Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 01975

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Э” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: “Ш” ХХК/РД: /-д холбогдох,

 

19 278 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх  хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус компани нь 2016 оны 01 дүгээр сард “Ш” ХХК-ийн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдаж буй “Ариг бүрд” 80 айлын орон сууцны автозогсоолын шал өнгөлгөөний ажлыг 1 м2-ыг нь 18,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр үнийн санал хүргүүлсэн. Үүний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан нийт 1071 м2 авто зогсоолын шал өнгөлөх ажлыг 100 хувь өөрийн зардлаар хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болно.

Хоёр компаниудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу ажил гүйцэтгэсэн төлбөрийг захиалагч тал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон байдаг. Гэвч “Ш” ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд ямар нэгэн төлбөр хийгээгүй бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус компанид хандан төлбөрийг дариу төлөхийг шаардан мэдэгдэл хүргүүлэхэд төлөлт хийх хугацааг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор бичгээр манай компанид хүргүүлнэ гэсэн боловч мөн адил өнөөдрийг хүртэл ямар нэг хариу ирээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасны дагуу бидний гүйцэтгэсэн ажпын хөлс болох 19,278,000 /арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг “Ш” ХХК-иас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мягмарсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй манай компанид холбогдох “... Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 19 278 000 төгрөг гаргуулах тухай...” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Манай компани нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 13 дугаар хороолол /13374/-д байрлах “Ариг бүрд” цогцолборын 102а, 102б тоот хаягт байрлах дээрээ мансардтай, үйлчилгээтэй, 9 давхар /А, Б блок бүхий/ 80 айлын орон сууцтай, доороо 51 автомашины дулаан зогсоолтой барилгыг 2013/14 дугаартай зураг төсөлөөр 2013 оны 7 дугаар сараас эхлэн барьж гүйцэтгэн 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн байдаг.

Дээрх орон сууцны барилгын доор автомашины дулаан зогсоолын шалыг өнгөлөх ажлыг хийж гүйцэтгэх талаар нэхэмжлэгчээс үнийн санал ирүүлсэн бөгөөд энэхүү үнийн саналын хүрээнд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулан манай компанийн барьж, гүйцэтгэсэн орон сууцны зориулалттай барилгын “... гаражийн шал өнгөлгөөний ажлыг хийлгэх, гүйцэтгэгч нь гэрээний нөхцөл, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг холбогдох хууль тогтоомж, барилгын норм, дүрмийг чанд мөрдлөг болгон гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, хүлээлгэн өгөх ...”-өөр харилцан тохиролцсон.

Гүйцэтгэгч “Э” ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажлыг зохих ёсоор, чанартай хийж гүйцэтгэж албан ёсоор хүлээлгэн өгөөгүй бөгөөд дулаан зогсоолын шал нь товгор, тэгш бус байгаа бөгөөд чанарын шаардлага хангахгүй байгаа болно.

Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар “... гүйцэтгэгч нь хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил дуусч акт үйлдэн хүлээлгэн өгснөөс хойш захиалагч талаас нэхэмжлэн авах эрхтэй ...” гэж заасан бөгөөд гүйцэтгэгч байгууллага нь дулаан зогсоолын шалны ажлыг бүрэн, зохих ёсоор нь, чанартай хийж гүйцэтгэсэн талаар акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй тул ажлыг хөлсийг тооцон олгох боломжгүй байгаа юм.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн албан ёсоор хүлээлгэн өгсөн тохиолдолд ажлыг хөлсийг тооцон төлөхөд татгалзах зүйлгүй байна.

Монгол улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт: “... ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ ... ” гэж заасан бөгөөд өнөөдрийг хүртэл ажлын үр дүнг хүлээн аваагүй байгаа болно. Ажлын үр дүнг хүлээн аваагүй байгаа тул хөлс төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Төлбөр төлөх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд “... гэрээний биелэлтээс хамааран төлөлт хийх хугацааг тохирч 2018 ны 2 дугаар сарын 12-ны өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ ...” гэж бичгээр хүргүүлэхээр тохиролцсон болохоос төлбөр төлөх талаар тохиролцож байгаа үйлдэл биш болно.

Мөн гүйцэтгэгч нь гараш руу ордог хэсгийн пандусыг хийж өгөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл пандусыг хийж гүйцэтгээгүйгээс болж борооны ус гараш руу орж усаар дүүрэх, үнээс болж шал хуурах, хагарах зэрэг хүндрэлүүд гарч байна. Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар: “... гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэл буюу барилгын баталгаат гугацаа 3 жил байна ...” гэж заасан бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс болж учирсан эвдрэл, гэмтэл зэргийг засаж, сайжруулах үүрэгтэй гэж ойлгож байна.

Иймд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа акт үйлдэн хүлээлгэн өгсний дараа хөлсийг төлөх болно. Мөн дутуу хийж, гүйцэтгэсэн ажил болон баталгаат хугацааны дотор засвар, үйлчилгээг хийлгүүлэх саналтай байна.” гэв.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийг шаарддаг. Иргэний хуулийн 343.2-т зааснаар гэрээний зүйл нь ажлын гүйцэтгэл байна. Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг бодитоор хэн аль нь хүлээлгэж өгсөн, авсан зүйл байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шаардаад байгаа гэрээний үүргийг шүүхээс хангаж шийдвэрлэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. ИХШХШТХ-ийн 25-р зүйлд зааснаар нэхэмжлэгч хариуцагч хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох үүрэгтэй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа бүрэн дүүрэн нотолсон гэж хэлэхгүй ч нэхэмжлэгчийн зүгээс шаардаад байгаа нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Э” ХХК хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан 19 278 000/арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ш” ХХК нь ажлын үр дүнг хүлээн аваагүй байгаа тул хөлс төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж маргасан.

 

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад гарын үсэг зуруулан мэдэгдсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэ нь Монгол Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А243 дугаар Эмнэлгийн магадлагаа олгох журамд нийцээгүй Эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэршихбөртэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

                                                       

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан болох нь тус гэрээний хуулбараар нотлогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Тус гэрээний 1-ийн 1, 2-ын 1, 2-т зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын гараашийн шал өнгөлгөөний ажлыг 1 м.кв-ыг 18 000/арван найман мянга/ төгрөгөөр тооцож гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үнийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.

 

Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Зохигчид Баянзүрх дүүрэг, 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зориулалттай барилгын 1071/нэг мянга далан нэг/ м.кв талбайтай гараашийн шал өнгөлгөөний ажлын нийт хөлсийг 19 278 000/1071х18000=19278000/ /арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөг байхаар харилцан тохиролцсон талаар маргаагүй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, дулаан зогсоолын шал нь товгор, тэгш бус байгаа бөгөөд чанарын шаардлага хангахгүй байгаа болно гэж маргасан.

 

Гэрээнд ажлын үр дүнг хүлээлгэн өгөх өдрийг тусгаагүй байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т “... ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө.” гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2, 3-ын 1-т зааснаар нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч нь ажлын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх өдрийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлыг бүрэн гүйцэтгэсэн болох нь 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр төлөх мэдэгдэл, ажлын фото зургаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т “Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авах үүргээ биелүүлээгүй байх тул 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээнд заасан ажлыг хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь ажлын үр дүн доголдолтой байсан гэх тайлбар, татгалзалаа баримтаар нотлоогүй болно.

 

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсөд нийт 19 278 000/арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

           

          Шүүх Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас нийт 19 278 000/арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш” ХХК-иас нийт 19 278 000/арван есөн сая хоёр зуун далан найман мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас 254 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ