Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03402

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Дархан-Уул аймаг, Орхоны 1-р баг, Баян-Өлзийт 20 айл, 1-р гудамжны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШГ74050275, Боржигон овогт Отгонсүрэнгийн Батпүрэвийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, Дунд гол үйлчилгээний төвийн 403 тоотод байрлах, РД-5613914, Ласти интернэшнл ХХК-д холбогдох,

3 193 251 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, Б.Баатарсайхан, М.Баяраа, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяраа, хариуцагчийн өмгөөлөгч С.Тунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 3 193 251 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: О.Батпүрэв нь Ласти интернэшнл ХХК-тай 2015-06-10 өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг, сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13-р хороололд байрлалтай, орон сууцны зориулалттай 8470 м.кв талбай бүхий баригдаж дуусаагүй барилгыг барьцаалж, 2015-06-10 өдөр 2015/06/10А барьцааны гэрээг байгуулсан. 1 500 000 000 төгрөгийг Ласти интернешнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2015-06-11 өдөр Хаан банк дахь А.Лхагвасүрэнгийн 5076250424 дансанд 80 000 000 төгрөг, ХХБанк дахь 474004877 дансанд 477 500 ам.доллар/ханш 1ам.доллар-1863,61 төгрөг/, 464004609 дансанд 250 000 000 төгрөг, 464004609 дансанд 150 000 000 төгрөг, 2015-06-12 өдөр Хаан банкны 5076250424 дансанд 130 895 000 төгрөг/х.х-133/-өөр тус тус шилжүүлж өгсөн.

2015-11-03 өдөр Ласти интернэшнл ХХК нь нэмж 510 000 000 төгрөгийг зээлсэн тул 2015-06-10 өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. 510 000 000 төгрөгийг ХХБ дахь А.Лхагвасүрэнгийн 464004609 дансанд/х.х-17/ шилжүүлж өгсөн.

Ласти интернэшнл ХХК нь зээлийн хүүнд 2015-07-10 өдөр 50 200 000 төгрөг, 2015-11-04 өдөр 274 450 000 төгрөг, зээлдэгчээс санал болгосны дагуу 2017-03-17 өдөр 1м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцож, 515 м.кв талбай бүхий, 9 орон сууцыг 412 624 000 төгрөгт тооцож, 2017-08-11 өдөр 10А байрны 8 тоот байрыг Ласти интернешнл ХХКийн хүзсэлтээр барьцаанаас чөлөөлж, байрны үнэнд Дашдулам, Нарансүрэн нарын төлсөн 43 500 000 төгрөгийг авч, зээлийн хүүд тооцсон буюу нийт 780 774 000 төгрөгийг зээлийн хүүд төлсөн.

Одоо үндсэн зээл 2 010 000 000 төгрөг, түүний төөөлөх үүрэгтэй хүү 1 183 251 000 төгрөг, нийт 3 193 251 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй.

Иймд Ласти интернэшнл ХХК-иас зээл 2 010 000 000 төгрөг, зээлийн хүү 1 183 251 000 төгрөг, нийт 3 193 251 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?

Барьцаалсан 8470 м.кв байрнаас зээлийн хүүд тооцож, авсан 9 орон сууц, мөн Нарансүрэнгийн 8 тоот байр хасагдах бөгөөд, барьцаанаас чөлөөлөөд өгөөч, мөнгийг нь танайд өгөх төлбөртөө өгнө гэж Ласти интернешнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэн хэлсэн тул өөр 9 айлын байрыг барьцаанаас манайх чөлөөлөхөөр зөвшөөрсөн боловч байр худалдаж авсан мөнгийг Ласти интернешнл ХХК манайд өгөөгүй, А.Лхагвасүрэн биднийг хуурсан .Одоо Ласти интернешнл ХХК-ийн нэр дээр өмчлөх эрх нь байгаа 7310 м.кв байр байгаа.Иймд зээлийн гэрээний үүргийг дээрх барьцаалсан хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: О.Батпүрэвийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Ласти интернешнл ХХКомпани зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан. Зээлийн гэрээний үүрэгт 20 байр өгсөн. 780 000 000 төгрөг төлсөн. Энэ нь зээлдүүлэгч О.Батпүрэв барьцаанаас уг байруудыг чөлөөлсөн үйл баримтаар нотлогдоно.

Барьцаалсан хөрөнгүүдээс нийт 21 байр чөлөөлөгдсөн. Үүнээс нэхэмжлэгч өөрийн нэр дээр 9 байр, иргэдийн нэр дээр 9 байр, н.Нарансүрэн, н.Дашдулам гэж хүний нэр дээр 1 байр шилжсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 10А байрны 42 тоот орон сууц н.Энхжаргал, н.Отгонсүрэн гэсэн хүний нэр дээр шилжсэн байсныг О.Батпүрэв өөрийн мэдэлд шүүхээр авсан.Эдгээр байруудыг О.Батпүрэв 2017-08-02 өдөр төлбөрөө бүрэн авч дуусаад, үлдэгдэл 7310 м.кв талбайтай байрыг Ласти интернэшнл ХХК-д гэрчилгээ авах эрхийг нээж өгсөн. О.Батпүрэв, А.Лхагвасүрэн 2 найз бөгөөд барилга барихын тулд хамтран ажилласан.Барилга барихад О.Батпүрэвээс гадна Болормаа, Ц.Батаа, Дөлгөөн нараас мөнгө авсан. Ц.Батаа мөнгөө олж авч чадахгүйд хүрээд, Ласти интернешнл ХХК-ийн үүсгэж байгуулагчийн эрхийг өөртөө шилжүүлж авч, ганц гишүүн нь болсон. Шилжүүлж өгөх үед А.Лхагвасүрэн, өртэй гэдгээ хэлээгүй, өрөө дарсан гэж хэлсэн. Одоо А.Лхагвасүрэн олдохгүй байгаа. Одоо Ласти интернешнл ХХК-ийн гүйцэтгэх захирлын эрх Т.Чимиддуламд шилжсэн байгаа. Зээлдүүлсэн гэх 510 000 000 төгрөгийг олгохдоо зээлдүүлэгч нь Ундармаа гэдэг хүний данснаас мөнгийг шилжүүлсэн байдаг бөгөөд тэр өдөртөө А.Лхагвасүрэнгийн данснаас Ундармаагийн данс руу буцааж мөнгө шилжүүлсэн байдаг тул А.Лхагвасүрэнгийн дансны хуулгыг банкнаас гаргуулмаар байна гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, Ласти интернешнл ХХК-ийн хүсэлтүүд, мөнгө шилжүүлсэн баримтууд, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, шүүхийн шийдвэрүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орон сууц өмчлөгчийн гэрчилгээнүүд, харилцах дансны хуулгууд, О.Батпүрэвийн өргөдөлд өгсөн хариунууд, Монгол банкны ханшийн лавлагаа, хариуцагчаас ирүүлсэн төлбөрт өгсөн гэх байрны жагсаалт, Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн өмчлөгчийн талаарх лавлагаа, өмчлөгчийн гэрчилгээ, тус шүүхэд ирүүлсэн хариу, орон сууцны өмчлөх эрх олгох үндэслэл болгосон гэрээнүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Батпүрэв нь Ласти интернэшнл ХХК-тай 2015-06-10 өдөр зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 000 төгрөгийг сарын 4,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг, Дархан сумын 11-р баг, 13-р хороололд байрлалтай, орон сууцны зориулалттай 8470 м.кв талбай бүхий баригдаж дуусаагүй барилгыг барьцаалж, 2015-06-10 өдөр 2015/06/10А барьцааны гэрээг байгуулсан байна.

Зохигч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байгуулсан, 282 дугаар зүйлд заасны дагуу зээлд хүүг бичгээр тохирсон, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тохирсон байна.

Зээлийн гэрээний үүрэгт үл хөдлөх хөрөнгө болох дуусаагүй барилгыг барьцаалахдаа Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу барьцааны гэрээг бичгээр байгуулж, барьцааны үүргийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул үндсэн болон дагалдах гэрээнүүд хуульд заасан хэлуэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох 1 500 000 000 төгрөгийг зээлдэгчид өгөх үүргээ нэхэмжлэгч нь Ласти интернешнл ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнгийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 2015-06-11 өдөр А.Лхагвасүрэнгийн, Хаан банк дахь 5076250424 дансанд 80 000 000 төгрөг, ХХБанк дахь 474004877 дансанд 477 500 ам.доллар/ханш 1ам.доллар-1863,61 төгрөг/, 464004609 дансанд 250 000 000 төгрөг, 464004609 дансанд 150 000 000 төгрөг, 2015-06-12 өдөр Хаан банкны 5076250424 дансанд 130 895 000 төгрөг/х.х-133/-өөр тус тус шилжүүлэн өгч үүргээ биелүүлсэн байна.

2015-11-03 өдөр Ласти интернэшнл ХХК нь нэмж 510 000 000 төгрөгийг зээлэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч, 2015-06-10 өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг 2015-11-03 өдөр бичгээр байгуулан, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг дахин тохирч, 2015-06-10 өдрийн зээлийн гэрээний гол нөхцлөөр зээлдүүлэхээр тохирсон 510 000 000 төгрөгийг ХХБ дахь А.Лхагвасүрэнгийн 464004609 дансанд/х.х-17/ шилжүүлж өгсөн байх тул зээлдүүлэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

Хариуцагч Ласти интернешнл ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу зээлийг тус компанийн даснаар шилжүүлээгүй учир зээлийг аваагүй, 20 орон сууц өгч, зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч болон хариуцагч Ласти интернешнл ХХК-ийн захирал байсан А.Лхагвасүрэн нар найзууд байсан, Экокапитал ББСБ-аас зээл авсан зэргээр тайлбарлаж, маргаж, нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунжруулж, шүүх хуралдааныг олон удаа хойшлуулсан боловч тэрээр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх татгалзлуудаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед Ласти интернешнл ХХК нь А.Лхагвасүрэн гэсэн нэг гишүүнтэй хуулийн этгээд байсан байх бөгөөд 2017 оны 08-24 өдөр Ц.Батаа нь уг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн эрх үүргийг А.Лхагвасүрэнгээс шилжүүлэн авсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд хийгдсэн өөрчлөлтөөр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцах билээ.

 

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан татгалзаа нотлохоор Ласти интернешнл ХХК-ийн үүсгэн байгуулагчийн эрх үүргийг Ц:Батаад шилжүүлсэн А.Лхагвасүрэнг гэрчээр оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, түүний оршин суугаа гэх хаягаар удаа дараа мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч А.Лхагвасүрэн оршин суух хаягтаа оршин суухаа больсон байсан бөгөөд Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст иргэдээс гаргасан гомдлын улмаас эрүүгийн хэрэгт шалгагдахаар эрэн сурвалжлагдаж, олдоогүй байгаа нь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон болно.

Хариуцагч нь хаанаа оршин суугаа нь тодорхойгүй этгээдийг гэрчээр оролцуулахыг хүссэн байсан бөгөөд түүнийг гэрчээр оролцуулахыг хүссэн үндэслэл нь компанийн үүсгэн байгуулагчийн эрхийг шилжүүлэх өөр гэрээний үүрэгтэй холбоотой асуудалд хамааралтай байсан тул энэ хэргийн зохигчийн зээлийн болон барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг хэлэлцэхэд гэрчээр А.Лхагвасүрэнг оролцуулах шаардлагагүй байсан нь болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүд 2015-07-10 өдөр 50 200 000 төгрөг, 2015-11-04 өдөр 274 451 000 төгрөг, 2017-03-17 өдөр барьцааны хөрөнгөөс 515 м.кв талбай бүхий 10А байрны 1, 37, 38, 57, 72, 10Б байрны 4, 37, 38, 57 тоотууд болох 9 орон сууцыг 1 м.кв-ыг 800 000 төгрөгөөр тооцож, 412 624 000 төгрөг, 2017-08-11 өдөр 10А байрны 8 тоот орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж, Нарансүрэнгийн төлөх үүрэгтэй 43 500 000 төгрөгийг авч үүрэгт тооцсон буюу нийт 780 774 000 төгрөгийг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбараас хариуцагч дээрх орон сууцнуудаас гадна 10А байрны 11, 24, 32, 41, 42, 50, 52, 66, 10Б байрын 5, 67 тоот дахь 10 орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн буюу нийт 1160 м.кв талбайтай, 1 450 000 000 төгрөгийн үнэ бүхий 20 орон сууцыг төлбөрт шилжүүлсэн гэж, нэхэмжлэгчийн тайлбарын энэ хэсгийг эсэргүүцсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс 10А байрны 11, 24, 32, 41, 42, 50, 52, 66, 10Б байрын 5, 67 тоот дахь 10 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нотлох баримтуудыг гаргуулан авсан болно.

Бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн нотлох баримтаар зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж хариуцагч тайлбарлаж байгаа дээрх орон сууцнууд нь тус бүр Ласти интернешнл ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнд үндэслэн 10А байрны 11 тоот орон сууц Д.Өлзийжаргалын, 24 тоот орон сууц Б.Оюунбаатарын, 32 тоот орон сууц Д.Оюунчимэгийн, 41 тоот орон сууц С.Шинэбаатарын, 42 тоот орон сууц Д.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарын, 50 тоот орон сууц С.Шинэбаатарын, 52 тоот орон сууц А.Батмөнхийн, 66 тоот орон сууц С.Шинэбаатарын, 10Б байрын 5 тоот орон сууц Т.Чинбатын, 67 тоот орон сууц Б.Баасанжавын өмчлөлд тустус шилжсэн болох нь тогтоогдлоо.

Эдгээр 10 орон сууц дотроос 10 А байрны 42 тоот орон сууцыг Д.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарын өмчлөлд шилжүүлж бүртгэхэд бүртгэлийн байгууллага нь барьцаалуулагч О.Батпүрэв зөвшөөрөлгүйгээр, Ласти интернешнл ХХК 2017-08-02 өдөр гаргасан мэдүүлгийн дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ эдгээр хүмүүст олгож, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн заалтыг зөрчсөн болохыг Хууль зүй дотоод хэргийн яамнаас хийсэн шалгалтаар/х.х-119-122/ тогтоосон байна.Бусад 9 орон сууц нь барьцаалагч О.Батпүрэвийн зөвшөөрлөөр барьцааны үүргээс чөлөөлөгдсөн байх боловч зээлийн гэрээний үүрэгт хариуцагч шилжүүлэн өгсөн нь тогтоогдоогүй тул үүргээ биелүүлсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх шалтгаануудаар зээлийн гэрээний үүргийн барьцаа хөрөнгө болох 8470 м.кв талбай бүхий орон сууцнаас хасагдаж, хариуцагч Ласти интернешнл ХХК нь 7310 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрхтэй байгаа болох нь тогтоогдлоо.

Зээлийн гэрээний хугацаанд буюу 2017-06-10 өдрийг хүртэл хугацаанд 1 500 000 000 төгрөгийн зээлийн хүү 1 548 000 000 төгрөг, 510 000 000 төгрөгийн зээлийн хүү 416 670 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байгаагаас нэхэмжлэгч зээлийн хүүд тооцогдсон 780 774 000 төгрөгийг хасахад нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээл 2 010 000 000 төгрөгийг, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүд 1 183 251 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан үндэслэлтэй байна. Иймд мөнгөн төлбөрийн үүрэг шаардсан нэхэмжлэлийн хэсгийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зээлийн гэрээний үүргээ гэрээгээр тохирсон хугацаандаа хариуцагч биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид барьцаалсан хөрөнгийг худалдахыг хариуцагчаас шаардах эрх үүссэн байна.

Зээлийн гэрээний дагуу төлбөл зохих дээрх мөнгөн төлбөрийн үүргийг хариуцагч сайн дураараа эс төлбөл барьцаанд одоо байгаа хөрөнгө болох хариуцагч Ласти интернешнл ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй 7310 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж, үнээс үүргийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 16 194 405 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 16 194 405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.