Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00541

 

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2017/00542

 

 

 

 

Элегант таун ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01117 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Элегант таун ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Урган наран бүрэн дунд сургууль болон М.Ганцэцэгт холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 69 718 567 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 67 062 950 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болорцэцэг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулга

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.  

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Элегант таун ХХК нь хариуцагч компанитай 2015 оны 2 дугаар сараас эхлэн байр түрээслэх тухай асуудал яригдаж эхэлсэн бөгөөд 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор түрээсийн гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 562 м.кв талбайг түрээслэсэн. Сарын түрээсийн төлбөрийг нь 12 645 000 төгрөгөөр, сар болгоны 30-нд төлж байхаар тохиролцсон. Гэрээ байгуулагдахад анхны төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд гэрээ 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хэрэгжсэн. Гэрээний дагуу манай байгууллага түрээсийн байрыг акт үйлдэн хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн. Хариуцагч байгууллага 2015 оны 11 сарын 16-нд түрээсийн байрыг манайд хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч хамгийн эхний төлбөрийг хугацаандаа төлсөн бөгөөд түүнээс хойш хугацаандаа төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж хожимдуулан төлж байсан. 2015 оны 8 дугаар сарын 11-нд хариуцагч байгууллагын захирал н.Гэрэлт-Од нь 8 дугаар сарын 31-ний дотор 5 дугаар сараас 7 дугаар сарын 21-нийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө гээд бичгээр амлалт бичиж өгсөн байдаг. 2015 оны 9 дүгээр сарын 02-нд 5 290 000 төгрөг, 27-нд 20 000 000 төгрөгийн төлбөр төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 49 315 500 төгрөг болсон байна. Гэхдээ түрээсийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 16-наар дуусгавар болгоод энэ өдөр хүртэлх байдлаар төлбөрийг тооцсон. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т түрээсийн төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах ба төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцсон. Нийт алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар тооцон 24 657 750 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Энэ алдангийг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх ёстой гэсэн байдлаар төлөх ёстой бүх өдрөөс хойш төлсөн бүх алдангийг тооцсон. Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар түрээсийн байрны ашиглалтын зардлыг хариуцагч байгууллага төлөхөөр заасан байдаг бөгөөд ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл 245 317 төгрөг байна. Ингээд хариуцагч компаниас нийт 74 218 567 төгрөгийг нэхэмжилсэн. Гэхдээ барьцаанд 3 000 000 төгрөг төлсөнийг үндсэн төлбөрөөс хасч 69 718 567 төгрөг болгон багасгаж хариуцагчаас шаардаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байсан нь үнэн. Түрээсийн байрыг сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашиглахын тулд уг байранд засан сайжруулалт хийх, анги танхим бий болгох шаардлага бий болсон. Иймд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага бий болсон учраас түрээслэх талбайгаа багасгасан. Түрээсийн төлбөрийг багасгасан тохиолдол байдаг. Хэрэв 9 дүгээр сарын 01-нээс хойш үйл ажиллагаагаа эхлэх юм бол 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд зааснаар 1 м.кв-ийг нь 17.500 төгрөгөөр түрээслэнэ гэсэн аман тохиролцоо хийгдсэн байдаг. Хичээлийн жил эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэхэмжлэгч байгууллага түрээсийн байрны талбайн 1 м.кв-ыг 22.500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол гарч байсан. 2016 оны 7 дугаар сарын 10-нд 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч компанийн менежер н.Одмаагийн дансанд шилжүүлсэн байдаг. Хариуцагч энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй бөгөөд 74 218 567 төгрөгөөс төлсөн 3 000 000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. 3 000 000 төгрөгийг үндсэн төлбөр болох 49 315 500 төгрөгөөс хасаад түүний 50 хувийн алданги, ашиглалтын төлбөрийг нэмээд нийт 69 718 567 төгрөг болох ёстой. Хариуцагч байгууллага 66 162 950 төгрөгийн зардал гаргаж түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд түрээсийн гэрээг аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр бичгээр байгуулсан хэдий ч хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус. Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Түрээсийн эд хөрөнгөд хийсэн засан сайжруулалт хийхэд гарсан зардлыг биет байдлаар буцаан авах боломжгүй тул энэхүү хөрөнгөө мөнгөн хэлбэрээр гаргуулахаар шаардлага гаргаж байна. Мөн гэрээ хүчин төгөлдөр бус тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар бичгээр тохиролцоогүй гэж үзэх бөгөөд алданги нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Түрээсийн байрыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр заалаараа байсан барилгад 61 555 000 төгрөгийн зардал гаргаж засан сайжруулж, тусгаарлах хана, анги танхимыг бий болгосон. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 61 555 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 900 000 төгрөг төлсөн тул шаардлагаа нэмэгдүүлж 67 062 950 төгрөг болгож байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Түрээсийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан. Энэхүү гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Түрээсийн гэрээгээр барилгын зөвхөн тодорхой нэг хэсгийг түрээслэсэн тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт зайлшгүй бүртгүүлэх шаардлага үүсэхгүй, энэ нөхцөлөөс үүдэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Ургах наран бүрэн дунд сургууль болон үүсгэн байгуулагч М.Ганцэцэгээс 69.718.567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Элегант таун ХХК-нд олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн 67.062.950 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529.060 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 506.543 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 465.725 төгрөгийг гаргуулан улсын төсөвт тус тус оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь иргэн М.Ганцэцэгийг ямар үндэслэлээр хариуцагчаар татаж түүнийг түрээсийн төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байхад үүнийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээ "Элегант таун" ХХК болон "Ургах наран" бүрэн дунд сургуулийн хооронд байгуулагдсан байхад гэрээний нэг тал биш иргэн М.Ганцэцэгийг уг сургуулийн үүсгэн байгуулагч гэдэг талаас нь субъектив байдлаар авч үзэн түрээсийн төлбөрийг давхар түүнд хариуцуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба түүний үндэслэлийг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 289.2.5-д заасан "...засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах" эрхийг хөлслөгчид олгосон хуулийн заалт энэ тохиолдолд хэрэглэгдэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт огт хийгээгүйгээс харагдаж байна. "Элегант таун" ХХК болон иргэн М.Ганцэцэг нарын хооронд үүргийн эрх зүйн харилцаа буюу түрээсийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг шалгаж, үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Талууд Түрээсийн гэрээг аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор байгуулсан хэдий ч хуульд заасан "...үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх" шаардлагыг хангаагүй, хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар бичгээр тохиролцоогүй гэж үзэх бөгөөд хариуцагч талаас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм. 2015.04.21-ний өдрийн Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэсэн үндэслэлээр гэрээнд заасан талбай болон заагаагүй талбайд хийсэн засан сайжруулалтын зардлын хэмжээг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Хэрэв шүүх 2015.04.21-ний өдрийн Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 289.2.5-д заалтыг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна. Учир нь түрээслэгч тал энэ бүх засан сайжруулалтыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийгээгүй бөгөөд зөвшөөрөл авч хийсэн нь электрон шууданд хийсэн үзлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Түрээсийн байранд хийсэн засан сайжруулалт нь салгаж үл болох засан сайжруулалт гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг засан сайжруулалт нь гэрээ цуцлагдсаны дараа Элегант таун" ХХК-д үлдсэн нь шинжээчийн дүгнэлт, фото зургаар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч уг үл хөдлөх хөрөнгөө "Зуун билэг" дунд сургуульд түрээслүүлж, хариуцагчийн хөрөнгийг засч тохижуулсны үр шимийг одоог хүртэл хүртэж байгаа үйл баримтыг нотолсон баримтыг шүүхэд өгсөн байхад эдгээр баримтуудыг хэрэг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, дүгнээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12 663 567 төгрөгөөр багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ 69 718 567 төгрөг бус 61 555 000 төгрөг болж багасахаар байна. Иймд шийдвэрт үндсэн нэхэмжлэлийн хариуцагч М.Ганцэцэгт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн үнийн дүнгээс алданги 23 157 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, хариуцагч "Ургах наран" бүрэн дунд сургуулиас гаргасан нэхэмжлэгч "Элегант таун" ХХК-аас 67 062 950 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, нотлох баримт бүрдүүлэх талаарх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч "Элегант таун" ХХК нь хариуцагч Ургах наран бүрэн дунд сургууль болон хариуцагч М.Ганцэцэгт тус тус холбогдуулж түрээсийн төлбөр, алданги, цахилгааны төлбөр зэрэг 69 718 567 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, түрээсийн байранд хийсэн засан сайжруулалтын зардалд 67 062 950 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч "Элегант таун" ХХК нь хамтран хариуцагчаар Ургах наран бүрэн дунд сургуулийг оролцуулах хүсэлт гаргасныг /хх-ийн 128/ шүүх шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2016/00693 тоот захирамжаар шийдвэрлэхдээ хамтран хариуцагч оролцуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулж, улмаар Ургах наран бүрэн дунд сургуулиас төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шинжээч томилсон ажиллагаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул уг шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан маргааны зүйл болох түрээсийн гэрээний дагуу хийгдсэн засан сайжруулалтын зардлын хэмжээг тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй байхаас гадна сөрөг нэхэмжлэлээс 67 062 950 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн хувьд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Шүүхийн зүгээс шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан эрх, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үүргийг танилцуулаагүй, дүгнэлт гаргахаас татгалзах буюу зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг сануулаагүй, ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй байна.

 

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүх маргааны талаар дүгнэлт хийж шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/01117 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттулгын төлсөн 609 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ