Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 733

 

Ч.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Оюунжаргал,

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Энхбаатар,

Нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Б-д холбогдох эрүүгийн 1805011950257 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Еншөөбү овгийн Ч.Б, 1979 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Трю-Эл” хотхоны 719 дүгээр байрны 1104 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ГЮ79072370/;

Ч.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Варьете” төвийн гадаа иргэн Г.Үржинбадамыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Еншөөбү овогт Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Бийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлд зааснаар Ч.Бөөс 135.500 /нэг зуун гучин таван мянга таван зуу/ төгрөг гаргуулж хохирогч Г.Үржинбадамд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, КТГ-н зураг 3 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн Шинжээчийн 2204 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт “...цээжний зүүн дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэл ихтэй, Гэмтлийн эмчийн үзлэгт онош: хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл...” гэжээ. Гэтэл уг хэрэгт хохирогч Г.Үржинбадам гэмтлийн эмчид үзүүлсэн ямар ч баримт авагдаагүй байхад шинжээч эмч Б.Ариунзул ямар баримтад үндэслэж “хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл” гэсэн онош тогтоож, дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр шинжээч эмч нь өөрөө онош тогтоодог журамтай юм бол Б.Ариунзул нь дүгнэлт гаргахдаа заавал гэмтлийн эмчийн үзлэг, оношийн талаар эш татаж дүгнэлтдээ дурдах шаардлагагүй байсан, тэгээд ч шүүх хуралдааны явцад Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын шалгуур шинжид “мэдрэлийн үрэвсэл” гэсэн онош байдаггүй юм байна, та яаж ийм онош тогтоогоод байгаа юм бэ гэсэн асуултанд шинжээч хариулахдаа эмзэглэл ихтэй байсан гэж хариулж байснаас үзэхэд тэрээр “эмзэглэл”-ийг хөнгөн гэмтэл гэж үзэж дүгнэлт гаргасан гэж ойлгогдож байгаа болно. Мөн түүнчлэн шүүх хуралдааны явцад шинжээч эмч Б.Ариунзул өгсөн мэдүүлэгтээ “...зовиур болон эмнэлэгт хийлгэсэн шинжилгээг үндэслэж ...дүгнэлт гаргасан...” тухай мэдүүлж байсан. Түүний үндэслэсэн байж болох хохирогч Г.Үржинбадамын үзүүлсэн “Мөнгөн гүүр” эмнэлгийн КТГ-д хохирогчийн биед ямар нэгэн өөрчлөлтгүй болохыг тогтоосноос үзэхэд шинжээч эмч “зовиур, эмзэглэлийг” хөнгөн гэмтэлд хамааруулж дүгнэлт гаргасан байж болзошгүй байна.

2. Миний зүгээс прокурорын хяналтын явцад болон анхан шатны шүүхэд шинжээч эмч Б.Ариунзулын гаргасан дүгнэлтэнд эргэлзэж байгаа тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулахаар хэд хэдэн удаа хүсэлт тавьж байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу гаргаагүй гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдаагүй баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг баримталж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү.

3. Хохирогч Г.Үржинбадамд хохирлын мөнгийг тухайн үед төлөөгүй нь хяналтын прокурор Т.Оюунжаргал эмчилгээний зардалд гаргасан төлбөрийг нэг дахин өсгөж, илүү тооцсонтой холбоотой бөгөөд анхан шатны шүүхээс бодит хохирлыг зөв тооцож өгсөн тул би сайн дураараа хохирлыг бүрэн барагдуулсан, би эхнэр, 0-10 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр маань ажилгүй, би ганцаараа хувиараа хөдөлмөрлөж, ар гэрийнхнийгээ тэжээдэг зэрэг байдлыг минь харгалзан үзэж, намайг гэм буруутай гэж үзвэл анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэжээ.

 

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Энхбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь хохирогч Г.Үржинбадамын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээч эмч Ариунзул нь гэмтлийн шинжийг тогтоохдоо шалгуур шинжүүдийн жагсаалтыг анхаарч үзээгүй. Биед учирсан гэмтлийг нь хавирга хоорондын үрэвсэл гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, ойлгомжгүй байна. Үүнээс болж миний үйлчлүүлэгч Ч.Бийн эрх зүйн байдал дордож байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийн эргэлзээтэй байдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Урьд нь прокурорт “бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангаагүй, өөр оношоор гэмтлийн зэрэг тогтоосон байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хангаагүй. Шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй асуудлыг судалж, үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Миний үйлчлүүлэгч Ч.Б 1-10 насны 4 хүүхдийн хамт амьдарч, ганцаараа хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээдэг. Анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Ч.Б-ийг гэм буруутай гэж үзвэл шүүхээс өгсөн 500 цагийн албадан ажил хийлгэх ялыг өөрчилж, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх үндэслэлээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хэргийн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хөнгөрүүлж, ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн хор хохирол, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн талаар мөрдөн байцаалтын шатнаас эхлээд прокурорын хяналтын шат, шүүх хуралдаан дээр хүртэл ярьсан байдаг. Хохирогч Г.Үржинбадамын биед учирсан мэдрэлийн үрэвслийг өөрийнхөөрөө нэлээд тайлбарласан. Шүүх хуралдааныг хэд хэдэн удаа хойшлуулж байгаад шинжээч эмчийг заавал оролцуулж байгаад тусгай мэдлэгийн шинжээч эмч онолын үүднээс тайлбарласан. Үндэслэлийг шинжээч эмч хангалттай тайлбарласан гэж үзэж байгаа. Гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаан дээр маргаж байсан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт дээр үндэслэж шүүхийн шийдвэр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Варьете” төвийн гадаа автомашины зогсоол дээр зам тавьж өгсөнгүй гэснээс болж Г.Үржинбадамтай маргалдаж, улмаар түүнийг заамдан авч, улмаар хүч хэрэглэж, газар унагаан эрүүл мэндэд нь “цээжний зүүн дээд хэсгийн хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.Үржинбадам /хх-14-15/, гэрч Б.Ариунгоо /хх-23-25/, шүүгдэгч Ч.Б /хх-44/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2204 дугаартай дүгнэлт /хх-20/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Яллах дүгнэлтээр хэргийн үйл баримтыг “...шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Варьете” төвийн гадаа иргэн Г.Үржинбадамыг зодож...” гэж ирүүлснийг давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Ч.Б нь хохирогч Г.Үржинбадамыг заамдаж, улмаар хүч хэрэглэн дарж унагаан гэмтэл учруулсан...” гэж өөрчилсөн бөгөөд ингэж өөрчилсөн нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хэмжээ, яллах дүгнэлтийн утга агуулгаас халиагүй, заамдаж, хүч хэрэглэн дарж унагаасан нь зодсон ойлголтод хамаарна.

Хэргийн үйл баримтыг дээрх байдлаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзэв.

Хохирогч Г.Үржинбадам нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, Ч.Б-тэй маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-14-15/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Б.Ариунгоо /хх-23-25/, шинжээч эмч Б.Ариунзул /анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг, хх-102/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2204 дугаартай дүгнэлт /хх-20/ зэргээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нар давж заалдсан гомдолдоо: “...шинжээч эмч Б.Ариунзул ямар баримтад үндэслэж “хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл” гэсэн онош тогтоож, дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Ч.Б нь “Варьета” чуулгын гадаа автомашины зогсоол дээр зам тавьж өгсөнгүй гэж уурлаж, хохирогч Г.Үржинбадамыг заамдаж, улмаар хүч хэрэглэн газар унагааж “цээжний зүүн дээд хэсгийн хавирга хоорондын мэдрэлийн үрэвсэл” бүхий хөнгөн хохирол учруулсан, уг гэмтэл нь шүүгдэгч Ч.Б-ийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ч.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтмол орлогогүй зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг хуульд нийцсэн гэж үзлээ. 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

 ШҮҮГЧИД                                                   Л.ДАРЬСҮРЭН

         Д.МЯГМАРЖАВ