Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2020/02068

 

 

 

 

 

 

 

 

 

С ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02509 дугаар шийдвэртэй,

 

С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 190 938 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Буяндэлгэр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т ХХК нь манай компанитай хамтарч ажиллан тогтмол бараа бүтээгдэхүүн худалдан авч ирсэн бөгөөд 2019 оноос хугацаандаа төлбөрөө төлөхгүй төлбөрийн үлдэгдэл үүсгэсэн.

Харилцагч байгууллага төлбөрийн чадваргүй болсноо илэрхийлсэн ба төлбөрийг хувааж төлөх талаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу хариуцагч 23 028 768 төгрөг болсон. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлэхэд 19 988 768 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болохыг баталгаажуулсан. Энэ үнийн дүнгээс манай байгууллагад бүтээгдэхүүнээр төлсөн 1 797 830 төгрөгийг хасч, үлдэх 18 190 938 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Т ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр өр төлбөр барагдуулах гэрээний 23 028 768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэдэн төгрөгийн ямар бараа бүтээгдэхүүний өртэй байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өр барагдуулах гэрээнд Т ХХК-ийн захирал Ү.Нямсүрэн гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т ХХК-аас 18 190 930 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 248 905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр 18 190 930 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байгаагаас төлбөрүүд нь эргэлзээтэй байна. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 370 000 төгрөгийг, 1 379 480 төгрөгийг, 129 900 төгрөгийг, 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 9 270 000 төгрөгийг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2 208 880 төгрөгийн баримтууд нь манай байгууллагын төлбөрийн тооцоонд орсон байгаа нь эргэлзээтэй байх тул 13 358 260 төгрөг нь үндэслэлгүй байгааг хасч өгнө гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 190 930 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Т ХХК нь С ХХК-аас 2017 оноос хойш компьютер болон түүний дагалдах хэрэгслийг худалдан авч, төлбөрийг дараа төлөх нөхцөлөөр төлдөг байсанд талууд маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцооний үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж Т ХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн төлбөр 19 988 768 төгрөг, алданги 3 040 000 төгрөг, нийт 23 028 762 төгрөгийн өр төлбөртэй болсныг баталж нэхэмжлэгч талыг төлөөлж нягтлан бодогч М.Ундармаа, хариуцагч талыг төлөөлж захирал Ү.Нямсамбуу нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх29/

 

Мөн талууд 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өр барагдуулах гэрээг байгуулж, уг гэрээгээр Т ХХК нь С ХХК-д тооцооны үлдэгдлээр тодорхойлсон 23 028 762 төгрөгөөс бараа бүтээгдэхүүнээр төлөх 2 000 000 төгрөгийг хасч 21 028 768 төгрөгийн өр төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртлэх 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3012 дугаартай дүгнэлтээр талуудын хооронд байгуулагдсан энэ гэрээнд хариуцагч компанийн төлөөлөгч Ү.Нямсамбуу гарын үсэг зурсан болохыг тогтоожээ. /хх5-6, 75-77/

 

Хариуцагчийн төлөөлөгч гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлж үүргээ гүйцэтгэж дуусгасан гэх тайлбараа, мөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч дээрх баримтуудыг үндэслэн үндсэн төлбөр 19 988 768 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1 797 830 төгрөгийг хасч нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо хэргийн 39, 40, 41, 51 дүгээр талд авагдсан төлбөрийн баримтуудыг үндэслээгүй гэх боловч эдгээр баримтын огноо, тооцооны үлдэгдлийн баталгаа, өр барагдуулах гэрээ байгуулахаас өмнөх хугацаанд хамаарч байх тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хамааралтай баримт гэж дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэлээс хасч тооцох боломжгүй юм.

Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2020/02509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227 822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Э.ЗОЛЗАЯА