Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01657

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2019/01657

 

 

Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ж.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1116 дугаар шийдвэрээр надаас 67 500 000 төгрөг гаргуулан Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч Ж.Н, Ц.Бадамханд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000717 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцыг нийт 78 000 000 төгрөгөөр үнэлж, энэ талаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг анх 85 000 000 төгрөгөөр тооцон худалдаж авч байсан бөгөөд худалдаж авснаас хойш уг орон сууцанд 30 000 000 гаруй төгрөгийн засвар хийсэн зэргийг тооцож үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон үнэлгээнээс өндөр байхаар байна. Дээрх үнэлгээнээс харахад 70 хувь буюу 54 600 000 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 39 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар байгаа бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлэн үнэгүйдүүлсэн, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлэх хэмжээнд хүрэхээр байгаад гомдолтой байна. Дээрх 29 м.кв талбай бүхий орон сууц нь зөвхөн төлбөр авагч миний нэр дээр байдаггүй бөгөөд уг байрны өмчлөгч нь Ж.Н, Ц.Бадамханд нар болно. Мөн шүүхийн шийдвэрээр Ц.Бадамхандаас 67 500 000 төгрөг гаргуулан төлбөр авагч болох Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг оролцогч биш Ц.Бадамхандад холбогдуулан явуулж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээг хийхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр төлөгч болох Ж.Нид холбогдох хэсгээр хийх ёстой байтал эд хөрөнгөнд бүхэлд нь үнэлгээ тогтоосон нь өөрөө хууль бус болсон. Түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/19154 тоот мэдэгдэлд дурдсанаар Ж.Болдбаатар, Ц.Бадамханд нарын өмчлөлийн хөрөнгөнд үнэлгээ тогтоосон гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тухайн байрны хамтран өмчлөгчөөр Ж.Болдбаатар гэсэн иргэн бүртгэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэрээр Ж.Ноос 67 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 495 450 төгрөгийн хамт гаргуулах Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ж.Нийн хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22-106 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал авахад өмчлөгч Ц.Бадамхандын хамт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Б.Болдбаатар нь дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилох тухай хүсэлт гаргасан тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг томилсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 78 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 4/19154 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу 54 600 000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу авагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Ж.Н, Ц.Бадамханд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000717 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцыг нийт 78,000,000 төгрөгөөр үнэлсэн Вендо ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын ШГ18-45 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн Вендо ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч дуудлага худалдаа зарлах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Ж.Н миний болон эхнэр Ц.Бадамхандын дундын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204000717 дугаартай 29 м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, Ц.Бадамхандад ногдох дундын эд хөрөнгөд мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт Ж.Ноос гаргуулвал зохих 67 500 000 төгрөгийг бусад этгээдийн хөрөнгөөс гаргуулахаар ажиллагаа хийж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах гомдлыг хариуцагч тал эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт Ж.Ноос 67 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Болдбаатарт олгож шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1349 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01353 дугаар тогтоол авагдсан байна. /хх 19-26 дахь тал/

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар харилцан тохиролцоогүйн /хх 48 дахь тал/ улмаас НШШГГ- Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Шинжээч томилох тухай 238 дугаартай тогтоол гарган Вендо ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Ц.Бадамханд, Ж.Н нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр, 106 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2204000717 дугаартай 29 м.кв талбай бүхий орон сууцыг 78 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-51-55/ Уг үнэлгээ нь талуудын маргааны зүйл болжээ.

Хэрэгт авагдсан Вендо ХХК-ийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргажээ.

Нэхэмжлэгч ... орон сууцны үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн... гэх гомдлын үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв.

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заажээ. Хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Ж.Н, Ц.Бадамханд нарт үнэлгээчний тогтоосон үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгсөн болох нь хэрэгт авагдсан 4/19154 тоот мэдэгдэл, тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. /хх58-59/. Нэхэмжлэгч уг үнэлгээг зөвшөөрөхгүй тохиолдолд 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн дотор шүүхэд гомдлоо гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул түүнийг дээрх хуулиар тогтоосон хугацааг зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД