Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00591

 

Ж.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1657 дугаар магадлалтай,

Ж.Нийн нэхэмжлэлтэй

НШШГГт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Ж.Нийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1116 дугаар шийдвэрээр надаас 67 500 000 төгрөг гаргуулан Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу төлбөр төлөгч Ж.Н, Ц.Бадамханд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцыг нийт 78 000 000 төгрөгөөр үнэлж, энэ талаар 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн болно. Уг орон сууцыг анх 85 000 000 төгрөгөөр тооцон худалдаж авч байсан бөгөөд худалдаж авснаас хойш уг орон сууцанд 30 000 000 гаруй төгрөгийн засвар хийсэн зэргийг тооцож үзвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоосон үнэлгээнээс өндөр байхаар байна. Дээрх үнэлгээнээс харахад 70 хувь буюу 54 600 000 төгрөгөөр анхны, 50 хувь буюу 39 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд тус тус оруулахаар байгаа бөгөөд төлбөр төлөгчийн эд хөрөнгийг хэт доогуур үнэлэн үнэгүйдүүлсэн, төлбөр авагчид зөрүү төлбөргүйгээр шилжүүлэх хэмжээнд хүрэхээр байгаад гомдолтой байна. Дээрх 29 м.кв талбай бүхий орон сууц нь зөвхөн төлбөр авагч миний нэр дээр байдаггүй бөгөөд уг байрны өмчлөгч нь Ж.Н, Ц.Бадамханд нар болно. Мөн шүүхийн шийдвэрээр Ц.Бадамхандаас 67 500 000 төгрөг гаргуулан төлбөр авагч болох Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг оролцогч биш Ц.Бадамхандад холбогдуулан явуулж байгаа нь үндэслэлгүй. Үнэлгээг хийхдээ тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр төлөгч болох Ж.Нид холбогдох хэсгээр хийх ёстой байтал эд хөрөнгөнд бүхэлд нь үнэлгээ тогтоосон нь өөрөө хууль бус болсон. Түүнчлэн НШШГГын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 4/19154 тоот мэдэгдэлд дурдсанаар Ж.Болдбаатар, Ц.Бадамханд нарын өмчлөлийн хөрөнгөнд үнэлгээ тогтоосон гэсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Тухайн байрны хамтран өмчлөгчөөр Ж.Болдбаатар гэсэн иргэн бүртгэлгүй болно. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч НШШГГын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цолмонтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2017/01116 дугаар шийдвэрээр Ж.Ноос 67 500 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 495 450 төгрөгийн хамт гаргуулах Б.Болдбаатарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч Ж.Нийн хамтран өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22-106 тоот 29 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, үнийн санал авахад өмчлөгч Ц.Бадамхандын хамт өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч Б.Болдбаатар нь дээрх үнийн саналыг зөвшөөрөөгүй, хөндлөнгийн шинжээч томилох тухай хүсэлт гаргасан тул 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг томилсон. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 78 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны 4/19154 дүгээр албан бичгээр мэдэгджээ. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувиар буюу 54 600 000 төгрөгөөр 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу авагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох, Ж.Н, Ц.Бадамханд нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 дугаар байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 29 м.кв талбайтай орон сууцыг нийт 78,000,000 төгрөгөөр үнэлсэн Вендо ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын ШГ18-45 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 1657 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн авч танилцаад хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч дуудлага худалдаа зарлах ажиллагаа явуулсан нь хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн нь өөрөө шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч Ж.Н миний болон эхнэр Ц.Бадамхандын дундын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1-р хороо, 12 дугаар хороолол, 22-р байрны 106 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 29.м.кв талбай бүхий орон сууцны үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн, гэр бүлийн хүн болох Ц.Бадамхандад оногдох дундын эд хөрөнгөнд мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт Ж.Ноос гаргуулбал зохих 67 500 000 төгрөгийг бусад этгээдийн хөрөнгөөс гаргуулахаар ажиллагаа хийж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл болжээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч НШШГГт холбогдуулан албадан дуудлага худалдаанд оруулах орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах гомдлыг гаргажээ. Тэрээр орон сууцыг 85 000 000 төгрөгөөр худалдаж аваад 30 000 000 төгрөгийн засвар хийсэн байхад 78 000 000 төгрөгөөр үнэлж, хэт үнэгүйдүүлсэн, ...орон сууцны хамтран өмчлөгч Ц.Бадамханд төлбөр төлөгч биш байхад түүнд холбогдуулан ажиллагаа хийсэн, ...орон сууцны ногдох хэсгээс үүргийг хангуулах, ногдох хэсэгт үнэлгээг хийх ёстой байхад орон сууцыг бүхэлд нь үнэлж хууль зөрчсөн...” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад, хэвээр үлдээжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

1.Ж.Н нь шүүхийн шийдвэрийн дагуу 67 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Болдбаатарт төлөх үүрэгтэй, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тул албадан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ. /хх 19-26 дахь тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хөрөнгийн мэдүүлэг авахад төлбөр төлөгч Ж.Н нь хамтран өмчлөлийн орон сууцнаас өөр хөрөнгө байхгүй гэж мэдүүлсэн нь 2018 оны 01 сарын 23-ны өдрийн тэмдэглэлд тусгагджээ. /хх-32/

2.НШШГГ Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр, 106 тоот, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулж, дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад нэхэмжлэгч нь хамтран өмчлөгчийн хамт 120 000 000 төгрөгийн үнийн санал өгснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, харилцан тохироогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 238 дугаар тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилжээ. Шинжээч нь Ц.Бадамханд, Ж.Н нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 22 байр, 106 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай 29 м.кв талбай бүхий орон сууцыг 78 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-51-55/

Шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал ирүүлэх тухай мэдэгдэл хүргүүлсэн хэлбэр, хугацаа, төлбөр төлөгч санал ирүүлээгүй учир шинжээч томилсон байдал, шинжээчийн үнэлгээ, шүүхэд гомдол гаргасан хугацаа зэрэг маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Нэхэмжлэгч нь үнэлгээ үндэслэлгүй болохыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заажээ. Хариуцагч нь Ж.Н, Ц.Бадамханд нарт үнэлгээчний тогтоосон үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гардуулан өгсөн болох нь мэдэгдэл, тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдсон /хх58-59/, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлсэн, хугацааг сэргээх хүндэтгэн үзэх нөхцөл байдал байсан эсэх талаарх баримтыг нэхэмжлэгч ирүүлээгүй байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШЗ2019/06289 дүгээр шүүгчийн захирамжаар Ж.Нийн нэхэмжлэлийг буцаасан байх боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан болохоо нэхэмжлэгч нотлоогүй байна. Нэхэмжлэгч нь үүний дараа 2019 оны 5 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байв.

4.Дуудлага худалдаанд оруулах гэж буй 2 өрөө орон сууц нь Ж.Н,  Ц.Бадамханд нарын өмчлөлийн зүйл болох нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-54/ Ц.Бадамханд нь төлбөр төлөгч биш тул Ж.Н нь дундын эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээр бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хамтран өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс дуудлага худалдааг явуулахдаа хамтран өмчлөгчийн хуулиар эдлэх эрх, ногдох хэсгийг тодорхойлох, тэргүүн ээлжинд санал болгох зэрэг Иргэний хуулийн 129 дүгээр зүйл, 108 дугаар зүйлийн 108.1, 108.4, 489 дүгээр зүйлийн 489.6, 487.7-д заасан зохицуулалтыг анхаарах нь зүйтэй болно.

Гэр бүлийн бусад гишүүнээс төлбөр гаргуулбал гэр бүлийн дундаа хамтран өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлох үндэслэл үүсдэгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.3-т заажээ.

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийг хуваах боломжгүй, ногдох хэсгийг биетээр хуваах боломжгүй тохиолдолд үнийг төлөх үндэслэл бий болдог тул хамтран өмчлөгч  Ц.Бадамханд нь төлбөр төлөгчийн ногдох хэсгийн үнийг төлж эд хөрөнгийг авах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2019/01785 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний 1657 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.Нийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Х.СОНИНБАЯР

                  ШҮҮГЧ                                                                    П.ЗОЛЗАЯА