Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/01588

 

 

 

 

Ц.Д нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01271 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Д хариуцагч Н холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 1719 дугаар шийдвэрээр Нэйшнл кашмер силк ХХК-аас 722 842 274 төгрөг, Намере ХХК-аас 149 851 863 төгрөг гаргуулж Голомт банк" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 140/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ц.Д өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205034536 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/, Сонсголонгийн зам 22/1 тоотод байрлах, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилгыг битүүмжилсэн. Гэтэл 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 15290889/07 дугаар эд хөрөнгө хураах тогтоолоор битүүмжлэх тогтоолд тусгагдаагүй буюу битүүмжлээгүй хөрөнгө болох Улсын бүртгэлийн Г-00417185 дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамт хураах ажиллагаа хийж хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байна.

Мөн хариуцагчаас үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай шийдвэрийг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй. Барьцаа хөрөнгөд үзлэг хийж, нэвтрэн орж битүүмжлэх ажиллагааг хийхдээ хөндлөнгийн гэрч оролцуулаагүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.7, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Дээрх хөрөнгөнүүдийг хууль бусаар битүүмжлэн, хураан авч, шинжээч томилон хамтад нь 735 564 000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 4/24476 дугаар мэдэгдлийг хүлээн авснаар мэдсэн. Үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн, адил төстэй барилга, үл хөдлөх эд хөрөнгө, газартай адилтгаж жишиж, харьцуулж үзээгүй үндэслэлгүйгээр үнэлгээ тогтоон хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсний дараа улсын бүртгэлийн байгууллагад өмнө дагаж мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжилснээс хойш 3 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх ёстой байсан боловч энэ талаар бүртгүүлээгүй байдаг. Битүүмжилснээс хойш 1 сарын дараа буюу 2015 оны 10 сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст албан бичиг хүргүүлсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч буюу гуравдагч этгээдээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ц.Д өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжилсэн 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 140/01 дугаар тогтоол, 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 15290889/07 дугаар хураасан тогтоолыг тус тус хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасны дагуу битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, мөн дээрх үл хөдлөх хөрөнгийг 735 564 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дугаар шийдвэрээр Намере ХХК-аас 149 851 863 төгрөг, Нэйшнл кашмер силк ХХК-аас 722 842 274 төгрөг тус тус гаргуулж Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 15290889 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан улсын бүртгэлийн Ү-2205034536 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16102/ Сонсголонгийн 22/1 тоот хаягт байрлах 756 м.кв талбайтай үл хөдлөх, улсын бүртгэлийн Г-00417185 дугаар бүртгэлтэй 306 м.кв талбайтай газрын хамт 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 140/01 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 10 сарын 09-ний өдөр хөндлөнгийн гэрчээр Ж.Мөнхдагина, Б.Хуягболд нарыг оролцуулан 15290889/07 дугаар тогтоолоор хураасан.

Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/21817 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Нэйшнл кашмер силк ХХК үнийн санал ирүүлсэн ба Намере ХХК-д үнийн санал ирүүлэх мэдэгдлийг 2019 оны 4/22323 дугаар албан бичгээр дахин мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй бөгөөд Нэйшнл кашмер силк ХХК-ийн үнийн саналыг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, талууд харилцан тохиролцоогүй тул 2019 оны 331 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт нийт 735 564 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ талаар Намере ХХК, Нэйшнл кашмер силк ХХК, өмчлөгч Ц.Дуламсүрэн, төлбөр авагч Голомт банк ХХК нарт мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/25625 дугаар мэдэгдэл, 2019 оны 12/46 дугаар тогтоолыг талууд болон өмчлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Төлбөр төлөгч Ц.Д үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2019 оны 11 сарын 20-ны өдрийн 183/Ш32019/13665 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хурааж авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна гэж заасны дагуу хураах ажиллагаанд хөдлөнгийн гэрч нарыг байлцуулан хурааж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд гэж заасан байдаг тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Н холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Тодруулбал, нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг битүүмжилсэн 2015 оны 09 сарын 25- ны өдрийн 140/01 дугаар тогтоол, 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 15290889/07 дугаар хураасан тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 735 564 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч дээрх 3 шаардлагад иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгах буюу өөрчлөх тухай хүсэлт огт гаргаагүй.

Гэтэл шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлгээ хүчингүй болгож, битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд дүгнэлт өгч бусад шаардлагад дүгнэлт өгөлгүй орхигдуулсан төдийгүй тогтоох хэсгийн 1 дэх заалтаар зөвхөн ...үнэлгээ хүчингүй болгуулж, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ц.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж бусад шаардлага буюу 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 140/01 дугаар битүүмжилсэн тогтоол, 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 15290889/07 дугаар хураасан тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг огт шийдвэрлээгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага бүрд хамааруулан улсын тэмдэгтийн хураамжид 210 600 төгрөг тушаасан байтал шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар 70 200 төгрөг төлсөн гэж зөрүүтэй бичигдсэн байна.

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлагын тухайд, хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр Ц.Д өмчлөлийн барилга болон 306 м.кв газрыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн бөгөөд харьцуулалтын аргаар үнэлгээ гаргахдаа харилцан хамааралгүй, үнэлгээ хийж байгаа газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс өөр объекттой харьцуулсан төдийгүй шинжээч нь дүгнэлтийнхээ гурав дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээг гаргахдаа орлогын хандлага, зах зээлийн хандлагаар хийж гүйцэтгэлээ гэсэн байх боловч орлогын хандлагаар тооцоо гаргаагүй, зах зээлийн хандлагын арга хэрэглэхдээ барилгын буюу үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хандлагыг 735 563 994 төгрөг гэж гаргасан боловч газрын үнэлгээг тусад нь огт гаргаагүй. Эрхийн улсын бүртгэлийн Г-00417185 дугаарт бүртгэлтэй 306 м.кв газрыг хэрхэн үнэлсэн харьцуулсан талаар шинжээчийн дүгнэлтэд огт тусгагдаагүй. Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт өгч хэргийг үнэн зөв эргэлзээгүй талаас нь шийдвэрлэх бус харин хэргийг хурдан шийдвэрлэх гэж яарч шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, газрын үнэлгээ огт хийгдээгүй дүгнэлтийг зөвтгөж хэргийг шийдвэрлэсэн нь газрыг үнэгүйдүүлж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн нь хариуцагч Н холбогдуулан түүний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205034536 дугаарт бүртгэлтэй, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Улсын бүртгэлийн Г-00417185 дугаарт бүртгэлтэй, 306 м.кв газар эзэмших эрхийг битүүмжилсэн 2015 оны 09 сарын 25-ны өдрийн 140/01 дугаар тогтоол, хураасан 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 15290889/07 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргасан. /хх 1-2, 37-38/

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатын 2 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дугаар шийдвэрээр зээлийн гэрээний үүрэгт Нэйшнл кашмер силк ХХК-аас 722 842 274 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 3 772 161 төгрөгийн хамт, Намере ХХК-аас 149 851 863 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 907 209 төгрөгийн хамт тус тус гаргуулж, Голомт банк ХХК-д олгох, уг үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ц.Д өмчлөлийн 306 м.кв газар, 756 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 39.4 м.кв талбайтай орон сууцыг тус тус шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх 41-43, 47-49/

 

Төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс 2015 оны 05 сарын 12-ны өдрийн Шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжид үндэслэн 2015 оны 09 сарын 02-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжлэх, хураах, зах зээлийн үнэлгээг тогтоолгож, анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг гүйцэтгэж байжээ. /хх 50-100/

 

Хариуцагч байгууллагын дээрх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөнүүдийн өмчлөгч буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд Ц.Дуламсүрэн нь эд хөрөнгө битүүмжилсэн ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, битүүмжилсэн тухай шийдвэрээ 3 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлээгүй, битүүмжилсэн тогтоолд дурдагдаагүй 306 м.кв газрыг хураасан, мөн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хамтад нь 735 564 000 төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн дээрх ажиллагаа хуулийн дагуу явагдсан болон нэхэмжлэгч Ц.Дуламсүрэн уг ажиллагааны талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан шаардах эрхтэй этгээд биш талаар үндэслэх хэсэгтээ зөв дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол, Эд хөрөнгийг хураах тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгуулах тухай Ц.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснээ тусгаагүй алдааг давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд залруулан өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Тодруулбал, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2015 оны 09 сарын 25-ны өдөр 140/01 дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тухай тогтоолоор барьцаа хөрөнгө болох дээрх 756 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 306 м.кв талбайтай газрын хамт битүүмжилсэн байх бөгөөд уг ажиллагааг явуулахдаа хөндлөнгийн гэрчээр Я.Мягмар, Д.Эрдэнэ нар оролцож гарын үсэг зуржээ. Улмаар Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст барьцаа хөрөнгөнүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх талаар хариуцагчийн зүгээс мэдэгдсэн байна. /хх 55-58, 66-67/

 

Эдгээр ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48, 54 дүгээр зүйлд заасантай нийцсэн байх тул дээрх тогтоол тус бүрийг хүчингүй болгуулах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Ц.Д нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн, битүүмжлэгдэн, хураагдсан хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй нь улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2019 оны 10 сарын 23-ны өдөр Баянмодот ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн. /хх72-76, 78-92/

 

Нэхэмжлэгч нь уг үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлын үндэслэлээ, 306 м.кв талбай бүхий газрыг тусад нь үнэлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур тогтоосон гэх боловч шинжээч нь газрыг нормативын аргаар үнэлж, улсын бүртгэлийн Ү-2205034536 дугаарт бүртгэлтэй, 756 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 692 924 145 төгрөг, улсын бүртгэлийн Г-00417185 дугаар бүртгэлтэй 306 м.кв талбайтай газрыг 33 292 800 төгрөг, нийт өртгийн 726 216 944.64 төгрөг, зах зээлийн болон өнөөгийн үнэ цэнэ нь 735 563 994.15 төгрөг гэж тогтоосон байна. Нэхэмжлэгч нь уг үнийг зах зээлийн ханшнаас хэт доогуур байгаа тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 13-ны өдрийн 183/ШШ2020/01271 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэх болон хураах тогтоолыг тус тус хүчингүй болгуулах, битүүмжлэх хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ц.Д нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...70 200... гэснийг ...210 600... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР