Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 63

 

Ж.Алтангэрэлгомбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Батсүрэн, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч Ж.Алтангэрэлгомбо, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Даваасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал нарыг оролцуулан хийж, Ж.Алтангэрэлгомбын нэхэмжлэлтэй, Монголын Хуульчдын холбоонд холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0021 дүгээр магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэрээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Алтангэрэлгомбын “Ж.Алтангэрэлгомбыг хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын хуульчдын холбоонд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0021 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Алтангэрэлгомбо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэг: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар:

1. Алтангэрэлгомбо нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр цагдаагийн байгууллагуудад 1993-2014 он хүртэлх хугацаанд мөрдөн байцаагч, Хууль сахиулахын их сургуульд багш, ахлах багш зэрэг олон ажил гүйцэтгэж байгаад, Өмгөөллийн тухай болон Төрийн албаны, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу мөн 2004 оны 9 дүгээр сарын 28-ны 003-007 тоот шалгалтад тэнцсэн батламж /гэрчилгээ/-г үндэслэн нэг жил өнжиж Монголын Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж бүртгүүлэх тухай хүссэн өргөдлөө өгсөн байна.

2. Алтангэрэлгомбо нь дээрх өргөдлийг өгсний дараа маргааш нь очтол 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга нь албан тоот хариу гарсан гээд надад аль нэгэн тайлбар өгөлгүй бодит үнэн байдал болон миний бодож бичсэн тайлбар хүсэлтийг анхааралдаа аваагүйд гомдож шүүхэд хандаж гарах бус зорилгыг гаргуулж байна гэснээр би өмгөөлөгчөөр оролцсон юм. Иймд: а) Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ганболд хуульд зааснаар 14 хоног судалж хариу өгөх үүргээ яагаад гүйцэтгээгүй вэ?

  • ) Монгол Улсын шүүгч, прокурор, өмгөөлөгч гэсэн гурван субъектийг хариуцан өөд нь татах ёстой Монголын Хуульчдын холбоо нь Тамгын газрын даргаар /мэргэшсэн бус хүнээр/ хариу өгүүлэн өөрийнхээ байгууллагыг болон энгийн иргэнийг хохиролд учруулах нь зүйтэй эсэхийг шалгаж тогтооно уу.
  • ) Асуудлыг товчлов: 1, 2, шүүхийн хуралдааны тэмдэглэлийг бичмэлээр уншуулаагүй тул /мөн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны 0021 тоот/ тэмдэглэл, тогтоол, магадлалыг өмгөөлөгч надад өгөөгүй. /зөвхөн Алтангэрэлгомбо өөрөө өөрийнхээ магадлалыг уншуулангуут бичлээ/
  • ) Дээр бичсэнээр асуудлуудыг тодруулахад хавтаст хэрэг болон хавтаст хэрэгт байгаа мэтээр магадлалын тодорхойлох хэсгийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлэхийн хамт одоогийн хоёр гэсэнд бичих болно үүнийг анхааралдаа авна уу.

Хоёр: Төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн талаар:

2004 онд хуульч гэх хүнийг яах эсэх тухай сонгон шалгаруулалтад тэнцэж тухайн шалгаруулалтад оролцож тэнцсэн байна. 003-007 тоот гэрчилгээ авсан болно. Тэгтэл 003-007 тоот гэрчилгээ байсан байхад дээр дурдсан ажиллагаанууд болсон болохоор би харамсаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Алтангэрэлгомбоос “2004 онд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож хуульчийн 003007 дугаар гэрчилгээ эзэмшигч болсон тул уг хуульчийн гэрчилгээг үндэслэн Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элсүүлэх, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх” хүсэлтийг гаргасан, Монголын хуульчдын холбоо “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон, тус холбооноос хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй иргэдийн хүсэлтийг хүлээн авах хугацаанд хүсэлтээ гаргаагүй тул тус холбооны гишүүнээр элсүүлж, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй” хэмээн татгалзсан, талууд дээрх үндэслэлээр маргажээ. 

Нэхэмжлэгч Ж.Алтангэрэлгомбо нь “Хуульчдын холбоонд гишүүнээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гишүүнээр бүртгэхийг Монголын хуульчдын холбоонд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх уг шаардлагын хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцсэн байна. 

2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх”, 1.2-т “хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан “хуульч”-д тооцно”, 2 дугаар зүйлийн 2.1-т “Хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргана”, 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуулийн 2.1 дэх хэсэгт заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно” гэж тус тус заасан.

Хуулийн эдгээр зүйл, заалтын агуулгаас үзэхэд, Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан “хуульч” хуульчдын нэгдсэн бүртгэлд заавал бүртгүүлэх, бүртгүүлэхдээ төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон хугацаанд бүртгүүлэх, уг хугацаанд бүртгүүлээгүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцох, хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлснээр “хуульч”-д тооцох хуулийн зохицуулалттай байна.

Нэхэмжлэгч Ж.Алтангэрэлгомбо нь тухайн цаг хугацаанд, Хууль зүйн яам, Хуульчдын холбооноос зохион байгуулсан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, хүсэлтээ гаргаагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогджээ. 

Тодруулбал, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Хууль зүйн сайдын 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаалаар “Хуульчийн нэгдсэн бүртгэл хөтлөх түр журам” батлагдаж, тус яамнаас 90 хоногийн /2013 оны 4 дүгээр сарын 15-наас 2013 оны 7 дугаар сарын 15-ны хооронд/ хугацаанд шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулж бүртгэл явуулсан, мөн Монголын хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар тогтоолоор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдыг 2013 оны 12 дугаар сарын 16-наас эхлэн 30 хоногийн хугацаанд мөн бүртгэсэн байна.

Дээрх бүртгэлийн хугацаанд  Ж.Алтангэрэлгомбо нь бүртгэлд бүртгүүлээгүй, хүсэлтээ гаргаагүй байх тул мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар түүний хуульчийн гэрчилгээ хүчингүй болсон учир нэхэмжлэгчийн “миний хуульчийн гэрчилгээ хүчингүй болоогүй, уг гэрчилгээг үндэслэн хуульчийн бүртгэлд бүртгүүлэх эрхтэй” гэсэн гомдол, нэхэмжлэл үндэслэлгүй.

Иймд Монголын хуульчдын холбоо хууль зөрчиж нэхэмжлэгч Ж.Алтангэрэлгомбыг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хуульчдын холбоонд гишүүнээр элсүүлэх хууль зүйн боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Хуульчдын холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу Ж.Алтангэрэлгомбын шалгалтад тэнцсэн батламжийг үндэслэн хуульчдын холбооны гишүүнээр бүртгэж авах ёстой” гэж маргасан нь үндэслэлгүй, уг заалт нь 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу хуульчийн шалгалтад орох хүсэлт гарган, шалгалтад орж тэнцэн батламж авч, Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл шинээр гаргасан этгээдэд хамааралтай байна.  

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр, магадлал үндэслэлтэй тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 971 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 221/МА2017/0021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ                 

                        ШҮҮГЧ                                                                     Б.МӨНХТУЯА