Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01173

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2018/01173

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2018/00562 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Сүхбаатарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 825 942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Эрхэмбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Урангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Э.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Хариуцагч Д.Сүхбаатар нь 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад биечлэн хандаж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 52 гудамж 752 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 632 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Тоёота приус маркын 57-19 УБТ улсын дугаартай автомашиныг барьцаа болгон 20 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн Д.Сүхбаатарт орлого болон бусад зүйлсийг харгалзан үзэж 16 000 000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгохоор зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 14-16080828 дугаартай зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ болон фидуцийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Гэтэл хариуцагч тал нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээ болон баталгаат ипотек, фидуцийн гэрээний хугацаа 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дууссан. Зээлдэгч Д.Сүхбаатарт удаа дараалан шаардаж зээл төлүүлэх талаар арга хэмжээ авсан боловч цаашид зээлээ төлж чадахгүй нь тодорхой болсон бөгөөд өөрөө шүүхээр асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 7 640 000 төгрөг, зээлийн хүү 2 705 131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 811 төгрөг, нийт 10 825 942 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Сүхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-аас зээл авсан нь үнэн. 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр би автын осолд орж, эрхэлж байсан бизнес дампуурсан тул зээлээ төлж чадаагүй. Одоо зээлийн хүү болон алдангийг төлөх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүү, алдангийг төлөхгүйгээр үндсэн зээлийн үлдэгдлийг төлөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1дахь заалтыг баримтлан хариуцагч Д.Сүхбаатараас 10 825 942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгож,   Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 8-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188 170 төгрөгийн 188,165 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч  Д.Сүхбаатараас 188 165  төгрөгийг  тус тус гаргуулж, нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Д.Сүхбаатар давж заалдах гомдолдоо:

... Миний бие нэхэмжлэгч байгууллагаас 3 удаа зээл аваад буцаан төлж байсан. Би 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр автын осолд орж, бизнес минь дампуурсан тул нэхэмжлэгч байгууллагаас авсан зээлийн 16 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 7 640 000 төгрөгийг төлж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хүү 2 705 131 төгрөг, алданги 480 811 төгрөгийг төлөх боломжгүй тул миний энэ нөхцөл байдлыг харгалзан дээрх мөнгийг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10 825 942 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... зээлийн үндсэн төлбөр 7 640 000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, хүү 2 705 131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 811 төгрөгийг төлөхөөс татгалзаж, уг төлбөрийг төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргажээ.

 

Зохигчид 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Прогресскапитал ББСБ ХХК нь Д.Сүхбаатарт 16 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлүүлж, хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 7-8 тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч Д.Сүхбаатараас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Гэрээний зүйл болох 16 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул уг гэрээ бодитоор биелэгдсэн гэрээ байна. \хх-ийн 19 тал\

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг тул хариуцагч Д.Сүхбаатар зээлийн төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй. Хариуцагч Д.Сүхбаатар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 23 390 941,72 төгрөг төлөх ёстойгоос 12 565 000 төгрөг төлсөн, одоо үндсэн зээл 7 640 000 төгрөг, зээлийн хүү 2 705 131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 811 төгрөг, нийт 10 825 942 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан зээлийн тооцооллын баримт болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд зохигчид уг асуудлаар маргаагүй болно. \хх-ийн 19 тал\

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан байна. Талууд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээний талаар гэрээндээ тодорхой тусгасан байх тул зам тээврийн осолд орсны улмаас бэртэж, төлбөр төлөх боломжгүй болсон гэх үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх боломжгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

 

Иймд хариуцагч Д.Сүхбаатараас үндсэн зээл 7 640 000 төгрөг, хүү 2 705 131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480 811 төгрөг, нийт 10 825 942 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Сүхбаатарын хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлүүлэхээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 181/ШШ2018/00562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д.Сүхбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ц.ИЧИНХОРЛОО