаас 130,000,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар шилжүүлсэн, уг мөнгийг Б.Б-д  хүлээлгэн өгсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.   

 

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг төрөл садан Б.Б-ийн барилгын бизнес эрхлэх зорилгоор зээлдүүлэгч Д.Н, Д.Э нарын тавьсан шаардлагын дагуу зээлийн баталгаа болгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч нарт шилжүүлж байгуулсан гэрээ гэсэн тайлбар гаргасан.

 

Нэхэмжлэгч нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “С” ХХК-иас 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 219,200 америк доллар буюу 290,521,049 төгрөгөөр   худалдан авсан байх бөгөөд баримтаар зах зээлийн үнэ 200,000,000 төгрөгөөр  үнэлэгдэхээр байгаа байдал, үл хөдлөх эд хөрөнгийг 20,000,000 төгрөгөөр  худалдсан, нэхэмжлэгч Б.Б үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаа болгон өмчлөлийг шилжүүлсэн гэсэн тайлбар болон баримтуудаар уг эд хөрөнгийг  өмчлөгч бусдад худалдах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй байна.

 

Зээлдүүлэгч нар зээл төлөх баталгаа болгох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж   үзэхээр байна.

 

Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулахад  өмчлөгч Я.А нь Монгол Улсад байгаагүй, гарын үсэг зураагүй нь  шинжээчийн дүгнэлт, иргэний гадаад паспортын тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа  тул өмчлөгч үл хөдлөх эд хөрөнгийг худалдах талаар зөвшөөрөл өгөөгүй байжээ  гэж дүгнэв. Үүнд хариуцагч нар маргаагүй. 

 

Талуудаас ирүүлсэн нотлох баримтууд болон зохигч нарын тайлбарыг  дүгнэвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар зээлдүүлэгч  олгосон зээлийн гэрээг халхавчлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл болох нь тогтоогдож байх тул уг гэрээ байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иймд нэхэмжлэгч М.Б.Я.А, Б.Б нарын 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, ЭТӨЧ 54 дүгээр байрны 310 тоот 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Э-т худалдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоов.

 

Нэхэмжлэгч нар хүчин төгөлдөр бус байх хэлцлээс үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар шаардсан бөгөөд хариуцагч Д.Н-аас авсан зээлийг буцаан төлөх хүсэлтээ гаргасан тул хариуцагч Д.Э-ийн өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн 2202022770 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат, ЭТӨЧ 54 дүгээр байрны 310 тоот 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б, Я.А нарын өмчлөлд шилжүүлж, Б.Б-оос 130,000,000 төгрөг гаргуулж Д.Н-т олгож харилцан буцааж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нар Д.Э Д.Н нар нь нэг гэр бүл бөгөөд зээл олгодог гэсэн тайлбарыг гаргасан бөгөөд хариуцагч үүнд маргаагүй. 

 

Нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд үл хөдлөх эд хөрөнгийн 17 сарын  түрээсийн орлого 32,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Я.А нарын татгалзлыг   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2-т зааснаар 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч Б.Б, Я.А нар төлөөлүүлэх эрхээ О.С, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр хариуцагч Д.Э Д.Н нар төлөөлүүлэх эрхээ М.Н олгосон нь хууль зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугээр зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,930,050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, Д.Н нараас 1,610,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б, Я.А нарт олгохоор шийдвэрлэсэн.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар Б.Б, Я.А нарын 32,300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат/15172/, Энхтайваны өргөн чөлөөний гудамж 54 дүгээр байрны 310 тоот 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай.

 

 3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Д.Э-ээс үл хөдлөх эд хөрөнгийн 2202022770 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат /15172/, Энхтайваны өргөн чөлөөний гудамж  54 дүгээр байрны 310 тоот хаягт байршилтай 86,84 м.кв талбайтай оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б, Я.А нарын өмчлөлд шилжүүлж,  Б.Б-оос 130,000,000 төгрөг гаргуулж Д.Н-т олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,930,050 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Д.Н нараас 1,610,600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б, Я.А нарт олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                                            Б.САЙХАНЦЭЦЭГ