Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 394

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

хохирогч Г.Ү,

шинжээч Б.Ариунзул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____ овогт Ч_н Б__д холбогдох эрүүгийн _______тоот дугаартай, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________

 

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орчих “Варьете” төвийн гадаа иргэн Г.Үыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ:

“...Хохирогч Г.Ү гуайг би зодож гэмтэл учруулаагүй. Уг үйлдэл CD бичлэгэн дээр байгаа ба намайг заамдаж авахад нь би гарыг тавиулсан боловч хохирогч  миний доор унасан. Г.Ү гуайг босохоор нь би зугтсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Ү мэдүүлэхдээ:

“...2018 оны 2 дугаар сарын 02-ны орой эхнэр, мөн цэцэрлэгийн бага насны 4-9 насны 2 хүүхэдтэй хамт явж байсан. БГД-н 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьета чуулгын гаднах авто машины зогсоолд дээр эхнэр Ариунгоо бага насны хоёр хүүхэдтэй бид гурвыг машинд үлдээгээд Голомт банк руу орсон байсан. Тэгтэл нэг хүн машинаа холдуул гээд сигналдаад байсан. Тэгэхэд нь би жаахан ухарсан. Гэтэл ард зогсож байсан залуу зам тавьж өгсөнгүй гэж уурлан заамдаж аваад хажуу тийш нь унагасан би нэг мэдэхэд доор нь орсон байсан. Эмнэлэгт үзүүлсэн 135.000 төгрөгөө гаргуулан авмаар байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч мэдүүлэхдээ:

“...Зовиур шаналгаа болон эмнэлэгт хийлгэсэн шинжилгээг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Зовиур шаналгаа эмзэглэлтэй байгаа эмзэглэл нь зөөлөн эдийн гэмтэл, хавирганы хугарал гэсэн 2 шалтгааны улмаас үүсдэг. Өөрийн үзлэг болон эмнэлгийн шинжилгээг үндэслэж ийм онош тавьсан. Дүгнэлтийг гаргахдаа гэмтлийн зэргийг тогтоох заавар шалгуур дээр хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн гурван зэргийг тогтооход дараах шалгуурыг үндэслэж гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд амь насанд аюултай эсэх эрүүл мэнд сарнисан хугацаа, хөдөлмөрийн чадвар сарнисан хугацаа, эрүүл мэндийн чадвар зэргийг шалгуур болгодог. Анх үзэхэд хавирга хугарсан байх сэжиг төрсөн. Суулгаад цээжийг 2 талаас шахаж үзэхэд хугарсан бол муужирч унах хэмжээний өвдөлт өгдөг. Цээжийг шахахад хүчтэй эмзэглэл өгсөн. Хавирга хугарах, мэдрэл гэмтсэн тохиолдолд маш хүчтэй эмзэглэл өгдөг. Мэдрэлийн өрөвсөл гэдэг бол ерөнхийдөө цочролыг өрөвсөл гэж ойлгож болно..” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Бийн өгсөн:

            “...Би иргэн Г.Үыг зодсон, цохисон зүйл байхгүй, Ү миний араас хүлээж бай гэж дуудсан. Нилээн ууртай хүрч ирээд намайг мөрөөрөө цохисон. Намайг мөн заамдаж авсан тэгэхээр нь би хажуу тийш дарж унагасан. Нилээн ууртай байхаар нь би зугтсан. Дарж унагасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 44/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Үын өгсөн:

            “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр БГД-н 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьета чуулгын гаднах авто машины зогсоол эхнэр, мөн цэцэрлэгийн бага насны 4-9 насны 2 хүүхэдтэй хамт явж байсан. Эхнэр Ариунгоо зогсоол дээр бид гурвыг машинд үлдээгээд Голомт банк руу орсон байсан. Тэгтэл нэг хүн машинаа холдуул гээд сигналдаад байсан. Тэгэхэд нь би жаахан ухарсан. Гэтэл ард зогсож байсан залуу зам тавьж өгсөнгүй гэж уурлан заамдаж аваад хажуу тийш нь унагасан би доор нь орсон байсан. Эмнэлэгт үзүүлсэн 135.000 төгрөгөө гаргуулан авмаар байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Агийн өгсөн:

            “...Би нөхөр Үын хамтаар 2018 оны 2 дугаар сарын 02-ны оройн 17 цагийн үед БГД-н 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьета төвд банкны зээлээ төлөх гээд явсан. Нөхөр гадаа машинд үлдээд би Голомт банк руу орсон. Ойролцоогоор 20-30 минутын дараа гарч иртэл манай нөхрийн гаднах хувцас нь шороо болсон, энгэр заам нь задгай Варьете-н гаднах хаалганы хажууд зогсож байсан. Чи яасан юм бэ гээд асуухад нэг хүн зам тавьж өгсөнгүй гээд заамдаж аваад хөмөрч унагаад, цээжин дээр цохисон гэж хэлсэн. Чи цохиж, зодсон уу гэсэн чинь би яагаа ч үгүй гэсэн. Цагдаа дуудаад хүлээгээд байж байтал манай нөхрийг зодсон залуу гараад ирэхээр нь чи яаж байгаа юм бэ настай хүнийг гэж хэлсэн чинь, яадгийн наад хүн чинь надад зам тавьж өгөөгүй гээд тоохгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ____ тоот: 

1. Ү-н биед гэмтлийн шалтгаант цээжний зүүн дээд хэсгийн хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20/,

 

Шүүгдэгч Ч.Б-ийн хувийн байдалтай холбоотой:

- гэрч Л.Болорбуянгийн “...манай нөхөр архи уудаггүй, тамхи татдаггүй, хүнтэй их эвтэй найртай байдаг, аливаа юманд их тэвчээртэй, хүлээцтэй ханддаг, аливаа зүйл худлаа хэлдэггүй...” гэх мэдүүлэг

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/,

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-н 31/,

- Бакалаврын диплом /хх-н 32/,

- Оршин  суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-н 35-36/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэн Г.Үыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            хохирогч Г.Ү-ын “...2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр ... ард зогсож байсан залуу зам тавьж өгсөнгүй гэж уурлан заамдаж аваад хажуу тийш нь унагасан би доор нь орсон байсан...” гэх мэдүүлэг,  

 

            гэрч Б.А-гийн “...Би нөхөр Үын хамтаар 2018 оны 2 дугаар сарын 02-ны оройн 17 цагийн үед БГД-н 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Варьета төвд банкны зээлээ төлөх гээд явсан. Нөхөр гадаа машинд үлдээд би дотогш Голомт банк руу орсон. Ойролцоогоор 20-30 минутын дараа гарч иртэл манай нөхрийн гаднах хувцас нь шороо болсон, энгэр заам нь задгай Варьета-н гаднах хаалганы хажууд зогсож байсан. Чи яасан юм бэ гээд асуухад нэг хүн зам тавьж өгсөнгүй гээд заамдаж аваад хөмөрч унагаад, цээжин дээр цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 2204 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...шүүгдэгч Ч.Бөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал гаргасан боловч хэрэгт авагдсан камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг болон шинжээч эмч Б.Ариунзул нарын мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Б-өд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ч.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Г.Ү нь хэрэгт нийт 135.500 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Б-өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Ч.Бийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, КТГ-н зураг 3 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч __ овогт Ч_____н Б___г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Ч.Б-өөс 135.500 /нэг зуун гучин таван мянга таван зуун/ төгрөг гаргуулж хохирогч Г.Үд олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, КТГ-н зураг 3 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Б-өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ