Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02354

 

2018 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/02354

 

 

Б.Амартүвшингийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Н.Батзориг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02790 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Амартүвшингийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, цалин хөлсний зөрүү 4 517 916 төгрөг гаргуулар, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Алтанхуяг, Т.Түвшинбаяр

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Энхтуяа, П.Нарантуяа, С.Энхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 1998 онд УБТЗ ХНН-ийн Сүхбаатар өртөөнд засварчин, туслах машинч, машинчийн ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Машинчийн үүрэгт ажлаа хийж байхдаа өөрийн ээлжийн графикийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаар галт тэрэг 2-116025 серийн илчит тэрэгтэй, 65 вагонтой Сүхбаатараас Зүүнхараа чиглэлд аялал хийсэн. Нэхэмжлэгч аялал эхлэхээс өмнө хөдөлгөөний диспетчертэй 2502 дугаартай галт тэрэг хаана зөрөх вэ, зөрлөг байгаа эсэхийг тодруулсан. Суудлын диспетчер 263 дугаартай галт тэрэгтэй Энх тал зөрлөг дээр зөрнө, Дархан 2 өртөөнд ажиллагаатай гэж хэлсэн. Нэхэмжлэгч 263 дугаартай галт тэрэгтэй зөрөхдөө диспетчерээс Дархан 2 өртөөн дээр аль замаар гарах вэ гэж асуусан. Диспетчер А галт тэрэг 16 дугаар зам дээр зогсолттой явж байна гэж хэлсэн. Тухайн өдөр илчит тэрэг хүлээж авахад нэг хөдөлгүүр салгаатай байсан. Зүтгүүрийн диспетчер галт тэргээр үргэлжлүүлэн аялж байвал тушаал бичиж өгнө гэж ярьсан. Техникийн хурд биелэхгүй байгаагаас 16 дугаар замаар орох боломжгүй, зам өөрчлөх талаар Хөдөлгөөний зохицуулагчтай ярьсан. Дархан 2 өртөөний жижүүр зөвшөөрөл өгсөн тул 2502 дугаар галт тэрэг Дархан 2 өртөөний А паркийн 1 дүгээр замаар орсон. 1 дүгээр зам дээр 9 вагонд ажиллагаа хийж салгасан байдаг. Туслах жижүүр 11 ноймрын ивүүр тавьсан гэж радио станцад мэдэгдсэн. Энэ талаар радио станцын бичлэг болон өртөөний жижүүрийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. 2502 дугаартай галт тэрэг 56 вагонтой Зүүнхараа руу аялал хийсэн. Яагаад Дархан 2 өртөөнд дээр зогсолт хийх шаардлага гарсан бэ гэхээр ачааны галт тэргийн жингийн норм тогтоох тухай А-402 дугаартай тушаалаар Сүхбаатараас Дархан 2 өртөө хүртэл 5800 тонн жинтэй явна гэдэг. Дархан 2-оос Зүүнхараа хүртэл 5000 тонн жинтэй явна. Үүнээс хамаарч Дархан 2 өртөөн дээр жингийн хувиарлалт хийгдсэн. Үлдсэн 9 вагон дээр сэлгээ хийгдсэн. 1 дүгээр зам дээр үлдсэн вагон дээр сэлгээний илчит тэрэг орж ирснээр тэр вагонд ажиллагаа хийнэ. Сэлгээний процессын явцад эхлээд 4 вагон салгаж, өөр зам руу орсон. Дахин 3 вагон авч, өөр зам руу оруулсан. 9 вагоноос 7 вагон авахад үлдсэн 2 вагон өнхөрч өртөөний контролоос Дархан 1 тал руу гарсан. Сэлгээний ажил хийгдэхэд Б.Амартүвшин хариуцаж явсан галт тэрэг аль хэдийнэ хөдөлж, Зүүнхараа орсон байсан. Үлдсэн 9 вагон дээр ажиллагаа хийхдээ ивүүр тавиагүйн улмаас вагон гарсан асуудал дээр Б.Амартүвшинг буруутгасан. Энэ үйл явдал Б.Амартүвшингийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Б.Амартүвшин Дархан татах хэсгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.Амартүвшингийн хөдөлмөрийн гэрээнд УБТЗ ХНН-ийн дарга арга хэмжээ тооцож, албан тушаал буруулсан.

Б.Амартүвшингийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн В-2/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг УБТЗ ХНН-ийн Дархан татах хэсгийн Сүхбаатар өртөөний илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү болох 4 517 916 төгрөг гаргаж, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь графикийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаартай 65 вагонтой, урт галт тэргээр Сүхбаатар, Зүүнхараа чиглэлд явахдаа онцгой тооцоот гологдол гаргах нөхцөл бүрдүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллаагүй, УБТЗ-д мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, албан ярилцлагыг дүрмийн дагуу хийгээгүй тул түүнд УБТЗ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 дугаар тушаалаар Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, Замын даргаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс эхлэн төмөр замын хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаагаар шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дархан татах хэсэг нь Дархан, Сүхбаатар депо, Эрдэнэт, Зүүнхараа, Салхит, Шарын голын үндсэн ба туслах цехүүд, түлшний агуулах, амрах байрууд зэрэг санхүүгийн дотоод тооцоотой цех хэсгүүдийг нэгтгэсэн УБТЗ-ын салбар нэгж мөн бөгөөд УБТЗ ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны шууд удирдлагад байх салбар нэгж болно.

Б.Амартүвшин нь Дархан-2 өртөөний нэгдсэн технологийн процессын 5.2.4.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4.2, 18.4.5, 24 дүгээр зүйлийн 24.1.2, Зам, тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.36, 16.18-ын б, г 17.4, Зам тээвэр аялал жуучлалын сайдын 2008 оны 63 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам-ын 10.7, 10.34, 10.35, мөн УБТЗ-ын даргын 2017 оны А-35 дугаар Албан ярианы дэглэм батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтын Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүрийн машинч хоорондын албан ярианы дэглэм, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гар утсаар ярихыг хориглох заалтыг, Зам тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, 3.1.8, Дархан татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, 9.3, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.4, Ажлын байрны тодорхойлолтын 8, 9, 10-ын 14, 21, 22, 12-ын Б-д заасан үүргээ тус тус зөрчсөн.

Иймд түүнд сахилгын шийтгэл ногдуулж, нэг жилийн хугацаанд хөдөлгөөний бус ажилд шилжүүлж байгаа нь тухайн ажилтан тодорхой хугацааны дараа урьд эрхэлж байсан хөдөлмөрийн ажилдаа эргэн ажиллах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амартүвшингийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр замд холбогдох илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү 4 5617 916 төгрөг гаргуулж, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Б.Амартүвшин нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаартай галт тэргээр 65 вагонтойгоор Сүхбаатараас-Зүүнхараа чиглэлд аялал хийсэн байдаг. Жингийн норм тогтоох тухай А-402 тоот тушаалын дагуу Сүхбаатараас Дархан-2 эртөө хүртэл 5800 тн, Дархан-2 өртөөнөөс Зүүнхараа өртөө хүртэл 5000 тн жинтэй "алт тэрэг аялах шаардлагатай байдаг тул 2502 дугаартай 65 вагонтой галт тэрэг Дархан-2 өртөөнд зогсолт хийж жингийн хугарал хийх шаардлага үүссэн. 2502 дугаартай галт тэрэг Дархан-2 өртөөний 1 дүгээр замаар дүрэм, журмын дагуу хэвийн орж ирж зогсолт хийсэн. А-402 тоот тушаалын дагуу Дархан-2 өртөөний ажилтнууд 65 вагоны сүүлээсээ 9 вагоныг салгасан бөгөөд Б.Амартүвшингийн жолоодсон тус галт тэрэг нь цааш 56 вагонтойгоор Зүүнхараа өртөө хүртэл ямар нэгэн гологдол зөрчилгүйгээр хүрсэн. Гэтэл 1 дүгээр зам дээр үлдсэн 9 вагонд сэлгээний илчит тэрэг ирж сэлгээг хийсэн. Сэлгээний эхний үйлдлээр 4 вагоныг авч өөр зам руу орсон бөгөөд 2 дахь сэлгээгээр 3 вагон авч өөр зам руу орсон. Энэ үед 1 дүгээр зам дээр үлдсэн 2 вагон хоорондын замд гарч онцгой тооцоот гологдол гарсан.

Нэхэмжлэгчийн жолоодсон 2502 дугаартай галт тэрэгнээс 9 вагон салгаж үлдээх процесст туслах жижүүр 11 номерийн ивүүр тавьсан гэж Б.Амартүвшинд станцаар хэлж мэдэгдэн, өртөөний жижүүр Б.Амартүвшинг цаашид хөдөлгөөн үргэлжлүүлэх тушаал өгч явуулсан. Гэтэл бодит нөхцөл байдалд 11 номерийн ивүүрийг тавиагүй байсан бөгөөд 9 вагон ивүүргүй ч гэсэн өнхрөөгүй юм. Гэтэл сэлгээний явцад буюу 4, 3-аар хоёр удаа сэлгээ хийсний дараа үлдсэн 2 вагон өнхөрсөн байдаг. Сэлгээний явцад ч ивүүр тавиагүй худлаа хэлсэн гэдгээ туслах жижүүр хүлээсэн. Энэхүү бодит нөхцөл байдлыг шүүх тогтоож чадалгүй, 2 вагон хоорондын замд гарсан онцгой тооцоот гологдолд Б.Амартүвшингийн үйлдэл ямар ч шалтгаан холбоо байхгүй байхад буруу дүгнэлт гаргасан. Мөн хөдөлмөрийн гэрээнд тусгасаны дагуу галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан албаны дүгнэлтээр тогтоогдсон байхыг шаардсаар байтал шүүх энэ талаар ямарч дүгнэлт шийдвэр байхгүй байхад үндэслэлгүйгээр шийдсэн.

2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Галт тэрэгний хөдөлгөөний үед зүтгүүрийн хэвийн бус нөхцлийг зохион байгуулах шуурхай тушаал өгөх журамд Зүтгүүрийн албаны галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч 16:00-22:00 цагийн хооронд эрх бүхий албан тушаалтнууд болон тэдгээрийг орлож байгаа хүмүүс мэдэгдэж зөвшөөрөл авсны дараа тушаал өгнө гэж заасан. Мөн тус журамд Шөнийн ээлжинд 22:00-06:00 цагийн хооронд өгсөн тушаалыг өглөө Замын болон албаны удирдлага /НЗБО, НЗД, НЗТ, Т, ТГ, ТЗэ, ТЗр/-д илтгэж тушаалыг батлуулна гэж заасан. Тус галт тэрэг нь шөнийн 01:00 цагт Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн бөгөөд зүтгүүрийн албаны галт тэрэгний зохицуулагч нь энэ үед тушаалыг биечлэн өгөөд өглөө нь тушаалаа илтгэж батлуулдаг дүрэм журамтай. Үүний дагуу зүтгүүрийн албаны галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч аялалд яв араас чинь тушаал өгнө гэж депо жижүүрт мэдэгдэж, депо жижүүр машинчид мэдэгдснээр Б.Амартүвшин нь хөдөлгөөнд оролцсон байдаг. Энд Б.Амартүвшин нь ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй бөгөөд ямар нэгэн машинч аливаа илчит тэргийг дур мэдэн авч явах эрх байдаггүй гэдгийг шүүх үндэлслэлгүй дүгнэсэн.

Түүнчлэн Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 1 дүгээр бүлэг, Нийтлэг үндэслэлийн 4 дүгээр зүйлд Галт тэрэг гэж Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон ажиллагаатай зүтгүүр болон сүүлийн дохио бүхий хөдлөх бүрэлдэхүүн гэж заасан. Мөн хөдлөх бүрэлдэхүүн гэж зүтгүүр, вагон, мотовоз зэрэг төмөр замаар авдаг техник, зүтгүүр гэж Цахилгаан тэрэг, илчит тэрэг, уурын тэрэг, хийн трубинт, ютовоз г.м гэж ойлгоно гэж тайлбарласан. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.7 дахь заалт нь 10 дугаар бүлэг дэх сэлгээний ажил хийгдэхэд дагаж мөрдөх журам бөгөөд Б.Амартүвшин нь ямар ч сэлгээний ажил хийгээгүй юм. Харин үлдсэн 9 вагонд сэлгээний ажил хийгдсэн байдаг. Мөн 10.7 дахь заалт нь зүтгүүрийг буюу илчит тэргийг нийт бүрэлдэхүүнээс буюу 1 дэх вагоноос салгаж байгаа тохиолдолд ашиглах заалт байхад зүтгүүрийг залгаагүй буюу сүүлээсээ 9 вагон салгахад энэхүү заалтыг мөрдөөгүй гэж ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүүд 4 517 916 төгрөг гаргуулах, уг дүнд ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч байгууллага нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Б-II-85 дугаар тушаалаар Дархан татах хэсгийн илчит тэрэгний машинч Б.Амартүвшинг нэг жилийн хугацаагаар төмөр замын хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх 25 дахь тал/

 

Дээрх тушаалаар Б.Амартүвшинийг онцгой тооцоот гологдол гаргах нөхцлийг бүрдүүлж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, төмөр замд мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, тэдгээрийг хангалттай сайн судлаагүй, албан ярилцлагыг дүрмийн дагуу хийгээгүй гэх үндэслэлийг зааж Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн 22 дугаар зүйлийн а болон и заалтууд, Замын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг баримталсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Б.Амартүвшин нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа өртөө хүртэл аялал хийхдээ татах цахилгаан хөдөлгүүр салгаатай галт тэргийг тушаалгүйгээр хөдөлгөөн эхлүүлсэн, Дархан-2 өртөөнд зогсох замыг өөрчлүүлсэн, онцгой тооцоот гологдол гарсан гэх вагоныг салгахдаа ивүүр тавьсан эсэхийг шалгаагүй зөрчил гаргасан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн комиссын акт, Дархан-2 өртөөнөөс 2502 дугаар галт тэрэгнээс салгасан 0/2 зерновоз өнхөрч хоорондын замд гарсан тухай тайлбар зэргээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх 29-40, 41, 42, 43-45/

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын тайлбартай харьцуулан үзэж Төмөр замын технк ашиглалтын дүрмийн 13.5-д татах цахилгаан хөдөлгүүр түүний хөргөх сэнс, мотор голын холхивч гэмтсэн бол ийм гэмтэл бүхий зүтгүүрийг галт тэргэнд ашиглахаар гаргахыг хориглоно, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.7-д хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр зүтгүүрээ салгахыг галт тэрэгний бригадад хориглоно гэж заасныг тус тус Б.Амартүвшин нь зөрчсөн болох нь тогтоогдсон байх ба энэ нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.3.5-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил хамаарч байна.

 

Ажил олгогчийн хувьд ажилтны гаргасан зөрчлийг баримтаар тогтоож, төмөр замын хөдөлгөөний бус ажилд 1 жил хүртэл хугацаагаар шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулсан нь Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2.3-т заасантай нийцжээ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт цалингийн зөрүү дүнг тодорхойлохдоо техникийн алдаа гаргаж буруу бичснийг залруулах боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02790 дүгээр шийдвэрийн

1 дэх хэсгийн 4 5617 916 төгрөг гэснийг 4 517 916 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Э.ЗОЛЗАЯА