Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 971

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн Ж.А******* нэхэмжлэлтэй  

Хариуцагч: Монголын хуульчдын холбоонд холбогдох

“Ж.Алтангэрэлгомбыг хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын хуульчдын холбоонд даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 онд тухайн үеийн Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр сурч төгссөн. 1993 оноос 2014 он хүртэл цагдаагийн байгууллагад төрийн тусгай албан хаагчаар ажилласан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаанд буюу 2004 онд Хууль зүйн яамнаас хуулийн байгууллагад ажиллаж буй нийт албан хаагчдын дунд явуулсан сонгон шалгаруулалтад миний бие оролцож хуульчийн гэрчилгээ авсан бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломж үүссэн юм. Тухайн үед үйлчилж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн холбогдох заалтын дагуу давхар ажил эрхлэх хориотой байсан. Иймд Хууль зүйн яаманд миний бие хандаагүй. 2014 онд Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хуульчийн сонгон шалгаруулалтад орж батламж, гэрчилгээг авсан тус холбоонд гишүүнээр элсүүлж өгнө үү гэж хандахад Өмгөөлөгчдийн холбооны Тамгын газрын дарга “Таныг өмгөөлөгчдийн холбооны гишүүнээр элсүүлэх боломжгүй, та Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар хуульчийн гэрчилгээг 90 хоногийн дотор бүртгүүлээгүй байна” гэсэн хариуг өгсөн. Уг тайлбарыг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу өмгөөллийн үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл аваагүй. Хуульд зааснаар шалгалтад тэнцэж, батламж, гэрчилгээг авсан. Хуульд зааснаар Хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байх үндэслэл байгаагүй. Иймд иргэн миний хүсэлтийг хүлээн авч Хуульчдын холбоонд гишүүнээр элсүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Миний бие 2001 оноос 2003 онд Цагдаагийн академид суралцаж, хууль зүйн чиглэлээр  магистр цол хамгаалсан. Цагдаагийн байгууллагад 25 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгох учраас миний зорилго өмгөөллийн үйл ажиллагааг явуулъя, сурсан мэдсэнээ ашиглая гэсэн бодолтой байсан. Ийм учраас өмгөөллийн онол практикийн зарим асуудлаар хууль зүйн Магистр цол хамгаалсан. Одоо Хууль сахиулахын их сургуульд докторант цол хамгаалахаар судалгааны явцдаа явж байгаа. Мөн батламж, гэрчилгээг хүчингүй болгосон талаар албан ёсоор мэдэгдэх ёстой. Тухайн үед миний бие хөдөө орон нутагт сургалт хариуцан ажиллаж байсан учраас интернет, веб сайтад тавигдсан зарим мэдээллийг мэдээгүй байж болох юм. Надад эрх бүхий байгууллагаас мэдээлэл өгсөн бол одоо та бүхний ажлыг хүндрүүлэхгүй байсан. Монголын хуульчдын холбооны 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2/764 дүгээр хариунд “...Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь...90 хоногийн дотор гаргана” гэж заасан. “Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүйд...тооцно” гэсний дагуу одоогоор таныг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй болно” гэсэн хариу өгснийг эс зөвшөөрч танай шүүхэд нэхэмжлэл гаргав. 

Би 2004 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэсэн 00******* дугаар батламж, гэрчилгээ авсан. Уг гэрчилгээнд “...өмгөөллийн болон нотариатын үйл ажиллагаа эрхэлж тусгай зөвшөөрөл авах...сонгон шалгаруулалтад тэнцсэн тул энэхүү гэрчилгээг олгов” гэсний дагуу Монголын хуульчдын холбооны гишүүнээр элсэж өмгөөлөл болон хуульчийн гэрчилгээ авах эрхээ хэрэгжүүлэх гэж байхад Монгол хуульчдын холбоо нь хуульчийн гэрчилгээ эзэмшигч гэж одоо авах гэж байгаа гэрчилгээг авсан гэж ташаа олгож байгааг залруулж өгнө үү. 

Би 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш өмгөөлөгч болоход 1 жил өнждөг гэдэг хуулийн дагуу болон төрийн албаны хуульд багшлах болон эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхээс бусад албан тушаалын ажил  давхар гүйцэтгэхийг хориглоно гэсэн заалтаас болж 2015 оноос хойш хөөцөлдөж байсаар өдий хүрч байна. Энэ хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргах хууль зүйн үндэслэлгүй байсан. 

Мөн 2013 онд бүртгэл хийгдэж байх үед миний бие Хууль сахиулахын их сургуулийн сургалтын албанд дадлага хариуцсан ажилтнаар ажиллаж байсан учраас бүртгэл хийгдэж байгаа талаар мэдээгүй. Байгууллагын захиргаа холбогдох нэгжүүдэд хуульчдын бүртгэл хийгдэж байгаа талаар мэдээлэл өгөх ёстой. 

2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарахаас өмнө би хуульчийн гэрчилгээгээ авсан учраас тус хуульд холбогдолгүй гэж үзэж байгаа. Миний бие 2004 онд хуульчийн сонгон шалгаруулалтад орж, хуульчийн гэрчилгээ авах эрхтэй болсон. Тухайн үед төрийн албанд ажиллаж байсан. Хариуцагч хуульчийн сонгон шалгаруулалтад орж авсан батламж, гэрчилгээг хуульчийн гэрчилгээ гэж үзэж байна. Миний бие үүнийг шалгалтад орж тэнцэхэд олгосон батламж, гэрчилгээ гэж үзэж байна. Энэ шалгалтад орж тэнцсэн батламжаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулаагүй, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг би аваагүй төрийн албан хаагч хэвээр байсан. Шалгалтад орсон миний эрхийг хүчингүй болгоогүй. Би уг эрхээрээ Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элсэх боломжтой гэж үзэж байна гэжээ. 

Хариуцагч Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нар шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан этгээдийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх ажиллагааг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 2 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хооронд явуулсан. Үүний дагуу Хууль зүйн сайд /хуучин нэрээр/-ын 2013 оны А/101, А/111, А/134, А/147, А/160, А/163, А/168, А/176, А/180 тоот тушаалуудаар нийт 4478 хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг зохих журмын дагуу хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байдаг. Иргэн Ж.А******* хувьд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу 2004 онд хуульчийн гэрчилгээ авсан байх боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчдын шинэчилсэн бүртгэл явагдах үед уг бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлээгүй байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй,...тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно” гэж заасны дагуу иргэн Ж.А******* хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчдын шинэчилсэн бүртгэл явагдаж дууссаны дараагаар Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас 2013 оны 9 дүгээр сард зохион байгуулсан Хуульчдын Анхдугаар Их Хурлаас Монголын Хуульчдын холбоог үүсгэн байгуулсан. Тус холбоог байгуулагдсанаас хойш хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр нэр бүхий олон иргэдээс хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг ирүүлсэн байдаг. Иймд дээрх асуудлыг Монголын Хуульчдын холбооны дүрмийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд тус холбооны зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцээд, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй бусад иргэдийг хүсэлт гаргах эрхээр хангах хугацааг 30 хоногоор тогтоон, тэдгээрийн хүсэлтийг хүлээн авах, ирсэн хүсэлтүүдэд судалгаа хийж, холбогдох нотлох баримтыг үндэслэн хүн нэг бүрээр дүгнэлт гарган танилцуулж, нэг мөр эцэслэн шийдвэрлүүлэхийг тус холбооны Тамгын газарт даалгасан. Үүний дагуу тус холбооны Тамгын газраас 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй иргэдийн хүсэлтийг хүлээн авах тухай “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдын хүсэлтийг хүлээн авч байна” гэсэн гарчиг бүхий зар мэдээг цахим хуудас болон бусад өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн.

Тухайн үед хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр нийт 167 иргэн хүсэлт гаргасан байдаг бөгөөд эдгээрээс 148 иргэнийг тус холбооны зөвлөлийн 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн хурлаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг зөвшөөрч, зохих журмын дагуу бүртгэх ажиллагааг зохион байгуулахыг тус холбооны Ерөнхийлөгч болон Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл тус хугацаанд иргэн Ж.А******* нь мөн адил хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх асуудлаар тус холбоонд ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй байна. Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болсон, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй иргэдийн хүсэлтийг тус холбооноос хүлээн авах хугацаанд хүсэлтээ гаргаагүй иргэн Ж.Алтангэрэлгомбыг тус холбооны гишүүнээр элсүүлж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ж.А******* нь хуулийн хугацаанд болон сүүлийн 30 хоногийн хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй. Монголын хуульчдын холбоо байгуулагдаж, ямар нэгэн шийдвэр гарган бүртгүүлээгүй хуульчдын гэрчилгээг хүчингүй болгоогүй. Хуулийн дагуу гэрчилгээ хүчингүй болсон. Иймд манай байгууллага дахин бүртгэх боломжгүй юм. Тухайн үед төрийн тусгай, төрийн захиргааны ямар албан хаагч байснаас үл хамааран хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгэж, төрийн тусгай болон төрийн захиргааны албанд ажиллаж буй хуульчдын хүсэлтийн дагуу түдгэлзүүлсэн. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан, явуулаагүй байсан, төрийн албан хаагч байсан эсэхээс үл хамааран хуульчийн гэрчилгээ авсан бүх хуульчид нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн хуульчид өмгөөллийн үйл ажиллагаа явуулах бол ямар нэг шалгалтгүйгээр явуулах боломжтой болсон. Тэгэхээр нэхэмжлэгч нэгдсэн бүртгэлд материалаа бүрдүүлэн өгч бүртгүүлсэн бол Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломж байсан. Нэгдсэн бүртгэлд шүүгч, прокурор, өмгөөлөгч хэн ч байсан нэгдсэн бүртгэлд бүртгэж байсан. 

Мөн Хуульчийн гэрчилгээ болон Өмгөөлөгчийн гэрчилгээ нь 2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдахаас өмнө тусдаа гэрчилгээ байсан. Одоо ч тусдаа олгогдог гэрчилгээ байдаг. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, нэгдсэн бүртгүүлсэн хуульч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан иргэн хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх бөгөөд өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэх хүртэлх хугацаанд түүний өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл хүчинтэй байна гэсэн хуулийн заалт байдаг бөгөөд уг заалтын дагуу Өмгөөлөгчдийн холбоонд харьяалалтай, өмгөөллийн эрхтэй өмгөөлөгчид Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Өмгөөлөгчид нэгдсэн бүртгэлийн дугаар, Сайдын тушаал, өмнөх өмгөөлөгчийн гэрчилгээг зэрэг баримтыг бүрдүүлэн өгөөд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлж өмгөөллийн эрхийг хүчин төгөлдөр болгож байсан. Хуульчийн мэргэжлийн шалгалттай холбоотой хуулийн заалтад Хуульчдын холбооноос 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс албан ёсоор шилжсэн. Үүнээс өмнө батламж гэсэн ойлголт байгаагүй. Хуульчийн шалгалтад орж тэнцсэн бүх хуульчдад хуульчийн гэрчилгээг авч байсан. Хуучин хуульчийн гэрчилгээг нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд хураан авч, Хуульчдын холбоо байгуулагдсанаас хойш шинэ гэрчилгээг олгосон. Дээрх үндэслэлүүдээр иргэн Ж.А******* танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А*******, Монголын хуульчдын холбоонд холбогдуулан “Ж.Алтангэрэлгомбыг хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын хуульчдын холбоонд даалгуулах” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Нэхэмжлэгч Ж.А******* нь 2004 онд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож 00******* дугаар гэрчилгээ авч хуульчийн гэрчилгээ эзэмшигч болсон байна. 

2012 оны Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдан гарснаар уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” /цаашид “хуульчийн гэрчилгээ эзэмшигч” гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна”, 1.2 дахь хэсэгт “Хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно” гэж заажээ. Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргахаар хуульд тусгайлан зааж өгчээ. 

Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэхээр Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар Хуульчийн нэгдсэн бүртгэл хөтлөх түр журам батлагдаж, Хууль зүйн яам бүртгэлийг зохион байгуулжээ . Үүний дараа Монголын хуульчдын холбооны 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор  хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг 30 хоногийн хугацаанд хүлээн авч, 148 иргэнийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн байна . Гэтэл нэхэмжлэгч Ж.Алтангэрэгомбо нь дээрх хугацаанд хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй байна. 

Нэхэмжлэгч нь тухайн үед хүсэлт гаргаагүй үндэслэлээ төрийн тусгай албан хаагч байсан, гэрчилгээ хүчингүй болсон талаар надад мэдэгдээгүй, гэрчилгээ хүчингүй болоогүй, хууль батлагдан гарсан талаар мэдээгүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 21.1.3 дахь хэсэгт “Урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх” гэж заасан байх бөгөөд энэ нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахыг хориглосон заалт биш юм. Өөрөөр хэлбэл Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйл болон дээр дурдсан Хууль зүйн сайдын тушаалаар төрийн тусгай албан хаагчийг бүртгэхгүй гэсэн үндэслэл байхгүй, тухайн үед төрийн албан хаагч нарыг бүртгэсэн байна .  

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй, эсхүл хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно” гэж заасан бөгөөд хуулийн хугацаанд Ж.А******* хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрчилгээ нь хүчингүй болсон байх бөгөөд хуулийг мэдээгүй нь түүнийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх үндэслэл болохгүй юм. Түүнчлэн Хууль зүйн яам болон Монголын хуульчдын холбоо хуульчдыг нэгдсэн бүртгэлд бүртгэх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн, мөн хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон талаар хуульчийн гэрчилгээ эзэмшигчид мэдэгдэх үүрэг хуулиар хүлээгээгүй байна. 

Иймд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Ж.А******* 00******* дугаар гэрчилгээ хүчингүй болсон, тэрээр хуулийн хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.А******* “Ж.Алтангэрэлгомбыг хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын хуульчдын холбоонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ШҮҮГЧ                                          Л.ӨЛЗИЙЖАРГАЛ