Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2019/00508

 

А СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02046 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2392 дугаар магадлалтай,

А СӨХ-ны нэхэмжлэлтэй

Д.О-д холбогдох, 

Дундын өмчлөлийн эд зүйлийн засвар үйлчилгээний зардал 1.607.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Дундын өмчлөлийн засвар, үйлчилгээний зардал нь 1 сарын 60.250 төгрөгийг байдаг. Үүнд 103 м.кв талбайтай орон сууцны нэг м.кв талбайг 250 төгрөгөөр тооцож 25.750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1.500 төгрөг, жижүүрийн хөлс 5.000 төгрөг, лифт ашигласны зардал 5.000 төгрөг, 2 машины зогсоолын төлбөрт 16.000 төгрөг, дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрийг 1м.кв-ыг нь 3.000 төгрөгөөр тооцоход 7.000 төгрөг болдог. Автомашины 1 зогсоолын төлбөр нь сард 8.000 төгрөг байдаг бөгөөд хэрвээ машин зогсоолд зогсоогүй бол манайх хасч тооцдог. Д.О-ы хувьд 3-4 машин байнга зогсдог боловч бид зөвхөн 2 машиныг зогссон хоногоор нь тооцож төлбөрөө шаардсан. Иймд Д.О- нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2018 оны 9 дүгээр сарыг дуусталх хүртэл нийт 36 сарын СӨХ-ны дундын өмчлөлийн зардалд нийт 2.169.000 төгрөг төлөх ёстой байснаас 561.200 төгрөгийг төлж одоо 1.607.800 төгрөгийн үлдэгдэлтэй тул хариуцагч Д.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О-ы шүүхэд гаргасан тайлбарт: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь СӨХ-ноос төлбөрийн задаргааг өгдөггүй, нийт төлбөрт нь юу юуны төлбөр орж байгаа нь тодорхойгүй байдаг. Өмнөх шүүхийн шийдвэрээр гарсан төлбөрөө, алдангитай нь бүтэн төлж байж төлбөрөө төл гэсэн шаардлагыг банкнаас тавиад тухай, тухайн сарынх нь төлбөрийг авдаггүй учраас өнөөдрийн байдлаар өр их хэмжээгээр хуримтлагдсан. Би энэ төлбөрөөс байрны нэг м.кв талбайн төлбөр 25.750 төгрөг, цэвэрлэгчийн хөлс 1.500 төгрөг, жижүүрийн хөлс 5.000 төгрөг, лифт ашигласны зардал 5.000 төгрөгийг төлөхөд маргахгүй. Харин дундын өмчлөлийн талбайг 2.5 м.кв өргөтгөж хувийн эзэмшилдээ оруулсны төлбөрт 7.000 төгрөг, 2 машины зогсоолын төлбөр 16.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Надад 79-13, 41-82, 78-06 гэсэн улсын дугаартай албаны болон хувийн автомашинууд байсан. 41-82 дугаартай автомашиныг 2016 оны 7 сард зараад 2018 оны 4 дүгээр сард 15-37 гэсэн дугаартай автомашиныг авсан, 78-06 дугаартай машинаа 2016 оны өвөл зараад хүүгийнхээ 43-57 дугаартай автомашиныг унадаг байсан байхад надаас 2 машины зогсоолын мөнгө бүтнээр нь нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. 2018 оны 4 дүгээр сараас хойш 15-37 дугаартай автомашины зогссон хугацааныхаа мөнгийг бол өгнө. Миний СӨХ-оос хүсдэг зүйл гэвэл тооцоогоо нийлэхийг шаарддаг, надад ингэж байнга шүүхээр явах хэцүү байна. Хэрвээ СӨХ алданги тооцохгүйгээр өмнөх төлбөрөө төлөхийг зөвшөөрөөд бичиг хийгээд өгчих юм бол ямар ч асуудал байхгүй бүгдийг нь төлөх боломжтой. Хамгийн гол нь банкин дээр СӨХ-ны мөнгийг төлөх гээд очихоор авдаггүй, би өмнө нь 561 200 төгрөгийг СӨХ-ны захирлаас бичиг авч очиж байж төлсөн. Гэтэл Төрийн банкны теллер нь тэр бичгийг авч үлдээд дараа нь төлбөрөө төлөх гээд очтол СӨХ-ноос дахин бичиг авч ир гэсэн. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 711.400 төгрөгийг А СӨХ-ны 104200079143 тоот дансанд нь төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцуулна гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02046 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т тус тус зааснаар Д.О-аас 452.400 төгрөг гаргуулж А СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.155.400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14.222 төгрөгийг гаргуулж А СӨХ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2392 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/02046 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8.300 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч А СӨХ-ны төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Д.О- нь дундын өмчлөлийн талбайруу 2.5м2 өргөтгөл хийсний хэмжээ болон үнийн дүнд анханаасаа маргаагүй. Дуу чимээнээс хамгаалж хаалт, өргөтгөл хийснээ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гагцхүү энэ мөнгийг ямар үндэслэлээр, мөн ямар журмаар хэрхэн авах болсон мэдэгдэхгүй байна гэдгийг ойлгохгүй учраас төлөх үндэслэлгүй гэж маргалдсан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн хурлын тэмдэглээс үзвэл хариуцагч тодорхой хэмжээний хаалт хийснээ хүлээн зөвшөөрдөг боловч 2.5м2 гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна гэж дүгнэсэн нь буруу дүгнэлт гэж гомдол гаргаж байна. Учир нь шүүх хурлын өмнө ч, шүүх хурлын явцад ч 2.5м2 хэмжээ болон үнийн дүн 1 сарын 7.000 төгрөг дээр маргаагүй байхад яахаараа хурлын тэмдэглэлд маргалдсан гэж худлаа тэмдэглэл хийсэн байдаг юм. Хурлын явцад анхан шатны шүүгч Д.О-аас та дундын өмчлөлийн газарлуу тэлээд өргөтгөл хийсэн юмуу гэж асуухад би /өргөтгөл/ хаалт хамгаалалт хийсэн үнэн гэж хариулсан болохоос хэмжээ, үнийн дүн дээр маргалдаж байна гэж хэлээгүй би энэ 2 чихээрээ сонссон шаардлагатай бол би шүүх хурлын видо бичлэгийг хамт сууж байгаад сонсох хүсэлтэй байна. Хариуцагч тал өргөтгөл хийсэн гэдгээ бүх зүйл дээр хүлээн зөвшөөрөөд, өргөтгөлийн хэмжээ дээр маргаагүй байхад маргасан болгож гуйвуулаад байх юм. Би 252.000 төгрөг биш аливаа зүйл шударга байгаасаа гэдэг талаасаа хандаж байна. Иймд 252.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А СӨХ нь Д.О-аас дундын өмчлөлийн эд зүйлийн засвар, үйлчилгээний зардал 1.607.800 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн  байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

Д.О- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж 25/4 дүгээр байрны 36 тоотод байрлах 103 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч  тул тухайн орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдох зардлыг  төлөх үүргийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хүлээнэ.

Нэхэмжлэгч нь дээрх зардлыг тогтоосон хугацаанд буюу сар бүр төлөх үүргээ биелүүлээгүйгээс тухайн орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий байгуулагдсан  А СӨХ нь холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу талбайн төлбөр, жижүүр, цэвэрлэгчийн ажлын хөлс болон лифт ашигласны хөлсийг хариуцагч төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул шүүх эдгээр зардлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Д.О- нь  өөрийн эзэмшдэг 2 автомашины зогсоолын төлбөр 6 сарын 384.000 төгрөг, дундын өмчлөлийн талбайн зохих хэсэгт хаалт хийж эзэмшсний 36 сарын төлбөр 252.000 төгрөг төлөхийг зөвшөөрөөгүй бөгөөд шүүх автомашины зогсоолын төлбөр гаргуулах шаардлагыг хангасан нь хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Харин дундын өмчлөлийн талбайг ашигласны төлбөрийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаагүй байна.

Д.О- нь орон сууцны байшингийн 12 дугаар давхарт амьдардаг бөгөөд өөрийн гэрийн хаалганы гадна талбайн хэсэгт давхар хаалт хийснийг зохигч маргаагүй ба үүнийгээ лифтний дуу чимээнээс хамгаалах зорилготой гэж хариуцагч тайлбарлажээ.

Хариуцагч Д.О- нь нийтийн эзэмшлийн талбайгаас тодорхой хэсэгт хаалт хийсэн хэдий ч уг талбайн хэмжээ 2.5 м.кв болохыг нэхэмжлэгч нотлоогүй тухай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй  байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч А СӨХ нь хариуцагч Д.О-ы эзэмшиж буй талбайн зардалд сар бүр 7.000 төгрөг шаардахдаа, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  06 тоот тогтоол, А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 2014 оны 09 дүгээр зүйлийн 24-ний өдрийн 02 тоот тогтоолыг тус тус баримталсан боловч эдгээр баримт нь нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэл болохгүй байна.

Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 06 тоот тогтоолын 1-д “нийтийн эзэмшлийн орон сууцны байранд болон хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн байгууллагуудаас авах засвар үйлчилгээний хуримтлалын үнийн жишиг тарифыг тогтоож, явуулж буй үйлчилгээний төрлөөс хамаарч хавсралт 1-р өөр өөрөөр баталсан, А СӨХ-ны бүх гишүүдийн хурлын 02 тоот тогтоолд, Иргэний хуулийн 146, 147, 148, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 16.5-дах зохицуулалтыг баримталж, мөн орон сууцны байр, хонгилд үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас авах засвар үйлчилгээний зардал хуримтлалыг тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар болон ...Дээд зөвлөлийн  2014 оны 06 тоот тогтоолын жишиг үнээр шинэчлэн тогтоож байхыг ТУЗ-д даалгажээ.

Дээрх 06, 02 тоот тогтоолуудаас үзвэл,  нийтийн эзэмшлийн орон сууцны байранд болон хонгилын хэсэгт үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж байгаа тохиолдолд засвар үйлчилгээний зардлыг тогтоосон жишиг үнэ, тарифаар төлүүлэхээр шийдвэрлэсэн агуулгатай байна. Түүнчлэн Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн хуулийн 16.4 дэх зохицуулалтад “дундын өмчлөлийн зарим эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээ нь тодорхой сууц өмчлөгчийн ашиг сонирхолд бусдынхаас илүү нийцэж байгаа бол, мөн сууц, сууцны бус зориулалттай хэсэгт хууль тогтоомжид нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа бол дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдөөр бусад сууц өмчлөгчдөөс илүү өндөр хэмжээгээр төлүүлж болохыг журамласан бөгөөд ийнхүү төлүүлэх  хэмжээг бүх гишүүдийн хурлаар тогтооно гэсэн нь хариуцагч Д.О-ы  хувьд дуу чимээг багасгах зорилгоор гэрийн хаалганы гадна тодорхой хэсэгт хаалт хийсэн явдал хамаарах үндэслэлгүй, тухайн зохицуулалтын агуулгад нийцэхгүй байна. Иймд  уг хаалт хийсэн талбайд засвар үйлчилгээний зардал тооцон төлүүлэхээр шаардах боломжгүй юм.

Харин нэхэмжлэгчийн тайлбарт дурдсан, хариуцагчийн дундын өмчлөлийн талбайн тодорхой хэсэгт хаалт хийсэн нь бусад сууц өмчлөгчдийн эрх ашигт  саад учруулж байгаа нь тогтоогдвол тухайн хаалтыг бууулгуулах шаардлага гаргах эрхтэй болно.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/02046 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2392 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 8.300 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

      ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ