Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2017/00057

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                               

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 74 дүгээр байрны 09 тоотод оршин суух Ээлэгт овогт Бурмаагийн Гантөмөрийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Баялаг” хороолол 10 дугаар байрны  01 тоотод оршин суух Боржигон овогт Доржсэмбээгийн Алтангэрэл

Хариуцагч Хэнтий аймаг, Жаргалтхаан сум, Оонотын 3 дугаар гудамжны 05 тоотод оршин суух Бугаар овогт Цэндийн Сэрдагва

Хариуцагч Багануур дүүргийн “Төрийн” банкны “Багануур” салбарт холбогдох компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тус тус тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267.667.561.15 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Оюунтунгалаг, хариуцагч Ц.Сэрдагва, хариуцагч Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтантөгсийн өмгөөлөгч С.Өлзий-Отгон, хариуцагч “Төрийн” банкны “Багануур” салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өнөрцог, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өнөрцогийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ, нарийн бичгийн дарга Э.Шинэхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Нэхэмжлэгч Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 онд Б.Алтангэрэл, Я.Отгонбаатар нартай уулзахад компанийг бүхэлд нь худалдан авах санал тавьсныг би зөвшөөрсөн. Тэд нар “шууд худалдан авах бэлэн мөнгөгүй тул эхлээд компанийг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж аваад, дараа нь зээлийн барьцаанд тавьж, зээл авч надад мөнгө өгнө” гэж учирлан гуйсан.

Би тэдний гуйлтаар “Хувьцаа бэлэглэх болон компаний эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж, бүх эрхээ 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн 281 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн, Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын нэр дээр шилжүүлсэн.

          Дараа нь Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар “өнөө маргаашгүй гадаад, дотоодоос мөнгө орж ирэх гэж байгаа, хүлээж байгаарай, удахгүй мөнгийг чинь өгнө, зээл хөөцөлдөж байна” гэсээр 2014 оны 7 дугаар сар гаргасан.

          Үүнээс хойш надтай уулзахдаа “Мөнгө зээлэх гэхээр компанийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн байх шаардлагатай тэгвэл банк мөнгө олгоно гэсэн. Чи одоо бид нартай “ Худалдах, худалдан авах гэрээ” хийх шаардлагатай байна. Банк  компанийн үл хөдлөх хөрөнгийг хэдэн төгрөгөөр худалдан авсан гэрээгээ авчирч, үнийг тодорхойлж байж зээл ав гэсэн” гээд миний өмчлөлийн компанийг бүрэн шилжүүлж авсан бөгөөд төлбөр тооцоогоо дуусгаагүй байж төлбөрийг төлөхгүйгээр өөрсдийн болгох, санаа зорилгыг агуулсан байжээ.

           Тухайн үед Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт бэлэн мөнгө байгаагүй боловч би тэдэнд итгэж өөрийн эзэмшлийн компанийн эрхийг бага бус, асар их мөнгөөр үнэлэгдэх, үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлсэн. Гэвч миний эдийн засгийн хувьд хүндрэлтэй байсныг далимдуулан, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан мөнгөө, зээл авч байгаад төлнө” гэж гэрээ байгуулан төөрөгдүүлж, өнөөдрийг хүртэл хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зайлсхийж байх тул хуулинд заасны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Алтангэрэл, Ц.Сэрдагва нартай байгуулсан “Компаний эрх шилжүүлэх гэрээ” болон “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”, нийт хувьцааны үнэ 3.000.000 төгрөг болон “Төрийн” банкны “Багануур” салбар, Д.Алтангэрэл нарын хооронд хийгдсэн 101 дугаартай Зээл болон Барьцааны гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү, гэв.

          Хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Б.Гантөмөрийн гаргасан “Их Суудал” ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцааг бэлэглэсэн гэрээнүүдийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. “Их Суудал” ХХК-ийн захирал Б.Гантөмөр өөрийнхөө “Их Суудал” ХХК-ийн хөрөнгө болох зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30.000 төгрөг гэж Д.Алтангэрэлд 50 ширхэг хувьцаа, Ц.Сэрдагвад 50 ширхэг хувьцааг тооцон, дээрх хувьцаа болон компаниа 350.000.000 төгрөгөөр үнэлж, бид хоёрт худалдахаар тохирч, 2014 оны 01 дүгээр сарын 27-нд хэлцлийг байгуулсан.

Б.Гантөмөр дээрх худалдсан үнийн урьдчилгаа болгон Д.Алтангэрэл надаас 100.000.000 төгрөг авч, үлдсэн 250.000.000 төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үедээ төлөхөөр харилцан тохиролцсон.

“Их Суудал” ХХК одоо бидний нэр дээр байгаа бөгөөд татварын газарт Д.Алтангэрэлийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгч, “Их Суудал” ХХК-ийн зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлүүлэн, засвар үйлчилгээг хийсэн бөгөөд энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, 2014 оны 12 дугаар сард дуусаж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнөхөн үйл ажиллагаа эхлүүлэн ажиллаж байгаа тул Б.Гантөмөртэй хийсэн хэлцэлд дурдсан, ашиг орлого олоогүй болохоор одоохондоо өгөх ёстой 250.000.000 төгрөгөө өгч чадаагүй байгаа нь үнэн.    

Б.Гантөмөр бид нартай хийсэн хэлцэлдээ тодорхой хугацаа заагаагүй харин ашигтай ажиллахаар 250.000.000 төгрөгийг өгөхөөр харилцан тохирсон байгааг шүүх анхаарч үзнэ үү. Бид энэ тухай уулзаж, ярилцаж байгаад  эвлэрэх боломжтой.

Хэрэв эс эвлэрвэл, бид нар “Их Суудал” ХХК-ийн үндсэн хөрөнгө болох баар, зоогийн газарт засвар хийсэн зардал, урьдчилгаанд өгсөн 100.000.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргах болно, гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын хооронд хийгдсэн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Их суудал” ХХК-ийн “Хувьцаа бэлэглэлийн гэрээ” мөн “Компаний эрх шилжүүлэх” гэрээнүүдийг тус тус хүчингүйд тооцуулах, “Төрийн банк”-ны Багануур салбараас авсан 85.000.000 төгрөгийн Зээл болон Барьцаат зээлийн гэрээг хүчингүйд тооцуулж, Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст бүртгэхийг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс өмнө нь “Их суудал” ХХК-ийг худалдаа үйлчилгээний чиглэлээр баригдсан барилгыг барьцаанд тавих асуудлаар “Төрийн банк”-ны захирал Отгонбаатартай уулзахад найдваргүй зээлдэгч тул зээл олгох боломжгүй харин хамтран ажиллаж болно, объектыг чинь худалдаж авах хүн байгаа гээд хариуцагч Б.Алтангэрэлтэй уулзуулсан байдаг.

Ингээд үл хөдлөх хөрөнгийг худалдан авах тухай аман хэлцлүүд хийгдэж эхэлсэн. Б.Алтангэрэл 350.000.000 төгрөгөөр худалдаж авах болоод төлбөрийг нь төлөхөөр “Төрийн банк”-наас зээл хөөцөлдсөн. Зээл бүтэхгүй болонгуут эхний ээлжинд 50.000.000 төгрөгийг бэлнээр, 50.000.000 төгрөгт суудлын авто машин өгнө гээд компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн, зээл авч, үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хэлцэл хийгдсэн.

Худалдах, худалдан авах гэрээ хийх гэхээр мөнгө байхгүй учир хувьцааг бэлэглэлийн гэрээгээр хийж, хариуцагч нар урьдчилгаа 50.000.000 төгрөг бэлнээр, 18.500.000 төгрөгт тооцож “AUDI” маркийн машин, мөн “LX-470” маркийн машиныг өгнө гэж хэлээд “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-г 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Багануур дүүргийн тойргийн нотариатч Рэнцэнханд дээр очиж байгуулсан.

Үүнээс хойш мөнгө бүтэхээр өгнө, зээл аваад өгнө гэж явсаар 2014 оны 7 дугаар сар хүрсэн бөгөөд Б.Гантөмөр, бид нар өмнө нь хамтран ажиллаж байсан тул энэ асуудлаар бидэнд хандсан.

Бид Д.Алтангэрэлд үлдэгдэл төлбөрөө төлөхийг сануулсан утгатай “Мэдэгдэл”-ийг явуулахад, 2014 оны 12 дугаар сард хариуцагч Д.Алтангэрэл уулзан, зээл авах гээд хөөцөлдөж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байх шаардлагатай гэж байна, худалдах, худалдан авах гэрээ хийе гэсэн асуудлыг тавьсан боловч худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүй гэдгээ Б.Гантөмөр хэлсэн.

 Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа “Их суудал” ХХК-ийн хөрөнгө зээлийн барьцаанд тавигдсан эсэх талаар лавлагаа гаргуулахад “Төрийн банк”-ны Багануур салбарт 2014 оны 5 дугаар сард Зээлийн барьцаанд тавигдсан гэсэн албан бичиг ирсэн. Энэ лавлагааг үндэслээд, Зээл болон Барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Үндсэндээ Д.Алтангэрэл, нэхэмжлэгч Б.Гантөмөрийн эрхийг зөрчиж, дүр үзүүлсэн хэлцлийг байгуулсан.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төрийн” банкны “Багануур” салбарыг хамтран хариуцагчаар татсан байгаа. “Төрийн” банкны “Багануур” салбар Д.Алтангэрэлийн Б.Гантөмөрөөс шилжүүлж авсан хөрөнгийг зээлийн барьцаанд авч болохгүй гэдгийг мэдсээр байж зээл олгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, өгнө үү, гэв.

Хариуцагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд хохирлоо гаргуулж авмаар байна. Анх энэ гэрээг хийхэд ашиг орлого олж эхлэх үеэр үлдэгдэл мөнгийг өгнө гэж тохирсон. Бид маш их ажил хийж, банкнаас зээлүүд аваад, дөнгөж ашиглалтанд оруулаад байтал шүүхэд хандсан. Тухайн үед энэ байрыг ашиглаж болохооргүй, газар нь эрхийн зөрчилтэй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, дулаан, сантехник бүгд эвдэрсэн, барилгад их засвар хийхээр байсныг хийсэн.Бүгд мэдэж байгаа гэв.

Хариуцагч Ц.Сэрдагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлээд байх зүйл байхгүй гэв.

           Хариуцагч “Төрийн” банкны “Багануур” салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өнөрцог шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Алтангэрэл манай банкнаас Зээл болон Барьцааны гэрээ байгуулан 85.000.000 төгрөгийг авсан. Өнөөдрийг хүртэл гэрээ хүчин төгөлдөр байгаа бөгөөд зээлдэгч зээлээ хуваарийн дагуу төлөөд, одоо үлдэгдэл 16.000.000 төгрөг үлдсэн. Гэрээ хавар 5 сард дуусна. 3 сар гаруй үлджээ. Банк “Их суудал” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Зээлийн гэрээнд үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зах зээлийн ханшаар 70.000.000 төгрөгийн хөдлөх хөрөнгийг, банк 25.000.000 төгрөгөөр үнэлж, барьцаанд авсан ба үлдэгдэл зээлийг хөдлөх хөрөнгөөр хангуулж болно гэв.

Хариуцагч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Гантөмөр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Их Суудал” ХХК-ийн 50 ширхэг 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Д.Алтангэрэлд, 50 ширхэг 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг Ц.Сэрдагва нарт бэлэглэлийн гэрээ байгуулан шилжүүлэн өгсөн.

Анх бэлэглэлийн гэрээ хийх саналыг бэлэглэгч тал болох Б.Гантөмөр санаачилан, ашиг олсны татвар төлөхөөс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа. Б.Гантөмөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ уг бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчингүйд тооцож өгнө үү, гэжээ. Дүр үзүүлж хийсэн хэлцлийг өөрөө санаачилж, анх “Их Суудал” ХХК-ийг 350.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, 100.000.000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болсон.

“Их Суудал” ХХК-ийг хүлээж авахад 2009 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баар, зоогийн газрын цахилгаан, дулаан, бохирын шугам, дээвэр зэрэг нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, газар өмчлөх эрх зөрчилтэй, 2006 онд үл хөдлөхийн гэрчилгээний хугацаа дууссан байсан тул удаан хугацааны туршид хөөцөлдөж, өр төлбөрийг төлөн, үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

 Энэ бүгдийг Б.Гантөмөр өөрөө маш сайн мэдэж байгаа. Гэвч бидний үйл ажиллагаа огт жигдрээгүй, ашиг орлого олж чадаагүй, биднээс өчнөөн төгрөгийн зардал гарч, объектыг ажиллуулах боломжтой болонгуут гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь санаатай хууль бус, залилан мэхэлж байгаа үйлдэл.

Миний бие дээрх объектыг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд “Төрийн банк”, “Бичил глобус” ХЗХ-ноос зээл болон цалингийн зээл гээд нийт 140.588.740 төгрөгийн зээлээ одоо болтол төлж дуусаагүй, үндсэн зээл болон хүүг төлөөд явж байна. Мөн объектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшилыг БНХАУ-аас очиж авч ирсэн ба нэхэмжлэлд БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн байгаа болно. Уг тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан.

Б.Гантөмөр хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирол нийт 267.667.561.15 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү, гэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, эвлэрэн хэлэлцэхгүй. Хохиролд гаргасан засварын зардал, бусад зардлууд, зээл төлсөн мөнгөнүүдээ буцаан авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч Д.Алтангэрэл 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс “267.667.561.15 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэсэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Эрх нь зөрчигдсөн хэн ч нэхэмжлэл гаргах эрхтэй. Ямар үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй. Хууль бус хэлцлийн улмаас хохирсон, тийм учраас сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэж хэлж байна. Сөрөг нэхэмжлэл үндсэн нэхэмжлэлээ хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэл байдаг.

Хариуцагч Д.Алтангэрэл “...Б.Гантөмөрийг ашиг олсны татвар төлөхөөс зайлсхийж, намайг хуурч мэхэлсэн гэж үзэж байгаа.....анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой байсан...” гэх утга бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан ба иргэн Б.Гантөмөр, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нартай байгуулсан хэлцлийн улмаас Б.Гантөмөрийн эрх ашиг ноцтойгоор хөндөгдсөн, иргэн Б.Гантөмөр өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон компанийн эрхээ бусдыг хуурч мэхэлж, бусдад шилжүүлэн, өөрөө өөрийгөө илт хохироох гэдэг асуудал байх боломжгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч Б.Гантөмөр, хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт холбогдуулан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан, хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.    

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Төрийн” банк, “Их-Суудал’ ХХК-ийн хооронд байгуулсан “Зээл болон Барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийн барьцаалбараас чөлөөлсөн шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Багануур дүүргийн “Төрийн” банкны захирал Я.Отгонбаярыг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан бөгөөд шүүгч 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 572 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн буюу 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Б.Баярмаа Багануур дүүргийн “Төрийн” банкны захирал Я.Отгонбаярыг хариуцагч этгээд биш жинхэнэ хариуцагч болох Багануур дүүргийн “Төрийн” банкны салбарыг хариуцагчаар татах хүсэлт гаргасныг 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 952 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болно.

           Хариуцагч Д.Алтангэрэл 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Гантөмөрт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 267.667.561.15 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн аваад, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаад нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.

        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

          А.1.Нэхэмжлэгч Б.Гантөмөр 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын өмчлөлд 2005 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, улсын бүртгэлийн 2711001077 дугаартай, 2835738 регистрийн дугаар авсан, зоогийн газар, баарны үйлчилгээ эрхлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй, 3.000.000 төгрөгийн дүрмийн сантай, 1 гишүүнтэй “ Их суудал” ХХК-ийн өөрийн эзэмших нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн үнэтэй, 100 ширхэг хувьцааг, Д.Алтангэрэлд нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн 50 ширхэг , нийт 1.500.000 төгрөг, Ц.Сэрдэгвад нэг бүрийн үнэ 30.000 төгрөгийн үнэтэй 50 ширхэг, нийт 1.500.000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг бэлэглэн, “Их суудал” ХХК-ийн эрхийг Д.Алтангэрэлд шилжүүлж, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Их суудал” ХХК-ийн хувьцааг хариуцагч нарт 350.000.000 төгрөгөөр худалдаж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Гантөмөрт 100.000.000 төгрөгийг хариуцагч нар шилжүүлэх, үлдэх 250.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үед төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулсан “Хувьцаа бэлэглэлийн гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”,” Их суудал ”ХХК-ийн хувьцааг худалдахтай холбоотой хэлцэл, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, нотариатаар гэрчүүлсэн баримтуудаар тогтоогдож байна.

      2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийг зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд бодит байдалд талууд дээрх эрхүүдийг шилжүүлсэн боловч татвараас зайлсхийсэн, бэлэглэлийн гэрээгээр халхавчилагдаж буй 350.000.000 төгрөгөөр худалдсан “Их суудал” ХХК-ийн баар, зоогийн газарт хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй, хариуцагч Д.Алтангэрэл шүүхэд гаргасан тайлбартаа “...анх бэлэглэлийн гэрээ хийх санал, дүр үзүүлж хийсэн хэлцлийг бэлэглэгч тал болох Б.Гантөмөр өөрөө санаачилж, “Их Суудал” ХХК-ийг 350.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 100.000.000 төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болж, хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай гэж үзэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилж байна” мөн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтантөгс “ Бид нэхэмжлэгчээс хохирлоо гаргуулж авмаар байна. Өөр ярих зүйлгүй”, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Өлзий-Отгон “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч арай ингэж ярьж болмооргүй байна. Өмнөх шүүхийн хэлэлцүүлгийн үед ч тэр Б.Гантөмөр, та, хариуцагч нар тооцоо нийлж ярилцаад, бэлнээр 50.000.000 төгрөг, үүн дээр дахиад бэлнээр 3.500.000 төгрөг, дахин 500.000 төгрөгийг Б.Гантөмөрийн данс руу шилжүүлсэн. Б.Гантөмөр өөрөө эмнэлэгт намайг байхад 250.000, 700.000 төгрөгийг Д.Алтангэрэл авчирч өгснийг би авсан гэж хэлээд, хүлээн зөвшөөрдөг. Гэтэл баримт байхгүй юм чинь аваагүй гэж хэлэхэд яахав гэсэн хандлагаар хандах нь ёс зүйгүй үйлдэл. Эдгээр мөнгөнүүдийг нэхэмжлэгч компани шилжүүлж өгсөнтэй холбоотойгоор авснаа зөвшөөрдөг тул гаргуулна” гэх тайлбаруудаас дүгнэхэд талууд хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ.

           3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Д.Алтангэрэл, Багануур дүүргийн “Төрийн” банкны хооронд байгуулсан “Зээл болон Барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд шаардлага гаргасан боловч дээрх гэрээнүүдийг шүүх хүчингүй болгох үндэслэлгүй байна. Учир нь:

           2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Д.Алтангэрэл 85.000.000 төгрөгийг, тоног төхөөрөмж, тавилга, эргэлтийн хөрөнгө худалдан авах зориулалтаар, сарын 1.8 хувийн, жилийн 21.6 хувийн хүүтэй, 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусахаар зээлийн гэрээ байгуулж, өөрийн дансандаа мөнгийг шилжүүлэн авч, сар бүр үндсэн зээл, хүүгээ төлж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.

          Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд цаашид “зээлдүүлэгч” нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар “Зээлдэгч Д.Алтангэрэл гэрээний дагуу сар бүр зээлийн хүүгээ төлж, одоо 16.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй. Зээл 2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дуусна, 3 сар үлдлээ” гэх банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар, Багануур дүүргийн “Төрийн” банкны салбар, зээлдэгч Д.Алтангэрэл нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх ба шүүх болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа банкны эрх ашгийг хөндөж, шууд хөндлөнгөөс оролцон, талуудын хийсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

           Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Багануур дүүргийн “Төрийн” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Өнөрцог “Манай банк, зээлдэгч Д.Алтангэрэл нарын хооронд байгуулсан зээл болон барьцаат зээлийн гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. “Их суудал” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхөд татгалзах зүйлгүй. Энэ хөдлөх хөрөнгөөр үлдэгдэл зээлийг хангуулж болно” гэх тайлбарыг гаргасан тул хариуцагч “Их суудал” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрснийг батлах нь зүйтэй байна.

          Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1 дэх хэсэгт заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөр, Б.Галхүүгийн өмчлөлийн AUDI маркийн УНО89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54.950.000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, хариуцагч нар “Их суудал” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гантөмөрт буцааж шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Б. Нэхэмжлэгч Д.Алтангэрэлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

           1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно” гэж зааснаар хариуцагч Б.Гантөмөрөөс

            -”Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2015 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 328 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 69.072.441 төгрөг /2 дугаар хх-379 дүгээр хуудас/

            -“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 720 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр 24.811.000 төгрөг /4 дүгээр хх-28 дугаар хуудас/

            -“Их суудал” ХХК-тай холбоотой гарсан зардлуудын тооцоо 16.983.320 төгрөг /1 дүгээр хх-167 дугаар хуудас/      

            -Нэхэмжлэгч Д.Алтангэрэл өөрийн нэр дээр тоног төхөөрөмж, тавилга, эргэлтийн хөрөнгө худалдан авахаар, Багануур дүүргийн “Төрийн” банкны салбартай 85.000.000 төгрөгийн зээлийн /1 дүгээр хх-212, 214 дүгээр хуудас/ гэрээг 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 101 дугаартай байгуулсаны дагуу 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 10 удаагийн үйлдлээр төлсөн зээлийн төлбөрийн дүн 28.549.821 төгрөг, нийт 139.416.582 төгрөгийг хохиролд гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.                

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.354.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1.177.003 төгрөгийг гаргуулж Б.Гантөмөрт, хариуцагч Д.Алтангэрэлээс сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 139.416.582 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 855.033 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтангэрэлд, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай гүйцэтгэх хуудсаар Б.Гантөмөр зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 582.950 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээн, улсын төсвөөс 291.475 төгрөгийг, хариуцагч Багануур дүүргийн “Төрийн” банкны салбараас улсын тэмдэгтийн хураамж 291.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгохоор шийдвэрлэв.

          Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн “Их суудал” ХХК-ийн баар, зоогийн газрын гэрэл зургуудыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд бусад хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Доржсэмбээгийн Алтангэрэл, Бугаар овогт Цэндийн Сэрдагва нарт холбогдох компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байсан болохыг дурьдаж, хариуцагч Д.Алтангэрэл, “Төрийн банк”-ны “Багануур” салбарын хооронд байгуулагдсан “Зээл болон Барьцаат зээлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөр, Б.Галхүүгийн өмчлөлийн AUDI маркийн УНО89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54.950.000 төгрөгийг хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, хариуцагч нар “Их суудал” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гантөмөрт буцаасугай.      

          3.“Их суудал” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч Багануур дүүргийн “Төрийн” банк зөвшөөрснийг баталсугай.

          4.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 139.416.582 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 128.250.497 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дүгээр зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Гантөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2.354.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 1.177.003 төгрөгийг гаргуулж Б.Гантөмөрт, хариуцагч Д.Алтангэрэлээс сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 1.444.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан 139.416.582 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 855.033 төгрөгийг Б.Гантөмөрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Алтангэрэлд, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дугаартай гүйцэтгэх хуудсаар төлөх 582.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс 291.475 төгрөгийг, хариуцагч Багануур дүүргийн “Төрийн” банкны салбараас улсын тэмдэгтийн хураамж 291.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Гантөмөрт олгосугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.АРИУНАА