Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 181/ШЗ2020/01726

 

2020 оны 06 сарын 23 өдөр

                          181/ШЗ2020/01726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б/РД: /,

 

Хариуцагч: “Ж” ХХК/РД: / нарт холбогдох,

 

74 577 096.06 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Л.Б нь тус банктай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, № БГ-BCC2015040336-1-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, мөн “Ж” ХХК-тай №ЗГ-ВСС2015040336-1-2 тоот “Баталгааны гэрээ”- нүүдийг тус тус байгуулан 53,200,000.00/тавин гурван сая хоёр зуун мянган/ төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8-н хувийн хүүтэй, 240-н сарын хугацаатай зээлж авсан боловч “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 2.9-д зааснаар “Банкны судалж, шийдвэрлэсэн зээлийг “Зээлийг худалдан авагч” хоёрдогч шинжилгээ хийгээд уг зээлийг худалдан авахаас татгалзсан тохиолдолд тухайн өдрөөс Банкны зээлийн хүүг Гэрээний 2.7-д заасан хүүнд шилжүүлж өөрчилнө” гэж заасны дагуу 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн жилийн 19.2 хувийн хүүтэй болж өөрчлөгдсөн.

Зээлдэгч Л.Б нь № ЗГ-BCC2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж 77 дугаар байрны 68 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч нь № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй, гэрээг ноцтой зөрчиж байгаа учир № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 9.2 дугаар зүйлийн 9.2.2, 9.2.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр банкны зүгээс шүүхийн журмаар нэг талын санаачлагаар гэрээг цуцлахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.

2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлдэгч дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэл 50,816,854.96/тавин сая найман зуун арван зургаан мянга найман зуун тавин дөрвөн төгрөг, ерэн зургаан мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 23,561,210.29/хорин гурван сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван төгрөг, хорин есөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 46,230.81/дөчин зургаан мянга хоёр зуун гучин төгрөг, наян нэгэн мөнгө/ төгрөг, шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал 105,300.00/нэг зуун таван мянга гурван зуун/ төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 47,500.00/дөчин долоон мянга таван зуун/ төгрөг.

Хэргийн материалыг шинжлэн судлах явцад гарч ирсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр өнөөдрийн гаргаж буй банкны шаардлага хамааралгүй. Мөн саад болохгүй гэж үзэж байна. Хариуцагч тал зээлийн хүүг өөрчилсөн нь үндэслэлгүй гэж маргаан үүсгэдэг. Хувиараа бизнес эрхэлдэг зээл хүсэгч Л.Б нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 13.1-т заасан сүүлийн 2 жилийн татварын албанаас баталгаажуулсан санхүүгийн тайлан, татварын өр төлбөртэй гэж заасан. Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн журам болон Монголын ипотекийн корпорациас ирүүлсэн албан бичгүүдээр үүргээ гүйцэтгээгүй байна. Татварын өр төлбөрөө төлөхийг манай талаас мэдэгдэж байсан. Энэ үүргээ гүйцэтгэсэн бол талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ 8 хувийн хүүтэйгээр дахин цааш үргэлжлэх боломжтой байсан гэж үзэж байна.

1. Зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 74,577,096.06/далан дөрвөн сая таван зуун далан долоон мянга ерэн зургаан төгрөг, зургаан мөнгө/ төгрөгийг зээлдэгч Л.Б болон батлан даагч “Ж” ХХК нараас гаргуулж, Худалдаа, хөгжлийн банкинд олгож өгнө үү.

2. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барыдаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтайн гудамж 77 дугаар байрны 68 тоот хаягт байрлах 45.8 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

3. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601,035.00/зургаан зуун нэг мянга гучин таван/ төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч Л.Б, “Ж” ХХК нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд Хны 2020 оны 02 сарын 13-ны өдөр гаргасан зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 74,577,096.06 төгрөгийг зээлдэгч Л.Б болон батлан даагч “Ж” ХХК нараас гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заалгах нэхэмжлэлийг хариуцагч Л.Б, “Ж” ХХК бид хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Үүнд: 1. Л.Б би 2015 оны 4 сарын 09-ний өдөр Хтай Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 дугаар хороолол Алтайн гудамж 77 дугаар байр 68 тоот хаягт байрлах 45,8 м.кв 1 өрөө орон сууцыг худалдаж авах зорилгоор Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн “Ж" ХХК-тай Баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулан 53,200,000.00 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар, жилийн 8 хувийн хүүтэй, 240-н сарын хугацаатай зээлж авсан. Уг гэрээнүүдийг байгуулахад Х нь Л.Б миний зээл хүссэн өргөдөл, зээлийг эргэн төлөх чадвар холбогдох бүх материалыг судлан үзэж зээлийн хорооны хурлаар оруулан жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээл олгох боломжтой юм байна гэж үзэн шийдвэр гарч гэрээ хэлцлийг байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2017 оны 02 сарын 15-ны өдрийг хүртэл жилийн 8 хувийн хүүтэйгээр ямар ч доголдолгүй төлж байсан. Гэтэл 2017 оны 02 сарын 15-ны өдрөөс хойш Х өмнө нь Л.Б миний зээлийн холбогдох материалыг судлан үзэж зээлийн хороогоор оруулж шийдвэр гаргачихаад гэнэт танай компани татварт өртэй юм байна, таны зээлийн хүү 8 хувь байх боломжгүй таны зээлийн хүүг жилийн 19,20 хувь болгоно зөвшөөрөхгүй бол гэрээг цуцална гэж тулгаж хүчээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Л.Б миний хувьд Хны зээлийн эдийн засагч болон холбогдох хүмүүст зээлийн хүүг өсгөх үндэслэлгүй, жилийн 8 хувийн хүүгээр зээлээ төлөхөд ямар нэгэн зөрчил, доголдол гарахгүйгээр зээлийг төлж барагдуулах бүрэн боломжтой талаар хэлж, ярьж хүсэлт гаргасан боловч өнөөг хүртэл шийдвэрлэлгүй иргэн намайг хохироосоор байгаа. Мөн Х нь 2018 оны 11 сарын 29-ний өдөр 5/7848 дугаартай зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны Зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 62,656,172.48 төгрөгийг зээлдэгч Л.Баас гаргуулж Хинд олгуулах, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгөх, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 541,430.00 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Хны хариуцагч Л.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Х нь шүүхийн дээрх шийдвэрт хуульд заасан эрхээ эдэлж гомдол гаргаагүй болно. Иймд тус шүүхэд Хны 2020 оны 02 сарын 13-ны өдөр гаргасан зээлдэгч Л.Бтай байгуулсан № ЗГ-ВСС2015040336-1 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г цуцалж, үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүү, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардалд нийт 74,577,096.06 төгрөгийг зээлдэгч Л.Б болон батлан даагч “Ж” ХХК нараас гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан заалгах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Худалдаа, хөгжлийн банк” ХХК хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 50 816 854.96/тавин сая найман зуун арван зургаан мянга найман зуун тавин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөрт 23 561 210.29/хорин гурван сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46 230.81/дөчин зургаан мянга хоёр зуун гучин төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг, шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал 105 300/нэг зуун таван мянга гурван зуу/ төгрөгийг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 47 500/дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 74 577 096.06/далан дөрвөн сая таван зуун далан долоон мянга ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Л.Б, “Ж” ХХК нар нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 181/ШШ2019/00096 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Худалдаа, Хөгжлийн Банкны хариуцагч Л.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж маргасан.

 

          2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатад 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбат нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Б, “Ж” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ганбатын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Л.Бтай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр № ЗГ-BCC2015040336-1 Орон сууцны зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон № БГ-BCC2015040336-1-1 Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ/цаашид “Барьцааны гэрээ” гэх/, хариуцагч “Ж” ХХК-тай №ЗГ-BCC2015040336-1-2 Баталгааны гэрээ/цаашид “Баталгааны гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээний болон Барьцааны гэрээний хуулбар, Баталгааны гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.2, 2.3, 3-ын 3.1-т зааснаар нэхэмжлэгч нь 53 200 000/тавин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг, 20/хорь/ жил буюу 240/хоёр зуун дөч/ сарын хугацаатай, жилийн 8/найм/ хувь, сарын 0.6660/тэг арван мянганы зургаан мянга зургаан зуун жар/ хувийн хүүтэй, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20/хорь/ хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор хариуцагч Л.Бт шилжүүлэх, хариуцагч Л.Б нь зээл, зээлийн хүүг Зээлийн гэрээ болон Хавсралт №1-т заасан хугацаанд буцаан төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Зээлийн Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид 53 200 000/тавин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Худалдаа, Хөгжлийн банкин дахь 413010895 дугаар Зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.7-д “Гэрээний 2.8-2.13-д заасан тохиолдол үүссэн бол Талууд гэрээний 2.2-д заасан зээлийн хүүг дараах хүүнд шилжүүлэхээр тохиролцов. Ийнхүү шилжүүлэхдээ Талууд дахин нэмэлт гэрээ байгуулахгүйгээр тохиролцов. Үүнд: Зээлийн хүү/үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү/: жилийн 19.2 хувь, сарын 1.60 хувь”, 2.9-д зааснаар “Банкны судалж, шийдвэрлэсэн зээлийг “Зээлийг худалдан авагч” хоёрдогч шинжилгээ хийгээд уг зээлийг худалдан авахаас татгалзсан тохиолдолд тухайн өдрөөс Банкны зээлийн хүүг Гэрээний 2.7- д заасан хүүнд шилжүүлж өөрчилнө.” гэжээ.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.7, 2.9-д зааснаар нэхэмжлэгч банкны судалж, шийдвэрлэсэн тус зээлийг худалдан авагч буюу “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь худалдан авахаас татгалзсан болох нь “Монголын ипотекийн корпораци” ОССК-ийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн № 20/14-525 Албан бичгээр тогтоогдож байна.

 

Зохигчийн байгуулсан Зээлийн гэрээний 2-ын 2.7, 2.9-д зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зээлийн хүүг жилийн 19.2/арван ес аравны хоёр/ хувь, сарын 1.60/нэг зууны жар/ хувийн хүүтэй болгож өөрчилсөн болох нь Зээлийн гэрээний болон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 5/3249 Албан бичгийн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан сар бүр үндсэн зээл, зээлийн хүүг төлөх хуваарийг 2015 оны 5 дугаар сараас зөрчиж эхэлсэн байх ба 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй болох нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-ийн хуулбар, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 7/413-650 Албан бичгийн болон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 5/3249 Албан бичгийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 5/7359 Албан бичгийн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тус шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг Зээлийн гэрээг цуцалсан өдөрт тооцно.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Зээлийн гэрээг цуцалснаар зохигчид Зээлийн гэрээгээр өгсөн, авсан зүйлээ харилцан буцааж өгөх үр дагавар үүсэхгүй ба Зээлийн гэрээг цуцлах хүртэлх Зээлийн гэрээний харилцаа хүчинтэй хэвээр байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Зээлийн гэрээнд зааснаар хариуцагч Л.Б нь нэхэмжлэгчид 53 200 000/тавин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийн үндсэн төлбөрт 50 816 854.96/тавин сая найман зуун арван зургаан мянга найман зуун тавин дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийг, үндсэн хүүгийн төлбөрт 23 561 210.29/хорин гурван сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун арван төгрөг хорин есөн мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Зээлийн гэрээний болон хавсралт 1-ийн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ... гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасан.

 

Хариуцагч нь Зээлийн гэрээ болон хавсралт 1-т заасан хугацаанд зээл, үндсэн хүүг төлөөгүй байх тул нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжлэгчид 46 230.81/дөчин зургаан мянга хоёр зуун гучин төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 7/413-650 Албан бичгийн болон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн № 5/3249 Албан бичгийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн № 5/7359 Албан бичгийн хуулбар, Зээл, зээлийн хүүгийн тооцооллоор тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Баас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 74 424 296.06/50816854.96+23561210.29+46230.81=74424296.06/ /далан дөрвөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга хоёр зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхэд эрэн сурвалжлуулахад гарсан зардал гэх 105 300/нэг зуун таван мянга гурван зуу/ төгрөгийг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал гэх 47 500/дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг, нийт 152 800/нэг зуун тавин хоёр мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь ... учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”, 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал ... орлогыг хохиролд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хариуцагч Л.Быг хариуцагчаар татахаар Л.Быг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж улсын тэмдэгтийн хураамжид 70 200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг, нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлэх нотариатчийн үйлчилгээний хөлсөд нийт 47 500/дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг төлж, нэхэмжлэгчид нийт 117 700/70200+34000+13500=117700/ /нэг зуун арван долоон мянга долоон зуу/ төгрөгийн хохирол учирсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01854 дугаар шийдвэрийн болон 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Мөнгөний тасалбар № 2276-ийн хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Мөнгөний тасалбар № 806-ийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан байх боловч хүсэлтээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчид 35 100/гучин таван мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 02319 дугаар шийдвэрээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Баас учирсан хохиролд нийт 117 700/нэг зуун арван долоон мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 35 100/гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Баас бүгд 74 541 996.06/74424296.06+117700=74541996.06/ /далан дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 35 100/152 800-117700=35100/ /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-т “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.”, 165 дугаар зүйлийн 165.1-т “... өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар Зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгч шаардлагаа барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхийг хязгаарлахгүй ба Зээлийн гэрээг цуцалсан нь Барьцааны гэрээний харилцаа дуусгавар болох үндэслэл болохгүй бөгөөд шаардлагаа хангуулах эрх нь барьцааны эрхтэй салшгүй холбоотой болно.

 

Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр шаардлагаа хангуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т “Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хариуцагч Л.Бтай 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т “... энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б нь 74 541 996.06/далан дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Алтай гудамж, 77 байр, 68 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь батлан даагч “Ж” ХХК-иас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.

 

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг сонгох эрхтэй ба хариуцагч Л.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Ж” ХХК нь хариуцагч Л.Б үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцах ба нэхэмжлэгч нь Л.Быг хариуцагчаар татаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан байх тул хариуцагч “Ж” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00096 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт энэхүү шийдвэр нь Худалдаа, хөгжлийн банк ХХК-ийг хууль болон гэрээнд заасан дээр дурдсанаас бусад үндэслэлээр дахин нэхэмжлэх эрхийг хэрэгжүүлэхэд саад болохгүй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 00096 дугаар шийдвэрт зааснаас өөр үндэслэлээр буюу Зээлийн гэрээний 2.9-д заасан үндэслэлээр тус нэхэмжлэлийг гаргасан байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас нийт 74 541 996.06/далан дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 35 100/гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Алтай гудамж, 77 байр, 68 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Баас нийт 74 541 996.06/далан дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга есөн зуун ерэн зургаан төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, үлдсэн 35 100/гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулах, “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2203031098 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, 7 хороолол, Алтай гудамж, 77 байр, 68 тоот хаягт байрлах 45.8 метр квадрат, 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 600 968 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид 600 859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 67 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ