Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01100

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01100

 

 

С.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/00400 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч С.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Сандэй ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхжин

 

Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 42,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Цэрэндолгор шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Цэрэндолгор нь Сандэй ХХК-д заслын мастерийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд компанийн захирал Д.Бат-Өлзий нь Монгол улсад барилгын салбар үүссэний 79 жилийн ойг компанийн хүрээнд 2005 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр тэмдэглэж, уг тэмдэглэлт өдөр амжилттай ажилласан О.Зоригоо, Т.Норовдалай болон С.Цэрэндолгор нарыг орон сууцаар шагнаж, нэг өрөө байрны эрхийн бичгийг гардуулан өгсөн. Ийнхүү шагнасны дараа Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах орон сууцанд оруулсан бөгөөд уг байранд 2006 онд ашиглалтанд орсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд гэр бүлээрээ амьдарч байна. С.Цэрэндолгор орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар компанийн удирдлагад удаа дараа аман хэлбэрээр хүсэлт тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Харин захирал Д.Бат-Өлзий нь шагналт өгсөн байраа өөрийн төрсөн охин Б.Сэлэнгэ болон хүү Б.Энхжингийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус гаргуулан авсныг С.Цэрэндолгорт холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаснаар би олж мэдсэн. Энэ нэхэмжлэлийг шүүхээс буцаасан. Нэхэмжлэгч гэр бүлийн хамт энэ байранд 11 жилийн хугацаанд амьдарч, өөрийн өмч гэж үзэж ирсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шагналын эд хөрөнгийг хуйвалдан өөрсдийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч байгаа үйлдэл нь иргэн миний шударгаар олж авсан эд хөрөнгө өмчлөх эрхэд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж байна. С.Цэрэндолгор архи ууж, ажил тасладаг байсан талаар баримт байхгүй, арга хэмжээ авсан тухай тушаал, холбогдох нотлох баримт байхгүй. Энэ орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчаас бэлгэнд бус харин шагналд авсан байдаг. Иймээс С.Цэрэндолгор уг орон сууцны өмчлөгч нь болох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн материал дунд орон сууц захиалгын гэрээ гэж байгаа. Энэ гэрээнд 2013 онд Сандэй ХХК-ийг төлөөлж н.Тэмүүжин, захиалагч талыг төлөөлж Б.Энхжин нар гарын үсэг зурж байгуулсан байдаг. Энэ нь тухайн орон сууцыг баригдаад ашиглалтанд орсноос 8 жилийн дараа хийсэн гэрээ байдаг. С.Цэрэндолгортой хамт шагнагдаж байсан хүмүүс бүгд тухайн байраа өөрсдийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа бол өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авна гэсэн зохицуулалт бий. Хэрэгт авагдсан баримтуудаар уг орон сууцыг С.Цэрэндолгорт бэлэглээгүй, харин шагнасан болох нь тогтоогдож байгаа тул Сандэй ХХК-ийн захирал Д.Бат-Өлзийн шагналд өгсөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөгчөөр С.Цэрэндолгор намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сандэй ХХК-ийн ерөнхий захирал Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

С.Цэрэндолгор нь манай компанид ажиллаж байгаад сахилгын зөрчил гаргаж ажлаас чөлөөлөгдсөн. Компани ажилчдынхаа орон байрны асуудалд анхаарч нэр бүхий хүмүүсийг тогтвортой ажиллуулах үүднээс ажиллаж байх хугацаанд нь тэднийг орон байраар хангаж, шинэ жилээр урамшуулсан юм. Гэхдээ өмчлөх эрхийг шууд шилжүүлж өгөөгүй. Байр авсан хүмүүс эрхэлсэн ажилдаа тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, тодорхой хугацааны дараа өмчлөлдөө шилжүүлэн авсан байхад С.Цэрэндолгор архи ууж, ажлын байраа санаатай орхин явах зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж, арга хэмжээ авагдаж байсан. Нэгэнт засрахгүй байсан учраас байрыг өмчлөлд нь шилжүүлж өгөөгүй. С.Цэрэндолгор ажлаас халагдсан ч өнөөдрийг болтол тухайн байранд хууль бусаар амьдарсаар байгаа. Бид байр чөлөөлж өг гэдэг шаардлагыг байнга тавьж ирсэн. Мөн байр чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байсан. Энэ байр нь одоо Сандэй ХХК-ийн өмч хөрөнгө биш. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Энхжин шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь С.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй, Сандэй ХХК-д холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Маргаан бүхий байр нь миний нэр дээр байдаг тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сандэй ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 18/1 байрны 14 тоот дахь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай С.Цэрэндолгорын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

... Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд С.Цэрэндолгор 2017 оны 9 дүгээр сард өөрийн нэрээр нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Энхбаяр намайг оролцуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэл авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийн материалтай танилцах явцад нэхэмжлэгч С.Цэрэндолгорын хувьд хэргийн ямар ч баримтад гарын үсэг зураагүй байсан ба уг асуудлыг шүүгчийн туслахад хэлсэн боловч "та төлөөлөгч нь учраас С.Цэрэндолгор гэж нэрийг нь биччих" гэж хэлсэний дагуу С.Цэрэндолгорын нэрийг бичсэн. Нэхэмжлэгч С.Цэрэндолгорын хувьд хэргийн оролцогчийн эрх, үүрэг болон нөлөөллийн мэдүүлэгтэй танилцаж гарын үсэг зураагүй, хэргийн материалтай танилцаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо "Сандэй" ХХК-аас Иргэний хуулийн 420 дугаар зүйлийг үндэслэн өөрт өгсөн шагналын орон сууцаа авахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг гуйвуулж хэргийг шийдвэрлэсэн ба миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэгт "Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар тухайн эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байгаа бол тэргүүн ээлжинд олж авна гэсэн зохицуулалт бий" гэж тайлбар гаргасан. Уг тайлбараар "Сандэй" ХХК нь шагналд өгсөн орон сууцаа бусдад худалдахаар шийдвэрлэсэн бол тэргүүн ээлжинд эзэмшиж буй С.Цэрэндолгор уг орон сууцыг худалдан авах давуу эрх үүсэх байсан гэж тайлбарласныг илтэд гуйвуулан С.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрх үүсэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг гаргуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/265 дугаар захирамжтай захиргааны хэргийн материалд авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, "Сандэй" ХХК-аас шагнал авсан иргэдийн өргөмжлөл, нэхэмжлэгчийн 1 өрөө байрны эрхийн бичгээ гардан авч буй фото зураг зэргийг огт үнэлэлгүй хэргийн шийдвэрлэсэн. Шүүх хариуцагчийг шагналын зүйлээ нэгэнт өгсөн нь тогтоогдож байна гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс 2005 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр Сандэй ХХК-иас олгосон хүндэт өргөмжлөл-өөр нэг өрөө байрны эрхийн бичгээр шагнагдсанаас биш Б.Энхжингээс шагнал аваагүй юм. Хариуцагч байгууллагын захирал Д.Бат-Өлзий өөрийн хүү болох Б.Энхжингийн нэр дээр шагналд өгсөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гарган өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэгэнт "Сандэй" ХХК-иас уг шагналыг авсан учраас уг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцох этгээд гэж тодорхойлсон. Иймд гомдолд дурдсан дээрх үндэслэлүүдээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/00400 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 Нэхэмжлэгч С.Цэрэндолгор нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 18/1 дүгээр байрны 14 тоот хаягт байрлах 42,6 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Цэрэндолгор шүүхэд хандан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/265 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн материалыг бүхэлд татуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШЗ2017/14995 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 39-40 тал/

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийн хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэх авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж шүүхээс нотлох баримт бүрдүүлэх журмыг хуульчлан заажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтыг бүрдүүлэхдээ тухайн нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагтай эсэх, уг хүсэлтэд ямар баримтыг хаанаас гаргуулахыг хүссэнийг нарийвчлан тодруулах шаардлагатай байхад асуудлыг тодруулалгүйгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/265 дугаар шүүгчийн захирамжтай С.Цэрэндолгорын нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 1 хавтас 177 хуудас захиргааны хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татан авсан байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт бүрдүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтын талаар дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 102/ШШ2018/00400 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын төлсөн 174 950 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН  

Ц.ИЧИНХОРЛОО

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         .................

                               ШҮҮГЧИД                                               #OTHER_JUDGE_LARGE#