Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00188

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2019/00188

 

 

 

 

 

 

 

 

 

 

О.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч О.Бийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ДЗ ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 193 251 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Батсайхан

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Баатарсайхан, М.Баяраа, М.Цэндсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэгч О.Б нь ДЗ ХХК-тай 2015 оны 6 дугаар сарын 10 өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг, сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай, орон сууцны зориулалттай 8 470 м.кв талбай бүхий баригдаж дуусаагүй барилгыг барьцаалж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2015/06/10А барьцааны гэрээг байгуулсан. Ласти интернешнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 000 төгрөгийг  Хаан банк дахь А.Лхагвасүрэнгийн 5076250424 дансанд 80 000 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банк дахь 474004877 дансанд 477 500 ам.доллар /ханш 1ам.доллар-1863,61 төгрөг/, 464004609 дансанд 250 000 000 төгрөг, 464004609 дансанд 150 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12 өдөр Хаан банкны 5076250424 дансанд 130 895 000 төгрөгөөр тус тус шилжүүлж өгсөн. 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДЗ ХХК нь нэмж 510 000 000 төгрөгийг зээлсэн тул 2015 оны 6 дугаар сарын 10 өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 510 000 000 төгрөгийг А.Лхагвасүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 464004609 дансанд шилжүүлж өгсөн. ДЗ ХХК нь зээлийн хүүнд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50 200 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 274 450 000 төгрөг, зээлдэгчээс санал болгосны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр, 515 м.кв талбай бүхий, 9 орон сууцыг 412 624 000 төгрөгт тооцож, 2017 оны 8 дугаар сарын 11 өдөр 10А байрны 8 тоот байрыг Ласти интернешнл ХХК-ийн хүсэлтээр барьцаанаас чөлөөлж, байрны үнэнд н.Дашдулам, н.Нарансүрэн нарын төлсөн 43 500 000 төгрөгийг авч, зээлийн хүүд тооцсон буюу нийт 780 774 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн. Одоо үндсэн зээл 2 010 000 000 төгрөг, хүү 1 183 251 000 төгрөг, нийт 3 193 251 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Барьцаалсан 8 470 м.кв талбай бүхий байрнаас зээлийн хүүд тооцож авсан 9 орон сууц, мөн н.Нарансүрэнгийн 8 тоот байр хасагдах бөгөөд барьцаанаас чөлөөлөөд өгөөч, мөнгийг нь танайд өгөх төлбөртөө өгнө гэж Ласти интернешнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн хэлсэн тул өөр 9 айлын байрыг барьцаанаас манайх чөлөөлөхөөр зөвшөөрсөн боловч байр худалдаж авсан мөнгийг Ласти интернешнл ХХК манайд өгөөгүй, биднийг хуурсан. Одоо Ласти интернешнл ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь байгаа 7 310 м.кв бүхий байраар зээлийн гэрээний үүргийг  хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ДЗ ХХК-ийн захирал Т.Чимэддулам шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

О.Бийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч Ласти интернешнл ХХК зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан. Зээлийн гэрээний үүрэгт 1160 м.кв талбай бүхий 20 байр өгч, 780 000 000 төгрөгийг төлсөн. Энэ нь зээлдүүлэгч О.Б барьцаанаас уг байруудыг чөлөөлсөн үйл баримтаар нотлогдоно. Барьцаалсан хөрөнгүүдээс нийт 21 байр чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгч өөрийн нэр дээр 9 байр, иргэдийн нэр дээр 9 байр, н.Нарансүрэн, н.Дашдулам гэж хүний нэр дээр 1 байр шилжсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 10А байрны 42 тоот орон сууц н.Энхжаргал, н.Отгонсүрэн гэсэн хүний нэр дээр шилжсэн байсныг О.Б шүүхийн журмаар өөрийн болгосон. Эдгээр байруудыг О.Б 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төлбөрөө бүрэн авч дуусаад, үлдэгдэл 7 310 м.кв талбай бүхий байрыг ДЗ ХХК-д гэрчилгээ авах эрхийг нээж өгсөн. О.Б, А.Лхагвасүрэн хоёр найз бөгөөд барилга барихын тулд хамтран ажилласан. Барилга барихад О.Бээс гадна н.Болормаа, Ц.Батаа, н.Дөлгөөн нараас мөнгө авсан байдаг. Ц.Батаа мөнгөө олж авч чадаагүй тул Ласти интернешнл ХХК-ийн үүсгэж байгуулагчийн эрхийг өөртөө шилжүүлж авч, ганц гишүүн нь болсон. Шилжүүлж өгөх үед А.Лхагвасүрэн өртэй гэдгээ хэлээгүй, өрөө дарсан гэж хэлсэн. Одоо А.Лхагвасүрэн олдохгүй байгаа. Одоо Ласти интернешнл ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх Т.Чимэддуламд шилжсэн байгаа. Зээлдүүлсэн гэх 510 000 000 төгрөгийг олгохдоо зээлдүүлэгч нь н.Ундармаа гэдэг хүний данснаас мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд тэр өдөртөө А.Лхагвасүрэнгийн данснаас н.Ундармаагийн данс руу буцааж мөнгө шилжүүлсэн байдаг тул А.Лхагвасүрэнгийн дансны хуулгыг банкнаас гаргуулмаар байна гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ласти интернешнл ХХК-иас 3 193 251 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож, Хариуцагч төлбөрийг сайн дураар эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлалтай, 10А, 10Б дугаартай орон сууцны зориулалттай барилгаас Ласти интернешнл ХХК-ийн өмчлөлд байгаа 7310 м.кв талбайтай бүхий орон сууцны хэсгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 16 194 405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16 194 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа давж заалдах гомдолдоо:

... "Ласти Интернэйшнл" ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 12-ноос 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 2 гишүүнтэй, А.Лхагвасүрэн 60 хувийн хувьцаа эзэмшдэг. Н.Лхагвабаатар 40 хувийн хувьцаа эзэмшдэг байсан. Гэтэл нэхэмжлэгч шүүх хуралд нэг гишүүнтэй компани байсан учир зээл олгож, захирлынх нь хувийн дансанд нь 2 100 000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч 2015 оны 6 дугаар сарын 10-нд хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнтэй үгсэн хуйвалдаж дүр эсгэсэн зээлийн болон зээлийн барьцааны гэрээг байгуулсан үйлдэл нь компаний тухай болон иргэний хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Компанийн бусад хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүй, их хэмжээний зээл авах хурлын шийдвэр гараагүй байхад нэхэмжлэгч их хэмжээний зээл олгосон байдал тогтоогдсон. Нэхэмжлэгч зээлийн гэрээний 3.1.4-д зааснаар зээлийн мөнгийг бэлэн бусаар буюу компанийн дансанд шилжүүлэхээр заасныг зөрчин хувь иргэн А.Лхагвасүрэнгийн хувийн дансанд зээлдүүлсэн мөнгөө шилжүүлж компанийн болон хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл нь хуйвалдааны шинжтэй байгааг шүүх тоггоож чадаагүй. Нэхэмжлэгч зээлийн нэмэлт гэрээгээр 510 000 000 төгрөгийг хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнгийн хувийн дансанд шилжүүлсэн дүр үзүүлээд 311 386 000 төгрөгийг нэхэмжлэгч тэр өдрөө С.Ундармаа гэгч иргэний дансаар буцаан авсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн аваагүй. Дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар иргэн А.Лхагвасүрэнгийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансны хууллагыг шүүхийн журмаар гаргуулах, мөн зайлшгүй шаардлагатай 1 500 000 төгрөгийн зээлийн зарцуулалтыг шалгах шаардлагатайгаар А.Лхагвасүрэнгийн дансны хуулгуудыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүх хоёр талын адил тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх боломжоор хангалгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчээс олгогдоогүй 311 386 000 төгрөгийг шүүх ханган шийдвэрлэсэн бөгөөд хүү, алданги тооцсон нь учир дутагдалгай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч ДЗ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 193 251 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... үндсэн зээлийн төлбөр 2 010 000 000 төгрөг, зээлийн хүү 1 964 670 төгрөг, нийт 3 974 670 төгрөг төлөхөөс хариуцагч байгууллагын төлсөн 780 774 000 төгрөгийг хасч, үлдэх 3 193 251 000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон байна.

 

Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 1 500 000 000 төгрөгийг сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах 8 470 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 1500 м.кв талбай бүхий газрыг тус тус барьцаалжээ. /1хх-ийн 6-10 тал/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч О.Б нь хариуцагч ДЗ ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч ДЗ ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 15/36 тоот хүсэлтээр зээлийн гэрээний мөнгийг үүсгэн байгуулагч А.Лхагвасүрэнгийн дансанд шилжүүлэх хүсэлтийг нэхэмжлэгч О.Бт гаргасан, мөн тоотын ард талд ерөнхий захирал А.Лхагвасүрэн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. /1хх-ийн 11 тал/

 

Нэхэмжлэгч О.Б зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох 1 500 000 000 төгрөгийг зээлдэгчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлж хариуцагч ДЗ ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу А.Лхагвасүрэнгийн Хаан банкны 5076250424 тоот дансанд 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 80 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 130 895 000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны 474004877 тоот дансанд 477 500 ам.доллар /1 ам.долларыг 1863,61 төгрөгөөр тооцон/, 464004609 тот дансанд 250 000 000 төгрөг, 150 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Зохигчид шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн асуудлаар маргаагүй. /1хх-ийн 12-13, 133 тал/

Мөн хариуцагч байгууллага 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 510 000 000 төгрөг нэмж зээлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, талууд 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулжээ. /1хх-ийн 14-15 тал/

Дээрх гэрээний 2.1.1-т зээлийн гэрээний 3.1.1-т заасан үлдэгдэл 1 500 000 000 төгрөгийн үнийн дүн дээр 510 000 000 төгрөгийг нэмж, нийт зээлийн хэмжээ 2 010 000 000 төгрөг гэж өөрчлөх, 2.1.2-т зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/10 тоот гэрээнд дурдсанаас бусад нөхцөл хэвээр мөрдөгдөнө гэж тус тус тохирсон байх бөгөөд зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн хийсэн байна. /1хх-ийн 16 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч байгууллага шүүхэд гаргасан тайлбартаа ...зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, зээлийн төлбөрт 20 байр өгсөн, 780 000 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Хариуцагч байгууллагаас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50 200 000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 274 451 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр барьцаа хөрөнгөөс 515 м.кв талбай бүхий 10А байрны 1, 37, 37, 57, 72, 10 байрны 4, 37, 38, 57 тоотууд болох 9 орон сууцыг 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцон 412 624 000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 10А байрны 8 тоот орон сууцыг чөлөөлж, н.Нарансүрэнгийн төлөх 43 500 000 төгрөгт тооцсон, нийт 780 774 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг. Харин хариуцагч байгууллага зээлийн гэрээний үүрэгт 20 ширхэг байр шилжүүлсэн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хэрэгт Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримт авагдсан байх бөгөөд 10А байрны 11, 24, 32, 41, 42, 50, 52, 66, 10Б байрны 5, 67 тоот 10 орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч О.Бт шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлээ ...311 386 000 төгрөгийг хариуцагч байгууллагад олгоогүй гэж зааж, нэмэлт гэрээгээр шилжүүлсэн 510 000 000 төгрөгийг н.Ундармаа гэх хүний данснаас шилжүүлээд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 311 386 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан байна. Хэргийн 17 дугаар талд бэлэн мөнгө хүлээлцсэн акт, Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн орлогын ордер авагдсан. Уг баримтаар 2015/06/10-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу нэмж 510 000 000 төгрөгийн зээл олгов гэсэн байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал 311 386 000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч тооцохыг зөвшөөрч тул анхан шатны шүүхийн шийвэрт уг үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иймд 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 311 386 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэнийг үндсэн зээлээс хасч тооцоход хариуцагч байгууллагаас үндсэн зээл 1 698 614 000 төгрөг, зээлийн хүүд 1 205 992 021 төгрөг, нийт 2 904 606 021 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн болон барьцааны гэрээг дүр үзүүлэн хийсэн, компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүй их хэмжээний зээл олгосон, А.Лхагвасүрэнгийн хувийн дансанд мөнгийг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэг авагдсан хариуцагч ДЗ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд уг компани нь нэг гишүүнтэй болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/03402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ласти интернешнл ХХК-иас 2 904 606 021 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 288 644 979 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...16 194 405 гэснийг ...14 680 980 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 1 721 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО