Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 36

 

Г.О, Л.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Г.О, Л.Э нарт холбогдох 1915001540086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2011 оны 1 дүгээр сарын 6-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сар хорих ял шийтгүүлсэн, Эмээлч овогт Г.О;

2.Монгол Улсын иргэн, 1982 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Тайж овогт Л.Э.

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Э нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудын нэгтгэж, нийт 2 жил 60 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 95 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Оын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Оын 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 14-нийг хүртэл цагдан хоригдсон 2 хоног, 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 7 дугаар сарын 18 хүртэл цагдан хоригдсон нийт 95 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор заасан. Гэтэл Г.О дээрх хугацаанаас гадна 2019 оны 3 дугаар сарын 14-нөөс 4 дүгээр сарын 12-ны өдрийн 18 цаг хүртэл 25 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь оруулж тооцоогүй, энэ талаар өмгөөлөгч тайлбарласаар байтал анхаарч магадлалд тусгаагүй нь Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн.

Хохирогч О.Б нь “нүдний эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа тул Г.Оаас эмчилгээний төлбөр 6.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж  анхан шатны шүүх хуралдаанд мэдүүлсэн ч “зайлшгүй” гэдэг нь баримтаар нотлогдоогүй, хэрэг гараад бараг жилийн хугацаа өнгөрсөн байхад үзүүлж эмчлүүлсэн баримтгүйгээс анхан шатны шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 222 дугаартай дүгнэлтэд “О.Бын биед шилээр засагдах хараа бууралт баруун нүдний хараа 0.25 зүүн нүдний хараа 0.5, энэ хараа бууралтыг гэмтлийн болон үйл ажиллагааны гаралтай эсэхийг одоогоор нарийвчлан тогтоох боломжгүй байна.” /хх-91/ гэснээс харахад цаашид 6.000.000 төгрөгийн эмчилгээ гарах нь эргэлзээтэй байна.

Г.О нь анхан шатны шүүх хуралдаан дээр мал ахуйгаа зарж эмчилгээндээ зарцуулахыг зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Гэтэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хорих ялын санкцгүй байхад давж заалдах шатны шүүх магадлалдаа “шүүгдэгч Г.О нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол 950.000 төгрөгийг хохирогч Г.Эд төлж барагдуулсан боловч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Быг удаа дараа зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч О.Б нь хохирол төлбөрт 6.000.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулаагүй байх тул Г.От оногдуулсан 2 жил 2 сарын ялыг хөнгөрүүлэн үзэх боломжгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хулгайн хэрэгт оногдуулсан 2 жилийн хорих ялын хувьд хохирол төлбөргүй, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан ял хөнгөрүүлж өгнө үү гэсэн гомдлыг О.Бын хүсэлтээр хүлээж аваагүй. Г.О нь 2018 оны 10 дугаар сараас хойш гэр орондоо очоогүй, очихоор цагдаа дуудаж өгдөг, өнгөрсөн хугацаанд Г.Оын нэр дээр данстай 300 шахам мал, бусад эд хөрөнгө О.Бын мэдэлд байсан, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэргийн шүүхээр гэрлэлт цуцлуулж, дээрх эд хөрөнгө түүний өмчлөлд шилжсэн.

Дээрх нөхцлийг анхааран үзэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрийн үйлдлээ ойлгон гэмшиж байгаа байдлыг харгалзан ял шийтгэл хатуу чангадаа бус, оновчтой байх зарчмын дагуу Г.От Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг амьдралын аргагүй байдлын улмаас хулгайлсан, хохирол төлбөргүй, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан хорих ялын доод хэмжээгээр өөрчилж, бусад ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч М.Даваасүрэн хэлсэн саналдаа: “Г.Оын үйлдсэн мал хулгайлах хэргийн хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн. Гэтэл гэр бүлийн хамаарал бүхий О.Б нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Г.Оын хувьд 30 гаруйхан настай, хоёр хүүхэдтэй хүн бөгөөд амьдралын нөхцөл байдал, гэр бүлийн таарамжгүй харьцаанаас болж анх удаа гэмт хэрэгт холбогдож, улмаар хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж, хохирлоо нөхөн төлсөн. Дээрх дурдсан нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Г.О, Л.Э нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх хэргийг яллах дүгнэлтэд үндэслэж шийдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохоор заасан. Гэтэл яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох эсэхийг тодорхой бичээгүй. Өөрөөр хэлбэл Г.О нь О.Б, Л.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг тодорхой бичээгүй нь хуульд заасан шаардлага хангаагүй байна. Харин сарлаг хулгайлсан үйлдлийг тодорхой бичжээ. Г.Оын Л.Эыг зодсон үйлдлийг тусад нь зүйлчилсэн боловч Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр заалтаар хүндрэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.О, Л.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Сайхан сумын нутаг “Тогоо тал” булаг гэх нэртэй газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр О.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

мөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн нутагт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр О.Бын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 

мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Л.Эы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, 

мөн 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэх газраас иргэн Г.Эын сарлаг үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Г.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос шүүгдэгч Г.Оыг 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Дундат” гэх газраас иргэн Г.Эын сарлаг үхрийг хулгайлж 950.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд тухайн гэмт хэрэг 2019 онд үйлдэгдсэн болох нь хохирогч Г.Э /2хх-59/,  гэрч Д.Н /2хх-61/, Ш.О /2хх-63/, С.Т /2хх-68/, Б.Б /2хх-73/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-44/ болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар  хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар оролцогчид маргаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх гэмт хэргийг 2018 онд үйлдэгдсэн гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан нь шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй бөгөөд хяналтын шатны шүүх хуралдаанаас дээрх техникийн шинжтэй алдааг зөвтгөж дүгнэх нь зарим гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар хууль дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой гэж үзэв.

Тухайлбал, шүүгдэгч Г.Оын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа нь 2019 оны 4 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр тасарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг тус бүрд шинээр тоологдож эхэлсэн тул шүүгдэгч Г.От холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин шүүгдэгч Л.Эы хувьд түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй бөгөөд тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч Л.Эы 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Г.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээс хойш хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь зөв боловч шүүгдэгч Г.Оын хохирогч О.Б, Л.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан хэргийг Эрүүгийн хууулийн 11.6 дугаар зүйлийн 2 болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилж, ял оногдуулсан нь буруу байна.

Учир нь хууль тогтоогч “хоёр, түүнээс олон хүнийг алсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан бөгөөд энэхүү гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь нэг цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан байхаас гадна өөр цаг хугацаа, орон зайд нэг сэдэлтээр, эсхүл тус тусдаа үүссэн өөр сэдэлтээр хоёр, түүнээс олон хүнийг алсан үйлдлийн аль алиныг хамааруулан ойлгоно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол тухайн хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэх бөгөөд хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6-д заасан “хоёр, түүнээс олон хүнийг алсан” гэх хүндрүүлэх шинжтэй ижил агуулгаар буюу “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэсэн шинжээр тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчилж, холбогдох хуулийн заалтыг тайлбарлан хэрэглэх нь зүйтэй.

Иймд прокуророос шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилж, анхан шатны шүүхээс Г.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж, харин Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг хянаж үзэхэд шүүгдэгч Г.Оын үйлдсэн гэмт хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгэх, нотлох баримтыг бэхжүүлж, үнэлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Оын эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа бусдын хээлтэй үнээг /сарлаг/ бэлчээр дээрээс хулгайлан нядалж, махыг нь тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж, бусдад худалдан 800.000 төгрөгийг ашиг олсон үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, улмаар нэмж нэгтгэсэн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон бөгөөд шүүх тухайн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч Г.О нь 2018 оны 10 дугаар сарын 12-ноос 14-нийг хүртэл 2 хоног баривчлагдаж /2хх-119/, 2019 оны 4 дүгээр сарын 16-наас 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 93 хоног цагдан хоригдсоноос /3хх-61/ гадна 2019 оны 3 дугаар сарын 14-нөөс /1хх-231/ 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийг /2хх-20/ хүртэл 29 хоног цагдан хоригдсоныг анхан шатны шүүх түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан байх тул энэ талаар өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “цагдан хоригдсон 124 хоногийг” гэсэн зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, энэхүү тогтоолд заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоол болон Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар магадлалын тогтоох хэсэгт:

“Прокуророос шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсүгэй”,

 “Шүүгдэгч Л.Эд холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг тус тус нэмж,

 Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад:

“Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар…”,

мөн “шүүгдэгч Л.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй” гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож,

“Шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг хэвээр үлдээж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоног хорих ялаар сольж, уг ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

Тогтоох хэсгийн 5 дахь заалтад “2 жил 60 хоногийн” гэснийг “2 жил 1 сар” гэж,

Тогтоох хэсгийн 6 дахь заалтад “цагдан хоригдсон 95 хоногийг” гэснийг “цагдан хоригдсон 124 /нэг зуун хорин дөрөв/ хоногийг” гэж тус тус өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН