Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00575

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00575

 

 

З.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01499 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч З.Ганчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр орон сууцанд нэвтрэн үзлэг хийсэн, орон сууц битүүмжилсэн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/02790 тоот шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа байрны өмчлөгч З.Ганчимэг миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүрэг, 2-р хороо, ТЗ-ын 26-р байр, 32 тоотыг битүүмжлэхдээ байрны өмчлөгч болох З.Ганчимэг намайг болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулахгүйгээр дур мэдэн явуулсан, байгаагүй 2 хүний нэрийг бичиж, миний эгчээр гарын үсэг зуруулсан.

Мөн миний байрыг хураан авсан тухай 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 16/511 тоот тогтоол гарсан болохыг мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177.1-д заасныг ноцтой зөрчин байрны үнийн талаар өмчлөгч надтай харилцан тохиролцоогүй байж үнэлгээчин томилсон. Уг үнэлгээчин нь байрны үнэлгээг тогтоохдоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа барилгын норм, стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй. Тухайлбал, манай 3 өрөө байрны талбайг хуучны 54 м.кв-аар тооцсоноос 20-иод м.кв дутуу тооцож хохироож байна. MNS 6058:2009 стандартын дагуу хэмжихэд орон сууцны талбай 75.02 м.кв болж байна.

Улмаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.09.19-ний 3/29545 тоотоор явуулсан анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг нэн даруй ирүүлээгүй бөгөөд мэдэгдээгүйгээс хугацаа алдан 2016.10.03-ны өдөр очиж авсан. 2016.10.05-ны өдөр дээрх мэдэгдэлд дурдсан анхны албадан дуудлага худалдааны доод үнийг эсэргүүцэн ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатарт гомдол гаргасан боловч Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/411 тоот тогтоолыг 2016.10.17-ны өдөр гаргасныхаа дараа 2016.10.26-ны 3/630 тоот албан бичгээр хариу өгсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн 2016 оны 5 сарын 18-ны өдөр орон сууцанд нэвтрэн үзлэг хийсэн, битүүмжилсэн ажиллагааг хууль зөрчсөн ажиллагаа болохыг тогтоож хүчингүй болгуулах, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.10.17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016.10.21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/02790 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан З.Ганчимэгийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Эрдэнэ-Очир, З.Ганчимэг нар үнийн санал өгөхөөс татгалзсан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг үнэлгээчнээр томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 80 630 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2016 оны 9 сарын 19-ний өдрийн 3/29545 тоот үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 9 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 10 сарын 28-ны өдөр үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 56 441 000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан орон сууцанд үзлэг хийсэн, битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 сарын 17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016 оны 10 сарын 21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай З.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийн 1 болон 2 дах заалтыг зөвшөөрөх боломжгүй. Учир нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцааны байрыг битүүмжилж, хураах болон үзлэг хийхдээ нэхэмжлэгчид мэдэгдээгүй бөгөөд өөрийг нь оролцуулаагүй. Мөн үнэлгээчин томилохдоо мэдэгдээгүй байхад шүүх хууль зөрчөөгүй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч З.Ганчимэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан орон сууцанд нэвтрэн үзлэг хийсэн, орон сууцыг битүүмжилсэн ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2015/02790 дугаар шийдвэрийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 102/ГХ2016/1248 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч Б.Эрдэнэ-Очир, З.Ганчимэг нараас 54 746 932,70 төгрөг гаргуулан төлбөр авагч Ариг банк ХХК-д олгох ажиллагаа явагдаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16/468 тоот тогтоолоор барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 32 тоот, 54 м.кв талбай бүхий 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205018707 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000009831 тоот гэрчилгээтэй орон сууцыг битүүмжилж, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 16/511 тоот тогтоолоор хураажээ /хх-ийн 29-30/.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-т шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа явуулахдаа ...эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, худалдан борлуулах ажиллагаа явуулж болохыг зохицуулсан байх тул шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан дээрх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх бөгөөд эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч заавал оролцуулах хуулийн шаардлага байхгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлд нийцсэн заасантай байна.

Төлбөр төлөгч Б.Эрдэнэ-Очир, З.Ганчимэг нар нь дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтооход үнийн санал өгөхөөс татгалзсан тул хариуцагч нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 26 дугаар байр, 32 тоот, 54 м.кв талбай бүхий 3 өрөө, улсын бүртгэлийн Ү-2205018707 дугаарт бүртгэлтэй, өмчлөх эрхийн 000009831 тоот гэрчилгээтэй орон сууцыг 80 630 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 34-36/

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолын дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнийн зах зээлийн үнийг тогтоосноор хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шинжээчийн үнэлсэн үнэлгээний 70 хувь буюу 56 441 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон, энэ тухай мэдэгдлийг нэхэмжлэгч З.Ганчимэг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан байна. /хх-ийн 37/

Хариуцагчийн явуулсан дээрх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдсэн үеэс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул энэ талаарх болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудсыг тухайн ажиллагааны талуудад мэдээлэл өгөх зорилготой баримт бичиг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн үнэ ханшийг харгалзан үзээгүй, хүчин төгөлдөр норм, стандартыг баримтлаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09ий өдрийн 181/ШШ2016/01499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ