Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2020/02509

 

 

 

 

2020 08   12

184/ШШ2020/02509

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С ХХК /регистрийн дугаар: ../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .Т ХХК /регистрийн дугаар: .../-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.190.938 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Т ХХКнь манай компанитай хамтарч ажиллан тогтмол бараа бүтээгдэхүүн худалдан авч ирсэн бөгөөд 2019 оноос хугацаандаа төлбөрөө төлөхгүй төлбөрийн бөөгнөрөл үүсгэсэн. Харилцагч байгууллага төлбөрийн чадваргүй болсноо илэрхийлсэн тул манай зүгээс төлбөрийг хувааж төлүүлэх талаар 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БГ/19/131 дугаартай Өр төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу төлөх ёстой 23.028.768 төгрөгөөс 1.797.830 төгрөгийг бүтээгдэхүүнээр төлж барагдуулсан. Иймд үлдэх төлбөрийг талуудын хооронд байгуулсан Өр төлбөр барагдуулах гэрээ-ний 2.3-т заасан алдангийн хамт, нийт 26.243.088 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллага нь төлбөрийн чадваргүй болсон хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээд манай компани нь бүх алдангийн төлбөрөөсөө бүхэлд нь татгалзаж байна. Талууд 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж 19.988.768 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй болохыг баталгаажуулсан. Энэ үнийн дүнгээс манай байгууллагад бүтээгдэхүүнээр төлсөн 1.797.830 төгрөгийг хасаж, үлдэх 18.190.938 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т ХХКшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Т ХХКнь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр өр төлбөр барагдуулах гэрээ гэгчээр 23.028.768 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Ямар бараа, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүний өртэй байсан гэж үзэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байгаа тул 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өр барагдуулах гэрээний доод талын Т ХХК-ийн захирал Ү.Н гэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын тайлбар, шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХКнь хариуцагч Т ХХК-аас бараа бүтээгдэхүүний үнэ 18.190.938 төгрөг, алдангийн төлбөр 8.052.150 төгрөг, нийт 26.243.088 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 18.190.938 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрснөөр талууд маргажээ.

Нэхэмжлэгч С ХХКнь хариуцагч Т ХХК-д 2017 оноос хойш компьютер болон түүний дагалдах хэрэгслийг, дараа төлбөр төлөх нөхцөлөөр нийлүүлж байсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан Зарлагын баримт-уудаар тогтоогдож байна. Талуудын энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаанд хамаарна. /хх 30-53 дугаар тал/

Талууд гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийн талаар 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тооцоо нийлж, худалдан авагч Т ХХКнь нийт 19.988.768 төгрөгийн төлбөрийг төлөөгүй болохыг баталгаажуулжээ. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, уг төлбөрийг Т ХХКнь тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөх талаар нэмж тохиролцсон байна. /хх 5, 29 дүгээр тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд өөрийн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй байдаг ба хариуцагч Т ХХКнь худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой 19.988.768 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй. Харин нэхэмжлэгч тал уг төлбөрөөс 1.797.830 төгрөгийг хариуцагч төлсөн хэмээн тайлбарлаж байх тул 1.797.830 төгрөгийг 19.988.768 төгрөгөөс хасах нь зүйтэй.

Хариуцагч тал 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Өр төлбөр барагдуулах гэрээ-г үйлдээгүй гэх боловч уг гэрээнд хариуцагч компанийн төлөөлөгч гарын үсэг зурсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлийнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 3012 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. /хх 75-77 дугаар тал/

Мөн хариуцагч талаас, хавтаст хэргийн 38-42, 51 дүгээр талд авагдсан зарлагын баримтуудаар эд зүйлийг хүлээн аваагүй гэх боловч хариуцагч Т ХХК-ийн захирал Ү.Нямсүрэн нь хожим худалдан авалтаа баталгаажуулж, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Тооцооны үлдэгдлийн баталгаа баримт дээр гарын үсэг зурсан байна. /хх 29 дүгээр тал/

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч С ХХК

нь худалдах-худалдан авах гэрээний үүргийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Т ХХК-иас шаардах эрхтэй, талуудын тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 18.190.930 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүх хариуцагч Т ХХК-ийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хаягаар хурлын товыг хүргүүлсэн боловч хэн аль нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Т ХХК-иас 18.190.930 төгрөгийг гаргуулан С ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 248.905 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР