Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01378

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2018/01378

 

 

 

Д.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01089 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Даваажаргалд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хариуцагч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарын бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Д.Отгонцэцэг, О.Даваажаргал бид 2008 онд танилцан, 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарч, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн албанд гэрлэлтээ батлуулж, 1125000752 тоот гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр том хүү Д.Цэдэндорж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бага хүү Д.Сундуй нар төрсөн. Хамтран амьдралын явцад О.Даваажаргал нь байнга өөр эмэгтэйчүүдтэй холбогдохоос гадна түүний гэр бүлийнхэн буюу эгч, ээж, эмэгтэй дүү нар нь намайг чи О.Даваажаргалаас сал, тохирохгүй гэх маргааныг дэгдээдэг байсан, сүүлдээ О.Даваажаргал намайг элдвээр доромжлох болсноор бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, би 2015 оны 4 дүгээр сард хүүхдүүдээ аван ээжийндээ амьдрах болсон. Үүнээс хойш бид дахин нийлээгүй бөгөөд хүүхдүүд маань одоо миний асрамжид өсч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, том хүү Д.Цэдэндорж, бага хүү Д.Сундуй нарыг эх Д.Отгонцэцэгийн асрамжид үлдээж, төрсөн эцэг О.Даваажаргалаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид дундын эд хөрөнгөний маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч О.Даваажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Даваажаргал Д.Отгонцэцэг бид 2008 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Улмаар бидний дундаас 2012 оны 8 дугаар сарын 14-нй өдөр том хүү Д.Цэдэндорж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бага хүү Д.Сундуй нар төрсөн. Биднийг хамт амьдарч байх хугацаанд Д.Отгонцэцэгийн ээж, эгч нар бидний амьдралд байнга оролцож ирсэн. Миний том хүү төрөхөд хүүгийн нэрийг хадам ээж надаас ч асуулгүй өгсөн. Бид тусдаа амьдарч байх үед хүүхдүүдтэй маань огт уулзуулдаггүй, хааяа нэг уулзаж авч өгсөн хувцсыг өмсүүлэхгүй, уутанд боогоод тавьдаг. Хамгийн сүүлд том хүүтэйгээ хамт хоноход өглөө нь гэрт дайрч орж ирээд шууд хүүг уйлуулаад хувцасласан бөгөөд хүү маань аавтайгаа жоохон хамт байя гэхэд нүүр рүү нь алгадаад аваад явсан.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, харин том хүү Д.Цэдэндоржийг өөрийн асрамждаа авна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд Д.Цэдэндоржийн асран хамгаалагчаар эцэг О.Даваажаргал намайг тогтоох нь зүйтэй гэж дурдсан гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Халиугчин Пунцаг овогт Даваагийн Отгонцэцэг /РД: УХ90090663/, Боржигон овогт Осгонбаатарын Даваажаргал /РД: ЖЮ89110610/ нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү Д.Цэдэндорж /РД: УЖ12281499/, хүү Д.Сундуй /РД: УЖ14210974/ нарыг эх Д.Отгонцэцэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төрсөн хүү Д.Цэдэндорж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Д.Сундуй нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг О.Даваажаргалаас гаргуулан олгож, зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Даваажаргал давж заалдах гомдолдоо: 2017 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн эх болох н.Отгонхишиг намайг хүүхдүүдтэй минь уулзуулахгүй байгаа талаар, мөн нэхэмжлэгчийн эх н.Отгонхишиг нь миний хүүхдүүдийг надтай уулзууллаа гэх шалтгаанаар нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хүү Д.Цэдэндорж, Д.Сундуй нарыг гэрээсээ хөөсөн болохыг шүүхэд мэдэгдэн хүүхдүүдийн амьдрах орчин нь баталгаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гартал хүүхдүүдийг өөрийн асрамжид байлгах тухай" хүсэлт гаргасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 830 дугаар захирамжаар Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дах хэсэгт заасныг баримтлан Хүүхдийн эрх ашгийг нэн тэргүүнд хангахыг эрхэмлэх нь зүйтэй гэж хуулийг буруу хэрэглэн хүүхдүүдийн бодит байдлыг ойлголгүй, гэр орноосоо хөөгдөж байгаа байдлыг нь харгалзан үзэлгүй буруу шийдвэр гаргасан. Үүний дараа би Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж торних эрхийг хангах, нэхэмжлэгчийн хувийн байдлыг тодруулах үүднээс 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Д.Отгонцэцэгийн амьдарч байгаа эх н.Отгонхишигийн байр нь банкны барьцаанд байгаа бөгөөд өр төлбөрийн улмаас хураагдаж байгааг шүүхэд мэдэгдэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу лавлагаа гаргуулахыг хүссэн. Мөн 2 хүүхдийг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар 28-ны өдрийн 4350 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би дахин шүүхэд сөрөг нэхэмжлэл өгсөн боловч 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 5277 дугаар шүүгчийн захирамжаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдоно гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авахаар шаардлага гаргасан. Харин миний бие хүүхдүүдийг өөрийн асрамжид авах талаар тусдаа шаардлага гаргасан байтал шүүх хууль буруу хэрэглэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн aваxaac татгалзсанд гомдолтой байна.

Мөн миний бие удаа дараа шүүхэд хариуцагчтай эвлэрч амьдрах тухай хүсэлт гаргасан боловч шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125 .3, 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна гэсэн байтал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглэлгүй тухай бүрт татгалзсанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан заалтуудыг дараах байдлаар зөрчсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэг, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасныг н хууль зүйн бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэснийг тус тус зөрчиж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүхдийн асрамжийг хэрхэн шийдсэн талаар дүгнэхдээ ах дүү хоёрыг салгах нь зохимжгүй... гэж л дүгнэсэн бөгөөд яагаад ингэж шийдсэн талаараа тайлбарлаагүй, тайлбар хийгээгүй, хэрэгт авагдсан бодит нөхцөл баримтад тулгуурлахгүй асуудалд хандсан байдал нь хүүхдүүдийн ирээдүйн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээгүйгээс гадна, хүүхдүүдийн асрамжийн талаарх маргааныг шийдвэрлэхдээ анхнаасаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс эхлэн хэт нэг талын эрх ашгийг баримтлан шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь хүүхдүүдийг асран халамжлах тал дээр анхаардаггүй, энэ тал дээр ач холбогдол өгдөггүй бөгөөд ээж болон эгч нь хүүхдүүдийг асран хамгаалдаг, хөдөө байлгадаг болох нь тогтоогдсон байхад хүүхдийн асрамжийн асуудалд хайхрамжгүй хандаж шийдвэрлэсэн.

...Би хүүдээ "Аав нь ном уншаад өгье, миний хүү үлгэрийн ном унш, аавдаа шүлэг уншаад өг, дуу дуулаад өг" гэхэд дуу, шүлэг мэдэхгүй, үлгэр болон номтой нөхөрлөх сонирхолгүй, бичиг үсэг мэдэхгүй зэрэг зүйлс ажиглагдсан болно. Сургалтын тал дээр миний хүү үнэхээр үеийнхээсээ хоцрогдож байна.

Мөн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10197 дугаар шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн төвийг томилсон. Тус дүгнэлтийн 4 дэх хэсэгт "Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь айлын бага охин, дураараа, бусдын санаа бодолд хүндэтгэлтэй хандах, хүүхдийн эрх ашгийг эхний ээлжид тавьж шийдвэр гаргах тал дээр учир дутагдалтай, аливаа шийдвэрийг хүүхдийн төлөө биш, гомдсон, цөхөрсөн байдлаа тайлах зорилгоор хийдэг. Том хүүгийнхээ аавтайгаа уулзах, хамт байх хүслийг үл хайхардаг. Хүүхдийг өөрийн өмч мэт ханддаг. Аливаа муу зуршилгүй, хүүхдүүддээ хангалттай цаг гаргаж хамт байхгүй байгаа, энэ үүргийг ээж нь биелүүлж байгаа нь асран хамгаалагчийнхаа үүргийг хангалттай сайн биелүүлж байгаа гэж үнэлэх боломжгүй" гэж дүгнэсэн. Д.Отгонцэцэг нь хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдлыг өөрийн эрх ашгаас доогуур үнэлдэг болох нь шинжээчийн дүгнэлтээс тогтоогдож байна. Энэ байдал нь хүүхдүүдийн цаашдын эрх ашигт хэрхэн нөлөөлөхийг анхан шатны шүүх авч хэлэлцээгүй.

Шинжээчийн дүгнэлтийн 4Б дэх хэсэгт: "...О.Даваажаргалын хувьд хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх хүсэлтэй байдаа боловч Д.Отгонцэцэг нь энэ хүсэлтийг нь биелүүлдэггүй. Хүүхдүүдтэй уулзалт хийх санал хэлэхэд ДОтгонцэцэг том хүү Д.Цэдэндоржийг уулзалтад дагуулж ирсэн. Хүү аавтайгаа уулзахдаа маш их баяртай байсан." гэж дүгнэсэн нь бидний амьдралыг газар дээр нь бодитоор нь очиж харсан, судалсан мэргэжлийн хүмүүсийн дүгнэлт бөгөөд бодит байдлыг харуулж байна, Шинжээчийн баг уулзалт хийх гээд 2 хүүгээ авч ирэхийг Д.Отгонцэцэгт даалгахад нэхэмжлэгчийн эмээ нь бага хүү Д.Сундуйг өгч явуулаагүй гээд авч ирээгүй юм. Миний том хүү Д.Цэдэндорж аавтайгаа уулзах боломж төдийлөн олдоггүй учир их зүйлийг шулганан "ааваа дахиад уулзах юмсан тэ даанч эмээ ээж 2 уулзуулахгүй байхдаа" гэж хэлэхэд миний сэтгэл зүрх шимширч өөрийн эрхгүй нулимс дуслуулан. Бага насны хүүхэд эцгээ санан бэтгэрч байхад анхан шатны шүүх нотлох баримтыг бодит байдал дээр нь дүгнэлт хийсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй нь үнэхээр харамсалтай байна. Уг дүгнэлтэд "Хүүхдүүд одоогоор сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тасралтгүй хамрагдаж чадахгүй байгаа тул боловсрол эзэмших эрх нь зөрчигдөж байна. Д.Цэдэндоржийн хувьд түргэн бодож, сэтгэдэг хэл яриа, оюун ухааны хөгжил хэвийн, өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг маш сайн ойлгож, дүгнэлт хийх чадвартай, аавтайгаа уулзсан, юу ярьсан тухайгаа гэр бүлийнхнээсээ нуудаг, аавыгаа санадаг, уулзахад сайхан байдаг гэж ярьж байсан. Хүүхэлдэйн кино үзэх дуртай, том болоод Батмэн-цагдаа болж хүмүүст тусална гэж ярьдаг. Д.Сундуй нь аливаа зүйлийг тогтож ойлгох, анхаарах чадвар сайтай, аливаа зүйлийн утга учрыг сайн бодож эргэцүүлдэг, оюуны болон хэл ярианы чадвар сайтай. Бие бялдрын болон оюуны хөгжлийн хувьд үе тэнгийн хүүхдүүдээс хоцрогдолгүй. Гэхдээ хүүхдүүдийн зурсан зургаас харахад тодорхой сэдэв, өгүүлэмжгүй байгаа нь боловсролын үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байгааг харуулж байна. Мөн дээрх дүгнэлтээр миний хүүхдүүдийн сурч боловсрох эрх нь зөрчигдөж байгааг харуулсан байхад шүүх бодит нөхцөл баримтад тулгуурлахгүй асуудалд хандсан байдал нь хүүхдүүдийн ирээдүйн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан байна. Уг дүгнэлтэд "Хүүхдүүд одоогоор Баянхонгор аймагт амьдарч байна. Хүүхдүүд шилжих асуудлын талаар эцэг эх нь зөвшилцөж, нэгдмэл шийдвэр гаргаагүй" гэсэн дүгнэлтээс үзвэл миний хүүхдүүд хөдөө байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгааг илтгэж байна. Эцэст нь 2 шатны шинжээчийн дүгнэлтээр "Хүү Д.Цэдэндоржийг О.Даваажаргалын, хүү Д.Сундуйг Д.Отгонцэцэгийн асрамжид тус тус үлдээх" дүгнэлтийг гаргасан". Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хүү Д.Цэдэндорж, Д.Сундуй нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь хариуцагч О.Даваажаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоох шаардлагад маргажээ.

Д.Отгонцэцэг, О.Даваажаргал нар нь 2008 онд танилцан, 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарч, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн бүртгэлийн албанд гэрлэлтээ батлуулж, 1125000752 тоот гэрчилгээ авсан, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр хүү Д.Цэдэндорж, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү Д.Сундуй төрсөн ба таарамжгүй харьцааны улмаас 2015 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа зэрэг үйл баримт хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь өөр гэр бүлтэй болсон, цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахаар тохиролцсон байх учир шүүх гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаар талууд маргаангүй, гомдол гаргаагүй болно.

Харин хариуцагч О.Даваажаргал нь хүү Д.Цэрэндоржийг өөрийн асрамжид авах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хүүхдийн ирээдүйн эрх ашгийг зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж гомдол гаргасан байна.

Хэргийн 139-143 дугаар талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд хүүхдийн эхийн зан байдлыг эрх дураараа, бусдын санаа бодолд хүндэтгэлтэй ханддаггүй, сонсдоггүй гэж тодорхойлсон ч хүүхдийн оюун ухаан болон бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжилд буруугаар нөлөөлдөг, хүүхэдтэй хамт амьдрах, асрамжлах чадваргүй гэж үзэх шууд үндэслэл биш юм. Хүүхэд одоогоор эхийн асрамжид байгаа, төрсөн цаг үеэс болон эцэг, эх тусдаа амьдарсан хугацаанд ах, дүү, эхтэйгээ байж дассан байх тул орчинг зайлшгүй өөрчлөх , 2 хүүхдийг салган нэгийг нь эцгийн асрамжид өгөх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн шүүх хариуцагчийн нотлох баримт гаргуулах, сөрөг нэхэмжлэл гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн /хх-71, 83-84 дүгээр тал/, энэ талаар мэтгэлцэх боломж олгоогүй гэх үндэслэлгүй, хариуцагчийн хуулиар олгогдсон эрхийг, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Хариуцагч гомдолдоо хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн дүгнэлтийг үндэслэсэн байх ба гэтэл уг дүгнэлт нь Шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт тул үнэлэх боломжгүй юм.

Хүүхдүүд эхийн асрамжид байх хугацаанд тэдний эрх ашиг ноцтой зөрчигдсөн, нөхцөл байдал өөрчлөгдсөн, хүүхэд хэний асрамжид байх саналаа хэлэх хуульд заасан насанд хүрсэн тохиолдолд эцэг тэдний асрамжийг өөрчлүүлэх хүсэлт нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2018/01089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Б.НАРМАНДАХ