Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2019/00520

 

Б.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02790 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дүгээр магадлалтай

Б.Агийн нэхэмжлэлтэй,

Уд холбогдох

Урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд үндэслэлгүй шилжүүлснээс дутуу олгосон цалингийн зөрүү 4 517 916 төгрөгийг гаргуулан, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, С.Энхбаатар, П.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдээ нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч 1998 онд У ХНН-ийн Сүхбаатар өртөөнд засварчин, туслах машинч, машинчийн ажил үүрэг гүйцэтгэж ирсэн. Машинчийн үүрэгт ажлаа хийж байхдаа өөрийн ээлжийн графикийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаар галт тэрэг 2-116025 серийн илчит тэрэгтэй, 65 вагонтой Сүхбаатараас Зүүнхараа чиглэлд аялал хийсэн. Нэхэмжлэгч аялал эхлэхээс өмнө хөдөлгөөний диспетчертэй 2502 дугаартай галт тэрэг хаана зөрөх вэ, зөрлөг байгаа эсэхийг тодруулсан. Суудлын диспетчер 263 дугаартай галт тэрэгтэй Энх тал зөрлөг дээр зөрнө, Дархан 2 өртөөнд ажиллагаатай гэж хэлсэн. Нэхэмжлэгч 263 дугаартай галт тэрэгтэй зөрөхдөө диспетчерээс Дархан 2 өртөөн дээр аль замаар гарах вэ гэж асуусан. Диспетчер А галт тэрэг 16 дугаар зам дээр зогсолттой явж байна гэж хэлсэн. Тухайн өдөр илчит тэрэг хүлээж авахад нэг хөдөлгүүр салгаатай байсан. Зүтгүүрийн диспетчер галт тэргээр үргэлжлүүлэн аялж байвал тушаал бичиж өгнө гэж ярьсан. Техникийн хурд биелэхгүй байгаагаас 16 дугаар замаар орох боломжгүй, зам өөрчлөх талаар Хөдөлгөөний зохицуулагчтай ярьсан. Дархан 2 өртөөний жижүүр зөвшөөрөл өгсөн тул 2502 дугаар галт тэрэг Дархан 2 өртөөний А паркийн 1 дүгээр замаар орсон. 1 дүгээр зам дээр 9 вагонд ажиллагаа хийж салгасан байдаг. Туслах жижүүр 11 ноймрын ивүүр тавьсан гэж радио станцад мэдэгдсэн. Энэ талаар радио станцын бичлэг болон өртөөний жижүүрийн тэмдэглэлд тодорхой тусгагдсан. 2502 дугаартай галт тэрэг 56 вагонтой Зүүнхараа руу аялал хийсэн. Яагаад Дархан 2 өртөөнд дээр зогсолт хийх шаардлага гарсан бэ гэхээр ачааны галт тэргийн жингийн норм тогтоох тухай А-402 дугаартай тушаалаар Сүхбаатараас Дархан 2 өртөө хүртэл 5800 тонн жинтэй явна гэдэг. Дархан 2-оос Зүүнхараа хүртэл 5000 тонн жинтэй явна. Үүнээс хамаарч Дархан 2 өртөөн дээр жингийн хувиарлалт хийгдсэн. Үлдсэн 9 вагон дээр сэлгээ хийгдсэн. 1 дүгээр зам дээр үлдсэн вагон дээр сэлгээний илчит тэрэг орж ирснээр тэр вагонд ажиллагаа хийнэ. Сэлгээний процессын явцад эхлээд 4 вагон салгаж, өөр зам руу орсон. Дахин 3 вагон авч, өөр зам руу оруулсан. 9 вагоноос 7 вагон авахад үлдсэн 2 вагон өнхөрч өртөөний контролоос Дархан 1 тал руу гарсан. Сэлгээний ажил хийгдэхэд Б.А хариуцаж явсан галт тэрэг аль хэдийнэ хөдөлж, Зүүнхараа орсон байсан. Үлдсэн 9 вагон дээр ажиллагаа хийхдээ ивүүр тавиагүйн улмаас вагон гарсан асуудал дээр Б.Аг буруутгасан. Энэ үйл явдал Б.Агийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар Б.А Дархан татах хэсгийн даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл Б.Агийн хөдөлмөрийн гэрээнд У ХНН-ийн дарга арга хэмжээ тооцож, албан тушаал буруулсан.

Б.Ад сахилгын шийтгэл ногдуулж, өөр ажилд шилжүүлсэн 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн В-2/35 дугаартай тушаалыг хүчингүй болгож, түүнийг У ХНН-ийн Дархан татах хэсгийн Сүхбаатар өртөөний илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүү 4 517 916 төгрөг гаргаж, түүнд ногдох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичиж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь графикийн дагуу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 2502 дугаартай 65 вагонтой, урт галт тэргээр Сүхбаатар, Зүүнхараа чиглэлд явахдаа онцгой тооцоот гологдол гаргах нөхцөл бүрдүүлсэн. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллаагүй, У-д мөрдөгдөж буй дүрэм, журам, тушаал, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, албан ярилцлагыг дүрмийн дагуу хийгээгүй тул түүнд У-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 дугаар тушаалаар Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3, Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалтууд, Замын даргаас 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн мөн өдрөөс эхлэн төмөр замын хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаагаар шилжүүлэн ажиллуулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Дархан татах хэсэг нь Дархан, Сүхбаатар депо, Эрдэнэт, Зүүнхараа, Салхит, Шарын голын үндсэн ба туслах цехүүд, түлшний агуулах, амрах байрууд зэрэг санхүүгийн дотоод тооцоотой цех хэсгүүдийг нэгтгэсэн У-ын салбар нэгж мөн бөгөөд У ХНН-ийн Зүтгүүрийн аж ахуйн албаны шууд удирдлагад байх салбар нэгж болно.

Б.А нь Дархан-2 өртөөний нэгдсэн технологийн процессын 5.2.4.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.4.2, 18.4.5, 24 дүгээр зүйлийн 24.1.2, Зам, тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 63 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 17.36, 16.18-ын б, г 17.4, Зам тээвэр аялал жуучлалын сайдын 2008 оны 63 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам-ын 10.7, 10.34, 10.35, мөн У-ын даргын 2017 оны А-35 дугаар Албан ярианы дэглэм батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтын Сэлгээний ажлын үеийн өртөөний жижүүр /найруулагч/, зүтгүүрийн машинч хоорондын албан ярианы дэглэм, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажил эрхэлдэг ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж байхдаа гар утсаар ярихыг хориглох заалтыг, Зам тээврийн аялал жуучлалын сайдын 2008 оны 88 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөний шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журам-ын 3.1.1, 3.1.2, 3.1.3, 3.1.5, 3.1.8, Дархан татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 9.2, 9.3, Хөдөлмөрийн гэрээний 4.2, 4.3, 4.4, Ажлын байрны тодорхойлолтын 8, 9, 10-ын 14, 21, 22, 12-ын Б-д заасан үүргээ тус тус зөрчсөн.

Иймд түүнд сахилгын шийтгэл ногдуулж, нэг жилийн хугацаанд хөдөлгөөний бус ажилд шилжүүлж байгаа нь тухайн ажилтан тодорхой хугацааны дараа урьд эрхэлж байсан хөдөлмөрийн ажилдаа эргэн ажиллах боломжтой юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02790 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Агийн Уд холбогдох илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлсний зөрүү 4 5617 916 төгрөг гаргуулж, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/02790 дүгээр шийдвэрийн

1 дэх хэсгийн “4 5617 916 төгрөг” гэснийг “4 517 916 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ж.Амартүвшингийн нэхэмжлэлтэй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн У нийгэмлэгт холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 102/ШШ2018/02790 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Тус магадлал нь ИХШХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2, 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх заалтуудыг хангалгүй шийдвэрлэсэн тул доорх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “...Б.А нь 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар өртөөнөөс Зүүнхараа өртөө хүртэл аялал хийхдээ татах цахилгаан хөдөлгүүр салгаатай галт тэргийг тушаалгүйгээр хөдөлгөөн эхлүүлсэн, Дархан-2 өртөөнд зогсох замыг өөрчлүүлсэн, онцгой тооцоот гологдол гарсан гэх вагоныг салгахдаа ивүүр тавьсан эсэхийг шалгаагүй зөрчил гаргасан болох нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэл, 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн комиссын акт, Дархан-2 өртөөнөөс 2502 дугаар галт тэрэгнээс салгасан 0/2 зерновоз өнхөрч хоорондын замд гарсан тухай тайлбар зэргээр тогтоогдсон байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.” гэж дүгнэсэн.

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Галт тэрэгний хөдөлгөөний үед зүтгүүрийн хэвийн бус нөхцлийг зохион байгуулах шуурхай тушаал өгөх журам” батлагдсан.

Тус журамд “Зүтгүүрийн албаны галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч 06:00-22:00 цагийн хооронд эрх бүхий албан тушаалтнууд болон тэдгээрийг орлож байгаа хүмүүс мэдэгдэж зөвшөөрөл авсны дараа тушаал өгнө” гэж заасан.

Зүтгүүрийн албаны галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч нь ямар тэргийг хаанаас хэрхэн гаргах талаар тушаалыг биечлэн өгдөг албан тушаалтан бөгөөд хэвийн бус зүтгүүрийг ашиглах тохиолдолд дахин хэнээс хэрхэн зөвшөөрөл авсны дараа тушаал өгөх вэ гэдгийг энэхүү журмаар зохицуулсан.

Мөн тус журамд “Шөнийн ээлжинд 22:00-06:00 цагийн хооронд өгсөн тушаалын өглөө Замын болон албаны удирдлага /НЗБО, НЗД, НЗТ, Т, ТГ, ТЗэ, ТЗр/-д илтгэж тушаалыг батлуулна гэж заасан.

Тус галт тэрэг нь шөнийн 01:00 цагт Сүхбаатар өртөөнөөс хөдөлсөн бөгөөд зүтгүүрийн албаны галт тэрэгний зохицуулагч нь энэ үед тушаалыг биечлэн өгөөд өглөө нь тушаалаа илтгэж батлуулдаг дүрэм журамтай. Үүний дагуу зүтгүүрийн албаны галт тэрэгний хөдөлгөөний зохицуулагч аялалд яв араас чинь тушаал өгнө гэж депо жижүүрт мэдэгдэж, депо жижүүр машинчид мэдэгдснээр Б.А нь хөдөлгөөнд оролцсон байдаг. Энд Б.А нь ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй бөгөөд ямар нэгэн машинч аливаа илчит тэргийг дур мэдэн авч явах эрх байдаггүй гэдгийг үндэслэлгүй дүгнэсэн.

Мөн Б.Агийн жолоодсон 2502 дугаартай галт тэрэгнээс 9 вагон салгаж үлдээх процесст туслах жижүүр 11 номерийн ивүүр тавьсан гэж Б.Ад станцаар хэлж мэдэгдэн /Хавтаст хэрэгт авагдсан албан ярилцлагын бичлэгээр нотлогдоно/, өртөөний жижүүр Б.Аг цаашид хөдөлгөөн үргэлжлүүлэх тушаал өгч явуулсан. Гэтэл бодит нөхцөл байдалд 11 номерийн ивүүрийг тавиагүй байсан бөгөөд 9 вагон ивүүргүй ч гэсэн өнхрөөгүй юм.

Гэтэл сэлгээний явцад буюу 4, 3-аар хоёр удаа сэлгээ хийсний дараа үлдсэн вагон өнхөрсөн байдаг. Сэлгээний явцад ч ивүүр тавиагүй худлаа хэлсэн гэдгээ туслах жижүүр хүлээсэн.

Ивүүр тавьсан эсэхийг 1 километрийн цаана байгаа машинч нүдээр биечлэн шалгах зохицуулалт байхгүй бөгөөд ийм боломж байхгүй юм.

Хоёр. Магадлалын “ХЯНАВАЛ” хэсэгт “...Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.7-д “хэвгийтэй зам дээр бэхэлгээ хийсэн мэдээ хүлээн авахгүйгээр, бэхэлгээ хийсэн эсэхийг магадлахгүйгээр зүтгүүрээ салгахыг галт тэрэгний бригадад хориглоно.” гэж заасныг тус тус Б.А зөрчсөн болох нь тогтоогдсон байх ба энэ талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 15.3.5-д заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил хамаарч байна.” гэж дүгнэсэн.

Хэрэгт авагдсан Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 1 дүгээр бүлэг, Нийтлэг үндэслэлийн 4 дүгээр зүйлд галт тэрэг гэж “Тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэхээр нэг бүлэг болгон найруулж холбосон ажиллагаатай зүтгүүр болон сүүлийн дохио бүхий хөдлөх бүрэлдэхүүн” гэж заасан.

Мөн Хөдлөх бүрэлдэхүүн гэж Зүтгүүр, вагон, мотовоз зэрэг төмөр замаар явдаг техник, Зүтгүүр гэж Цахилгаан тэрэг, илчит тэрэг, уурын тэрэг, хийн трубинт, мотовоз г.м гэж ойлгоно гэж тайлбарласан.

Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.7 дахь заалт нь 10 дугаар бүлэг дэх Сэлгээний ажил хийгдэхэд дагаж мөрдөх журам бөгөөд Б.А нь ямар ч сэлгээний ажил хийгээгүй юм. Харин үлдсэн 9 вагонд сэлгээний ажил хийгдсэн байдаг.

Мөн 10.7 дахь заалт нь зүтгүүрийг буюу илчит тэргийг нийт бүрэлдэхүүнээс буюу 1 дэх вагоноос салгаж байгаа тохиолдолд ашиглах заалт байхад зүтгүүрийг салгаагүй буюу сүүлээсээ 9 вагон салгахад энэхүү заалтыг мөрдөөгүй гэж ямар ч үндэслэлгүйгээр буруутгасан.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 102/ШШ2018/02790 дугаартай шийдвэр, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А Уд холбогдуулан, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өөр ажилд үндэслэлгүй шилжүүлснээс дутуу олгосон цалингийн зөрүү 4 517 916 төгрөгийг гаргуулан, уг дүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс дутуу олгосон цалинд нэхэмжилсэн үнийн дүнг буруу бичсэн техникийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 Нэхэмжлэгч Б.Аг Дархан татах хэсгийн машинчаар ажиллаж байхад нь Уын даргын 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б-II-85 тушаалаар “...онцгой тооцоот гологдол гарах нөхцлийг бүрдүүлж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, дүрэм, журам, тушаал, зааврын дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, тэдгээрийг хангалттай сайн судлаагүй...” гэх үндэслэлээр Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3.-т зааснаар нэг жилийн хугацаагаар төмөр замын хөдөлгөөний бус ажилд шилжүүлэх сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.А 2502 дугаар галт тэрэг, 2ТЭ116УМ.025 илчит тэрэгтэй /65 вагонтой/ Сүхбаатараас Зүүнхараа хэсэгт аялал хийх үедээ Дархан-2 өртөөнд 16 дугаар замаар орох байтал 1 дүгээр замаар орж, тус өртөөнд хойд талаасаа 9 вагон салгаж үлдээгээд, аялалыг цааш үргэлжлүүлэн Зүүнхараа өртөөнд очиж аялалаас буужээ.

Салгаж үлдээсэн 9 вагоноос 2 вагон Дархан тал руу замын хэвгийгээс хамаарч, ивүүр тавигдаагүйн улмаас өнхөрч, сум зүсэгдэж, бүрэлдэхүүн хоорондын замд гарч зогссон онцгой тооцоот гологдол гарсан үйл баримт тогтоогджээ.

Ажил олгогч асуудлыг тодруулахаар тэр өдрөө Анхны акт, бүдүүвч зураг үйлдэж, галт тэрэг, сэлгээ, шууд утасны сувгаар ярианы бичлэг сонссон акт үйлдэж, ДНЦ сувгийн бичлэгийг  сонсож, холбогдох шалгалтыг хийсний үндсэн дээр 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Шуурхай хурлаар онцгой тооцоот гологдлын талаар хэлэлцэж, төмөр замын техник ашиглалтын дүрэм, галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой ажилтны сахилгын тусгай журмыг зөрчсөн үйлдлүүдийг тогтоож, журам зөрчсөн ажилтнуудад хариуцлага тооцсноос нэхэмжлэгч Б.Аг хөдөлгөөний бус ажилд нэг жилийн хугацаатай шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон тул ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.3. дахь заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, шийдлийг хэвээр үлдээж, харин нэхэмжлэгчийн дутуу олгосон цалинг нэхэмжилсэн үнийн дүнг бичихдээ гаргасан техникийн алдааг засч, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Агийн ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг буруутгах боломжгүй тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

 Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2354 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуягийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар тус нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                           Х.ЭРДЭНЭСУВД