Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00635

 

                                                    З.Ганчимэгийн нэхэмжлэлтэй,

                                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01499

дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 575 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : З.Ганчимэг,

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба,

Нэхэмжлэлийн шаардлага:  2016.5.18-ны өдрийн  битүүмжилсэн ажиллагаа хууль зөрчсөн болохыг тогтоолгох, 2016.10.17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016.10.21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Батхүүгийн  гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн 2015 оны 102/ШШ2015/02790 дугаар  шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа  өмчлөгч З.Ганчимэг миний эрхийг зөрчсөн.  Шийдвэр гүйцэтгэгч нь 2016.5.18-ны өдөр Баянгол дүүрэг, 2-р хороо, ТЗ-ын 26-р байр, 32 тоотыг битүүмжлэхдээ өмчлөгч З.Ганчимэг намайг болон хөндлөнгийн гэрчүүдийг байлцуулахгүй, байгаагүй 2 хүний нэрийг бичиж, миний эгчээр гарын үсэг зуруулсан. Мөн миний байрыг хураан авсан тухай 2016.6.08-ны өдрийн 16/511 тоот тогтоол гаргаснаа надад  мэдэгдээгүй. Иргэний хуулийн 177.1-д заасныг ноцтой зөрчин байрны үнийн талаар өмчлөгч надтай харилцан тохиролцоогүй байж үнэлгээчин томилсон. Уг үнэлгээчин нь байрны үнэлгээг тогтоохдоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа барилгын норм, стандартыг баримтлаагүй ба зах зээлийн үнэ ханш, байршил зэргийг харгалзан үзээгүй. Тухайлбал, манай 3 өрөө байрны талбайг хуучны 54 м.кв-аар тооцсоноос 20-иод м.кв дутуу байна. MNS 6058:2009 стандартын дагуу хэмжихэд орон сууцны талбай 75.02 м.кв болж байна.  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016.9.19-ний 3/29545 тоотоор явуулсан анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай мэдэгдлийг нэн даруй ирүүлээгүй бөгөөд мэдэгдээгүйгээс хугацаа алдан 2016.10.03-ны өдөр очиж авсан. 2016.10.05-ны өдөр дээрх мэдэгдэлд дурдсан анхны албадан дуудлага худалдааны доод үнийг эсэргүүцэн ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан боловч Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 10/411 тоот тогтоолыг 2016.10.17-ны өдөр гаргасныхаа дараа 2016.10.26-ны 3/630 тоот албан бичгээр хариу өгсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн 2016.5.18-ны өдөр үзлэг хийж  битүүмжилсэн ажиллагааг хууль зөрчсөн  болохыг тогтоож хүчингүй болгох,  2016.10.17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016.10.21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 1/

Хариуцагч хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 102/ШШ2015/02790 дүгээр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч Б.Эрдэнэ-Очир, З.Ганчимэг нар үнийн санал өгөхөөс татгалзсан тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг үнэлгээчнээр томилж, үнэлгээ тогтоолгоход орон сууцыг 80.630.000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2016.9.19-ний өдрийн 3/29545 тоот үнэлгээний мэдэгдлийг 2016.9.28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2016.10.28-ны өдөр үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь буюу 56.441.000 төгрөгөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177.4-т зааснаар хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.3-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх 25/

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01499 шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан орон сууцанд үзлэг хийсэн, битүүмжилсэн ажиллагааг хүчингүй болгуулах, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2016.10.17-ны өдрийн 10/411 тоот тогтоол, 2016.10.21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай З.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 55/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 575 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01499 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. /хх 69-70/

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр болон магадлал нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 37.3-ийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж буйд гомдолтой байна. Иймд, шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ. /хх 73, 74/

ХЯНАВАЛ:

З.Ганчимэг нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан  нэхэмжлэл гаргаж, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ажиллагаа /хх 29/ хууль зөрчсөн  болохыг тогтоож хүчингүй болгох, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10/411 тоот /хх 5/ тогтоол, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3/33607 тоот мэдэгдэл /хх 40/-ийг хүчингүй болгуулах шаардлага /хх 1/ тавьжээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан /хх 25/ байна.

Анхан шатны шүүх З.Ганчимэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр 102/ШШ2015/02790 дугаартай шийдвэр гаргаж /хх 27-28/ Б.Эрдэнэ-очир, З.Ганчимэг нараас 54.746.932 төгрөг гаргуулж Ариг банкинд  олгох, үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг, 2-р хороо,Төмөр замын 26-р байр, 34 тоот  3 өрөө орон сууцнаас хангуулахаар заасан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/02790 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ шийдвэрт заасан орон сууцыг  битүүмжилж, дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийснийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүйгээс маргаан үүсжээ.

З.Ганчимэг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны  102/ШШ2015/02790 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эс зөвшөөрсөн боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй буюу хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул тус шүүхэд гаргасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.    

Төлбөр төлөгч Б.Эрдэнэ-очир нь төлбөрийг 2016 оны 9 дүгээр сард багтааж төлнө гэх шалтгаанаар барьцааны хөрөнгийн үнийн талаар санал өгөхөөс татгалзсанаас /хх 31/  хариуцагч эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлжээ. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй бол эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан, хариуцагч хуулийн эдгээр зохицуулалтыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.  

Хөрөнгийн үнээлгээний төв ХХК Баянгол дүүргийн 2-р хороо, Төмөр замын 26-р байрны 34 тоот  орон сууцны үнийг  зах зээлийн аргаар тооцсон тул /хх 34/ “...орон сууцны талбайн хэмжээг 54.кв.м-р тооцсон...” гэх гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-г зөрчинө.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/01499 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 575 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.Ганчимэгийн төлөөлөгч Ж.Батхүүгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ