Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 1270

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2018/01270

Улаанбаатар хот

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн * хороо, * хороолол, *хотхон, * байрны * тоотод оршин суух, Бовогт Ч Э /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн* хороо, өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургууль /РД:****/-д холбогдох,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын * дугаар сургуульд бага боловсролын сургалтын менежерээр ажиллан, албан тушаалыг эрхлэх явцдаа ажлын байрны тодорхойлолтод заагдсан хийгээд байгууллагын удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж байсны зэрэгцээ ажилтан албан хаагчид, эцэг эх, суралцагсадтай зүй бус харьцаж ёс зүйн алдаа дутагдал гаргаж, ажлын хариуцлага алдаж сахилгын шийтгэл эдэлж байсан удаагүй.

Дунд боловсрол хариуцсан сургалтын менежер Ж.Жгийн сургуулийн захиралд хүргэсэн худал хов, гүтгэлгээс улбаалан ажлаас чөлөөлөгдсөн. 2017.11.24-ний өдөр тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Д, Ж.Жгаар өрөөндөө намайг дуудуулсан.

Өрөөнд нь яваад ортол тэр 2 байсан ба С.Д учир шалтгааныг ч хэлэлгүй загнаж эхэлсэн. Эхлээд би дуугүй сонсоод л байсан. Тэгээд учрыг асуухад яршигтай төвөгтэй юм, чи Ж.Ж руу сэлбэлзсэн, цэхэлзсэн гэж байна. Өөрөө өргөдлөө өгөөд боль, энэ хүн чамаар ажлын байрны тодорхойлолт дээрээ ч гарын үсэг зуруулахгүй гэсэн гэж дарамталсан. Мөн Ж.Ж нь би энэ хүнтэй цаашдаа хамтарч ажиллаж чадахгүй шүү”, чи тэгсэн биз дээ гэж өөдөөс эгц харж чадахгүй улаан цайм худал гүтгэж, уурлаж ажлын байрны дарамт үзүүлж, тулган шаардсан. Миний зүгээс тийм асуудал болоогүй өчигдөр Ж.Ж орж ирээд маргааш өглөө Нийслэлийн боловсролын газарт чи бид 2 ажлын байрны тодорхойлолтоо эх хувиар нь хүргэж өгөх ёстой юм байна гэсэн. Би за гэж хэлээд өөр юм яриагүй, хажууд олон хүн байсан, би дуудаад ирье та асуу гэхэд С.Д одоо юуг нь асуух юм бэ чи цэхэлзсэн л гэж байна боль гэсэн. Асуудлын зөв буруу, үнэн худлыг ялгахыг хүсээгүй захирал болон үзэл бодол нэгтэй найз нөхөд бүхий удирдах албан тушаалтнуудын ажлын байрны дарамт шахалтаас болж сэтгэл зүйн асар их дарамт, цочролд орж, ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөллийн эрхэнд аргагүйд хүрч, тэр дор нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичиж өгсөн.

Сургуулийн захирлын зүгээс хууль журмын дагуу уулзаж, учир шалтгааныг ч асууж тодруулалгүйгээр шууд 1 цагийн дотор тушаалаа гаргасан байсан. Ийнхүү миний бие шийдвэрийг 2017.11.28-ны орой гардан авч, ажлаа хүлээлгэж өгөх гэхэд томилогдсон ажлын хэсэг байхгүй үүдэнд дотоод хяналт хариуцсан ажилтан С.Нямтуяа сууж байгаа бичиг баримтаа тоолоод өгчих гэсний дагуу хүлээлгэж өгсөн. Хуулийн зөвлөгөө авсны үндсэн дээр өргөдөл гомдол гаргагчийн эрхийн хүрээнд 2017.11.30-ны өдөр сургуулийн захиргаанд гаргасан өргөдлөө буцаан татах хүсэлтээ албан ёсоор өгсөн ба өргөдлийн хариуг өгөхгүй байсаар 2017.12.08-ны өдөр болсон тул өөрийн биеэр очиход бичиг хэргийн ажилтан Болорчимэг захирлын гарын үсгээр баталгаажуулаагүй, гомдол гаргагчид хамааралтай заалтыг үндэслэсэн шийдвэрийг буцаах боломжгүй гэсэн утга бүхий тоот өгсөн. Иймд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Дгийн 2017.11.24-ний өдрийн Б/70 дугаартай тушаалыг хүчингүйд тооцуулж, ажилд эгүүлэн тогтоох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д болон түүний өмгөөлөгч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Ч.Эийг ажлаас чөлөөлөх тухай Б/70 тоот тушаалыг хүчингүйд тооцуулж ажилд эгүүлэн тогтоох шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-т зааснаар буюу өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ч.Э нь өргөдлөө гаргасан бөгөөд уг өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Уг өргөдлийг шийдвэрлэхдээ байгууллагын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, мөн Ч.Эийн хүсэлтийн дагуу нэн даруй шийдвэрлэсэн. Иргэдээс байгууллагад албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан болохоос 30 хоногт шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Өөрөөр хэлбэл Ч.Эийн гаргасан өргөдлийн дагуу хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул мөн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлд дурдсанаар намайг хов гүтгэлгээс улбаалан ажлаас чөлөөлсөн мэтээр тайлбарлажээ. Гэвч хов гүтгэлгээс улбаалан ажлаас чөлөөлсөн бус харин өөрийнх нь хүсэлтийн дагуу, хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн бөгөөд миний хувьд байгууллагынхаа ажилчдад ямар нэг байдлаар ажлын байрны дарамт, шахалт үзүүлж хувийн сэдэлтээр хэн нэгнийг ялгаварлан харьцаж байсан тохиолдол байхгүйг албан ёсоор шүүхэд мэдэгдэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг нэхэмжлэгч өөрөө нотолдог бөгөөд 2017 оны 11 сарын 30-ны өдөр сургуулийн захиргаанд гаргасан өргөдөлд энэ талаараа мөн дурдсан байдаг гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                                                                                            

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуульд холбогдуулан  ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ч.Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасан.

 

             Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч С.Д 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/70 тоот тушаал гаргасан ба ажил олгогч, ажилтан Ч.Эийн ажлыг  2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр хүлээлцсэн болох нь зохигчдын тайлбар, 2017 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн “баримт бичиг хувийн хэрэг хүлээн авсан тэмдэглэл” гэх баримт зэргээр тогтоогдож байх тул хуулинд заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзэв.

Нэхэмжлэгч Ч.Э нь БЗД * сургуулийн  “бага боловсролын сургалтын менежер”-ээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан нь зохигчдын тайлбар, хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдсон.

 

Ажил олгогч нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Б/70 тоот тушаалаар Ч.Эийг Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Сургуулийн дотоод журмын 6.7-д заасан үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтад нийцээгүй гэж үзэхээр байна.

 

Хөдөлмөрийн гэрээ нь иргэний эрх зүйн үүргийн нэг төрөл бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “ажилтан санаачилсан” бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д ”хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.” гэж тус тус заажээ.

 

Захирал С.Дгийн өрөөнд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр бага боловсролын сургалтын менежер Ч.Э, дунд ахлах боловсролын сургалтын менежер Ж.Ж нарын хооронд маргаан үүссэн болох нь

гэрч Ж.Болормаагийн “...тухайн өдөр дундын сургалтын менежер Ж, Ч.Э 2 захирлын өрөөнд захиралтай уулзсан. Захирлын өрөөнөөс Э уурласан гарч ирээд би ингэж худлаа гүтгүүлж чадахгүй гээд өргөдлөө бичиж өг гээд байна гээд өргөдлөө бичсэн, бид 2 нэг өрөөнд суудаг, өргөдлөө бичихэд нь нягтлан Хүрэлчулуун, нарийн бичиг Болорчимэг нар байсан” гэх мэдүүлэг,

нэхэмжлэгч Ч.Эийн  сургуулийн захиргаанд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан "...ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг журмын дагуу гүйцэтгэж байгаа хэдий ч тухайн байгууллагад ажиллаж байгаа зарим албан тушаалтан нь хамтран ажиллах боломжгүй гэсэн асуудал гаргасан тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж  өгнө үү” гэх өргөдөл,

сургуулийн захиргаанд Ч.Эийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр гаргасан хүсэлт, 

Ерөнхий боловсролын *-р сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хороонд Ч.Эийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр гаргасан хүсэлт зэргээр ажилтан нь бичгийн хүсэлтээ өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан гэж үзэх боломжгүй байна.

 

Ажилтан хөдөлмөрийн гэрээгээ өөрөө санаачлан цуцлах эрхтэй бөгөөд гэрээг цуцлах санаачилгыг ажилтан ажил олгогчдоо бичгээр гаргахдаа ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр бичгийн хүсэлт гаргах учиртай.

 

            Авилагатай тэмцэх газрын 2018 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн 05/1244 тоот албан бичигт “... С.Д нь өөрийн өмнө ажиллаж байсан 115-р сургуульд биологийн багшаар ажиллаж байсан Ж.Жг дунд ахлах ангийн сургалтын менежерээр томилон ажиллуулж байгаа нь хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна” гэсэн нь захирал С.Д, дунд ахлах боловсролын сургалтын менежер Ж.Ж нарыг “ашиг сонирх  лын зөрчилтэй” болохыг тогтоож 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хариу ирүүлэхийг үүрэг болгожээ.

 

            Ажил олгогч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын *-р сургууль нь ажилтан Ч.Этэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмыг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлаагүй гэж үзэхээр байна.

 

Ажилтан Ч.Э нь 2017 оны 9 сард 875,972 төгрөг, 10 сард 716,200 төгрөг, 11 сард 585,982 төгрөгийн цалинтай болох нь зохигчдын тайлбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хавтас хэрэгт авагдсан ажил олгогчийн цалингийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд хариуцагч маргаагүй болно.

 

Иймд Ч.Эийг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалинг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлхи 4 сар 15 хоногоор тооцон 3,410,669 төгрөг  /4сар15 хоног 33,769=3,410,669 төгрөг/ гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус  удирдлага болгон       

                                                                                               ТОГТООХ нь:

    

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ч.Эийг Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулийн бага боловсролын сургалтын менежерийн ажилд  эгүүлэн тогтоосугай.

 

           2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар  Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны олговорт 3,410,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Эт олгосугай.

 

           3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн  46.2-д зааснаар Баяндүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургууль нь Ч.Эийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгч Ч.Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын * дугаар сургуулиас 69,520 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

        

            7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ