| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 171/2019/0232/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 112
Ө.Од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 73 дугаар магадлалтай, Ө.Од холбогдох 1925001380184 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, 2018 оны 6 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Ө.О нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Оыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар шүүгдэгч Ө.Оы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Од ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ө.Оы 4 настай охин О.Аг төрсөн эх Б.Эийн асрамжид шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, согтуурал шалгасан 3 ширхэг баримтыг хэрэгт хавсарган үлдээж, 02248845 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид нь буцаан олгуулах, хохирогч Г.М болон түүний хууль ёсны төлөөлөгч Г.Б нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвзэр үлдээж, шүүгдэгч Ө.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “1.Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг хэрэглэн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар ял оногдуулсан. Гэтэл Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан байх бөгөөд 7.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтаар албадлагын арга хэмжээ хүчингүй болгож байгаа бол 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж уг заалтад заагаагүй. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйл болон 6.9 дүгээр зүйлийн аль заалт хэсгийг баримтлан тохирсон ял шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжтой байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалт нь “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн” гэх заалт бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор ял авсан этгээдэд хамааралтай заалт. Гэтэл Ө.О нь өмнөх шийтгэх тогтоолоор ял аваагүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1-д заасан тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан байсныг анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулж байгаа юм уу, эсвэл хэд хэдэн гэмт үйлдсэн хүнд ял оногдуулж байгаа юу гэдгийг ялгаж, Эрүүгийн хуулийн зохих заалтыг хэрэглэх үндэслэлтэй.
2.Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолын зохих заалтыг хүчингүй болгож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад заасан үндэслэл, журмын дагуу ялыг оногдуулах, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг анхаарч эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх байсан бөгөөд өмнөх хэрэгт ял оногдуулахдаа дээрх хуулийн зохицуулалтыг харгалзан үзэлгүй шийдвэрлэж болно гэх зохицуулалт Эрүүгийн хүульд заагаагүй байгааг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй.
3.2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр үйлдсэн болгоомжгүй хэрэгт ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцлийг зөвхөн анхаарч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өмнөх хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг харгалзан ялыг оногдуулаагүй нь үндэслэлгүй байна.
4.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 тоот шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар 4-ний өдрийн 73 тоот магадлал нь ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 заалт дахь гэмт хэрэг үйлдсэний дараа.... учруулсан хохирлыг төлсөн нь хэрэтг нотлогдож, тогтоогдсон байхад тогтоодоогүй гэж нотлох баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт ... хохирогч нарын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг төлж барагдуулсан байна гэх дүгнэлтийг хийсэн атал үүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 заалтад хамаарах эсэх асуудлаар дүгнэлт хийгээгүй атлаа ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Ө.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гаргасан боловч шүүхээс гэм буруугийн байдал, хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн зохих заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзэж шийдвэрлэсэн атал шийтгэх тогтоолын 2 дахь заалтад 4 жилийн хорих ялыг оногдуулсан үндэслэлээ дээрх үндэслэлтэй холбон тайлбарлаж оногдуулсан эсэх нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын хохирол төлсөн байдал зэргийг харгалзан “хорих ял оногдуулж шийдвэрлэснээ” дурдсан нь Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь шүүгдэгч Ө.О гэм бурууг хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй, улсын яллагчаас санал болгосон зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх заалт нь өөрөө “хорих ялыг” зөвхөн хэрэглэх заалт байхад “хорих ял оногдуулахаар шийдвэрлэв" гэх үндэслэл нь ялыг хүндрүүлэн шийдвэрлэхээр дурдаж гэж ойлгогдохоор байгаа нь хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.
5.Өмнөх хэрэг буюу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-т заасан хэрэгт гэм буруутай гэж шийдвэрлэсэн байх ба энэхүү хэрэг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан эрх хасах ялыг оногдуулах эсэхийг шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн 27.10 зүйлийн 2 дахь хэсэгт эрх хасах ялыг хэрэглэх зохицуулалт байх ба эрх хасах ялыг хэрэглээгүй үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь ... хуульд заасан төрөл хэмжээний дотор ял оногдуулж, ...хөнгөрүүлж өөрчлөх үндэслэл тогтоогдоогүй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 тоот шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 73 тоот магадлалыг өөрчилж, Ө.Од Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг хэрэглэж ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон ахлах прокурор Г.Гэрэлтуяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ө.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Анхан шатны шүүх өмнөх шийтгэх тогтоолоор ял оногдуулахгүй тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял нэмж нэгтгэхдээ хууль буруу хэрэглээгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Од холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Шүүгдэгч Ө.О нь 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Пинк” дэлгүүрийн урд талын зам дээр Тоёота приус 30 загварын 22-39 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгслээ онхолдуулж, зорчигч Ц.Мын амь насыг хохироож, Г.Мын эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ө.Оыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хүний эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар Ө.Оы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 7 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Од ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасч, 5 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу анхан шатны шүүх Ө.Оы урьд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хүний эрүүл мэндэд хүнд болон хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулж, улмаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоосныг буруутгах үндэслэлгүй болно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Од Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн боловч тэрээр энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохдоо Ө.Од урьд нь оногдуулсан 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг сүүлчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан 7 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр бүхэлд нь нэмж нэгтгэж шийдвэрлэсэн нь зөв байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэхэд Ө.Од Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан “6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих” ялаас 1 жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т заасан “2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих” ялаас 4 жил хорих ялыг тус тус сонгож оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялуудын дунджаас доогуур хэмжээ байх бөгөөд шүүхээс оногдуулсан ялыг шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй, хүндэдсэн гэж үзэхээргүй байна.
Түүнээс гадна хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзсан хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хүнийг тэнссэн шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хүчингүй болгох тохиолдолд шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан өмнөх үйлдсэн гэмт хэрэгт нь ял оногдуулахаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зарчмын дагуу өмнөх болон сүүлийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох нь шударга ёсны болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан “Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт албадлагын арга хэмжээг хүчингүй болгохдоо Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заагаагүй... Ө.О нь өмнөх шийтгэх тогтоолоор ял аваагүй, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан байсныг шүүх анхаарч үзэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байгаа эсэхийг харгалзан үзээгүй... Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг өөрчилж, Ө.Од оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 290 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 73 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Оы өмгөөлөгч Х.Оюунбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН