Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0297

 

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2018/0297

Улаанбаатар хот

 

 

Архангай аймгийн Хашаат сумын

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд, хариуцагч Д.Л, хариуцагчийн өмгөөлөгч В.Удвал нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 109/ШШ2018/0005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн  шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.7, 23.9.-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-аас Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгож, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах тухай" 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйлд ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т давж заалдах гомдолдоо:

“...1. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн ирцийг хууль зөрчин бүрдүүлсэн.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т "...Хурлын Тэргүүлэгчид бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэсэн хуулийн заалтыг зөрчиж Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлосон өдөр цагтаа хийгээгүй байж тэргүүлэгчдийн дахин хурал зарлах тухай тогтоолгүйгээр хурлыг хуралдуулсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 45 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хуралдааныг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт зарлан хуралдуулахаар товлогдсон боловч ирц бүрдээгүйн улмаас тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаагүй болно.

Гэвч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутад ээлжит 5 дугаар хуралдааныг хуралдуулж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар “...тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна" гэсэн заалтыг зөрчиж дахин хурлыг зарлан хуралдуулах тухай тэргүүлэгчдийн тогтоол гараагүй байхад 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 00 цаг 05 минутад Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 5 дугаар хурлыг хууль зөрчиж хуралдуулсан нь тухайн сумын хурлын тэргүүлэгч Т.Т миний хуулинд заасан тэргүүлэгчийн бүрэн эрхэд халдсан. Учир нь тухайн зарласан хурал нь тухайн өдрөө хуралдаагүй бол дахин тэргүүлэгчдийн тогтоолоор хурлыг зарлан хуралдуулах ёстой байдаг.

Гэтэл анхан шатны шүүх “...иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл маргаан бүхий хуралдаан нь товлосон цагтаа эхлээгүй нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанаас болоогүй, Хурлын төлөөлөгчдийн ирцтэй холбоотой асуудлаас болж цагтаа эхлээгүй байх тул дээрх үндэслэлээр хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Хурлын Тэргүүлэгчид бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна" гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэлд дүгнэлт хийгээгүй.

3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэсэн заалтын дагуу тухайн 5 дугаар хуралдаанд Ардчилсан намын бүлгийн 9 төлөөлөгч хурлын тэргүүлэгчдийн тогтоолгүйгээр хурлыг урьдчилан зарлалгүйгээр хуралдааныг хийж байгааг эсэргүүцэн зориудаар хуралдаанд оролцоогүй ба Монгол Ардын Намын бүлгийн 2 төлөөлөгч хууль зөрчиж хурал хийж байна гэх үндэслэлээр хурлыг орхиж гарсан байдаг. Үүнтэй хариуцагч тал маргадгүй. Энэ нь тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9-д заасны дагуу зориудаар хуралд оролцоогүй 9 төлөөлөгч, орхиж гарсан 2 төлөөлөгч нийлээд 11 төлөөлөгчийг эсрэг санал өгсөнд тооцох юм бол тухайн хуралд оролцсон 9 төлөөлөгчийн саналаар тухайн хурлаас гарсан тогтоолууд нь батлагдахгүй байсан гэж үзэж байна. Гэтэл уг үндэслэлд анхан шатны шүүх мөн дүгнэлт хийгээгүй.

Иймд 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 109/ШШ2018/0005 дугаартай Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэт нэг талыг барьсан, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-аас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл гэж ...хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор зохицуулсан байна.

Нэхэмжлэгч Т.Т иргэнийхээ хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны улмаас өөрийн субьектив эрх зөрчигдсөн талаар маргаагүй, харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнхээ хувиар буюу албаны эрх ашигтай холбогдуулан тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан зарлан хуралдуулахтай холбоотой Хурлын Тэргүүлэгч, Хурлын даргын эрх хэмжээ, Хурлын бүрэн эрх, Хурлын хуралдаантай холбоотой харилцаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагджээ.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн 12 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг, 18 дугаар зүйлд Сум, дүүргийн Хурлын бүрэн эрхийг, 20 дугаар зүйлд Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхийг, 23 дугаар зүйлд Хурлын хуралдаантай холбоотой харилцааг тус тус зааж хуульчилжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид тухайн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах, хурлын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг тусгайлан заасан зохицуулалтгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Тэгшжаргалын нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэл гэж үзэхээр байна.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчид хурал зарлан хуралдуулах болон хурлын шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхийг хуульд тусгайлан заасан тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ...захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбоотой харилцааг  зохицуулахад оршино” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзвэл захиргааны хэргийн шүүхэд хүн, хуулийн этгээдээс нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд “хүн” гэсэн ойлголтыг ямар нэгэн албан тушаалын байдлаар нь ялгаварлан, хязгаарлах нь тухайн ойлголтын агуулгад нийцэхгүй бөгөөд нэхэмжлэгч нь Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны улмаас сумын Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнхээ хувьд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсаныг шүүх хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд “аливаа асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр санаачлага гаргах, түүнийгээ хуралд оруулах эрх”-тэй гэж хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийнх нь хувьд эдлэх ёстой бүрэн эрхийг зааж хуульчилсныг ээлжит хуралдаан хуралдуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрх олгосон зохицуулалт гэж үзэхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 109/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ын “2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдааныг хууль бус болохыг тогтоолгох, тухайн хуралдаанаас гарсан “Хуралдааны дэг батлах тухай” 01, “Ажлын хэсэг байгуулах тухай” 02, “Хэлэлцэх асуудал батлах тухай” 03, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тайланд үнэлэлт өгөх тухай” 04, “Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлтийн тухай” 05, “Сумын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” 06, “Үндсэн чиглэл батлах тухай” 07, “Сумын 2018 оны төсөв батлах тухай” 08, “Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтэнд үнэлэлт дүгнэлт өгөх тухай” 09, “Сумын 2018-2020 оны үйлдвэржилтийг хөгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай” 10, “Сумын 2018 оны газар зохион байгуулалт, бэлчээр зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр тогтоолуудыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хуралдахыг Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Т.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

                                                ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

                                                ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ