Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01379

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01379

 

 

 

Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01270 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд бага боловсролын сургалтын менежерээр ажиллан, албан тушаалыг эрхлэх явцдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан хийгээд байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсны зэрэгцээ ажилтан албан хаагчид, эцэг эх, суралцагсадтай зүй бус харьцаж ёс зүйн алдаа дутагдал гаргаж, ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл эдэлж байсан удаагүй. Дунд боловсрол хариуцсан сургалтын менежер Ж.Жавзангийн сургуулийн захиралд хүргэсэн худал хов, гүтгэлгээс улбаалан ажлаас чөлөөлөгдсөн. С.Дэжидсүрэн учир шалтгааныг ч хэлэлгүй загнаж, өөрөө өргөдлөө өг гэж дарамталсан.

Мөн Ж.Жавзан нь би энэ хүнтэй цаашдаа хамтарч ажиллаж чадахгүй шүү гэж уурлаж ажлын байрны дарамт үзүүлж, тулган шаардсан. Асуудлын зөв буруу, үнэн худлыг ялгахыг хүсээгүй захирал болон үзэл бодол нэгтэй найз нөхөд бүхий удирдах албан тушаалтнуудын ажлын байрны дарамт шахалтаас болж сэтгэл зүйн асар их дарамт, цочролд орж, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллийн эрхэнд аргагүйд хүрч, тэр дор нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн.

Сургуулийн захирлын зүгээс хууль журмын дагуу уулзаж, учир шалтгааныг ч асууж тодруулалгүйгээр шууд 1 цагийн дотор тушаалаа гаргасан байсан. Ийнхүү шийдвэрийг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны орой гардан авч дотоод хяналт хариуцсан ажилтан С.Нямтуяад бичиг баримтаа тоолон хүлээлгэж өгсөн. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр сургуулийн захиргаанд гаргасан өргөдлөө буцаан татах хүсэлтээ албан ёсоор өгсөн ба өргөдлийн хариуг өгөхгүй байсаар 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр болсон тул өөрийн биеэр очиход бичиг хэргийн ажилтан н.Болорчимэг захирлын гарын үсгээр баталгаажуулаагүй, гомдол гаргагчид хамааралтай заалтыг үндэслэсэн шийдвэрийг буцаах боломжгүй гэсэн утга бүхий тоот өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дэжидсүрэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/70 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэжидсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ч.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай Б/70 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т заасныг үндэслэн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Энхцэцэг нь өргөдлөө гаргасан бөгөөд уг өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно. Уг өргөдлийг шийдвэрлэхдээ байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн Ч.Энхцэцэгийн хүсэлтийн дагуу нэн даруй шийдвэрлэсэн. Иргэдээс байгууллагад албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан болохоос 30 хоногт шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хов гүтгэлгээс улбаалан ажлаас чөлөөлсөн бус харин өөрийнх нь хүсэлтийн дагуу, хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн бөгөөд байгууллагынхаа ажилчдад ямар нэг байдлаар ажлын байрны дарамт, шахалт үзүүлж хувийн сэдэлтээр хэн нэгнийг ялгаварлан харьцаж байсан тохиолдол байхгүйг албан ёсоор шүүхэд мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Энхцэцэгийг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны олговорт 3 410 669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нь Ч.Энхцэцэгийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулиас 69 520 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Дэжидсүрэн давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар санаачилснаар Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирал 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/70 тоот тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг тус сургуулийн нарийн бичгийн дарга Н.Болорчимэг мөн өдрөө Ч.Энхцэцэгт өөрт нь хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй. .Энхцэцэг бусдын дарамт шахалтаар ажлаас халагдах өргөдлөө бичсэн бол шүүхэд гомдол гаргах атал, холбогдох ажилтнуудтай уулзаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх хүсэлт гаргаж, тэмдэглэл үйлдүүлж авсан үйл баримтыг шүүх нягтлан үзсэнгүй.

Мөн тухайн өдрөө ажлын байраа орхиж яваад 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирж дотоод хяналт хариуцсан ажилтан С.Нямтуяад ажлаа хүлээлгэж өгсөн зэрэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаа нотлох баримт юм. Хэрэв ажлаас сайн дураар гарах хүсэлтгүй байсан бол 1/ өргөдөл гаргахгүй, 2/ нэхэмжлэгчийн тайлбараар өөрийн хүсэл зоригоор өргөдөл бичээгүй байсан бол шууд шүүхэд хандах байсан, 3/ сайн дураар ажлаа хүлээлгэн өгөхгүй, 4/ нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг хийлгэх шаардлагагүй. Эдгээр нөхцөл байдлын зорилго, хүсэл, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэсэн нэхэмжлэгчийн чин хүслийг зөвхөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарын хүрээнд анхаарсан нь хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл баримтыг хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт "ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гарган" гэж заажээ. Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээж авсан тул гомдлыг 2017 оны 12 дугаар capsm 24-ний өдрийн дотор шүүхэд гаргах эрхтэй атал 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гомдлоо гаргаж, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна.

... Ч.Энхцэцэг хувийн эрх ашгийг сургуулийн эрх ашгийн дээгүүр тавьж, захирлын хэлсэн үгийг зөвхөн өөр дээрээ тусган авч, хэт дураараа аашилж, холбогдох ажилтнуудтай зохисгүй харьцаж, нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийж өгөхийг захирал С.Дэжидсүрэнгээс шаардсаныг зөв буруугийн асуудлаар шүүх хуульд нийцсэн дүгнэлт огт хийгээгүй байна.

Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын "Ажлаас чөлөөлөх тухай" Б/70 тоот тушаалын үндэслэл нь:

1/ Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасны дагуу \ ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар өргөдлөө сургуулийн захиргаанд гаргасан.

2/ Ажилтан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хэний ч дарамт шахалт, хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу бичсэн. /нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, гэрч Ж.Болормаагийн мэдүүлгээр тус тус нотлогддог. хх-ийн 1, 52 дахь тал/

3/ Тус сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр ажиллаж чадахгүй гэдгээ бичгээр илэрхийлж, нийгмийн даатгалын дэвтэртээ бичилт хийж өгөхийг шаардсан. Ажилтан өөрөө хүсэл зорилгоо бодитоор илэрхийлж байгаа энэ нөхцөлд захирлын зүгээс ажилтанд хөдөлмөрлөхийг хүчээр тулгах эрх байхгүй.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл, маргаан гарах болсон шалтгаан хийгээд захирлын нэг удаагийн шаардлагыг ойлгож хүлээж авах, асуудалд дүн шинжилгээ хийх чадваргүй байгаа нэхэмжлэгчийн хандлагыг шүүх зөвтгөж дарамтлуулсан нэрийн дор ажил олгогчийг л буруутгах байр суурь баримталж хэргийг шийдвэрлэжээ.

Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэхдээ ёс зүйн зарчмыг баримталж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийг ажил олгогчийн зүгээс шаардсан төдийд ажлын байраа орхиж, байгууллагын эрх ашгийг хөсөр орхиж, овилгогүй байдал гаргасан ноцтой зөрчлийг ажил олгогчийн зүгээс зогсоох нь зүй ёсны хэрэг гэж үзнэ. Хэрвээ ажилтан сургуулийн захирлыг ёс зүйн зөрчил гаргасан, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тохиолдолд холбогдох эрх бүхий байгууллагад нь гомдол гаргах эрх нь нээлттэй атал ажлын байраа сайн дураараа орхиж яваад одоо төрөөс 3 сая гаруй төгрөг авах эрх зүйн боломжтой гэж үзэхэд бодит байдлаас зөрүүтэй, шударга бус шүүхийн шийдвэр гарсан гэж үзнэ. Энэ талаар шүүх эрх зүйн дүгнэлт хийлгүй орхисон, дээрх асуудлыг хэрхэн зөв гэж үзсэн нь тодорхойгүй үлджээ. байна. Нэхэмжлэгчийн хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөөс өөр аргагүй байдалд орсон гэх нөхцөл байдал огт үүсээгүй, харин ч өөрийн алдаа дутагдалдаа дүгнэлт хийхийн оронд ажил олгогчоо буруутгасан. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй эсэх талаар шүүх нотлох баримтад тулгуурлаагүй, эрх зүйн алдаатай дүгнэлт хийснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах шийдвэрт заана" гэж заажээ. Ажил хүлээлгэн өгөх хугацааг тушаалд зааж өгөх нь ажилгүй байсан хугацааг тодорхойлох зорилготой. Өөрөөр хэлбэл, хэргийг шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааг ажил хүлээлцсэн өдрөөс эхэлж тооцох хуулийн зохицуулалт Б/70 тушаалын хувьд ажил хүлээлгэн өгөх хугацааг зааж өгөөгүй тул ажлаас халагдсан өдрийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцно гэсэн утга агуулга юм. Ийнхүү тушаалд ажил хүлээлгэн өгөх хугацаа зааж өгөөгүй нь ажилтны эрх ашгийг хөндөөгүй, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь тушаалын энэ зохицуулалтаар зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.Энхцэцэгийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь хариуцагч Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар Ч.Энхцэцэг нь Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Бага боловсролын сургалтын менежерээр ажиллаж байсан ба 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/70 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуультай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Б/70 дугаар Ч.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх тухай тушаал, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 4, 5-6, 71-73 дугаар тал/

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын Б/70 тоот тушаалд Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Сургуулийн дотоод журмын 6.7-д заасныг тус тус үндэслэсэн бөгөөд ажилтан Ч.Энхцэцэг нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Хэргийн 18 дугаар талд авагдсан сургуулийн захиргаанд гаргасан Ч.Энхцэцэгийн ... тухайн байгууллагад ажиллаж байгаа зарим албан тушаалтан нь хамтран ажиллах боломжгүй гэсэн асуудал гаргасан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ж.Болормаагийн ... Захирлын өрөөнөөс Ч.Энхцэцэг уурласан гарч ирээд би ингэж худлаа гүтгүүлж чадахгүй, өргөдлөө бичиж өг гэж байна гээд өргөдлөө бичсэн ... гэх мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл ажилтныг өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн ажлаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй. Ажил олгогчийг төлөөлөх эрхтэй этгээдийн зүгээс хамтран ажиллахаас татгалзсан нь энэхүү өргөдлийг бичиж өгөх шалтгаан болсныг нэхэмжлэгч тодорхой бичсэн байна.

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээ өөрөө санаачлан цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах санаачилгыг ажилтан ажил олгогчдоо бичгээр гаргахдаа ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгийн хүсэлт гаргасан байвал зохино.

Түүнчлэн ажил олгогчийн зүгээс үл ойлголцол үүссэнтэй холбоотойгоор ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичиж өгсөн гэх нөхцөл байдал болон хариуцагчийн тайлбар, татгалзал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч байгууллага ажлаас чөлөөлсөн тушаалаа Ч.Энхцэцэгт 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гардуулсан болохоо нотлоогүй, өөрийн тайлбар татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгахаар шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх маргаанд хамааралгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг дүгнэсэн нь буруу боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2018/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 040 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ