Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2017/0708/З |
Дугаар | 221/МА2018/0298 |
Огноо | 2018-05-22 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 221/МА2018/0298
2018 оны 05 сарын 22 өдөр | Дугаар 221/МА2018/0298 | Улаанбаатар хот |
“Э з” ХХК-ийн захирал
Г.Ө-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү, Б.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, гуравдагч этгээд “Б х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Э з” ХХК-ийн захирал Г.Ө-гийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 23 дугаар зүйлийн 23.1, 23.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ө-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй "Э з" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Г.Ө давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бодиттой байх талаас нь үнэлээгүй, үндсэн нэхэмжлэлийн шаардпагыг ойлгохгүйгээр холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “...шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ...” хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгч хэргийн бодит байдлыг илт үгүйсгэн нэхэмжлэгч талын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой зөрчиж түрүүнд тавьж шийдвэр гаргасан байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Ө нь "Э з " ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн "Э з" ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл “Э з” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу Гүйцэтгэх захирлаар иргэн Г.Г бүртгэлтэй болохыг дээрхи лавлагаагаар тодорхойлсон ... ” гэж дүгнэсэн байна.
Нэхэмжлэгч иргэн Г.Ө миний бие нэхэмжлэлийн шаардлагаа “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн болон гүйцэтгэх захирал томилсон тухай 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэлүүд хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлүүдийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн гаргасан буюу маргаан бүхий захиргааны акт болох улсын бүртгэлийн тапаарх маргаанд анхан шатны шүүх маргаантай байгаа улсын бүртгэлийг нотлох баримтаар дүгнэсэн байна.
2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд хийсэн өөрчлөлт нь хууль ёсны үндэслэл эсэх талаар маргаж байгаа тохиолдолд “Э з” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Гүйцэтгэх захирал Г.Ө, эсхүл Г.Г байх эсэх нь маргаан бүхий захиргааны актыг дүгнэж шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа тогтоогдох асуудал юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дутаар зүйлд “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт” хандан “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах, өргөдөл гаргах эрх бүхий этгээд нь тус компанийн хувьцаа эзэмшигч Г.Ө миний бие эсхүл надаас бүртгэлийн өөрчлөлт хийлгэх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч байх тухай заасан ба миний бие ямар нэг байдлаар бусдад итгэмжлэл олгоогүй байхад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Э з” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт хийлгэхэд М.Мэргэнбаатар гэх этгээд өргөдөл гарган өөрчлөлт хийлгэсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн буюу “Э з” ХХК-ийн төлөөлөх эрхгүй этгээд өргөдөл гаргасан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлд Улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв байхыг зохицуулсан бөгөөд Г.Ө намайг улсын бүртгэлд бүртгэгдсэн асуудлыг хэн нэгэн хууль бус гэж шаардлага гаргаагүй билээ.
2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Үүнээс хойш буюу 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Э з" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.А-ийн шийдвэрээр “Б" ХХК-ийг тус компанийн 100 хувийн, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Б х" ХХК-ийг мөн 100 хувийн, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Н д р э к " ХХК-ийг мөн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн байх ба 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс “Э з п г " ХХК-ийн оноосон нэр нь “Б г” болж өөрчлөгдсөн, хэргийн оролцогчид эдгээр үйл баримтуудын талаар маргаагүй" гэсэн дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс Оюуны өмч, улсын бүртгэлийн байгууллага 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн баримт бичигт өөрчлөлт хийхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай тодорхойлон заасан ба хариуцагчийн төлөөлөгч мөн тухайн бүртгэлийг хийхдээ “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Г.Ө надад ямар нэг байдлаар огт мэдэгдээгүй болохоо шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөөр байхад анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа захиргааны байгууллага бүртгэлийн үйл ажиллагаа явуулахдаа Захиргааны ерөнхий хууль баримталсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй.
Гэтэл шүүх “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Э з п г” ХХК-ийн оноосон нэр “Б г” болж өөрчлөгдсөн, хэргийн оролцогчид эдгээр баримтуудын талаар маргаагүй гэх захиргааны хэргийн маргааны үйл баримтгай огт хамааралгүй зүйлд дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчин шийдвэр гаргажээ.
3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай хүсэлт гаргагч “Н д р э к” ХХК болон “Б х” ХХК-ийн хүсэлтүүд болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримт бичгүүд нь хуульд заасан дээрхи шаардлагыг хангасан, үүнийг үндэслэн “Э з" ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсныг бүртгэсэн 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэл хууль зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэв.” гэсэн байна.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тодорхойлж мэтгэлцэхдээ “Б х” ХХК, Г.Ө-гийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэх гэрээ нь нотариатчаар гэрчлүүлээгүй, зөвхөн хуулбар үнэн дарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гэснийг шүүх огт дүгнээгүй болно.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалын хавсралт “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 1.1-т “Энэ журмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээдийг шинээр болон өөрчлөн байгуулсныг, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт, татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна”, 4.1-т “Хуулийн этгээд доор дурдсан мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлнэ”, 4.1.2-т “үүсгэн байгуулагч (хувьцаа эзэмшигч)”, 4.2-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахад дараах баримт бичгийг бүрдүулнэ:”, 4.2.4-т “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, өв залгамжлах эрхийн гэрчилгээ;" 4.3-т “Улсын бүртгэгч хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг хувийн хэрэг дэх нотлох баримттай тулган хянаж, бүртгэх эсэх шийдвэр гаргана” хэмээн заасан.
Хууль тогтоомжид заасан шаардлага нь хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, улсын бүртгэл хийхдээ “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ”-г үндэслэхийг шаардсан ба гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд гаргасан өргөдөлдөө хавсаргасан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-гийн байгуулсан гэх “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ” нь нотариатчийн “хуулбар үнэн” тэмдэгтэй буюу журамд заасан шаардлага хангахгүй гэрээ байсан.
Үүнийг буюу “нотариатаар гэрчлүүлээгүй” үйл баримтын талаар гуравдагч этгээд, хариуцагч нар маргаагүй болон тус нотлох баримт болох гэрээний талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2.-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчиж хэт нэг талын буюу гуравдагч этгээдэд ашигтай, захиргааны байгууллагын хууль бус үйлдлийг халхавчлах зорилгоор үнэлэлт, дүгнэлт хийгээгүй байна.
Бодит байдал дээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар нь холбогдох гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй тохиолдолд хүлээн авахаас татгалздаг. Энэ нь тус захиргааны байгууллагын www.burtgel.gov.mn гэсэн цахим сайтаас харагдах бөгөөд зайлшгүй нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ хэлцлийг бүрдүүлэх шаардлага тавьдаг. Тухайлбал:
Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч өөрчлөх
| Бүрдүүлэх материал | Зөвлөмж |
1 | УБ-05 маягтыг бөглөх /тамгаа дарах, 1 хувь/ | www.burtgel.gov.mn /service/ хаягаас татаж авах эсвэл улсын бүртгэгчээс авч бөглөх боломжтой.
|
2 |
| Шийдвэрт хэнээс хэнд, хэдэн төгрөгийн үнийн дүнтэй, хэдэн хувийн хувьцааг ямар төрлийн гэрээний үндсэн дээр шилжүүлж байгааг тусгаж, дүрмийг шинэчлэн баталж, хувьцаа эзэмшигчид /итгэмжлэл, эрх бүхий этгээд/ гарын үсгээ зурна. Гүйцэтгэх захирал, оноосон нэр, хаяг, үйл ажиллагааны чиглэл, дүрмийн сан зэрэгт өөрчлөлт орсон бол шийдвэр, дүрмэндээ тусгаж, холбогдох нотлох баримтыг авч ирнэ. Хурлын шийдвэрт бүх хувьцаа эзэмшигчид гарын үсгээ зураагүй тохиолдолд хурлын тэмдэглэл шаардлагатай. Хувьцаа эзэмшигч нь компани тохиолдолд түүний хувьцаа эзэмшигчдийн эсвэл Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол шаардлагатай. |
3 | Иргэний хуульд заасан холбогдох гэрээ /эрх шилжүүлэх, бэлэглэх, худалдах, худалдан авах, өв залгамжлалын гэрчилгээ/
|
Нотариатаар гэрчлүүлсэн байна |
4 | Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/ | Хэрэв гэрчилгээгээ гээсэн бол өдөр тутмын сонинд зарлуулж, шийдвэрт энэ тухай тусгаж, сонингийн хамт авч ирнэ.
|
5 | Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
| Голомт банк 1401002649, Хас банк 5001122188 дансанд тушаасан баримтаа авч ирэх, эсхүл бүртгэл хийлгэх үедээ дурын банкны У18А карт уншуулан төлөх боломжтой. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дагуу дотоодын хуулийн этгээд 10000, ГХОХХК бол 40000 төгрөг тушаах. Гэрчилгээгээ шинээр авах бол 44000 төгрөг нэмж тушаана.
|
6 | Шинэчилсэн дүрэм /2 хувь/ | Компанийн тухай хуулийн 16.2-т заасан зүйлсийг дүрэмдээ заавал тусгана. |
7 | Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч 100% өөрчлөгдөж байгаа тохиолдолд
| Шинээр хувьцаа эзэмшигч нь нэрийн баталгаажилтын хуудсыг авсан байна |
гэж тус сайтаар өргөдөл гаргагчид шаардлага тавьсан байдаг.
Мөн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх тохиолдол “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-нээс гадна “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г үндэслэн шилжүүлэхийг зохих журмын дагуу шилжүүлсэн гэж үзнэ.
Гэтэл хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлд компанийн эрх шилжүүлэх гэрээ авагдсан уу” гэж асуухад тийм гэрээ огт авагдаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөөр байхад /Шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 хуудас/ анхан шатны шүүх дээр дурьдсан гэрээнүүд нь хувийн хэрэгт авагдсан мэтээр дүгнэсэн нь хэргийн үйл баримт, талуудын гаргасан тайлбар зэргийг илтэд үгүйсгэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.
Дээрхээс дүгнэвэл 2017 оны 8 дугаар сарын 17 болон 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан захиргааны үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасныг зөрчиж гүйцэтгэсэн болох нь нотлогдоно. Гэтэл шүүх аливаа дүгнэлт хийхдээ тапуудын мэтгэлцсэн асуудлыг хэт нэг талын байр суурьнаас хандаж, нэхэмжлэгч талаас гаргаж буй үндэслэл, нотлох баримтыг зориуд санаатайгаар орхигдуулан дүгнэлт гаргахгүй орхигдуулж байгаад гомдолтой байна.
Түүнчлэн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох иргэн Г.Ө миний бие “Хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр” гаргаагүй байхад улсын бүртгэл хийгдсэн, түүнчлэн гуравдагч этгээдийн гаргаж өгсөн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-гийн байгуулсан гэх “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”-гээр “Н д р э к” ХХК-д хувьцаа шилжүүлэх асуудал байхгүй, миний бие “Н д р э к” ХХК-д хувьцаа шилжүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй билээ. Гэтэл шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн үндэслэлийг ойлгохгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шийдвэрлэхдээ “...Иймд нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул “Э з” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд болох Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй “Э з” ХХК-ийн тамга болон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, хураан авахыг хариуцагчид даалгах" үндэслэлтэй байна. Учир нь шүүхээс хүчин төгөлдөр гэж дүгнэсэн “Э з” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн бүртгэлээр “Э з" ХХК-ийн хувьцааг “Б х" ХХК-д шилжүүлсэн, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захиралаар Г.Г бүртгэлтэй болох нь тогтоогдож байх тул Г.Ө нь тус компанийн тамга, улсын бүртгэлийн гэрчилгээг эзэмших эрхгүй этгээд юм” гэж шийдвэрлэсэн.
“Э з” ХХК-ийн тамга, тэмдэг нь улсын бүртгэлийн гэрчилгээг тус компанийн захирал Г.Ө миний бие өнөөдрийг хүртэл хэвийн ашигласаар байгаа ба Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эзэмшиж буй тамга тэмдгийг холбогдох хуульд заасан журмын дагуу олгосон гэдгийг шүүх хуралдааны явцад нотолсон тайлбарыг өгсөн /Шүүх хуралдааны тэмдэглэлийн ...хуудас/.
Харин гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа “...Г.Ө нь тамга тэмдгээ хураалгаж өг гэж шаардахад өгөөгүй ...зугтаасан алга болсон, иймд бид гээгдүүлсэн гэж хэлж, өргөдөл, тайлбараа бичин Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт өгч шинэ тамгаа хүлээн авсан ...” гэж тайлбарласан.
“Э з” ХХК-ийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ хаана байгаа гэдгийг мэдсээр байж гээгдүүлсэн мэтээр баримт бүрдүүлэн авсан нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/159 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хянапт тавих, лавлагаа олгох журам”-ыг илтэд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан.
Өөрөөр хэлбэл захиргааны байгууллагыг хуурч, хуурамч нотлох баримт бүрдүүлэн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тэмдэгийг авч, түүнийгээ ашиглан 2017 оны 8 дугаар сарын 17 болон 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан.
2017 оны 8 дугаар сарын 17 болон 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлтөд сүүлд авсан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэгийг ашигласан нь хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй байхад шүүх мөн адил дүгнэлт хийгээгүй болно. Учир нь дээрх журамд компанийн баримт бичиг, тамга тэмдгийг болгоомжгүйгээр гээгдүүлж үрэгдүүлсэн тохиолдолд тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг эрх бүхий байгууллагаар хүчингүй болгосны үндсэн дээр дахин тамга тэмдэг хийлгэх тухай зохицуулсан байх ба хэн нэгэн этгээд тамга тэмдгийг өгөхгүй байгаатай холбоотойгоор дахин тамга тэмдэг хийлгэхээр зохицуулаагүй байна.
Хэн нэгэн ямар ч зорилготой байсан зөв арга замаар гүйцэлдүүлэх ёстой бөгөөд энэ нь хууль зүйн шинжлэх ухааны гол зарчим гэж болно. Өөрөөр хэлбэл шүүх Г.Г нь “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийг гэрчилгээ болон тамгыг гээгдүүлээгүй байхдаа хуурамч баримт бичиг бүрдүүлэн шинээр улсын бүртгэлийн гэрчилгээ, тэмдэг авсныг зөвтгөж байгаа нь харамсаптай байна.
Энэ нь шүүхээс гадна захиргааны байгууллага энэхүү хууль бус ажиллагааг мэдсэн хэдий ч гуравдагч этгээдэд ашигтай, давуу байдал тогтоож байгаа нь захиргааны хууль бус ажиллагаагаа хамгаалж, хэт нэг талд үйлчилж байгааг хангалттай харуулна.
5. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийг чандлан баримтлах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт огт хийгээгүй. Нэхэмжлэгч талаас гаргасан хууль зүйн үндэслэлийг шүүх огт няцаагаагүй буюу тухайн үндэслэлээр хууль зүйн дүгнэлт, оюун дүгнэлт хийгээгүй болно.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.6.-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасан ажиллагааг хариуцагч огт хийгээгүй гэдгээ шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн боловч шүүх мөн адил дүгнэлт хийгээгүй болно.
Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага хууль тогтоомжид заасан үүргээ хэрхэн гүйцэтгэсэн, хууль тогтоомж зөрчсөн эсэхийг шалгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажилгааны явцад Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээр шалгагдаж буй 000000000000 дугаартай нэхэмжлэгч Г.Ө надад холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул захиргааны хэргийн шүүхийн журмаар шалгаж байгаа маргааныг тухайн эрүүгийн хэргийг шалгаж дууссаны дараа шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.
Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 232 дугаар шүүгчийн захирамж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 353 дугаар магадлалаар тухайн хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийсэн үндэслэлээр буцаахдаа “...Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэл хууль зүйн дагуу явагдсан эсэх, тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй ...” гэх дүгнэлтийг хийхийн зэрэгцээ “Б Х” ХХК-ийн захирал А.А нь “Э з” ХХК-ийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, маргаан бүхий “Хувьцаа эзэмших эрхийг буцаан шилжүүлэх нөхцөлтэй гэрээ”-г хуурамчаар үйлдсэн гэдгийг гэрчилсэн гэрчийн мэдүүлэг болон бусад баримтыг зайлшгүй шалгах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаагаад байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд анхан шатны шүүхийн хууль ёсны гэх дүгнэлтийг хийгээд байгаа 2017 оны 8 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн баримт бичигт хийсэн улсын бүртгэлийн өөрчлөлт нь эрүүгийн журмаар шапгаж байгаа хэрэгт ч мөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болох нөхцөл байгаа тул шалгах үндэслэл болоод байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү ...” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 17, мөн сарын 23-ны өдрүүдийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, харин гуравдагч этгээдийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, хурааж авахыг даалгах” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, хувьцаа эзэмшигчийг өөрчилсөн бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд тус нэхэмжлэлийг гаргах болсон шалтгаан үндэслэлийг “...тус компанийн гүйцэтгэх захирлаар 2012 оноос ажиллаж эхэлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Э з” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Н д р э к” ХХК-ийн захирал Д.Э-аас “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлэн авч, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн ...үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр, надад мэдэгдэлгүйгээр манай компанийн хувьцааг “Н д р э к” ХХК-д шилжүүлж, гүйцэтгэх захирлаар Г.Г-ийг томилсон тухай бүртгэлийг хийсэн нь хууль бус, “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч тул хувьцаа эзэмших, хувьцааг захиран зарцуулах эрх зөрчигдсөн” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Г.Ө-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Э з” ХХК-д дахин гэрчилгээ тамга олгосон улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаа шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх боловч тус шаардлагаасаа татгалзсан байна.
Анхан шатны шүүх “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан талаар болон хуулийн этгээдийн төрөл хэлбэрийн өөрчлөлт, өмчлөх эрх болон төлөөлөх эрх шилжсэн, гүйцэтгэх захирал томилогдсон, хувьцаа эзэмшигчийн бүртгэл болон компанийн оноосон нэрийн өөрчлөлтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтуудад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд хэргийн оролцогчид эдгээртэй холбогдуулан маргаагүй байна.
Хариуцагчаас маргаан бүхий бүртгэлүүдийг хийх болсон үндэслэлийг “тус компани анх хэрхэн үүсгэн байгуулагдсан, нэхэмжлэгч Г.Ө гүйцэтгэх захирлаар хэзээ томилогдож бүртгэгдсэн, мөн тус компани хэлбэрийн хувьд хэрхэн өөрчлөгдсөн талаарх түүхчилсэн баримтууд тус байгууллагад байсныг судалсан” гэх агуулгаар тайлбарласан байх бөгөөд тэрээр “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Н д р э к” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Г-ийг бүртгэхдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Н д р э к” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 19 дүгээр тогтоол, “Б х” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 61 дүгээр тогтоол, “Б х” ХХК болон Г.Ө нарын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай” гэрээ, “Б х” ХХК болон “Н д р э к” ХХК-ийн хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай” гэрээ, “Э з” ХХК-ийн шинэчилсэн дүрэм зэрэг баримтуудыг үндэслэж маргаан бүхий бүртгэлүүдийг хийжээ.
Дээр дурдсан баримтуудыг үндэслэн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “Н д р э к” ХХК, тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Г-ийг бүртгэсэн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ, ...нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, шаардлагатай тохиолдолд итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж заасантай, мөн хуулийн 23.3-т “хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, эрх шилжүүлж байгаа тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, иргэний хуульд заасан холбогдох гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр захиргааны хэргийн шүүх хувийн эрх зүйн харилцааны хүрээнд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр эсэхэд дүгнэлт өгөх эрхгүй боловч маргаан бүхий бүртгэл нь өөрөө хуулийн этгээдийн бүртгэл байх бөгөөд тус бүртгэлд бүртгэгдсэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулагдсан түүх, түүнчлэн тус хуулийн этгээдийн эрх, өмч хөрөнгийн нөхцөл заасан гэрээний үндсэн дээр шилжилт хөдөлгөөн хийгдсэн зэрэг үйл баримтыг цогцоор нь авч үзэх буюу маргаан бүхий бүртгэлд хамааралтай талаас нь үнэлж дүгнэхгүйгээр тус хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.
Тухайлбал, “Б х” ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч А.А, иргэн Г.Ө нарын хооронд “Б х” ХХК болон “Н д р э к” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр “Н д р э к” ХХК-ийн нэр дээр түр шилжүүлсэн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг түр хүлээн авч Улаанбаатар хотын захиргаанаас зарласан АСЕМ-тай холбоотой Маршалын гүүр Оргил худалдааны төв хүртэл замын тендерт оролцож, уг ажлыг гүйцэтгэсний дараа Эрх шилжүүлэгчид буцаан шилжүүлэн өгөх нөхцөлтэйгээр “Э з” ХХК-ийн хувьцааг иргэн Г.Ө-д шилжүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай” гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрыг буруутгах үндэслэлгүй юм.
Нэхэмжлэгч талын “...хууль тогтоомжид заасан шаардлага нь хувьцаа эзэмшигчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, улсын бүртгэл хийхдээ “нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ”-г үндэслэхийг шаардсан ба гуравдагч этгээд “Н д р э к” ХХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд гаргасан өргөдөлдөө хавсаргасан 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-гийн байгуулсан гэх “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ” нь “нотариатын хуулбар үнэн” тэмдэгтэй буюу журамд заасан шаардлага хангаагүй гэрээ байсан ...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Г.Ө, “Б х” ХХК-тай “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх гэрээ” байгуулсан, “Н д р э к” ХХК-д хувьцаа шилжүүлэх гэрээ хэлцэл хийгээгүй. Гэтэл шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг ойлгоогүй ...” гэх гомдол, тайлбар үндэслэлгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Б х” ХХК-ийг төлөөлж, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч А.А, “Н д р э к” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал Д.Э нарын хооронд байгуулагдсан “...талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” болон “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр шилжүүлсэн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 18 сарын хугацаанд эзэмшиж, компанийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болон хайрган болон хатуу хучилттай зам барих, замын байгууламж арчлалт хийх чиглэлээр зарласан 2 удаагийн тендерт оролцож, уг ажлыг гүйцэтгэсний дараа эрх шилжүүлэгч “Б х” ХХК-д хувьцаааг буцаан шилжүүлэх нөхцөл бүхий “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон эрх бүхий этгээдийн шийдвэргүй тохиолдолд хариуцагч “Э з” ХХК-ийн хувьцааг “Н д р э к” ХХК-д шилжүүлэн бүртгэснийг буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн “Э з” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тухайн хувьцаанд ноогдох хөрөнгийн хамт тодорхой болзол тавьж шилжүүлсэн гэрээг хуулийн шаардлага хангаагүй гэх агуулгаар буюу “...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Б х” ХХК, иргэн Г.Ө-гийн байгуулсан гэх “Хувьцаа эзэмших эрхийг буцаан авах нөхцлөөр шилжүүлэх тухай гэрээ” нь “нотариатын хуулбар үнэн” тэмдэгтэй буюу журамд заасан шаардлага хангаагүй гэрээ байсан” гэх давж заалдах гомдол нь тус гэрээгээр “Э з” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхийг өөрт нь шилжүүлснийг мөн үгүйсгэсэн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 17, мөн сарын 23-ны өдрүүдийн “Э з” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин шүүх гуравдагч этгээдийн “Г.Ө-гийн эзэмшиж ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д “энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна: 52.5.1-т “...эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:”, 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тус тус заажээ.
Хариуцагч захиргааны байгууллага гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад дурдагдсан Г.Ө-гийн эзэмшиж, ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамгыг хүчингүй болгож, хурааж авах үүрэг үүсээгүй, эс үйлдэхүй гаргаагүй байхад гуравдагч этгээдийн энэ талаар гаргасан бие даасан шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Шүүх тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 08 дугаар сарын 17, 23-ны өдрүүдэд “Э з” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлыг өөрчлөн бүртгэсэн үйлдлийг хууль бус эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэж байгаа буюу тус бүртгэлүүд хууль бус эсэх нь өмнө нь тогтоогдоогүй байсан, өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагад нэхэмжлэгч Г.Ө-гийн эзэмшиж, ашиглаж буй “Э з” ХХК-ийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгох, хурааж авах нөхцөл үүсээгүй, энэ талаар эс үйлдэхүй гаргасан байдал үүсээгүй байхад шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрт гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0235 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж Г.Ө-гийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж буй “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,болон тамыг тус тус хүчингүй болгож, хураан авахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг баримтлан гуравдагч этгээдийн “Г.Ө-гийн эзэмшиж, ашиглаж байгаа “Э з” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамгыг хүчингүй болгож, хураан авахыг даалгуулах” бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ө-гийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ