Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2018/0302

 

Ж.Д-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ж.Д-ын гаргасан давж заалдах гомдлоор, Ж.Д-ын нэхэмжлэлтэй, Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6, 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Д-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Ж.Д миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Миний бие анх 2007 оны 01 дүгээр  сарын 24-ний өдрийн 14 дүгээр тушаалаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болсон бөгөөд нийт 10 жил Баянзүрх дүүргийн тойрогт үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Энэ ажиллаж байх хугацаандаа дандаа алдаатай ажиллаж байгаагүй. Миний ажиллаж байсан тойрог буюу Баянзүрх дүүргийн “Дахүрээ” зах нь автомашин худалдах ба худалдан авах гэрээ хэлцэл их хийгддэг. Зарим нэг алдаа гаргадаг асуудал байсныг би үгүйсгэхгүй. Энэ нь гэхдээ хэн нэгэн хүний эрх ашгийг зөрчсөн, хөрөнгө мөнгөөр ноцтой байдлаар хохирсон хүн байхгүй. 10 жилийн хугацаанд би нийт 5 удаа сахилгын шийтгэвэр авсан. Энэ зөрчлөө арилгах тал дээр өөрийн зүгээс анхааралтай ажиллаж ирсэн.

Би Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан шиг гэм буруутай үйлдэл хийгээгүй ба нотариатын үйлдэл хийх эрхийг хураан авах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа болно. Гэтэл анхан шатны шүүх нь Нотариатын танхимын гаргасан “гэм буруутай гэж үзсэн” гэх үндэслэлийг засаж өөрийн шийдвэртээ “...Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөл нь аливаа иргэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрхгүй ч Ж.Д-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд бус харин нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, журмыг зөрчсөн буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна” хэмээн дүгнэжээ.

Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлөөс нотариатч Ж.Д-ыг гэм буруутай хэмээн тодорхойлсон дүгнэлт авагдсан байгаа. Энэ нь өөрөө Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургаадугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг ноцтойгоор зөрчсөн дүгнэлт гарсан байтал шүүхээс энэ дүгнэлтийг өөрийнхөөрөө засаж дүгнэсэн нь буруу хэмээн иргэн миний бие ойлгож байна.

Мөн анхан шатны шүүхээс намайг 2009 оноос хойш удаа дараа хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж, жил дараалан сахилгын шийтгэл авч байсан хэмээн дүгнэлт хэсэгтээ оруулсан байна. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд миний бие ойлгохдоо дээрх сахилгын шийтгэлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан болно. Хэт нэг талыг харахаар он дараалан шийтгэл авсан гэж харагдсан байна. Сүүлийн сахилын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан гэж ойлгож байгаа.

Иймд миний зүгээс хэдийгээр алдаа дутагдалтай ажиллаж байсан минь үнэн боловч нотариат байх эрхийг минь цуцалсан Хууль зүйн сайдын тушаал нь үндэслэлгүй байна хэмээн үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ж.Д-аас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анх Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 дүгээр тушаалаар Ж.Д-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноос хойш нэхэмжлэгчид Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын тогтоолоор нийт 5 удаа сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд хамгийн сүүлд Сахилгын зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Ж.Д-ыг нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль, дүрэм, журмыг зөрчсөн гэм буруутайд тооцож, нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлжээ.

Дээрх саналыг үндэслэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/310 дугаар тушаалаар Ж.Д-ын нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т /Энэ хуулиар тогтоосон журам, нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн нь захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Сахилгын зөвлөл нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргана/, 54.3-т /Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Сахилгын зөвлөлийн саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно/ гэж заасантай нийцсэн байна.

Учир нь хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 3/1725, 3/2126 дугаар албан бичиг, Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01 дүгээр тушаалаар батлагдсан шалгалтын удирдамжийн дагуу хийсэн хяналт шалгалтын тайлан, дээрх шалгалтын үйл ажиллагааны явцад ирүүлсэн Баянзүрх дүүргийн Прокурор газрын Ерөнхий прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/219 дүгээр мэдэгдэл, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сахилгын зөвлөлийн хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ж.Д нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатчийн ёс зүйн дүрмийн 6.1-д заасан ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон тул нотариатч Ж.Д-д сахилгын хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн “шүүхээс ...хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлаагүй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.6-д нотариатч нь нотариатчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн бол Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох эрхтэй байхаар, Нотариатчийн ёс зүйн дүрэм[1]-ийн 17.1.2-т ёс зүйн зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа ёс зүйн зөрчил дахин гаргасан бол сахилгын шийтгэлийн хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхээр тус тус зохицуулсан байна.

Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Ж.Д-д “сануулах” сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч нь дахин сахилгын зөрчил гаргасан нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “сүүлийн сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдлыг шүүх хүлээн авах үндэсгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно..” гэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, эс үйлдэхүй, түүний гэм буруугийн шинжтэй холбоотой тусгайлан заасан зарчмын зохицуулалт болно.

Харин Монголын нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн тогтоолд дурдсан нэхэмжлэгчийг гэм буруутайд тооцсон агуулга нь Ж.Д-ын нотариатын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хууль болон бусад хууль, дүрэм, журам зөрчсөн үйлдэлд нь холбодуулан ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэм буруутай гэж үзсэн дүгнэлт байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ийнхүү хариуцагчийн тусгай зөвшөөрөлийг нь хүчингүй болгосон үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсэгт заасантай нийцсэн тул “...миний бие Нотариачдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн хурлын тэмдэглэлд авагдсан шиг гэм буруутай үйлдэл хийгээгүй ба нотириатын үйлдэл хийх эрхийг хураан авах хэмжээний ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 208 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Д-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг 2611184132 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                    ШҮҮГЧ                                               Э.ХАЛИУНБАЯР

                                    ШҮҮГЧ                                               Ц.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

 

           

 


[1] Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 124 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан