Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02391

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02391

 

 

Эрчис проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01975 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Эрчис проперти ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Шүрэн солюшнс ХХК-д холбогдох,

 

Ажлын хөлс 19 278 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мягмарсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2016 оны 01 дүгээр сард Шүрэн солюшнс ХХК-ийн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж буй Ариг бүрд 80 айлын орон сууцны авто зогсоолын шал өнгөлгөөний ажлыг 1 м.кв-ыг нь 18 000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал хүргүүлсэн. Үүний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нийт 1071 м.кв авто зогсоолын шал өнгөлөх ажлыг 100 хувь өөрийн зардлаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно.

Гэрээний 2.2-т заасны дагуу ажил гүйцэтгэсэн төлбөрийг захиалагч тал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон байдаг. Гэвч Шүрэн солюшнс ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн төлбөр хийгээгүй бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус компанид хандан төлбөр төлөхийг шаардан мэдэгдэл хүргүүлэхэд төлөлт хийх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор бичгээр манай компанид хүргүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирээгүй байна.

Иймд бидний гүйцэтгэсэн ажпын хөлс болох 19 278 000 төгрөгийг Шүрэн солюшнс ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороололд байрлах Ариг бүрд цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар /А, Б блок бүхий/ 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төслөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг.

Дээрх орон сууцны барилгын доор автомашины дулаан зогсоолын шалыг өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэх талаар нэхэмжлэгчээс үнийн санал ирүүлсэн бөгөөд энэхүү үнийн саналын хүрээнд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулан манай компанийн барьж, гүйцэтгэсэн орон сууцны зориулалттай барилгын гараашийн шал өнгөлгөөний ажлыг хийлгэх, гүйцэтгэгч нь гэрээний нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм, дүрмийг чанд мөрдлөг болгон гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч Эрчис проперти ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг зохих ёсоор, чанартай хийж гүйцэтгэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд дулаан зогсоолын шал нь товгор, тэгш бус байгаа бөгөөд чанарын шаардлага хангахгүй байгаа болно. Мөн гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусч акт үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш захиалагч талаас нэхэмжлэн авах эрхтэй гэж заасан бөгөөд гүйцэтгэгч байгууллага нь дулаан зогсоолын шалны ажлыг бүрэн, зохих ёсоор нь, чанартай хийж гүйцэтгэсэн талаар акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй тул ажлыг хөлсийг тооцон олгох боломжгүй байгаа юм.

Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд гэрээний биелэлтээс хамааран төлөлт хийх хугацааг тохирч 2018 ны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж бичгээр хүргүүлэхээр тохиролцсон болохоос төлбөр төлөх талаар тохиролцож байгаа үйлдэл биш болно.

Мөн гүйцэтгэгч нь гарааш руу ордог хэсгийн пандусыг хийж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл пандусыг хийж гүйцэтгээгүйгээс болж борооны ус гарааш руу орж усаар дүүрэх, үнээс болж шал хуурах, хагарах зэрэг хүндрэлүүд гарч байна. Ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэл буюу барилгын баталгаат гугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж учирсан эвдрэл, гэмтэл зэргийг засаж, сайжруулах үүрэгтэй гэж ойлгож байна.

Иймд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэн хүлээлгэн өгсний дараа хөлсийг төлөх болно. Мөн дутуу хийж, гүйцэтгэсэн ажил болон баталгаат хугацааны дотор засвар, үйлчилгээг хийлгүүлэх саналтай байна. гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүрэн солюшнс ХХК-иас нийт 19 278 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрчис проперти ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Эрчис проперти ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шүрэн солюшнс ХХК-иас 254 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Эрчис проперти ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь нэг бүрчлэн үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан эсэх талаар огт маргаагүй бөгөөд харин гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг зохих ёсоор, бүрэн хийж гүйцэтгэн бодит ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөр гэрээгээр тохирсон боловч өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд шүүхээс эргэлзээгүйгээр ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн байна гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай болсон. Шүүхээс нэхэмжлэгч "Эрчис проперти" ХХК нь ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн болох мэдэгдэл болон ажлын фото зургаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй, баримтад тулгуурлаагүй гэж үзэх бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт учир дутагдалтай болсон.

Хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөр төлөх талаар ирүүлсэн мэдэгдэл авагдсан бөгөөд уг баримтаар шал өнгөлгөөний ажлыг гэрээгээр тохирсон хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн гэх үндэслэлийг хангалттай нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл биеэр хүлээлгэн өгсөн гэдгээ нэхэмжлэгч талаас хангалттай нотолж чадаагүй байхад ажлыг хүлээлгэн өгсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Гэрээний 5.1 дэх хэсэгт "гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусч акт үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш захиалагч талаас нэхэмжлэн авах эрхтэй..." гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ажлыг хэзээ, яаж, хэрхэн хүлээлгэн өгсөн талаар акт хэрэгт авагдаагүй болно. Түүнчлэн хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мэдэгдэлд хариуцагч талаас "гэрээний биелэлтээс хамааран төлөлт хийх хугацааг тохирч 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор "Эрчис проперти" ХХК-нд хүргүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ хугацаанд гүйцэтгэгчийн хийсэн ажлыг хүлээн авах, гэрээний биелэлт хангагдсан эсэхийг нягтлах үүднээс ажлын гүйцэтгэлийн акт үйлдэх гэсэн боловч "Эрчис проперти" ХХК-тай холбоо барьж чадаагүй бөгөөд сүүлд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байсан.

"Эрчис Проперти" ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил нь биет байдлын доголдолтой байсан бөгөөд гарааш руу ордог хэсгийн пандусыг хийж өгөхөөр тохиролцсон боловч пандусыг хийж гүйцэтгээгүйгээс болж борооны ус гарааш руу орж усаар дүүрэх, үүнээс болж шал хуурах, хагарах зэрэг хүндрэлүүд гарч байгаа болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Эрчис проперти ХХК нь хариуцагч Шүрэн солюшнс ХХК-д холбогдуулан ажлын хөлс 19 278 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу Эрчис проперти ХХК нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын гараашийн шал өнгөлгөөний ажлыг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч буюу Шүрэн солюшнс ХХК нь ажлын хөлсөнд 1 м.кв талбайн үнэд 18 000 төгрөгөөр тооцож төлөх гэрээний үүргийг тус тус хүлээсэнд талууд маргаагүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талууд гүйцэтгэсэн ажлын хугацааны талаар маргаагүй. Харин захиалагч Шүрэн солюшнс ХХК нь гүйцэтгэгч Эрчис проперти ХХК-ийн гүйцэтгэсэн ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй, ажлын үр дүн доголдолтой гэх үндэслэлээр ажлын хөлсийг тооцох боломжгүй гэж маргажээ.

 

Гэрээнд гүйцэтгэх ажлын талбайн хэмжээг тусгаагүй боловч нэхэмжлэгч Эрчис проперти ХХК-аас Шүрэн солюшнс ХХК-д 1 м.кв-ыг 18 000 төгрөг, нийт ажлын хөлс 19 278 000 төгрөг болохоор зааж үнийн санал хүргүүлсэн, уг саналыг хүлээн авч гэрээ байгуулсан байх тул гараашийн шал өнгөлөх талбайн хэмжээг 1071 м.кв-аар тооцсон нь зөв байна.

 

Гэрээний 3.1 дэх хэсэгт талууд ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 2.2-т зааснаар захиалагч ажлын хөлсийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлөхөөр хугацааг тодорхойлжээ.

 

Гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар захиалагч нь барилгын ажлын явц, түүний чанар, үр дүнд хяналт тавих үүрэгтэй ба 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр буюу Шүрэн солюшнс ХХК-иас төлбөр шаардсан Эрчис проперти ХХК-ийн албан бичиг хүргүүлэх хүртэл захиалагч талаас ажлын явц, чанар, үр дүнгийн талаар аливаа нэгэн гомдлын шаардлага гаргаагүй байна.

 

Гэрээний 5.1 дэх хэсэгт заалтаас үзвэл ажил гүйцэтгэгч акт үйлдэн ажлыг хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч захиалагч тал ажлыг хүлээж авах үйлдэл хийхгүй тохиолдолд уг үүрэг биелэгдэх боломжгүй юм. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг захиалагч өөрийн эзэмшилд байлгаж байгаа тул ажлын үр дүнг бодитоор хүлээн авсанд тооцно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Иймд ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар ажлын хөлс төлөх үүрэгтэй тул хариуцагчаас ажлын хөлсөнд 19 278 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь зөв боловч ажлын хөлс шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримтлаагүй алдаа гаргасныг залруулах боломжтой байна.

 

Харин ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажил болох зогсоолын шал нь товгор, тэгш бус байгаа нь чанарын шаардлага хангахгүй биет байдлын доголдолтой, мөн гарааш руу ордог хэсгийн пандусыг хийж өгөхөөр тохиролцсон боловч гүйцэтгээгүй гэх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцэх байтал мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсгийг дүгнэсэн нь анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан гэж дүгнэхээр байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2018/01975 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт гэснийг 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Шүрэн солюшнс ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 254 340 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА