Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2022/00727

 

Д.Лын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1635 дугаар магадлалтай,

Д.Лын нэхэмжлэлтэй,

М.Г, М.У нарт холбогдох,

Хохиролд 24,845,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч М.Г, М.У нарт холбогдуулан Үл хөдлөх хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 24,845,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Г, М.У нараас 280,953 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 24,564,547 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,178 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 9,079 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1635 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...280,953...” гэснийг “...4,596,953...” гэж, “...24,564,547...” гэснийг “...20,248,547...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...9,079...” гэснийг “...190,251...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Лын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Лаас давж заалдах гомдол гаргахдаа 2020.06.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282,188 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Оюунзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал:

4.1. Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ: “...шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзээд обой 600,000 төгрөг, паркет 1,260,000 төгрөг, эмульс 81,000 төгрөг, цонхны резин 30,000 төгрөг, обойн цавуу 60,000 төгрөг, хаалганы цоож /ажлын хөлстэй/ 800,000 төгрөг, обой хуулах, цэвэрлэх 435,000 төгрөг, обой наах /хананд/ 380,000 төгрөг, паркет хуулах 105,000 төгрөг, паркет угсрах 385,000 төгрөг, эмульс 75,000 төгрөг, цонхны резин солих 105,000 төгрөг, нийт 4,316 төгрөгийн материал, ажлын хөлсний зардлыг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй гэж” дүгнэсэн үндэслэлгүй байна. Учир Д.Л болон Б.Оюунзул миний бие 2017.09.19-ний өдөр “Байр хүлээлцсэн акт” үйлдэж, орон сууцыг бүрэн бүтэн Л.Лутад хүлээлгэн өгсөн. Байр хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 3 жилийн дараа Д.Л нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулна гэдэг. Байр хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 3 жилийн хугацаанд маргаан бүхий байранд хичнээн хүн түрээсээр амьдарч, эд хөрөнгөд хохирол нэмж учруулсан, муутгасан болохыг тодорхойлох боломжгүй юм. Маргаан бүхий байрыг Д.Л түрээслүүлдэг бөгөөд, шинжээчийн дүгнэлт гаргасны дараа шийдвэр гүйцэтгэгч очих үед бусдад орон сууцыг дахин түрээслүүлсэн байсан. Шүүхээс томилсон шинжээч нь орон сууцыг актаар хүлээлцэж өгснөөс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн, эд хөрөнгө хүлээлцэх үеийн байдлаар байхгүй болсон байхад очиж дүгнэлт гаргасан юм. Шинжээч дүгнэлт гаргасан л бол хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Орон сууцыг актаар хүлээлцэх үеийн хохирлын үнэлгээ баримтаар байхгүй, шинжээчийн дүгнэлтэд орон сууцыг актаар хүлээлцэх үеийн үнэлгээ тусгагдаагүй, шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

4.2. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.29-ний өдрийн 1519 дугаар магадлалаар талуудын хооронд Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, орон сууцны хөлс 33 сараар тооцсон 99,000,000 төгрөгийн шаардах эрхтэй байснаас 44,800,000 төгрөгийг хасч, М.У, М.Г нарт 54,200,000 олгож гэж шийдвэрлэсэн болно. Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т “хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй” гэж заасан. Ийнхүү талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан тул хариуцагч нар орон сууцыг 33 сарын хугацаанд ашигласан ердийн элэгдэл хорогдол, хохирол буюу байр хүлээлцэх үеийн актад дурдсан хохирлыг төлөх үндэслэлгүй болно. Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

4.3. Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзээд: “обой 600,000 төгрөг, паркет 1,260,000 төгрөг, эмульс 81,000 төгрөг, цонхны резин 30,000 төгрөг, обойн цавуу 60,000 төгрөг, хаалганы цоож /ажлын хөлстэй/ 800,000 төгрөг, обой хуулах, цэвэрлэх 435,000 төгрөг, обой наах /хананд/ 380,000 төгрөг, паркет хуулах 105,000 төгрөг, паркет угсрах 385,000 төгрөг, эмульс 75,000 төгрөг, цонхны резин солих 105,000 төгрөг, нийт 4,316,000 төгрөгийн материал, ажлын хөлсний зардлыг” хариуцагч нараас гаргуулах гэжээ. Гэвч Д.Л, Б.Оюунзул нар орон сууцыг “Байр хүлээлцэх акт”-аар хүлээлцэх үед обой, паркеттэй холбоотой хохирол учраагүй, актад огт дурдагдаагүй болно. Иймээс байр хүлээлцсэнээс хойш 3 жилийн дараа шинжээчийн дүгнэлтээр гарсан обой, паркеттан шалтай холбоотой хуулах, цэвэрлэх, наах, угсрах бүхий л зардлыг хариуцагч нар төлөх үндэслэлгүй, шүүх нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгсөн байна. Нэхэмжлэгч түлхүүр нэхэмжилдэг боловч хариуцагч нарт түлхүүр хүлээлгэн өгөөгүй, тус орон сууцны цоож нь ухаалаг буюу код, карт, хурууны хээгээр онгойдог болно. Нэхэмжлэгч түлхүүр хариуцагч нарт өгсөн баримтаа нотлоогүй тул хаалганы цоожийг бүхэлд нь солих 800,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч Д.Л хариуцагч М.Г, М.У нарт холбогдуулан хохиролд 24,845,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагчаас 280,956 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх 4,596,953 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

8. Нэхэмжлэгч Д.Л, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг гэрээний бус үүргийн улмаас учирсан гэм хор гэж тодорхойлж байгаа боловч хоёр шатны шүүх энэ эрх зүйн хүрээнд түүнд шаардах эрх үүсээгүй, харин зохигч гэрээнээс татгалзсантай холбоотой нэхэмжлэгч хохирол гаргуулах шаардлага гаргасан гэж үзэж, хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэл бүхий боловч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн зарим хэсгийг нэмж гаргуулахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлэх хуульд заасан журмыг зөрчжээ.

Иймд магадлалыг хүчингүй болгов.

9. Хэргийн баримтаас үзэхэд зохигчийн хооронд 2014.12.10-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Д.Л нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Маршал хотхон 118-р байр, 202 тоот хаягт байрлах 72 м.кв талбай бүхий орон сууцыг М.Г, М.У нарт 258,300,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээний зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил ашиглалтад шилжүүлсэн, хариуцагч нар орон сууцны үнэд 98,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, хожим нь зохигч гэрээнээс татгалзсан бөгөөд тэдний хооронд үүссэн маргааныг буюу Д.Лаас орон сууцны үнэд төлсөн 98,000,000 төгрөг гаргуулах М.У, М.Г нарын нэхэмжлэлтэй хэргийг өмнө нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 183/ШШ2018/00961 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаж 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1519 дүгээр магадлал гаргасан нь хэргийн 7-11-р талд авагдсан ба магадлалд зохигчийн хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргаагүй тул энэ шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

10. Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч М.Г, М.У нар орон сууцыг өөрсдийн эзэмшил, ашиглалтад байлгах хугацаандаа чанар байдлыг дордуулсан үндэслэлээр засварлах зардалд 24,845,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн энэ шаардлагыг гаргасан байх ба зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцаа нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол гаргуулах шаардлага гэж үзэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасантай нийцнэ, энэ талаар дээр дурдсан болно.

11. Зохигчийн хооронд өмнө үүссэн маргааныг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 1519 дугаар магадлалаас үзэхэд тус шүүх М.Г, М.У нарын нэхэмжилсэн 98,000,000 төгрөгөөс 44,800,000 төгрөгийг хариуцагч Д.Лад учирсан хохирол буюу түрээсийн төлбөрийн жишгээр тооцон суутгаж, зөрүүд Д.Лаас 54,200,000 төгрөгийг гаргуулж М.Г, М.У нарт олгохоор шийдвэрлэсэн байна.

12. Иймээс зохигчийн хооронд үүссэн гэрээнээс татгалзсан, түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаах, түүнчлэн учирсан хохирлоо гаргуулах маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

13. Нөгөө талаар, орон сууцыг хариуцагч нар нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхдөө 2017.09.19-ний өдөр орон сууцны чанар байдлын талаар акт үйлдсэн байх бөгөөд энэ нь дээрх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/00961 дугаар шийдвэр гарахаас өмнөх үйл баримт байхад нэхэмжлэгч Д.Л энэ талаар тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргаж хохирол шаардаагүйгээс гадна уг актад “унтлагын өрөөний ханыг цоолсон, паркетны даруулга салсан, балконы хаалганы бариул түгжээ, 2 цонхны бариул түгжээ эвдэрсэн, түлхүүр авах гэж” дурдсанаас үзэхэд “паркетны даруулга салсан, балконы хаалганы бариул түгжээ, 2 цонхны бариул түгжээ эвдэрсэн” нь гэрээний дагуу хүлээн авсан орон сууцыг 33 сар эзэмшиж ашиглах явцад гарах ердийн элэгдэл гэж үзэхээс гадна Д.Л нь өмнөх шийдвэрээр түрээсийн төлбөрийн жишгээр өөрт учирсан нийт хохиролд 44,800,000 төгрөг гаргуулснаар хохиролтой холбоотой маргааныг шийдвэрлэсэн гэж дүгнэнэ.

Энэ байдлыг давж заалдах шатны шүүх харгалзалгүйгээр дахин гэрээнээс үүдэлтэй хохиролд нийт 4,316,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

14. Анхан шатны шүүх, хариуцагч нар орон сууцыг эзэмшиж байх үеийн ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний зардал, эрэн сурвалжлуулах шүүхийн зардалд нийт 280,953 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангасан нь хуульд нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1635 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/01468 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М.Г, М.У нар /өмгөөлөгч Б.Оюунзул/-ын 2020.08.17-ны өдөр 84,006 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                     Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                 П.ЗОЛЗАЯА

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД