Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/01965

 

 

 

ХХХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХХ ХХК хариуцагч Ж.Т ХХК, Л.Бт холбогдуулан 74 577 096.06 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нармандах,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ш.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Б нь тус банктай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ, № БГ-BCC2015040336-1-1 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн Ж.Т ХХК-тай №ЗГ-ВСС2015040336-1-2 тоот баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 53 200 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж авсан боловч Орон сууцны зээлийн гэрээ-ний 2.9-д заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн жилийн 19.2 хувийн хүүтэй болж өөрчлөгдсөн. Зээлдэгч Л.Б нь № ЗГ-BCC2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, 0-р хороолол, Алтайн гудамж 00-р байрны 00 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно. Зээлдэгч нь № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-ний 9.2.2, 9.2.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр банкны зүгээс шүүхийн журмаар нэг талын санаачлагаар гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 50 816 854.96 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 23 561 210.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 230.81 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал 105 300 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 47 500.00 төгрөг болсон. Хэргийн материалыг шинжлэн судлах явцад гарч ирсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдрийн гаргаж буй банкны шаардлага хамааралгүй. Мөн саад болохгүй гэж үзэж байна. Хариуцагч тал зээлийн хүүг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж маргаан үүсгэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч Л.Б нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 13.1-т заасан сүүлийн 2 жилийн татварын албанаас баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын өр төлбөртэй гэж заасан. Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн журам болон Монголын ипотекийн корпорациас ирүүлсэн албан бичгүүдээр үүргээ гүйцэтгээгүй байна. Татварын өр төлбөрөө төлөхийг манай талаас мэдэгдэж байсан. Энэ үүргээ гүйцэтгэсэн бол талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ 8 хувийн хүүтэйгээр дахин цааш үргэлжлэх боломжтой байсан гэж үзэж байна. Зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 74 577 096.06 төгрөгийг зээлдэгч Л.Б болон батлан даагч Ж.Т ХХК нараас гаргуулж, ХХХ ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Алтайн гудамж 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 035 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б би 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ХХХ ХХК-тай Сүхбаатар дүүрэг, 0-р хороо, 0 дугаар хороолол Алтайн гудамж 77 дугаар байр 68 тоот хаягт байрлах 45,8 м.кв 1 өрөө орон сууцыг худалдаж авах зорилгоор Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн Жаргалан Төмөр" ХХК-тай Баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 53 200 000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240-н сарын хугацаатай зээлж авсан. Уг гэрээнүүдийг байгуулахад Худалдаа Хөгжлийн Банк нь Л.Б миний зээл хүссэн өргөдөл, зээлийг эргэн төлөх чадвар холбогдох бүх материалыг судлан үзэж зээлийн хорооны хурлаар оруулан жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох боломжтой юм байна гэж үзэн шийдвэр гарч гэрээ хэлцлийг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэйгээр ямар ч доголдолгүй төлж байсан. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ХХХ ХХК-тай өмнө нь Л.Б миний зээлийн холбогдох материалыг судлан үзэж зээлийн хороогоор оруулж шийдвэр гаргачхаад гэнэт танай компани татварт өртэй юм байна, таны зээлийн хүү 8 хувь байх боломжгүй таны зээлийн хүүг жилийн 19.20 хувь болгоно зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэж тулгаж хүчээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Л.Б миний хувьд ХХХ ХХК-ийн зээлийн эдийн засагч болон холбогдох хүмүүст зээлийн хүүг өсгөх үндэслэлгүй, жилийн 8 хувийн хүүгээр зээлээ төлөхөд ямар нэгэн зөрчил, доголдол гарахгүйгээр зээлийг төлж барагдуулах бүрэн боломжтой талаар хэлж, ярьж хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэлгүй иргэн намайг хохироосоор байгаа. Мөн ХХХ ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 5/7848 дугаартай зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны Зээлийн гэрээ-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 62 656 172.48 төгрөгийг зээлдэгч Л.Баас гаргуулж ХХХ ХХК-д олгуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541 430 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн Банкны хариуцагч Л.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ХХХ ХХК нь шүүхийн дээрх шийдвэрт хуульд заасан эрхээ эдэлж гомдол гаргаагүй болно. Иймд тус шүүхэд Худалдаа Хөгжлийн Банкны 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гаргасан зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 74 577 096.06 төгрөгийг зээлдэгч Л.Б болон батлан даагч Ж.Т ХХК нараас гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заалгах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас нийт 74 541 996.06 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгож, үлдсэн 35 100 төгрөгийг гаргуулах, Ж.Т ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 0 хороолол, Алтай гудамж, 00 байр, 00 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч ХХХ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600 968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 600 859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгож, нэхэмжлэгч ХХХ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заалтыг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг эдлэх боломжийг олгоогүй. Учир нь уг хэргийн шүүх хуралдаан өмнө нь зарлагдаж шүүхийн хэлэлцүүлэг бүрэн явж шүүхээс Монголын ипотекийн корпораци ХХХ ХХК-иас нотлох баримт гаргуулахаар хойшилсон бөгөөд тус байгууллагаас нотлох баримт ирэхгүй байсаар 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нотлох баримт ирсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний хувьд 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хороотой байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дээр УИХ-ын сонгуулийн 29-р тойрогт нэр дэвшигчдиин эрх ашгийг хамгаалан гэрээний 1.1 -т заасан 10 төрлийн үйл ажиллагааг явуулан ажиллаж байсан бөгөөд нотлох баримттай танилцаж, шүүх хуралд биечлэн оролцох мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүй хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг хийсэн. Нэхэмжпэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 5/7848 дугаартай зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЭГ-ВСС2015040336-1 тоот Орон сууцны зээлийн гэрээ-г цуцапж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардлыг зээлдэгч Л. Батбаатараас гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр, нотлох баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00096 дугаар шийдвэрт зааснаас өөр үндэслэлээр буюу зээлийн гэрээний 2.9-д заасан үндэслэлээр тус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэх тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч Ж.Т ХХК, Л.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50 816 854.96 төгрөг, хүү 23 561 210.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46 230.81 төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал 105 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 47 500 төгрөг нийт 74 577 096.06 төгрөг гаргуулах, Л.Бын өмчлөлиийн Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Алтайн гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаартай, 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 09ий өдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч ХХХ ХХК нь хариуцагч Л.Бт 53 200 000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна. /хх22-25/

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2015 оны 4 дүгээр сарын 09ий өдөр зээлийн барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдээр хариуцагч Л.Б өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Алтайн гудамж 00 байр, 00 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаартай, 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид барьцаанд бариулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ. /хх30-32, 33-34/

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлцэлд тавих хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, гэрээнүүд хуулийн хүчин төгөлдөр байна. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн 51-52 дугаар тал дах баримтаар хариуцагч нь зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй байх тул зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа нэхэмжлэгч байгууллагын зүгээс шаардсан үйл баримт тогтоогдож байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч нь зээлийн хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан байна. Дээрх шаардлагаас гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэх боломжгүй. Учир нь талуудын хэн аль нь гэрээний үүргийн зөрчил үүсгэсэн байх тул гэрээг цуцлах шаардлага нь үндэслэлгүй болно.

 

Талуудын хооронд анх гэрээний нөхцөлөө жилийн 8 хувийн хүүтэй гэж тохиролцон гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдэгч гэрээг зөрчсөн тохиолдолд жилийн 8 хувийн хүүг 19.2 хувийн хүү болгон өөрчлөх талаар гэрээнд оруулсан өөрчлөлт нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд уг үйл баримтын талаар анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзнэ.

Хэргийн 110-112 дугаар тал дах Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрт ...зээлийн хүүгийн хэмжээг жилийн 8 хувиас жилийн 19.2 хувийн хүүд шилжүүлэхээр тохиролцсон нь Л.Бт хамааралтай шалгуур болохоос түүний хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээдэд тавигдах шалгуур биш, зээлдэгчийн хувьцаа эзэмшдэг, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг хуулийн этгээд татварын өр төлбөртэй байх нь зээлдэгч буюу Л.Быг орон сууцны ипотекийн журмаар зээлдэгчид тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэж, Л.Бт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар гомдол гаргасан эсхүл шийдвэрийг хүчингүй болгосон гэх үндэслэл тогтоогдоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

Иймээс талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хувьд зээлийн гэрээний үүргийг биелүүлэхдээ 8 хувийн хүүгээр тооцож төлөх талаарх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.

Иймд зээлийн гэрээний үүргийг тооцож үзвэл гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл буюу гэрээний үүргээ шаардсан хугацааг нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаагаар тооцно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хариуцагчийн хувьд жилийн 8 хувиар бодохоор зээлийн гэрээний дагуу 20 802 266 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн хуваарийн дагуу төлөх ёстой байжээ.

Хариуцагч нь үндсэн зээлийг 240 сарын хугацаанд хувааж төлөх хуваарьтай гэж үзвэл сарын 221 666 төгрөг дунджаар төлөхөөр байна. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 58 сарын хугацаанд үндсэн зээлд 12 856 628 төгрөг, зээлийн хүүд 20 802 666 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Баас нийт 33 659 332 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...хууль зүйн туслалцааны гэрээг бусад этгээдүүдтэй байгуулсан байгаа, өөр этгээдэд эрх зүйн туслалцаа үзүүлж байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх үндэслэлд хамаарахгүй. Ийм учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруутгах боломжгүй тул түүний энэ талаарх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/01726 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 74 541 996.06 гэснийг 33 659 332 гэж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40 882 664 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын 600 968 гэснийг 326 246 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ