Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00189

 

      2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2018/00189

                       Улаанбаатар хот

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа би тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 16/3, G дугаар байрны 193 тоот хаягт оршин суух Э ХХК /PД:5087716/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо өөрийн байранд байрлах У

Хариуцагч: Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди 19 дүгээр байрны 25 тоотод оршин суух М овогтой Мын Г /РД:ХЙ65012526/ нарт холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.718.567 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 67.062.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярцэнгэл нар оролцов.                                                                                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ЭХХК нь хариуцагч компанитай 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хамгийн анх гэрээ түрээсийн гэрээ байгуулан хариуцагч байгууллага 1151 м.кв талбайг түрээслэх саналыг манай компанид тавьсан байдаг. Гэвч энэ гэрээг хэрэгжүүлэх болтол хариуцагч компани манай байгууллагын санхүүгийн байдал хүндрэлтэй болоод байгаа тул эхний ээлжид том талбай биш жижиг талбай түрээсэлье, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя гэж санал хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор түрээсийн гэрээг талууд байгуулж 562 м.кв талбайг түрээслэсэн. Сарын түрээсийн төлбөрийг нь 12.645.000 төгрөгөөр, сар болгоны 30-нд төлж байхаар тохиролцсон. Гэрээ байгуулагдахад анхны төлбөрийг хариуцагч бүрэн төлсөн. Гэрээ 11 дүгээр сарын 16-н хүртэл хэрэгжсэн. Гэрээний дагуу манай байгууллага түрээсийн байрыг албан ёсоор акт үйлдэн хариуцагч байгууллагад хүлээлгэн өсөн. Хариуцагч байгууллага 2015 оны 11 сарын 16-нд түрээсийн байрыг манайд хүлээлгэж өгсөн байдаг. Хариуцагч хамгийн эхний төлбөрийг л хугацаандаа төлсөн бөгөөд түүнээс хойш хугацаандаа төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж хугацаа хожимдуулан төлж, төлбөр төлөх үүргээ байнга зөрчиж хугацаа хожимдуулан төлж байсан. 2015 оны 8 дугаар сарын 11 нд хариуцагч байгууллагын захирал н.Г нь 8 дугаар сарын 31-ний дотор 5 дугаар сараас 7 дугаар сарын 21-нийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлнө гээд бичгээр амлалт бичиж өгсөн байдаг. Үүнээс хойш төлбөрөө төлөхгүй явсаар байгаад 2015 оны 9-н сар хүрсэн. 2015 оны 9 дүгээр сарын 02-нд 5.290.000 төгрөгийн төлбөр хийсэн, 27-нд мөн 20.000.000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаа буюу 2016 оны 1 дүгээр сарын 29-н хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 49.315.500 төгрөг болсон байна. Гэхдээ түрээсийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 16-наар дуусгавар болгоод энэ өдөр хүртэлх байдлаар төлбөрийг бодож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т түрээсийн төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах ба төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутмын 0.5 хувийн алданги төлнө гэж заасны дагуу алданги тооцсон. Нийт алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу 50 хувиар тооцон 24.657.750 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Энэ алдангийг 2015 оны 11 дүгээр сарын 16-н хүртэлх хугацаанд түрээсийн төлбөрөө төлөх ёстой гэсэн байдлаар төлөх ёстой бүх өдрөөс хойш төлсөн бүх алдангийг тооцсон. Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар түрээсийн байрны ашиглалтын зардлыг хариуцагч байгууллага төлөхөөр заасан байдаг бөгөөд ашиглалтын зардлын төлбөрийн үлдэгдэл нь 245.317 төгрөг байна. Ингээд хариуцагч компаниас нийт 74.218.567 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ барьцаанд 3.000.000 төгрөг төлсөн байсан үндсэн төлбөрөөс хасч тооцох юм бол 69.718.567 төгрөг болж байх тул багасган хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуулиас шаардаж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хамгийн анх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан. Тухайн үед манай байгууллага санхүүгийн хүндрэлтэй байсан нь үнэн. Түрээсийн байрыг сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашиглахын тулд уг байранд засан сайжруулалт хийх, анги танхим бий болгох шаардлага бий болсон. Иймд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага бий болсон учраас түрээслэх талбайгаа багасгасан. Түрээсийн төлбөрийг багасгасан тохиолдол байдаг. Хэрэв 9 дүгээр сарын 01-нээс хойш үйл ажиллагаагаа эхлэх юм бол 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд зааснаар 1 м.кв-ийг нь 17.500 төгрөгөөр түрээслэнэ гэсэн аман тохиролцоо хийгдсэн байдаг. Хичээлийн жил эхлээд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэхэмжлэгч байгууллага түрээсийн байрны талбайн 1 м.кв-ыг 22.500 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнээс болж талуудын хооронд үл ойлголцол гарч байсан. 2016 оны 7 дугаар сарын 10-нд 3.000.000 төгрөгийг манай тал нэхэмжлэгч компанийн менежер н.Одмаагийн дансанд шилжүүлсэн байдаг. Хариуцагч энэ талаар нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Нэхэмжлэгч нэхэмжилж байгаа 74.218.567 төгрөгөөс манай талаас төлсөн 3.000.000 төгрөгийг хасаж тооцоогүй байна. 3.000.000 төгрөгийг үндсэн төлбөр болох 49.315.500 төгрөгөөс хасаад түүний 50 хувийн алданги, ашиглалтын төлбөрийг нэмээд нийт 69.718.567 төгрөг болох ёстой. Хариуцагч байгууллага 66.162.950 төгрөгийн зардал гаргаж түрээсийн байранд засан сайжруулалт хийсэн. Энэ зардлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн шинжээчийн ажлын хөлсөнд 900.000 төгрөг төлсөн. Иймд нийт 67.062.950 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

             Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭХХК хариуцагч Ургах наран бүрэн дунд сургууль болон үүсгэн байгуулагч захирал М.Г нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 69.718.567 төгрөг гаргуулах, хариуцагч дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 67.062.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

            Дараах нөхцөл байдал тогтоогдов:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “.... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаас 74.218.567 төгрөг шаардсанаас шүүхийн хэлэлцүүлэгийн үед хариуцагчийн барьцаанд урьдчилан төлсөн 3.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс нь хасч тооцсоноор түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөр 46.315.500 төгрөг, алданги 23.157.750 төгрөг, хэрэглэсэн цахилгааны төлбөр 245.317 төгрөг, нийт 69.718.567 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа 12.663.567 төгрөгөөр багасган тодруулжээ.

 

Нэхэмжлэгч нь Ургах наран бүрэн дунд сургуультай анх 2015 оны 3 сарын 5-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хороо Үйлдвэр /17041/, 36/1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн 1151 м.кв офиссын өрөөг сургалт офиссын зориулалтаар 2015 оны 4 сарын 15-ны өдрөөс 5 жилийн хугацаатай эзэмшилд нь шилжүүлэн, сарын төлбөр 17 500 төгрөг бөгөөд нийт төлөх төлбөр 20 142 500 төгрөгийг түрээслүүлэгч талд төлж байх нөхцөлтэй гэрээ байгуулжээ.  /32-33-р хуудас/

Гэвч түрээслэгч тал болох Ургахнаран бүрэн дунд сургуулиас санал тавьсны дагуу гэрээг дахин байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 562 м.кв оффисын өрөөг 5 жилийн хугацаатайгаар 1 м.кв-ын үнийг 22.500 төгрөгөөр тооцож, сар бүрийн 30-ны дотор төлж байх нэг сарын төлбөр 12.645.000 төгрөг байхаар харилцан тохиролцсоны дагуу ББ/01 дугаартай түрээсийн гэрээ байгуулан эхний сарын төлбөрийг түрээслүүлэгч талд шилжүүлсэн байна. /146-  149, 10-15-р хуудас/

Дээрх гэрээ нь түрээслүүлэгч талд сургуулийн үйл ажиллагаа эрхлэхэд нь зориулж офиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг талбайг эзэмшилд нь шилжүүлж, түрээслэгч тал гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг хүлээснээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байна гэж үзлээ.

Хариуцагч тал энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна гэж маргаж байх ч түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийн нийт талбай 2380 м.кв бөгөөд 562 м.кв талбайг түрээсэлсэн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газар бүртгүүлэх боломжгүй тул дээрх шаардлага хангагдах нөхцөл бүрдэхгүй тул мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байна гэж үзэхээр байна.

 

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.

Нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш түрээсийн төлбөр төлөх хугацааг удаа дараа хоцроож 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5.290.000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг төлсөнөөс хойш үүргээ биелүүлээгүй тул гэрээ байгуулахдаа урьдчилан төлсөн гэх 3.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцон үндсэн төлбөрт 46.315.500 төгрөг, алданги 23.157.750 төгрөг, цахилгааны төлбөр 245.317 төгрөг, нийт 69.718.567 төгрөгийг шаардаж байна гэж байгааг дээрх хүчин төгөлдөр гэрээний үүргийг түрээслүүлэгч шаардах эрхтэй юм.

Учир нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч болох Ургахнаран бүрэн дунд сургууль түрээсийн гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс хугацаа хэтрүүлсэн байна.

 

Хариуцагч тайлбарлахдаа “...анх 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1151 м.кв байрыг 17.500 төгрөгөөр тооцон түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан боловч эдийн засгийн байдлаас шалтгаалаад 562 м.кв түрээслэхээр болсноор гэрээг 1м.кв талбайн төлбөр 22.500 төгрөг байхаар тохиролцож 2015 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 1 сарын түрээс 12.645.000 төгрөгийг төлж гэрээг дахин байгуулсан. Гэтэл түрээслүүлэгч түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхгүй байснаас манай тусгай зөвшөөрлийг сунгаагүй. Бид нэхэмжлэгчид гэрээг бүртгүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Бид анхнаасаа анхны гэрээний дагуу 1151 м.кв талбайг 17.500 төгрөгөөр түрээслэхээр амаар тохирсон байсан тул уг талбайд засвар хийж тохижуулсан. Гэтэл нийт талбайд засвар хийж дууссаны дараа анхны гэрээгээр үнийг тооцохгүй гэснээр талуудын хооронд үл ойлголцол үүсч улмаар нэхэмжлэгч тал сургууль эхэлсэн хойно тог, цахилгааныг тасласнаас болж ихэнх хүүхдүүд гэрээгээ цуцалснаар их хохирол амссан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласнаар энэ нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 “хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал” болон 289 дүгээр зүйлийн 289.2.1 түрээслэгчийн буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн гэм буруугаас болсон гэсэн нөхцөл байдал  нь хэрэгт авагдсан 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ББ/01 дугаартай анхны түрээсийн гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ББ/01 дугаартай түрээсийн гэрээ , Оффисын барилга хүлээлцэх акт /хх46-53, 56-63/, Ургах наран бүрэн дунд сургуулийн 10/28 дугаартай хүсэлт /хх77/, талуудын хоорондоо харилцаж байсан гэх мэйл /хх98-100, 143-149/, хариуцагч тал ЭХХК-ийн захирал Х.Ганбатад гаргасан хүсэлт /хх101/, талуудын тайлбараар тус тус тогтоогдохгүй байна.

            Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “.....түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, нотлох үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч татгалзлаа нотолсон баримтыг хэрэгт хавсаргаагүй буюу татгалзлаа нотолж шүүхэд ирүүлсэн баримтуудаар талууд 1 м.кв талбайн төлбөрийг анхны гэрээгээр тохирсны дагуу 17.500 төгрөгөөр тооцно гэсэн аман тохиролцоо хийсэн гэж үзэх үндэслэлболон гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэсэн талаарх үйл баримт тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.  

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “түрээсийн төлбөрийг сар бүрийн 30-ны дотор төлөх үүрэг хүлээнэ”, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулах ба төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх ёстой төлбөрийн 0,5%-тай тэнцэх алданги төлнө”, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт “Түрээслэгч нь түрээсийн байрны ашиглаж байгаа талбайн ашиглалтын төлбөрийг холбогдох байгууллагуудаас ирсэн нэхэмжлэхийн дагуу төлнө” гэсэн үүргээ биелүүлээгүй тул 2015 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл 49.315.500 төгрөг төлөхөөс барьцаа төлбөрт 3.000.000 төгрөг төлснийг /2хх2-4/ хасч тооцоход үндсэн төлбөр 46.315.500 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасны дагуу алданги 24.657.750 төгрөг, нийт 69.473.250 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх үзлээ. 

Харин  түрээсийн гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу ашиглалтын зардал 245.317 төгрөгийг шаардаж буй үндэслэлээ нотлосон баримт хэрэгт байхгүй тул нотлогдохгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгов.

Харин хариуцагч М.Гт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Ургах наран бүрэн дунд сургуулийн хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн байдалд эргэлзэж байсан тул гаргасан, түүнээс нэхэмжлэхгүй гэж тайлбарлаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох нэхэмжлэлээс татгалзсан гэж тооцно.

            Зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад  аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу түрээсийн гэрээг бичгээр байгуулсан болон түрээсийн төлбөрт гэрээ байгуулсан өдөр 12.645.000 төгрөг, барьцаа төлбөрт 3.000.000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 5.290.000 төгрөг, 9 дүгээр сарын 27-ны өдөр 20.000.000 төгрөг, нийт 40.935.000 төгрөг төлснөөс хойш төлөлт хийгээгүй гэдэгт талууд маргаагүй болно.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу үндсэн төлбөр 46.315.500 төгрөг, алданги 24.657.750 төгрөг, нийт 69.7473.250 төгрөгийг хангаж, үлдэх 245 317 төгрөгийг хэрэгсэхгүй болгох, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар М.Гт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

            Хариуцагч У М.Г нар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх 67.062.950 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тайлбарлахдаа: “...талууд түрээсийн гэрээг байгуулсан боловч нэхэмжлэгч тал түрээсийн гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Түрээсийн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хүчин төгөлдөр болох тул дээрх гэрээг бүртгүүлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч анхнаасаа 1151 м.кв талбай түрээслэхээр нэхэмжлэгчтэй тохиролцсоны дагуу барилгад засан сайжруулалт хийсэн. Гэтэл хүчин төгөлдөр бус гэрээний дагуу талбайг багасган, төлбөрийг нэмснээр гэрээ хийж, тог цахилгаан тасалснаас сургуулийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулснаар их хэмжээний хохирол учирсан. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 66.162.950 төгрөгийн засан сайжруулалт хийсэн гэх дүгнэлт ирсэн тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шинжээчид төлсөн 900.000 төгрөгийг нэмж, нийт 67.062.950 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж байна” гэжээ.

 

            Нэхэмжлэгч тайлбарлахдаа “...хариуцагч түрээсийн гэрээний дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө төлж, үүргээ биелүүлсэн тохиолдолд гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн боловч хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй. Түрээсийн гэрээг бүртгүүлээгүйгээр хүчин төгөлдөр бус болно гэж байхгүй. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, төсөв зардал хоёр нь өөр байна. Хариуцагч өөрөө сайн дураараа засан сайжруулалт хийж, гэрээний дагуу түрээслээгүй нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Мөн манай байр нийт 2380 м.кв талбайтай бөгөөд хариуцагч тал нийт байрыг түрээслээгүй зөвхөн 562 м.кв талбайг хэсэгчлэн түрээслэн тул бүртгэлд хэсэгчлэн бүртгүүлэх боломжгүй” гэж татгалзжээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн бөгөөд харин хариуцагчийн гаргаж буй шаардлага нь үндэслэлгүй хөрөнгөжих бус түрээсийн гэрээний үүргийг шаардаж буй шаардлага юм гэж үзлээ.

2015 оны 4 сарын 21-ний өдрийн түрээсийн гэрээний 4.1.5 дахь хэсэгт түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр түрээсийн байранд хийц болон зохион байгуулалтад өөрчлөлт хийж болно гэж заасан байх бөгөөд талуудын хоорондох электрон шуудан болох гэрээний санал дээр түрээслэгч талын засан сайжруулалтын талаар түрээслүүлэгч ЭХХК нь зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна. /147-149-р хуудас/

Иймд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэг “ талууд өөрөөр тохиролцоогүй бол хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэсний дагуу зөвшөөрөлтэйгээр хийсэн салгаж үл болох засан сайжруулалтыг зардлыг нэхэмжилж байна.

2015 оны 11 сарын 16-ны өдөр түрээслүүлэгчид үл хөдлөх хөрөнгө болох түрээсийн зүйлийг буцаан хүлээлгэн өгснөөр дээрх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1.3 дахь хэсэгт “гэрээ цуцлагдсанаар дуусгавар болсон” байх тул дээрх эрхийнхээ дагуу шаардах эрхтэй гэж үзлээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж дээрх засан сайжруулалтын ажилд зарцуулсан нийт ажлын зардлыг тооцоолсон шинжээчийн дүгнэлтийг Лэндс ХХК-аас гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байна гэж үзсэн тул түүнийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийн талаар дүгнэхдээ нотлох баримтаар үнэлэхгүй орхилоо.

Учир нь шинжээчийн дүгнэлт гаргасан байгууллага нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үүргээ зөрчиж шинжилгээ хийхэд шаардлагатай баримтуудын хариуцагч байгууллагаас гаргуулан авсан талаар шүүх хуралдаан дээр шинжээч тайлбарласан байна /2-р хавтасны 20-р хуудас/ мөн шинжээчийн дүгнэлтэд үндэслэл болсон төсөвт ажиллах хүчний, ашгийн гэх мэт зардлуудын тооцоонд оруулсан байгаа нь эргэлзээтэй, бодит үнэнд нийцэхгүй гэж үзэхээр байна.

Шүүхээс дээрх нөхцөл байдлын улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т зааснаар өөр шинжээчээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагагүй.

Хариуцагчийн зүгээс өөрсдийн зүгээс гаргасан нотлох баримт болох түрээсийн байранд хийсэн засан сайжруулалттай холбоотой зардал болох ажил гүйцэтгэсэн гэрээ бусад зардлын баримтуудыг үнэлж, нийт тооцоог гаргах боломжтой гэж дүгнэв.

Иймд хэрэгт авагдсан баримтаар Ургахнаран бүрэн дунд сургууль нь барилгын ажил гүйцэтгэх мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажилласан тэдний хоронд байгуулсан гэрээний үнийн дүнгээр түүний зардлыг тооцлоо.

Хэргийн 113-140-р хуудсанд байгаа зарлагын баримтууд нь худалдан авагч тодорхойгүй, он сарын зөрүүтэй болон гипсэн хавтан, замаск худалдан авсан болон, засварын ажил, зарим баримтууд нь шугам бал гэх мэт хэрэгт хамааралгүй баримт байна.

Ургах наран бүрэн дунд сургууль 2015 оны 4 сарын 27-ны өдөр /дүн 2 000 000/, 2015 оны 8 сарын 10-ны өдөр дүн 25 859 000/, 2015 оны 9 сарын 4-ны өдрүүдэд / дүн 3 544 800/ барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан байх бөгөөд уг гэрээнд ажил гүйцэтгэгч байгууллагууд барилгын ажлын хөлсөнд бараа материал ажлын хөлс орсон байна гэж тохирсон байх тул гэрээний үнийн дүн болон ажлын зураг хийсэн дүн / 8 000 000 төгрөг/ зэрэг нийт 38 626 850 төгрөгийн зардал гарсан гэж үзэв.

Харин хариуцагчаас шинжээч томилсон зардалд 900 000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэх боловч уг дүгнэлтийг нотлох баримтаар шүүх үнэлэхгүй орхисон бөгөөд хариуцагчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт зааснаар хангахгүй орхих нь зүйтэй.

Эндээс дүгнэн Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 38 626 850 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх 28 436 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Талуудын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангасантай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилан тус тус гаргуулж олгох нь хууль нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Ургах наран бүрэн дунд сургуулиас 69 473 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э ХХК-д олгож, үлдэх 245 317 төгрөгийг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Гээс 69.718.567 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2.Иргэний хуулийн 289 дүгээр 289.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-аас 38 626 850 төгрөгийг гаргуулан, хариуцагч Ургахнаран бүрэн дунд сургуульд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 28 436 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 529 060 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 494 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 505 316 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 351 084 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

           

 

 

  

ДАРГАЛАГЧ                                        Ц.УРАНГУА