| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 103/2015/00060/И |
| Дугаар | 210/МА2018/01101 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2018/01101
| 2018 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 210/МА2018/01101 |
Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Гантөмөрийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Төрийн банк ХХК-ийн Багануур салбар, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт холбогдох
- Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тус тус тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх үндсэн,
- Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 248 872 066 төгрөг гаргуулахыг хүссэн Д.Алтангэрэлийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмаа
Хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Бадамханд
Хариуцагч Д.Алтангэрэлийн өмгөөлөгч: Ж.Цэцэгээ, Д.Алтантуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Б.Гантөмөр нь Их суудал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан. Ингээд 2013 оны 12 сараас хойш энэ компанийг цаашдаа бусдад худалдан борлуулах буюу зээлийн барьцаанд тавих асуудлаар Багануур дүүргийн иргэн Д.Алтангэрэлтэй харилцаж хоорондоо хэлцэл хийхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч Д.Алтангэрэл нь төлбөрийг бэлнээр хийх боломжгүй гэсэн тул талууд хоорондоо тохиролцож, 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хувьцаа, бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан. Үүний дараа Б.Гантөмөр нь Их суудал ХХК-ийг ямар нэг эрхийн зөрчил, өр төлбөргүй болгож шилжүүлж өгсөн. Гэтэл Д.Алтангэрэл нь төлбөрөө банкнаас зээл авч төлнө гээд Их суудал ХХК-ийг өөрийн нэр дээрээ шилжүүлж банкинд барьцаанд тавьж байгаад үлдэгдэл мөнгийг чинь төлнө гэж хэлсэн байдаг. Үүнээс хойш надтай уулзахдаа мөнгө зээлэх гэхээр компанийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай тэгвэл банк мөнгө олгоно гэсэнИнгээд үл хөдлөх хөрөнгийг худалдан авах тухай аман хэлцлүүд хийгдэж эхэлсэн. Б.Алтангэрэл 350 000 000 төгрөгөөр худалдаж авах болоод төлбөрийг нь төлөхөөр Төрийн банк-наас зээл хөөцөлдсөн. Зээл бүтэхгүй болонгуут эхний ээлжинд 50 000 000 төгрөгийг бэлнээр, 50 000 000 төгрөгт суудлын автомашин өгнө гээд компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн, зээл авч, үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хэлцэл хийгдсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийх гэхээр мөнгө байхгүй учир хувьцааг бэлэглэлийн гэрээгээр хийж, хариуцагч нар урьдчилгаа 50 000 000 төгрөг бэлнээр, 18 500 000 төгрөгт тооцож AUDI маркийн машин, мөн LX-470 маркийн машиныг өгнө гэж хэлээд хувьцаа бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн тойргийн нотариатч Рэнцэнханд дээр очиж байгуулсан. Үүнээс хойш мөнгө бүтэхээр өгнө, зээл аваад өгнө гэж явсаар 2014 оны 7 дугаар сар хүрсэн. Бид Д.Алтангэрэлд үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулсан утгатай мэдэгдлийг явуулахад, 2014 оны 12 дугаар сард хариуцагч Д.Алтангэрэл уулзан, зээл авах гээд хөөцөлдөж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байх шаардлагатай гэж байна, худалдах, худалдан авах гэрээ хийе гэсэн асуудлыг тавьсан. Д.Алтангэрэл, нэхэмжлэгч Б.Гантөмөрийн эрхийг зөрчиж, дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төрийн банкны Багануур салбарыг хамтран хариуцагчаар татсан байгаа. Төрийн банкны Багануур салбар Д.Алтангэрэлийн Б.Гантөмөрөөс шилжүүлж авсан хөрөнгийг зээлийн барьцаанд авч болохгүй гэдгийг мэдсээр байж зээл олгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.Энэ нь үндсэндээ худалдах, худалдан авах хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлж хийсэн бэлэглэлийн гэрээ байсан. Шүүх энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа учир Б.Гантөмөр нь компанийхаа эрх болон хувьцаагаа буцааж шаардах эрхтэй. Бэлэглэлийн гэрээг хийхдээ Б.Гантөмөрийг хуурч мэхэлж хийсэн гэдэг хүн өөртөө байгаа эд хөрөнгийг өөрийнхөө санасан, тохирсон хэмжээнд өгөхгүй байж хүнд хуурч мэхлээд эд хөрөнгөө өгчихнө гэхээр ойлгогдохгүй байна. Тэр хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлээд банкнаас зээл авахын тулд худалдах, худалдан авах хэлцэл гэж юм байх хэрэгтэй юм байна гээд энэ хэлцлийг хийсэн байдаг. Ямар учраас Төрийн банкны Багануур салбарыг энэ хэрэгт хариуцагчаар татсан бэ гэхээр бэлэглэлийн гэрээгээр шилжиж ирсэн эд хөрөнгөд зээл өгөх талаар банкны тухай хууль болон дотоод журамд байдаггүй учир Д.Алтангэрэл нь зээл авахын тулд худалдах, худалдан авах хэлцэл гэж байх хэрэгтэй байна гээд үүнийг хийсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтангэрэл шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Их суудал ХХК-ийн захирал Б.Гантөмөр өөрийнхөө компанийн хөрөнгө болох зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30 000 төгрөг гэж Д.Алтангэрэлд 50 ширхэг хувьцаа, Ц.Сэрдагвад 50 ширхэг хувьцааг тооцон, дээрх хувьцаа болон компаниа 350 000 000 төгрөгөөр үнэлж, худалдахаар тохирч, 2014 оны 1 дүгээр сарын 27-нд хэлцлийг байгуулсан. Б.Гантөмөр дээрх худалдсан үнийн урьдчилгаа болгон Д.Алтангэрэл надаас 100 000 000 төгрөг авч, үлдсэн 250 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үедээ төлөхөөр харилцан тохиролцсон. Их суудал ХХК одоо Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын нэр дээр байгаа бөгөөд татварын газарт Д.Алтангэрэлийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгч, Их суудал ХХК-ийн зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн, засвар үйлчилгээг хийсэн бөгөөд энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, 2014 оны 12 дугаар сард дуусаж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнөхөн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа тул Б.Гантөмөртэй хийсэн хэлцэлд дурдсан, ашиг орлого олоогүй болохоор одоохондоо өгөх ёстой 250 000 000 төгрөгөө өгч чадаагүй байгаа нь үнэн. Б.Гантөмөр бид нартай хийсэн хэлцэлдээ тодорхой хугацаа заагаагүй харин ашигтай ажиллахаар 250 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон. Энэ худалдаж авсан объект нь 6-7 жил үйл ажиллагаа явуулаагүй газар байсан. Тэгээд Алтангэрэл энэ объектэд засвар үйлчилгээ хийж, газрын тусгай зөвшөөрөл, баримт бичиг зэргийг хөөцөлдөж 2014 оны 1 сард хэлцэл байгуулсан, 12 сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Үйл ажиллагаа явуулсны дараа буюу 2015 оны 1 сараас Гантөмөр нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан бол засвар үйлчилгээ хийгээд үйл ажиллагаанд оруулсны дараа буцааж авна гээд байгаа нь илт залилах шинжтэй гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байгаа Үйл ажиллагаа явуулаад ашиг олохоор үлдэгдэл төлбөрөө төлнө гэдгийг нотариатаар батлуулчихсан хэлцэл байдаг, хэргийн материалд ч гэсэн байгаа. Б.Гантөмөр нь 2014 онд үйл ажллагаагаа явуулмаар байна хөрөнгө оруулалт хийх хүн байна уу гэсэн байдалтай байсан. Банкинд өөрийн компаниа тавиад зээл авъя гэхээр найдваргүй зээлдэгч болсон, зээл олдохгүй байна гээд Төрийн банкны Багануур салбар-ын захирал Д.Отгонбаатартай уулзаж явахдаа Б.Алтангэрэлтэй таарсан байдаг. Энэ компани нь маш их өр төлбөртэй, үйл ажиллагаа явуулаагүй удчихсан засвар үйлчилгээ маш их хийгдсэн. Ингээд хэвийн үйл ажиллагаатай болгонгуут эргээд авъя гэж байгаа нь хуульд нийцэхгүй бай тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Ц.Сэрдагва шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Их суудал ХХК-ийн захирал Б.Гантөмөр өөрийнхөө компанийн хөрөнгө болох зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30 000 төгрөг гэж Д.Алтангэрэлд 50 ширхэг хувьцаа, Ц.Сэрдагвад 50 ширхэг хувьцааг тооцон, дээрх хувьцаа болон компаниа 350 000 000 төгрөгөөр үнэлж, худалдахаар тохирч, 2014 оны 1 дүгээр сарын 27-нд хэлцлийг байгуулсан. Б.Гантөмөр дээрх худалдсан үнийн урьдчилгаа болгон Д.Алтангэрэл надаас 100 000 000 төгрөг авч, үлдсэн 250 000 000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үедээ төлөхөөр харилцан тохиролцсон. Их суудал ХХК одоо Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын нэр дээр байгаа бөгөөд татварын газарт Д.Алтангэрэлийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгч, Их суудал ХХК-ийн зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн, засвар үйлчилгээг хийсэн бөгөөд энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, 2014 оны 12 дугаар сард дуусаж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнөхөн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа тул Б.Гантөмөртэй хийсэн хэлцэлд дурдсан, ашиг орлого олоогүй болохоор одоохондоо өгөх ёстой 250 000 000 төгрөгөө өгч чадаагүй байгаа нь үнэн. Б.Гантөмөр бид нартай хийсэн хэлцэлдээ тодорхой хугацаа заагаагүй харин ашигтай ажиллахаар 250 000 000 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Төрийн банк ХХК-ийн Багануур салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Их суудал ХХК нь Төрийн банкны Багануур салбараас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 101 тоот барьцааны гэрээ байгуулан 85 000 000 төгрөгийг зээлийг Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэг 15 тоот хаягт байрлах 638,62 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 2 583 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан. Уг зээлээ 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг буцаан хүлээлгэн өгсөн. Их суудал ХХК нь Төрийн банктай ямар нэгэн хамааралгүй, өр төлбөргүй тул өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.
Хариуцагч Д.Алтангэрэл сөрөг нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Б.Гантөмөр дүр үзүүлж хийсэн хэлцлийг өөрөө санаачилж, анх Их суудал ХХК-ийг 350 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 100 000 000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болсон. Их суудал ХХК-ийг хүлээж авахад 2009 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баар, зоогийн газрын цахилгаан, дулаан, бохирын шугам, дээвэр зэрэг нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, газар өмчлөх эрх зөрчилтэй, 2006 онд үл хөдлөхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул удаан хугацааны туршид хөөцөлдөж, өр төлбөрийг төлөн, үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Энэ бүгдийг Б.Гантөмөр өөрөө маш сайн мэдэж байгаа. Дээрх обьектыг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд Төрийн банк, Бичил глобус ХЗХ-ноос зээл болон цалингийн зээл гээд нийт 140 588 740 төгрөгийн зээлээ одоо болтол төлж дуусаагүй, үндсэн зээл болон хүүг төлөөд явж байна. Мөн обьектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшилыг БНХАУ-аас очиж авч ирсэн ба нэхэмжлэлд БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн байгаа болно. Уг тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан. Б.Гантөмөр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирол нийт 267 667 561 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлээ хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэл байдаг. Хариуцагч Д.Алтангэрэл ... Б.Гантөмөрийг ашиг олсны татвар төлөхөөс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа ... анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой байсан гэх утга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба иргэн Б.Гантөмөр, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нартай байгуулсан хэлцлийн улмаас Б.Гантөмөрийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдсөн, иргэн Б.Гантөмөр өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон компанийн эрхээ бусдыг хуурч мэхэлж, бусдад шилжүүлэн, өөрөө өөрийгөө илт хохироох гэдэг асуудал байх боломжгүй. Мөн хариуцагч талаас нотлох баримтаар авчирч өгч байгаа баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй баримтууд байна. Өнөөдөр шинжээчийн дүгнэлтийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэж хэллээ. Шинжээч нь шүүгчийн захирамжаар хараат бус үнэлгээ хийж байгаа гэсэн үг юм. Энэ хэрэг 2014 оноос хойш ямар шалтгаанаар 4 жил үргэлжилсэн бэ гэхээр зөвхөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой, үнэлгээ хийх асуудлаар 4 жил үргэлжилсэн. Гэтэл өнөөдөр ямар шаардах эрхээр Б.Гантөмөрөөс хохирол учруулсан гээд шаардаад байгаа нь ойлгомжгүй байна. Их суудал ХХК-ийн гаргасан хөрөнгө гэсэн талаар баримт хэрэгт огт байхгүй, бараа материал авсан гээд баримт хавсаргасан боловч энэ нь дангаараа нотлох баримт болохгүй. Бусад баримтуудыг үзэхэд Их суудал ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамга тэмдэгтэй, эрх үүрэг хэрэгжүүлдэг, татварт тайлангаа өгдөг ийм хуулийн этгээд байгаа. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх нь тодорхойгүй, баримтууд нь Их суудал ХХК-иас гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Банкнаас авсан зээлийн хүүг Б.Гантөмөрөөс гаргуулах шаардлага нь ойлгомжгүй байна. Их суудал ХХК-ийг барьцаанд тавиад 85 000 000 төгрөгийн зээлийг Б.Гантөмөр хэрэглээгүй. Д.Алтангэрэл нь өнгөрсөн хугацаанд зээл авч үйл ажиллагаагаа явуулснаар ашиг орлого олж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бурмаагийн Гантөмөр, хариуцагч Боржигон овогт Доржсэмбээгийн Алтангэрэл, Бугаар овогт Цэндийн Сэрдагва нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтангэрэл,Төрийн банк-ны Багануур салбарын хооронд байгуулагдсан Зээл болон Барьцаат зээлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Төрийн банкны Багануур салбар биелүүлснийг баталж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс AUDI маркын УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54 950 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, хариуцагч нараас Их суудал ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гантөмөрт буцаан шилжүүлж,
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага 248 872 066 төгрөгөөс 104 411 024 төгрөгийг хангаж, үлдэх 144 461 042 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 2 498 150 төгрөг урьдчилан төлөхөөс 2 354 005 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 144 145 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулан улсын орлогод, хариуцагч нараас 350 000 000 төгрөгийн хэлцэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 907 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Гантөмөрт, хариуцагч Д.Алтангэрэлээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1 444 337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 104 411 024 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 680 005 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж хариуцагч Д.Алтангэрэлд, хариуцагч Төрийн банкны салбар Багануур салбараас улсын тэмдэгтийн хураамж 653 150 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт тус тус олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтангэрэлээс шинжээчийн ажлын хөлс 1 200 000 төгрөгийг гаргуулж Вендо ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, өмгөөлөгч О.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо:
... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийн баримтлан хэргийг шийдвэрлэх байтал Иргэний хуулийн 228 дугаар зүйлийг хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хариуцагчаас нэхэмжлэгчид өгсөн гэх 50 000 000 төгрөгийн талаар хэдийгээр бичгийн нотлох баримт байхгүй, энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй боловч талуудын тайлбараар нотлогдож буй тул шүүх ИХ-ийн 56 дугаар зүйл, 56.5 дахь хэсэгт зааснаар 50 000 000 төгрөгийг Б.Гантөмөрөөс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэнтэй маргахгүй. Харин хариуцагч нар 4 950 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үйл баримт нь нотлох баримтаар авагдаагүй, нотлогдоогүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 4 950 000 төгрөгийг Б.Гантөмөрөөс буцаан гаргуулахаас шийдвэрлэсэн нь үндэслэлгүй учир үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгээс 4 590 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллаааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ огт өөрчлөөгүй, харин 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдаанд шаардлагын хэмжээгээ 248 872 066 төгрөг болгон багасгасан. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх эсэх тухай шийдвэрлэхдээ "хүчин төгөлдөр хэлцэл хийсэн буруутай этгээд нь нэхэмжлэгч хариуцагчийн чухам хэн нь болох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлэх үүргээ биелүүлээгүй" энэ шалтгааны улмаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь илт хууль бус шийдвэр гэж үзэж нэхэмжлэгчээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай 50 000 000 төгрөгөөс гадна 54 411 024 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. .
Хариуцагчаас шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон гаргаж өгсөн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байсан. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу "Хөрөнгийн Үнэлгээний төв ХХК болон "Вендо"ХХК-иас "Их Суудал" клубт суурилуулагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүд болон засвар үйлчилгээ хийсэн үнэлгээг бодит байдалд нийсэн үнэлгээ" гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ "Их Суудал" ХХК-ийн клубт суурилагдсан гэх тоног төхөөрөмж хөдлөх эд хөрөнгүүд нь "Их Суудал" ХХК-ийн хөрөнгө мөн болох эсэх, мөн диско клубт 107 000 төгрөгийн үнэтэй ямар архины вокаль хундага байж болох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, эдгээр хөдлөх эд хөрөнгө болон тоног төхөөрөмж нь "Их Суудал" ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн тухай баримт огт байхгүй байхад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 32 477 704 төгрөгийг, " Их Суудал" ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдон гарсан зардалд 16 983 320 төгрөгийг, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад анх хоорондоо өгөлцөж авалцсан гэх 5 .000 000 төгрөгөөс гадна ямар баримтаар тогтоогдсон нь ойлгомжгүй 4 950 000 төгрөгийг нийтдээ 54 411 024 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж байна.
Нэгэнт хариуцагч нар иь " Их Суудал" ХХК-ийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулсан, тодорхой хэмжээний ашиг орлого олж байсан болохоо тайлбараараа нотолсон, мөн шүүхийн ажиллагааны журмаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад нэхэмжлэгч нь 16 983 320 төгрөгийг ямар үндэслэлээр хариуцагчид гарган өгөх нь ойлгомжгүй, мөн хариуцагчаас " Их Суудал" ХХК-д суурилуулсан гэх хөрөнгүүд нь бүгд салгаад аваад явах боломжтой хөдлөх эд хөрөнгүүд байхад нэхэмжлэгчээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн хууль бус байна. Талууд анхнаасаа худалдах худалдан авах гэрээ хийхээр тохирсон боловч хариуцагч нь шууд төлбөрөө төлөх мөнгөгүйн улмаас бэлэглэлийн гэрээ хийсэн нь талуудын тайлбараар тогтоогддог, тэр ч байтугай хариуцагч өөрөө энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээд сөрөг нэхэмжлэл гаргаад байхад ямар учраас нэхэмжлэгчийн дан ганц буруутай үйлдэл гэж шүүх үзсэн нь ойлгомжгүй байна. Иймд Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамтатган сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгээс 54 411 024 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс давж заалдах гомдолдоо:
... Нэхэмжлэгч, хариуцагч талууд харилцан тохиролцож 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр халхавчилсан бэлэглэлийн гэрээ хийсэн бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 заасны дагуу хийсэн цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Хэлцлийг хийсэн даруйдаа сөрөг нэхэмжлэл гаргагч тал болох Д.Алтангэрэл нь 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банкны Багануур салбараас 85 000 000 төгрөгний зээлийг "Их суудал" ХХК-ийн нэр дээр сарын 1,8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй авч үйл ажиллагаа нь бүр мөсөн зогссон, газар эзэмших эрхийн хугацаа дууссан, дулаан болон цахилгааны өрний улмаас дулаан цахилгаанаар хангагдах боломжгүй болсон, архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөршлийн хугацаа дууссан, бохирын худаг нь бөглөрсөн, тоног төхөөрөмж байхгүй, дээвэр нь нурж дусаал гоожсон, их засвар хийх зайлшгүй шаарлагатай объектыг авч дээрхи зээлийн мөнгөөр компанийн тусгай зөвшөөрөл, ус дулаан цахилгааны төлбөр, бар ресторанд тоног төхөөрөмж, их засварын ажил зэргийг хийж гүйцэтгэсэн. Үүнтэй холбоотой баримтууд нь 1 дүгээр хавтаст хэргийн 212, 214,167 дугаар хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 298-302 дугаар хуудас, мөн 1,2 дугаар хавтаст худалдан авсан эд хөрөнгө, барилгын материалын баримтууд тус тус авагдсан болно. Маргаан үүссэн цагаас хойш 3 удаа Д.Алтангэрэлийн "Их суудал" ХХК-д зориулан авсан бар рестораны тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгө, их засварын ажилд зарцуулсан мөнгөний үнэлгээг гаргуулсан. Хамгийн сүүлд буюу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хөрөнгө үнэлгээний "Вендо" ХХК-ийн үнэлгээгээр хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас хохирол учирсан он цаг буюу 2014 оны байдлаар 43 964 700 төгрөгөөр тоног төхөөрөмж хөдлөх хөрөнгийг үнэлсэн байтал шүүх 2017 оны элэгдэл хорогдол тооцсоноор 15 263 779 төгрөгөөр сөрөг нэхэмжлэлийн үнийн дүнд оруулан бодсон нь үндэслэлгүй. Учир нь хохирлыг талуудын хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн үнийн бодит тооцоогоор тогтоох нь хуулийн шудрага ёсны зарчимд нийцэх байсан. Иймд үнийн зөрүү болох 28 700 921 төгрөгийг шийдвэрт нэмэн оруулж өгнө үү.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс анх 2015 оны 3 дугаар сарын 25-нд сөрөг нэхэмжлэл гаргахдаа 267 667 551 төгрөгний нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 1 444 337 төгрөг төлсөн бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлага 247 540 183 төгрөг болон багассан байтал Төрийн банкны хүүд төлсөн 115 760 121 төгрөгт дүйцүүлэн дахин улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй байтал шүүх нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж тухайн хэрэгт хамтатган шийдвэрлээгүй нь үндэслэлгүй болсон. Иймд Б.Гантөмөрөөс анхан шатны шүүхийн шийдвэрээр хөрөнгө үнэлгээний "Вендо" ХХК-ийн "Их суудал" ХХК-д тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгөд зарцуулсан үнэлгээг 2017 оны байдлаар тооцож 15 263 779 төгрөг гаргуулсныг 2014 оны байдлаар 43 964 700 төгрөг тооцуулж зөрүүд 28 700 921, Төрийн банкны зээлийн хүүд төлсөн 115 760 121 төгрөг бүгд 144 461 042 төгрөгийг нэмж гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б.Гантөмөр нь хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт холбогдуулан 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Төрийн банк ХХК болон Их суудал ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас чөлөөлсөн шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Д.Алтангэрэл хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохиролд 248 872 066 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Гантөмөр хариуцагч Төрийн банкны Багануур салбар, Их суудал ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн барьцаалбараас чөлөөлсөн шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч биелүүлснийг батлуулах хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа бэлэглэлийн гэрээ, Их суудал ХХК-ийн хувьцааг худалдахтай холбоотой хэлцэл гэсэн гэрээнүүдийг бичгээр байгуулж, Их суудал ХХК-ийн хувьцааг хариуцагч Ц.Сэрдагва, Д.Алтангэрэл нарт 350 000 000 төгрөгөөр худалдаж, Их суудал ХХК-ийн эрхийг Д.Алтангэрэлд шилжүүлж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт хариуцагч нар нь урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг шилжүүлэх, үлдэх 250 000 000 төгрөгийг компани хэвийн үйл ажиллагаанаас ашиг олох үед төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх-ийн 22 тал/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...өөр хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан бичгийн хэлцлүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгүйгээр дурьдаж шийдвэрлэсэн нь зөрчилтэй байх тул уг үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй болно.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус байх хэлцлийн хүрээнд гаргаж, хариуцагч нар уг шаардлагын хүрээнд мэтгэлцэж, хариу тайлбар гаргасан, анхан шатны шүүх уг үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын мэтгэлцсэн хүрээ хязгаарын дотор үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэрээ байгуулснаас хойш хариуцагч Ц.Сэрдагва, Д.Алтангэрэл нар нэхэмжлэгч Б.Гантөмөрт 100 000 000 төгрөг өгөхөөс 50 000 000 төгрөгийг бэлнээр, Ауди маркийн 89-02 УНО улсын дугаартай автомашиныг 18 000 000 төгрөгт тооцон өгсөн, уг асуудлаар зохигчид маргаагүй болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... Гэрээний дагуу урьдчилгаанд 50 000 000 төгрөг авсан байхад шүүх илүү 4 950 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон гэсэн байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хэн аль нь гэрээний урьдчилгаанд 50 000 000 төгрөг өгсөн талаар тайлбарлаж байсан, түүнчлэн хариуцагч Ц.Сэрдагва, Д.Алтангэрэл нар 54 950 000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тохиолдолд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс автомашин, урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалттай нийцжээ. Талууд Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа бэлэглэлийн гэрээ-г хэн аль нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, өгсөн авсан зүйлээ буцаан шилжүүлж байгаа тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчээс тухайн компанид зарцуулагдсан болон хөрөнгө оруулалт хийсэн мөнгийг шаардах эрхтэй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг дээрх үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.
Талууд Их суудал ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтын үнийн дүнгийн асуудлаар маргаж, зохигчдын хүсэлтээр шинжээч томилсон байх бөгөөд шинжээчээр томилогдсон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн дүгнэлтэд ... үнэлэгдэж буй хөрөнгө болох Их суудал клубд хийгдсэн засвар нь барилгын төсвөөр тооцсоноор 17 213 925 төгрөг, тус клубд суурилагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцсоноор 2014 оны байдлаар 43 964 700 төгрөг, 2017 оны байдлаар элэгдэл хоргодол тооцсоноор 15 263 779 төгрөгөөр үнэлэгдлээ... гэж дурьджээ.
Анхан шатны шүүх Вендо ХХК-ийн дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс Их суудал клубын барилгад хийгдсэн засварын үнэ 17 213 925 төгрөг, тус клубд суурилагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгийн үнэлгээний элэгдэл хоргодол тооцсон дүн болох 15 263 779 төгрөг, мөн Их суудал ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал 16 983 320 төгрөг, нийт 49 461 024 төгрөгийг нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулан хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт олгож шийдвэрлэсэн нь зөв байна. /1хх-ийн 167, 5хх-ийн 136 тал/
Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд нэхэмжлэгч Б.Гантөмөр нь обьектэд хийсэн засвар, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлын үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас өгсөн, авсан эд зүйлийг буцаан гаргуулж шийдвэрлэхдээ хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 50 000 000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их суудал ХХК-д хөрөнгө оруулалт, засвар, үйл ажиллагааны зардал болон гэрээний үнийн урьдчилгаа гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Төрийн банкны Багануур салбараас авсан зээл, зээлийн хүүг хохиролд тооцон нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс гаргуулахаар давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм. Учир нь хариуцагч Д.Алтангэрэл болон Төрийн банкны Багануур салбарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг зээлийн гэрээний харилцааг нэхэмжлэгч Б.Гантөмөр, хариуцагч Ц.Сэрдагва, Д.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээтэй хамааруулан ойлгох боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Бурмаагийн Гантөмөр, хариуцагч Боржигон овогт Доржсэмбээгийн Алтангэрэл, Бугаар овогт Цэндийн Сэрдагва нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоосугай гэж,
3, 4 дэх заалтыг ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс AUDI маркын УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, хариуцагч нараас Их суудал ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гантөмөрт буцаан шилжүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 248 872 066 төгрөгөөс 49 461 024 төгрөгийг хангаж, үлдэх 199 411 042 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн,
3,4 дэх заалтыг нэгтгэн 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж, 8 дахь заалтыг 7 гэж, 9 дэх заалтыг 8 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430 005 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгсийн заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 880 255 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Ц.ИЧИНХОРЛОО