Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02392

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/02392

 

 

Амилахуй Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02046 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Амилахуй Сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Оюунд холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 1 607 800 төгрөг төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Ч.Баасанбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Оюун нь нэг сарын дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардалд 60 250 төгрөгийг тус Сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-д төлөх ёстой. Үүнд 103 м.кв талбайтай орон сууцны нэг м.кв талбайг 250 төгрөгөөр тооцож 25 750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1 500 төгрөг, жижүүрийн хөлс 5 000 төгрөг, лифт ашигласны зардал 5 000 төгрөг, 2 машины зогсоолын төлбөрт 16 000 төгрөг, дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрийг 1м.кв-ыг нь 3 000 төгрөгөөр тооцоход 7 000 төгрөг болдог.

Автомашины 1 зогсоолын төлбөр нь сард 8 000 төгрөг байдаг бөгөөд хэрвээ машин зогсоолд зогсоогүй бол манайх хасч тооцдог. Б.Оюуны хувьд 3-4 машин байнга зогсдог боловч бид зөвхөн 2 машиныг зогссон хоногоор нь тооцож төлбөрөө шаардсан.

Иймд Д.Оюун нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хүртэл нийт 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд нийт 2 169 000 төгрөг төлөх ёстой байснаас 561 200 төгрөгийг төлж одоо 1 607 800 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь СӨХ-ноос төлбөрийн задаргааг өгдөггүй, нийт төлбөрт нь юу юуны төлбөр орж байгаа нь тодорхойгүй байдаг.

Өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрөө, алдангитай нь бүтэн төлж байж төлбөрөө төл гэсэн шаардлагыг банкнаас тавиад тухай, тухайн сарынх нь төлбөрийг авдаггүй учраас өнөөдрийн байдлаар өр их хэмжээгээр хуримтлагдсан нь үнэн.

Би энэ төлбөрөөс байрны нэг м.кв талбайн төлбөр 25 750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1 500 төгрөг, жижүүрийн хөлс 5 000 төгрөг, лифт ашигласны зардал 5 000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрт 7 000 төгрөг, 2 машины зогсоолын төлбөр 16 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад 79-13, 41-82, 78-06 гэсэн улсын дугаартай албаны болон хувийн автомашинууд байсан. 41-82 дугаартай автомашиныг 2016 оны 7 сард зараад 2018 оны 4 дүгээр сард 15-37 гэсэн дугаартай автомашиныг авсан, 78-06 дугаартай машинаа 2016 оны өвөл зараад хүүгийнхээ 43-57 дугаартай автомашиныг унадаг байсан байхад надаас 2 машины зогсоолын мөнгө бүтнээр нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 4 дүгээр сараас хойш 15-37 дугаартай автомашины зогссон хугацааныхаа мөнгийг бол өгнө.

Гэхдээ би өвөл нь автомашинаа гараашид тавьж, зун нь лагерьт гараад энэ хугацаанд байрны гадна талбайд автомашинуудаа зогсоогоогүй байхад байнга зогссон мэтээр бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Миний СӨХ-оос хүсдэг зүйл гэвэл тооцоогоо нийлэхийг шаарддаг, надад ингэж байнга шүүхээр явах хэцүү байна. Хэрвээ СӨХ алданги тооцохгүйгээр өмнөх төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд бичиг хийгээд өгчих юм бол ямар ч асуудал байхгүй бүгдийг нь төлөх боломжтой. Хамгийн гол нь банкин дээр СӨХ-ны мөнгийг төлөх гээд очихоор авдаггүй, би өмнө нь 561 200 төгрөгийг СӨХ-ны захирлаас бичиг авч очиж байж төлсөн. Гэтэл Төрийн банкны теллер нь тэр бичгийг авч үлдээд дараа нь төлбөрөө төлөх гээд очтол СӨХ-ноос дахин бичиг авч ир гэсэн.

Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 711 400 төгрөгийг Амилахуй СӨХ-ны 104200079143 тоот дансанд нь төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар Б.Оюунаас 452 400 төгрөг гаргуулж Амилахуй СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 155 400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14 222 төгрөгийг гаргуулж Амилахуй СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Дундын өмчлөлийн талбайгаас өөрийн хувийн өмчийн талбай руу 2.5 м.кв оруулж өргөтгөл хийсний 1 сарын 7 000 төгрөг 36 сарын 252 000 төгрөг өргөтгөл хийсэн нь нэхэмжлэлийн шаардлага болон нотлох баримтаар тогтоохдохгүй байна гэж шүүх үзэж буруу дүгнэлт хийсэн.

Д.Оюун нь нэхэмжлэлийн хариу тайлбарынхаа 4-р заалтантанд ...би лифтийн дуу чимээнээс хамгаалж өргөтгөл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин ямар үндэслэлээр, ямар журмаар хэрхэн энэ мөнгийг нэхээд байгааг ойлгохгүй байна... гэж тайлбар өгснөөс үзэхэд өргөтгөл хийснээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн шүүх хуралдаанд Д.Оюун нь өргөтгөл хийснээ хүлээн зөвшөөрсөн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт бичигдсэн. Иймд иргэн Д.Оюунаас дундын өмчлөлийн хөрөнгөнөөс өөрийнхөө хувийн өмчид хууль бусаар оруулж өргөтгөл хийсний төлбөрт ногдох зардал болох 1 сарын 7 000 төгрөг, 36 сарын 252 000 төгрөгийг "Амилахуй" СӨХ-д олгохыг буруу шийдвэрлэсэн.

Шүүгч 103 м.кв 927 000 төгрөг, цэвэрлэгчийн 54 000 төгрөг жижүүрийн болон лифтийн тус бүрийн 180 000 төгрөг бүгд 360 000 төгрөг бүгд 1 341 000 төгрөг хэн хэн нь маргаагүй бөгөөд машины бүртгэл 576 000 төгрөгөөс бүртгэлээр 384 000 төгрөгийг СӨХ-д олгохоор шийдвэрлэсэн, харин 192 000 төгрөг, өргөтгөлийн 252 000 төгрөг бүгд 444 000 төгрөг шүүх хэрэгсэхгүй болгосон болно.

Гэтэл шүүх хурлын тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагаас 1 155 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэжээ. Энэ нь тооцооны алдаа болсонг залруулах 2015 оны 10 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сарыг дуустал 36 сарын 2 169 000 төгрөг нэхэмжилэхээс, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 561 200 төгрөг төлсөн тул 1 607 800 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн явцад 711 400 төгрөг "Амилахуй СӨХ-ийн дансанд шүүх хуралдаанаас өмнө тушаасан байдаг.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Амилахуй СӨХ нь хариуцагч Б.Оюунд холбогдуулан дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 1 607 800 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.Оюун нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 25/4 дүгээр байрны 36 тоотод байрлах 103 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 сар хүртэлх орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг төлөөгүй үйл баримтын талаар талууд маргаагүй, энэ тохиолдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт талуудын зарчимд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч Д.Оюун нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний зардлыг нэхэмжлэгч Амилахуй СӨХ-д төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ өмчлөгч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тус СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4, Иргэний хуулийн 149 дүгээр зүйлийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Д.Оюун нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, завсар үйлчилгээний 1 сарын зардалд 1 м.кв талбайн төлбөр 25 750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1 500 төгрөг, жижүүрийн хөлс 5 000 төгрөг, лифт ашигласны төлбөр 5 000 төгрөгөөр тус тус тооцож 36 сарын төлбөрт 1 341 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн. Харин тэрээр 2 ширхэг автомашины зогсоолын төлбөрт 1 сарын 16 000 төгрөг, дундын өмчлөлийн талбайгаас 2.5 м.кв талбай өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрт 1 сарын 7 000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардалд оруулан тооцож байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Амилахуй СӨХ-ны Удирдах зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 02 тоот хурлын тогтоолоор дундын өмчлөлийн үйлчилгээний зардлыг баталсан ба уг тогтоолд 1 автозогсоолоос сарын 8 000 төгрөг, дундын өмчлөлийн талбай руу өргөтгөл хийсэн бол 1 м.кв-г 3 500 төгрөгөөр тооцохоор баталсан. /хх 9-10 дахь тал/

 

Анхан шатны шүүх Машин тавьсан бүртгэл гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж, хариуцагч зогсоолд автомашинаа 6 сарын хугацаанд байршуулсны төлбөрт 384 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Анхан шатны шүүхээс өргөтгөлийн талбайн зардалд 252 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Учир нь шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагч нь тодорхой хэмжээнд хаалт хийсэн талаар маргаагүй боловч уг талбай нь 2.5 м.кв хэмжээтэй болохыг хүлээн зөвшөөрөөгүй байна. Иймд Д.Оюуныг нийтийн эзэмшлийн талбайгаас 2.5 м.кв-ыг өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсан гэх хэмжээг нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчид хуваарилагдах бөгөөд нэхэмжлэгч уг хэмжээг нотлоогүй тохиолдолд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох юм. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хариуцагч Д.Оюуныг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сар хүртэлх 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардалд 1 725 000 төгрөг төлөх үүрэгтэй гэж тодорхойлж, үүнээс төлөгдсөн 1 276 600 /711 400+ 561 200/ төгрөгийг хасч, 452 400 төгрөгөөр үүргийг тодорхойлсон нь зөв болжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 7833 дугаар шийдвэрээр хариуцагч Д.Оюунаас 711 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Амилахуй СӨХ-д олгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа тохиолдолд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөрөө гаргуулах авах боломжтой бөгөөд Д.Оюунаас 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Амилахуй СӨХ-ны дансанд 711 400 төгрөг төлсөн баримтаас үзвэл шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн гэх зориулалт тодорхойлогдоогүй учраас анхан шатны шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Уг шүүхийн шийдвэрийг албадлагын журмаар гүйцэтгүүлэх боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8 300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА