Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 117/2017/0015/З |
Дугаар | 221/МА2018/0290 |
Огноо | 2018-05-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2018/0290
2018 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 221/МА2018/0290 | Улаанбаатар хот |
Б.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо, хариуцагч Э.Ч, хариуцагчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Т-ын нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар:
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо давж заалдах гомдолдоо:
“ ...Миний үйлчлүүлэгч Б.Т нь Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цапинг гаргуулж, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь хэт нэг талыг барьсан, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Үүнд:
1. Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалын гол үндэслэх хэсэг нь Б.Т-ыг 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус газар эзэмших гэрчилгээний мөнгийг тушаалгаагүй гэрчилгээ олгосон гэсэн үндэслэл байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн
Нэгд: “Б.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Б.Бат-очирын газрын болон гэрчилгээний үнийг түүний нэрийн өмнөөс өөрөө банкинд тушааж түүний хувийн хэргийг нөхөж бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ. Энэ нь Б.Т-ын хувийн хэргийн материалыг мөн л 2013 онд бүрдүүлэх ёстой байсан эдгээр бүрдүүлэх материалд нь газрын хураамж төлбөрийг төлүүлэх ёстой байжээ. Үүнээс харахад уг зөрчил нь 2013 онд үйлдэгдсэн бөгөөд тухайн газрын төлбөрийн гэрчилгээг гаргах үед төлүүлэх үүрэгтэй байсан байна. Мөн улсыг хохиролгүй болгох зорилгоор 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр уг газар эзэмших гэрчилгээний төлбөрийг нөхөж төлсөн нь 2013 онд гарсан зөрчлийг арилгаж байгаа үйлдэл болохоос дахин зөрчил гаргаж байгаа үйлдэл огт биш юм.
Хоёрт: “Иргэн Б.Бат-очир, Ц.Уранцэцэг нарын Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлт гаргаагүй, мөн гэрчилгээ олгогдохоос өмнө газар эзэмших гэрээг байгуулаагүй байхад Ц.Уранцэцэг, Б.Бат-очир нарт газар эзэмших гэрчилгээ олгогдсон, мөн гэрчилгээнүүдийг иргэн Д.Ган-эрдэнэ нь Б.Т-аас хүлээн авсан ба уг үйлдэлүүдтэй холбоогүй болохоо Б.Т нь өөрөө үгүйсгэж маргадаггүй эдгээр нь Төрийн албаны тухай хуулийг зөрсөн байна” гэжээ.
Дээрх асуудлыг харахад: 1. Дээрх дурьдагдсан асуудал нь гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бөгөөд уг асуудал Авилгатай тэмцэх газар шалгагдаж байгаа бөгөөд эцэслэн шийдэгдээгүй байна .
2. Эдгээр асуудлууд нь тушаалын үндэслэх хэсэгт байхгүй бөгөөд анх Д.Ган-эрдэнийн гаргасан гомдолын дагуу Авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр дээрх асуудал нь Зрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шалгагдаж байгаа нь тогтоогдож байхад анхан шатны шүүх нь эцэслэн шалгаагүй бөгөөд энэ гэм буруугийн асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад гэм буруугаас үүдэлтэй ёс зүйн асуудал шийдэгдэх боломжгүй юм.
3. Дээр дурьдагдсан асуудал нь мөн л 2013 оны болсон асуудлууд байна. Ийм учраас мөн л сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн байна.
4. “Хариуцагч нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/08 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр эүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон нь хуульд харшлаагүй байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т нь төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд үр дүнгийн гэрээ хийж Төрийн албаны тухай хуулиар ажилладаг юм. Гэтэл анхан шатны шүүх нь хуульд харшлаагүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Б.Т-д Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг удирдлага болгон төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна гэсэн ойлголт гарч ирж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “төрийн албанд 1 жил орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн заалт байхгүй. Мөн төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ямар нэгэн заалт байхгүй. Харин “Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” гэж заасан байдаг. Гэтэл дээрх асуудал нь Төрийн апбаны тухай хуулинд зохицуулагдсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэх үндэслэл огт байхгүй. Харин Төрийн албаны тухай хуульд бага насны хүүхэдтэй хүнийг ажлаас халах, чөлөөлөх асуудлаар Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой гэж үзэж байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх нь Б.Бат-очирын газар эзэмших гэрчилгээний төлбөр хураамжийг төлүүлээгүй гэрчилгээ олгосон зөрчил үйлдэгдсэнээс хойш 4 жил, 4 сар, 1 хоног, н.Уранцэцэгийн хувьд 4 жил, 4 сар, 20 хоног өнгөрсөн байхад энэ хугацааг зөрчил гарсан хугацаа гэж үзэхгүй дээрх төлбөрүүдийг нөхөн төлж улсыг хохиролгүй болгож зөрчилөө арилгасан цаг хугацаагаар зөрчил гарсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь тушаалын үндэслэх хэсэгт дээрх төлбөрийг 2013 онд тушаалгаагүй гэрчилгээ олгосон. Мөн хэлэлцүүлгийн үед болон бусад нотлох баримтаар мөнгийг төлүүлж байж гэрчилгээ олгох ёстой байсан нь тогтоогддог. Иймээс уг зөрчил нь 2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тус тус үйлдэгдсэн байна.
Мөн аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/124 дүгээр захирамжаар иргэн Б.Бат-Очирын эзэмшлийн газрыг газрын суурь болон гэрчилгээний үнийг төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байх ба энэ захирамжаас үзвэл хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр энэ эөрчлийг олж мэдсэн байх боломжгүй байна.
Иймд “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасан “сахилгийн зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сар, зөрчил гаргасанаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэснийг зврчөөгүй байна” гэжээ.
Хариуцагч нь хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт газар эзэмшүүлэх ажиллагаанд шапгалт оруулж уг зөрчил нь илэрч гарч ирсэний дараа Б.Т нь төлбөрийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нөхөн төлсөн гэсэн байдаг. Иймээс Газрын алба уг зөрчлийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэхэд бүрэн мэдсэн байсан байна.
Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаас харахад “аймгийн Засаг дарга 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/124 дүгээр захирамжаар иргэн Б.Бат-очирын эзэмшлийн газрыг “газрын суурь болон гэрчилгээний үнийг төлөөгүй" гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байх ба энэ захирамжаас үзвэл хариуцагч 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр энэ зөрчлийг олж мэдсэн байх боломжгүй байна” гэсэн байна.
2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр албаны шалгалтаараа илрүүлсэн зөрчилөө Газрын албаны дарга нь мэддэгүй юм бол 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр илрүүлсэн зөрчлийг нь үндэслэн Б.Бат-Очирын газар эзэмших гэрчилгээг аймгийн Засаг дарга хүчингүй болгож байхад хариуцагч энэ талаар мэдээгүй гэх үндэслэл байхгүй. Үүнээс харахад 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр уг зөрчлийг илрүүлсэн. Энэ өдөр биш юм гэхэд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр илрүүлээд газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон байгаа нь мөн л 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах байсан байна. Дээрх нөхцөл байдлуудаас харахад зөрчил гарсан цаг хугацаа нь 2013 он, илрүүлсэн хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 7, эсвэл 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байна.
Дээрх байдлуудыг өмгөөлөгч миний бие дүгнэхдээ анхан шатны шүүх нь хэт нэг талыг баримтлан хариуцагчийн эрх ашиг сонирхолд нийцүүлэн зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх гарц гаргалгааг эрэн хайж эрүүгийн журмаар Авипгатай тэмцэх газар шалгагдаж байгаа асуудлыг нэхэмжлэгч, хариуцагч гэрчүүд бүгд мэдүүлсээр байхад авч хэлэлцэхгүй, зөрчил гарсан болон сахилгын шийтгэл ногдуулах хугацаа илт өнгөрсөн байхад цаг хугацааг буруу тооцож, мөн нэхэмжлэлийн хүрээнээс хальж, хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан захиргааны акт болох Б/08 дугаар тушаалын гол үндэслэх хэсгээс хальж шийдвэр гаргасан байх тул Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Т “...газар эзэмших талаар аймгийн Засаг даргын захирамж батлагдсаны дараа газрын албаны дарга гэрчилгээнүүдийг баталгаажуулж, гарын үсэг зурдаг, тухайн газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж нь гэрчилгээний төлбөрийг гэрчилгээ гарахаас өмнө хойно тушаах талаар зохицуулсан эрх зүйн акт байхгүй, гэрчилгээ авсны дараа төлбөрийг тушаах явдал түгээмэл байдаг ...би төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчөөгүй, иргэн Б.Бат-Очирын 2013 оны гэрчилгээний мөнгө тушаагаагүй байхад гэрчилгээ олгогдсон гэж буруутгасан, архивын баримтыг нь шүүж үзэхэд материалыг нь Э.Ч дарга авсан байсан ...Д.Ган-Эрдэнэ гэдэг хүний үгээр үндэслэлгүй гүтгэж, ажлаас халсан ...дарга Э.Ч надад “чи сайн ажилтан, чамайг ажлаас халахгүй, харин Д.Ган-Эрдэнэ хал гээд байна. Тиймээс мэдүүлгээ санамсаргүй гаргасан алдаа гээд өг” гэхээр нь би ажлаас халагдахгүйн тулд даргын үгэнд итгээд эхний тайлбарыг шүүхэд өгсөн. Сүүлд үнэн зөвөөр нь тайлбараа гаргасан ...Б.Бат-Очиртой адилхан газар эзэмшигч “Бум констракшн” ХХК, н.Долгормаа Ё.Мөнхбат нарын хувийн хэргээс үзэхэд тэдэнд гэрчилгээний үнийг тушаа гэж мэдэгдэх хуудас өгөөгүй, Д.Ган-Эрдэнэд дүү Б.Бат-Очирын гэрчилгээний үнэ болон газрын үнийг тушаа гэж байна гэдгийг хэлсэн, надад өртэй шүүхээр маргаантай учир төлөхгүй байх гэж бодоод тус мөнгийг тушаасан ...” гэх үндэслэлээр Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч “...ажил хүлээн аваад архивыг шалгах үүрэг өгсөн, энэ ажлын хүрээнд өргөдөл, хүсэлт гаргаагүй байхад гэрчилгээ олгосон, газрын суурь үнэ, гэрчилгээний үнийг төлүүлэлгүй газар эзэмших эрх олгосон гэх мэт зөрчлүүд гарсан, иргэн Б.Бат-Очирын газрын суурь үнэ болон гэрчилгээний үнэ төлөгдөөгүй, өргөдөл гаргаагүй байна гэсэн тул 3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хариу арга хэмжээ аваагүй тул газар эзэмших эрхийг нь А/124 дүгээр захирамжаар хүчингүй болгосон, Д.Ган-Эрдэнэ, н.Нямдагва гэх хүмүүс амаар гомдол гаргасан, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Д.Ган-Эрдэнээс мэргэжилтэн Б.Т-тай холбогдуулан бичгээр гомдол гаргасан, Б.Бат-Очирын газрын суурь үнийг 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр тушааж баримтыг хувийн хэрэгт нь нөхөж хийсэн байсан, баримтан дээрх утасны дугаар нь Б.Т-ын ээжийн дүү н.Баднаанямбуугийнх байсан тул энэ асуудалд Б.Т-ыг холбоотой юм байна гэдгийг мэдэж ёс зүйн хороонд өгсөн, ёс зүйн хорооны хуралд Б.Т “Д.Ган-Эрдэнэд мөнгөөр газар өгснийг хүлээн зөвшөөрөхгүй, Б.Бат-Очирын гэрчилгээний үнийг тушаагаагүй байхад анзааралгүй, гэрчилгээг өгч явуулсан нь миний алдаа” гэж тайлбарлаж буруугаа хүлээн зөвшөөрсөн ...даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сонсох ажиллагаа явуулахад өмнөхөөсөө өөр тайлбар гаргасан, ...дөрвөн гэрчилгээг 42 сая төгрөгөөр зарсан байх магадлалтай ...газрын албаны замбараагүй үйл ажиллагаа тухайн үед ахлах мэргэжилтээр ажиллаж байсан Б.Т-тай шууд холбоотой ...” гэх зэрэг тайлбар гаргаж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын хавсралт “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 5а дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5.2.3 дахь заалт, байгууллагын дотоод журмын 6.10 дахь заалт, байгууллагын ёс зүйн хорооны 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлт, тус байгууллагын даргын дэргэдэх зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус удирдлага болгон тус газрын Инженер, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтэн нэхэмжлэгч Б.Т-д “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Маргаан бүхий актын 1 дэх заалтад “2013 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэн Б.Бат-Очирын хүсэлтээр түүнд газар эзэмших гэрчилгээ олгож, түүнтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа улсын төсвийн орлогод тушаалгаагүй, улмаас тухайн үед бүрдүүлэх ёстой байсан газар эзэмших хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй ...газар эзэмших хувийн хэргийн материалыг нөхөж үйлдэх замаар бүрдүүлсэн, ...2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.Уранцэцэгт улсад төлөх суурь үнэ 300000 төгрөгийг төлүүлэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн ноцтой зөрчлийг тус тус гаргасан хэмээн байгууллагын ёс зүйн хороо дүгнэсэн ...” гэжээ.
Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 27 дугаар зүйлийн 27.2-т ”Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 27.2.1-т “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1-т “хуульд үндэслэх”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, Ёс зүйн хорооны дүгнэлт[1], хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас үзвэл иргэн Д.Ган-Эрдэнийн “42.000.000 төгрөг авч 4 газар эзэмших эрх олгосон” гэх гомдлыг хянан шалгасан гэх атлаа тус гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй, нэр бүхий хоёр иргэнд газрын суурь үнэ, улсын тэмдэгтийн хураамж, гэрчилгээний үнэ төлүүлэлгүйгээр гэрчилгээ олгосон нь, газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийн баримтыг бүрдүүлээгүй гэх зөрчлүүдийг тухайн үед ахлах мэргэжилтэн хийж байсан нэхэмжлэгч Б.Т дангаараа хариуцах байсан талаар, мөн тэрхүү зөрчлийг гаргасан нь эргэлзээгүйгээр тогтоогдсон талаар дүгнэгдээгүй, мөн хэрхэн яаж, хянан шалгасан нь тодорхой бус, энэ талаар шалгаж шийдвэр гаргах эрх хэмжээтэй эсэх нь тодорхойгүй, байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцээгүй, захиргаа шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар тогтоосон журамд нийцээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг алдагдуулсан байна гэж үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг үйлдэж архивт хадгалах үүрэгтэй. Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл буюу хариуцагч нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаас хойш хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх 2 сар гаруй хугацаанд хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу хариу тайлбарын үндэслэлийн талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүргийн хүрээнд өөрийн шийдвэрт хамаарах нотлох баримт тодруулбал, байгууллагын ёс зүйн хорооны нэхэмжлэгч Б.Т-тай холбогдуулан гаргасан иргэний гомдлыг хянан шийдвэрлэх, дүгнэлт гаргах эрх хэмжээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжтой байжээ.
Түүнчлэн Газрын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар газрын албаны ахлах мэргэжилтэнтэй холбоотой “бусдаас мөнгө авч, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэх төрийн албан хаагчийн албаны бүрэн эрхээ буруу хэрэгжүүлсэнтэй холбоотой гомдлыг байгууллагын ёс зүйн хороо шалгах, дүгнэлт гаргах талаар тусгайлан хуульчлаагүй байхад иргэн Д.Ган-Эрдэнээс нэхэмжлэгч Б.Т-тай холбогдуулан “42.000.000 төгрөг авч 4 газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон” гэх агуулга бүхий гомдлыг байгууллагын Ёс зүйн хороогоор шалгуулахаар шилжүүлсэн нь, түүнчлэн тус гомдол үндэслэлтэй байсан эсэх талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт, шийдвэр гараагүй, мөн ёс зүйн хороо тус гомдол үндэслэлтэй эсэх талаар дүгнээгүй байхад нэхэмжлэгч Б.Т-д сахилгын арга хэмжээ авсан хариуцагчийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн байгууллагын ёс зүйн хорооны “...иргэн Б.Бат-Очир, Ц.Уранцэцэг нарын ...мөнгийг төлүүлэлгүйгээр газар эзэмших гэрчилгээ гаргаж өгсөн үйлдлүүдийг ноцтой зөрчил гэж үзсэн, тус зөрчлийг Б.Т гаргасан гэж дүгнэснийг шийдвэр гаргагч албан тушаалтны хувьд хариуцагч баримт, үндэслэл, нотолгоонд тулгуурлан хянан дүгнэх, нягтлан шалгах боломжтой байснаас гадна тус зөрчилд холбогдуулан нэхэмжлэгч Б.Т-д нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус байна.
Хэдийгээр хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл тус аймагт газар эзэмших эрх олгох шийдвэр гаргах үйл ажиллагаатай холбогдуулан тусгайлан журам гаргаж мөрддөггүй, “газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эмх замбараагүй явж ирсэн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байж болохоор байх боловч иргэдэд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохдоо гэрчилгээний үнэ, газрын суурь хураамж, тэмдэгтийн хураамж төлүүлэлгүйгээр гэрчилгээ олгосон нь зөвхөн нэхэмжлэгчийн буруу байсан гэж үзсэн, буюу тус зөрчилтэй холбоотой байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтийг эргэлзээгүй нотлох баримт гэж үзсэн, мөн иргэний гомдол үндэслэлтэй эсэх талаар эрх бүхий этгээдийн шийдвэр дүгнэлт гараагүй, тус гомдол үндэслэлтэй эсэх нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч Б.Т-д нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтуудад нийцэхгүй байхаас гадна “...гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ...ажлаас халахыг хориглоно” гэж заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг мөн зөрчсөн байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг баримталсан байх бөгөөд тус зүйлийн аль заалтад заасан үүргээ төрийн албан хаагч хэрэгжүүлээгүй талаар тодорхой заагаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Т-ын дээрх үйлдлийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 13.1.5-д ”төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзлээ” гэж дүгнэж, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй байгууллага мэтээр хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь буруу байна.
Учир нь шүүх захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үндэслэлтэй эсэх, хуульд нийцсэн эсэх, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн эсэхийг хянах эрх хэмжээтэй болохоос бус захиргааны шийдвэрийг засч залруулах, зөвтгөн сайжруулах эрх хэмжээгүй.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана”, 29 дүгээр зүйлийн 29.1-т “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 29.2-т “Энэ хуулийн 29.1-д зааснаас гадна гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар иргэнд 0,1 га-гаас илүүгүй газар үнэ төлбөргүй эзэмшүүлж болно”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “энэ хуулийн 33.1-т заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэнэ” гэж, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгож журам”-ын 10.2-т “Иргэн, хуулийн этгээдэд холбогдох шатны Засаг даргын шийдвэрийг үндэслэн газар эзэмших, ашиглах гэрээг байгуулсны үндсэн эрхийн гэрчилгээг Газрын албаны дарга, сумын Газрын даамал баталгаажуулж олгоно” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг холбогдох шатны Засаг дарга гаргах бөгөөд тэрхүү шийдвэрийг үндэслэн газар эзэмших талаар тухайн аймаг, сумын газрын даамал иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр эрхийн гэрчилгээг газрын алба, газрын даамал баталгаажуулан олгохоор байна.
Гэтэл хариуцагч нь тухайн үед газрын албанд ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Б.Т-ыг газар эзэмших гэрчилгээ олгох гэрээ байгуулах үүргийг дангаараа хариуцдаг мэтээр маргаан бүхий актад “бусдад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахдаа” гэж зааж түүнийг буруутгах үндэслэл болгосон нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий актад иргэн Д.Ган-Эрдэнээс 2017 оны 08 дугаар сарын 29, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрүүдэд гомдол гаргасан гэж заасан байх боловч хавтаст хэрэгт иргэн Д.Ган-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 29, мөн оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гомдлууд авагджээ.
Хэрэгт авагдсан иргэн Д.Ган-Эрдэнийн 10 дугаар сард гаргасан гомдол нь хариуцагчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан Б/08 дугаар тушаалын үндэслэл болсон байх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Ийнхүү нэхэмжлэгч Б.Т-д сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Ч-ийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар шийдвэр хуульд нийцээгүй, үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ыг тус газрын Инженер мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг тооцож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анханы шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.Т-ыг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Инженер хайгуул, мониторингийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг нөхөн гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас 70200 төгрөг гаргуулан Б.Т-д олгож, Б.Т-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дүгээр тал