Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01635

 

 

 

 

 

 

Д.Л нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Л хариуцагч М.Г , М.У нарт холбогдуулан гаргасан 24 845 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.Г нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал хотхон, Олимпийн гудамж, 118-р байр, 202 тоот 72 м.кв орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулж, 33 сар эзэмшсэн боловч төлбөрийг бүрэн төлж чадахгүй гэрээг цуцалж байрнаас гарсан. Тэрээр байрны гал тогооны засал тохижилтыг өөрчилж, паркетан шалыг зурж, өрмөөр нүхэлсэн, паркетан шалны ирмэгийг дарсан моднуудыг салгасан, өөр обой наасан байх ба ус алдсан газраар обойнууд салж хөгцөрсөн, ханыг цоолж тавиурууд тавьсан, ванны өрөөний ханыг унтлагын өрөө рүү нүхэлсэн, хурууны хээгээр онгойдог цоожийг эвдэлсэн, хаалганы түлхүүр хүлээлгэж өгөөгүй хаяж үрэгдүүлсэн, вакум цонх хаалганы бариул, түгжээ, нугас эвдэлснээр дахин солиулахаар болсон, вакум цонхнууд нь гажиж сийгж дулаан алдагдаж, вакум цонхны резинууд муудсан, үүдний хувцасны шкафын хаалганы нугаснууд гажсан, ар хананы паниар салсан, домофон систем, галын дохиолол эвдэрсэн байсан.

Иймд 2017 оны 7, 8, 9 сарын байрны мөнгө, СӨХ, тог цахилгаан гэх мэт бусад зардал 1 500 000 төгрөг, эрэн сурвалжлахад гарсан зардал 70 200 төгрөг, засварын зардал 23 275 300 төгрөг, нийт 24 845 500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын төлөөлөгч тайлбартаа: М.Г , М.У нар 2014 оны 12 сарын 10-ны өдөр Орон сууц захиалгаар худалдах гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал таун, Кинг тауэр 118, 202 тоот хаягт байрлах 72 м.кв орон сууцыг 258 300 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. М.Г , М.У нарын хувьд гэрээнд заасан хугацаанд, графикийн дагуу зохих төлбөрийг барагдуулж байсан бөгөөд нийт гэрээний төлбөрт 98 000 000 төгрөгийг төлсөн. Гэвч Д.Лут нь төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцсон төлбөрийг ам.доллараар нэхэмжилснийг М.Г , М.У нар зөвшөөрөөгүй, улмаар гэрээний үүргийг цаашид биелүүлэх боломжгүй болсон.

Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулж 44 800 000 төгрөгийг түрээсийн төлбөрт хасаж тооцон, үлдэгдэл 54 200 000 төгрөгийг М.Г , М.У нарт гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. Ийнхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон ч Д.Лут өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байгаа болно.

М.Г , М.У нар 2017 оны 09 сарын 19-ний өдөр орон сууцыг суллаж, Д.Лутад хүлээлгэн өгөх үедээ итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул, Д.Лут нар байр хүлээлцсэн акт үйлдэж, фото зургаар баталгаажуулан орон сууцыг хүлээлгэн өгсөн юм. Ийнхүү акт үйлдэх үед нэхэмжлэлд дурдсан хохирол, эвдрэл гэмтэл учраагүй, аливаа ашиглалтын зардал, төлбөрийг үлдэгдэлгүй байсан болно. Хэрэв орон сууцанд хохирол учирсан бол Д.Лут нь сөрөг нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан ч тухайн үедээ сөрөг нэхэмжлэл гаргаагүй юм.

Иймээс Д.Лутад 24 845 500 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Г , М.У нараас 280 953 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лутад олгож, үлдэх 24 564 547 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 178 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 9 079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхээс томилогдсон шинжээч газар дээр нь очиж үзээд М.Г , М.У нараас хойш хүн амьдарч байгаагүй болохыг нотолж удаан хугацаагаагаар хүн амьдраагүй гэж дүгнэсэн. Хариуцагч тал ханыг нураасан, паркет гэмтээсэн, хурууны хээгээр онгойдог түгжээ эвдэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэтэл шүүх бусдын цоо шинэ байрыг 3 жил ашиглаж, хана нурааж, паркет гэмтээсэн, ухаалаг цоожны түлхүүрийг хаясан гэм хорыг нэхэмжлэх эрхгүй энэ талаар шүүхийн шийдвэртэй гэсэн байна. Өмнөх шүүхийн шийдвэрт эвдрэл гэмтэл, хохирол огт яригдаагүй байхад шүүхээр шийдэгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зэв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Лут нь хариуцагч М.Г , М.У нарт холбогдуулан гэрээний хохирол, ашиглалтын зардал, эрэн сурвалжлахад гарсан зардал нийт 24 845 500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын үндэслэлээ гэм хорын хохирол гэж өөрчилсөн. /хх 1-2, 97-98/

 

Хариуцагч нар орон сууцыг 2017 оны 09 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгөх үед нэхэмжлэлд дурдагдсан эвдрэл гэмтэл байгаагүй, ийнхүү хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гарсан эвдрэл гэмтлээ нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй, зохигчдын хооронд гэм хорын эрх зүйн харилцаа үүсээгүй гэж маргадаг. /хх 57, 70, 115/

 

Талууд 2014 оны 12 сарын 10-ны өдөр Орон сууц захиалгаар худалдах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал хотхон, 118 дугаар байр, 202 тоот хаягт байрлах 72 м.кв орон сууцыг 258 300 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар хэлцэл хийсэн /хх 4/ боловч уг хэлцлээс татгалзаж, үр дагаврыг нь шүүхээр шийдвэрлүүлсэн /хх 7-11/ болох нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогддог.

 

Улмаар нэхэмжлэгч Д.Лут болон хариуцагч М.Г , М.У нарын төлөөлөгч гэх Б.Оюунзул нар 2017 оны 09 сарын 19-ний өдрийн Байр хүлээлцсэн акт үйлдсэн байх ба уг актад хаалга цоож эвдэрхий, унтлагын өрөөний ханыг цоолсон, паркетын даруулга салсан, балконы хаалганы бариул түгжээ, 2 вакум цонхны бариул түгжээ эвдэрхий хэмээн тэмдэглэгджээ. Зохигчид акт үйлдсэн эсэх талаар маргадаггүй бөгөөд хоёул уг актыг иш татан мэтгэлцдэг. /хх 72/

 

Дээр дурдсан актыг шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзээд обой 600 000 төгрөг, паркет 1 260 000 төгрөг, эмульс 81 000 төгрөг, цонхны резин 30 000 төгрөг, обойн цавуу 60 000 төгрөг, хаалганы цоож /ажлын хөлстэй/ 800 000 төгрөг, обой хуулах, цэвэрлэх 435 000 төгрөг, обой наах /хананд/ 380 000 төгрөг, паркет хуулах 105 000 төгрөг, паркет угсрах 385 000 төгрөг, эмульс 75 000 төгрөг, цонхны резин солих 105 000 төгрөг, нийт 4 316 000 төгрөгийн материал, ажлын хөлсний зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ. /хх 72, 130-144/

 

Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэгт авагдсан СӨХ-ийн төлбөрийн талаарх мэдэгдэх хуудас /хх 85, 86/, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр /хх 30/ зэрэг нотлох баримтыг үнэлэн хариуцагч нараас нийт 280 953 төгрөгийг хохиролд тооцон гаргуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг нэхэмжлэгч Д.Лут нь хариуцагч М.Г , М.У нараас шаардах эрхтэй бөгөөд учирсан хохирол гэдэгт гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтлийг хамааруулан ойлгохоор байна.

 

Зохигчдын хооронд гэм хорын эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул анхан шатны шүүх гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол шаардах хуулийн зохицуулалтыг хэрэглэн маргааныг хянан шийдвэрлэсэн нь зөв болжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1-д Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээн заасан байх тул иргэний хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамж болон шинжээчийн зардлын хуваарилалтад холбогдох өөрчлөлтийг оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...280 953... гэснийг ...4 596 953... гэж, ...24 564 547... гэснийг ...20 248 547... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...9 079... гэснийг ...190 251... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Л давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лутаас давж заалдах гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282 188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР