Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 1089

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 11 дүгээр хороо, 6 дугаар хэсэг, зайсан 47 дугаар байр, 27 тоот хаягт оршин суух, Халиугчин Пунцаг овогт Даваагийн Отгонцэцэг /РД: УХ90090663/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 3 дугаар хороолол, 72 дугаар байрны 26 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Осгонбаатарын Даваажаргал /РД: ЖЮ89110610/-д холбогдох 

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Болор-Эрдэнэ, хариуцагч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Отгонцэцэг миний бие 2008 онд О.Даваажаргалтай танилцан, 2013 оны 12 дугаар сараас хамтран амьдарсан. Нөхөр О.Даваажаргал нь өөр эмэгтэйчүүдтэй холбогдон байнга асуудал байсан хэдий ч бид 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ Чингэлтэй дүүргийн бүртгэлийн албанд батлуулж, 1125000752 тоот гэрчилгээ авсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 14-нд том хүү Д.Цэдэндорж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бага хүү Д.Сундуй нар төрсөн. Бидний хамтран амьдрах хугацаанд О.Даваажаргал нь байнга өөр эмэгтэйчүүдтэй холбогдохоос гадна түүний гэр бүлийнхэн буюу эгч, ээж, эмэгтэй дүү нар нь намайг чи Даваажаргалаас сал, тохирохгүй гэх маргааныг дэгдээдэг байсан, сүүлдээ О.Даваажаргал өөрөө намайг элдэвээр доромжлох болсноор бид цаашид хамтран амьдрах боломжгүй болж, би 2015 оны 4 дүгээр сард хүүхдүүдээ аван ээжийндээ амьдрах болсон. Үүнээс хойш бид дахин нийлээгүй бөгөөд хүүхдүүд маань одоо миний асрамжинд өсч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, том хүү Д.Цэдэндорж, бага хүү Д.Сундуй нарыг эх Д.Отгонцэцэг миний асрамжинд үлдээж, төрсөн эцэг О.Даваажаргалаас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бид дундын эд хөрөнгөний маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч О.Даваажаргалын шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие О.Даваажаргал нь Д.Отгонцэцэгтэй 2008 онд танилцаж, хамтран амьдарч байгаад 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Улмаар бидний дундаас 2012 оны 8 дугаар сарын 14-нд том хүү Д.Цэдэндорж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бага хүү Д.Сундуй нар төрсөн.

Биднийг хамт амьдарч байх хугацаанд Д.Отгонцэцэгийн ээж, эгч нар бидний амьдралд байнга оролцож ирсэн. Миний том хүү төрөхөд хүүгийн нэрийг хадам ээж надаас ч асуулгүй өгсөн. Бид тусдаа амьдарч байх үед хүүхдүүдтэй маань огт уулзуулдаггүй, хааяа нэг уулзаж авч өгсөн хувцсыг өмсүүлэхгүй, уутанд боогоод тавьдаг. Хамгийн сүүлд том хүүтэйгээ хамт хоноход өглөө нь гэрт дайрч орж ирээд шууд хүүг уйлуулаад хувцасласан бөгөөд хүү маань аавтайгаа жоохон хамт байя гэхэд нүүр рүү нь алгадаад аваад явсан. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.3-т Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжинд байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, харин том хүү Д.Цэдэндоржийг өөрийн асрамжиндаа авна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтэд Д.Цэдэндоржийн асран хамгаалагчаар эцэг О.Даваажаргал намайг тогтоох нь зүйтэй гэж дурдсан байгаа гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг нь хариуцагч О.Даваажаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч О.Даваажаргал нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн боловч том хүү Д.Цэдэндоржийг өөрийн асрамжинд авна гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Отгонцэцэг, хариуцагч О.Даваажаргал нар 2008 онд танилцан, 2013 оноос хамтран амьдарч, 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр том хүү Д.Цэдэндорж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр бага хүү Д.Сундуй нар төрсөн, тэд хоорондын тааламжгүй харилцааны улмаас 2015 оны 4 дүгэр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №1122002328, 1122000295 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч О.Даваажаргал нь өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэдтэй болсон тул гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна, харин шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар том хүү Д.Цэдэндоржийг миний асрамжид үлдээнэ үү гэх тайлбарыг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШЗ2017/10197 дугаар захирамжаар Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтэд эдийн засгийн боломж, байр орон сууц, эрхэлж буй ажил, сарын орлого, хүүхэд хүмүүжүүлэх арга барилын хувьд хүүхэд өсгөн хүмүүжүүлэх боломж нь ижил түвшинд байгаа тул О.Даваажаргалыг Д.Цэдэндоржийн, Д.Отгонцэцэгийг Д.Сундуйгийн хууль ёсны асран хамгаалагчаар тогтоовол хүүхдийн эрх зөрчигдөхгүй байж, сэтгэл санааны хувьд тайван амгалан, сурч боловсрох, өсч хөгжих бололцоогоор хангаж, орон байр, хувцас, санхүүгийн асуудлаар гачигдахгүй, эрүүл өв тэгж өсгөн хүмүүжүүлж чадах гэжээ.

 

Гэвч зохигчид 2015 оны 4 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа, тэр үеэс хойш том хүү Д.Цэдэндорж, бага хүү Д.Сундуй нар хамтдаа эх Д.Отгонцэцэгийн асрамжинд өсч байгааг харгалзаж ах, дүү нарыг тус тусд нь амьдруулах боломжгүй гэж үзэн хүүхдүүдийг эх Д.Отгонцэцэгийн асрамжинд үлдээж, эцэг О.Даваажаргалаас тэтгэлгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигчид эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй болохоо шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа дурдсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Халиугчин Пунцаг овогт Даваагийн Отгонцэцэг /РД: УХ90090663/, Боржигон овогт Осгонбаатарын Даваажаргал /РД: ЖЮ89110610/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Д.Цэдэндорж /РД: УЖ12281499/, хүү Д.Сундуй /РД: УЖ14210974/ нарыг эх Д.Отгонцэцэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 14-ны өдөр төрсөн хүү Д.Цэдэндорж, 2014 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр төрсөн хүү Д.Сундуй нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг О.Даваажаргалаас гаргуулан олгосугай.

 

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР