Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 00562

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.С-т холбогдох

9,249,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Эрхэмбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, хариуцагч Д.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Д.С  нь 2016 оны 8 сарын 18-ны өдөр манай Банк бус санхүүгийн байгууллагад биечлэн хандаж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад 52 гудамж 752 тоот хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 632 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай 60 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Тоёота приус маркын 57-19 УБТ улсын дугаартай автомашиныг барьцаа болгон 20,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг манай байгууллага хүлээн авч судлаад иргэн Д.С т орлого болон бусад зүйлсийг харгалзан үзэж 16,000,000 төгрөгийн зээлийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар олгохоор зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 14-16080828 дугаартай Зээлийн болон Баталгаат ипотекийн, фидуцийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Гэтэл хариуцагч тал нь 2017 оны 5 сарын 17-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээлийн эргэн төлөлт хийгээгүй бөгөөд зээлийн гэрээ болон Баталгаат ипотек, Фидуцийн гэрээний хугацаа 2017 оны 8 сарын 17-ны өдөр дууссан. Зээлдэгч Д.С т удаа дараалан шаардаж зээл төлүүлэх талаар арга хэмжээ авсан боловч цаашид зээлээ төлж чадахгүй нь тодорхой болсон бөгөөд өөрөө шүүхээр асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байгаа. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 7,640,000 төгрөг, зээлийн хүү 2,705,131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,811 төгрөг, нийт 10,825,942 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Прогресскапитал ББСБ-аас зээл авсан үнэн. 2017 оны 1 сарын 16-ны өдөр Д.С  би автын осолд орсон билээ. Ийм учраас Прогресскапитал ББСБ-ын нэхэмжилж буй зээлийн хүү, алдангийг төлж чадахгүй болсон. Прогресскапитал ББСБ-ын нэхэмжилж буй хүү, алдангийг төлөхгүйгээр үндсэн зээлийн үлдэгдлийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Д.С-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,825,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөр 7,640,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 3,185,942 төгрөгийг төлөх төлбөрийн боломжгүй байгаа тул зөвшөөрөхгүй, зам тээврийн осолд орсон байгаа байдлыг харгалзан шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2016 оны 8 сарын 17-ны өдөр П ХХК болон Д.С  нарын хооронд 14-16080828 дугаартай “Зээлийн гэрээ” нэртэй гэрээ /хх-7,8 тал/ байгуулагдаж уг гэрээгээр П ХХК нь Д.С т 16,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор, Д.С  нь гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 Дээрх гэрээнээс үүдэлтэй харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дахь заалтад “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагч нь зээл, түүний хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч зээл авснаас хойш 2018 оны 2 сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөх ёстой үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23,390,941.72 төгрөгөөс нийт 12,565,000 төгрөгийг төлсөн бөгөөд  үндсэн зээл 7,640,000 төгрөг, зээлийн хүү 2,705,131 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 480,811 төгрөг, нийт 10,825,942 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэсэн тооцооллыг шүүхэд гаргасан ба хариуцагч уг тооцоололд маргаагүй, тооцооллыг хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн дансны хуулга /хх-19 тал/-тай тулган нягталж үзэхэд зөв байна.

Хариуцагч нь үндсэн зээлийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн 3,185,942 төгрөгийг төлөх төлбөрийн боломжгүй байгаа, зам тээврийн осолд орж, гэмтэж бэртсэн байгаа байдлыг харгалзан шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хасч шийдвэрлэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргасан, зам тээврийн осолд орсон байдлаа нотолж шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 2017 оны 2 сарын 16-ны өдрийн 144/01 дугаартай “Ослын бүртгэл” нэртэй Мандал даатгал ХХК-д гаргасан тодорхойлолтод “... Дорж овогтой С  нь Замын хөдөлгөөний дүрмийн 8.4 дахь заалтыг зөрчиж ... Ержан овогтой Заманбек жолоочтой автомашинтай мөргөлдөж зэм тээврийн осол гаргасан байна” гэсэн байх ба Д.С  гэмтэж бэртсэн талаарх мэдээлэл уг баримтад байхгүй байна.

Хариуцагч зам тээврийн осол гаргасан байдал нь хариуцагчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 10,825,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дахь заалтыг баримтлан хариуцагч Д.С-аас 10,825,942 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2018 оны 2 сарын 8-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188,170 төгрөгийн 188,165 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, илүү төлсөн 5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.С-аас 188,165 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Б.УУГАНБАЯР